Мах жинхэнэ утгаараа SALE зарлачихжээ

Мах жинхэнэ утгаараа SALE зарлачихжээ

Нийслэлийн хүн амын хүнсний бүтээгдэхүүний гол хэрэгцээг хангадаг “Хүчит шонхор” болон “Нарантуул 2” худалдааны төвийг зорилоо.

10:50 цагийн үед “Хүчит шонхор” худалдааны төвд очив. Жирийн үед хүн зөрөх зайгүй болчихдог тус захад өчигдөр үйлчлүүлэгч цөөн байлаа. Харин тус захад мах ачсан машинууд нэлээд их харагдлаа. Өөрөөр хэлбэл, “Хүчит шонхор” худалдааны төвийн гадна талбайг мах ачсан машинууд эзэгнэчихэж гэхэд болно.

Ингээд бид хамгийн түрүүнд гадаа махны бөөны худалдаа эрхэлж байгаа ченж нараас үнэ ханш ямархуу байгаа талаар асууж судалсан юм. Хонь, ямааны гулууз кг-ыг нь 4-5 мянган төгрөгийн хооронд зарж байгаа аж. Хоёроос дээш хонь, ямааны гулууз худалдаж авсан тохиолдолд үнэ нь тодорхой хэмжээгээр буурна гэдгийг махны ченж С.Золхүү хэлж байлаа.

Тэрбээр “Энэ захад махны ченж хийгээд таван жил болж байгаа боловч өчигдрийнх шиг ийм махаар элбэг өдрийг харсангүй” гэлээ.

Мах яагаад ийм элбэг дэлбэг байгааг лавлахад “Энэ жил их сайхан байна. Өдийд манай улсад цагийн хэцүү аль хэдийнэ ирчихсэн байдаг. Тиймээс улиралтайгаа их холбоотой байна. Хөдөө, орон нутгаас махны нийлүүлэлт их байна. Нөгөөтэйгүүр, зарим аймагт зуд болж магадгүй гэсэн таамгаар малчид малаа их хэмжээгээр нядалж байна. Ингэхээр нийслэлд махны нийлүүлэлт ихсээд эрэлт буурчихдаг. Тэгээд махны үнэ хамаагүй буурч байна гэсэн үг.

Одоогийн байдлаар “Хүчит шонхор” захад мах ачсан 30- 35 машин байна. Өглөө захад багтахгүй зооринд махаа хийхээр маш олон машин явсан” гэв. Цаашаа явж дараагийн машин дээр очиход үхрийн махыг бөөний үнээр худалдаж байхтай таарав. Эндээс үхрийн махыг өрөөл буюу бүтнээр нь авах боломжтойг худалдагч О.Эрдмаа бидэнд сонирхуулав. Үхрийн махны бөөний үнэ нь 5600 ажээ.

Худалдагч О.Эрдмаагаас иргэдийн худалдан авах чадвар хэр байгаа талаар асуухад “Тааруухан байна. Тиймээс махны үнэ харьцангуй буурч байна. Өдийд иргэдийн худалдан авах чадвар нь жаахан буурдаг. Удахгүй шинэ сар гараад ирэхээр баярын бэлтгэлээ хийх үеэр худалдан авах чадвар нь дээшилдэг. Энэ үеэр эрэлт нь их болоод нийлүүлэлт багасах хандлага нэлээд байдаг. Тиймээс иргэд өдийд мах махан бүтээгдэхүүнийхээ худалдан авалтыг үнэ хямдхан байгаа дээр хийх нь зүйтэй” гэдгийг сануулсан юм.

Түүний дараагаар бид тус захын хүнсний бөөний төвөөр оров. Дотор ороход ч ялгаагүй үйлчлүүлэгч цөөтэй байлаа. Хамгийн эхэнд гурил, будаа, элсэн чихрийн үнийг сонирхсон юм.

Гурилын үнэ аль үйлдвэрийнх гэдгээсээ хамаараад 17500-18000 төгрөгийн хооронд зарагдаж байгаа аж. Харин цагаан болон гурвалжин будааны хувьд аль улсын ямар үйлдвэрийнх гэдгээрээ ялгаатай байсан бөгөөд кг нь 1200- 2400 төгрөгөөр борлуулагдаж байгаа аж. Элсэн чихэр кг нь 1100 төгрөг ажээ. Ногооны лангуугаар ороход эргэн тойронд монгол төмс, лууван, байцаа, сонгино гэж бичээд ирийтэл өрчихсөн харагдлаа. Ногооны үнэ 500-1000 төгрөгийн хооронд байв. Харин өргөст хэмх болон чинжүүг 3000-3500 төгрөгөөр борлуулж байв.

Түүнчлэн ногооны үнэ өмнөх жилүүдийнхтэй ялгаагүй үнээр зах зээлд нийлүүлэгдэж байгаа ажээ. Энд явж байхад хамгийн их ажиглагдсан сонин содон зүйл гэвэл ногоо бүрийн дээр монгол гэж бичсэн нь нэлээд анхаарал татлаа. Өмнө нь ихэвчлэн хүнсний ногоо худалдаж авахад хятад төмс, сонгино, лууван байна. Монгол нь ч бас байгаа. Гэхдээ хятад нь үнэ хямд, монгол нь хэдэн төгрөгийн илүүтэй зарагдаж байгаа гэхчилэн рекламддаг байсан бол одоо тэгэх шаардлагагүй болжээ. Нөгөөтэйгүүр, манай улс хүнсний ногооныхоо нэлээд хувийг дотоодоосоо хангачихаж байгаагийн томоохон шалтгаан нь энэ байх.

Үүний дараа бид дахиад махны лангуугаар орлоо. Ингэхэд адуу, үхэр, хонь, ямааны ястай болон ясгүй мах кг нь 5300- 7000 төгрөгийн хооронд зарагдаж байв. Махны үенийг судалчихаад, ер нь иргэд жижиглэнгээр худалдаа хийж байснаас бөөний үнээр нь хэрэгцээнийхээ махыг бэлтгэчихвэл боломжийн төдийгүй хямдхан тусахаар харагдсан.

Түүнчлэн нийлүүлэлт багасаад ирэхээр нөгөө мах чинь “магнаг” болж, үнэ нь тэнгэрт хадчихдаг. Тиймээс үнийн өсөлтөд өртөхгүйн тулд махны хэрэгцээгээ эртхэн бэлтгэхэд болохгүй нь юу байх вэ, нийслэлчүүд ээ.

“Хүчит шонхор” зах дээр нэг иймэрхүү. Эндээс гараад бид “Нарантуул 2” худалдааны төвийг зорив. Тус захад ороход эл хуль байсан төдийгүй хүний хөл хөдөлгөөн бага байлаа. Захын гадна талын талбайд улаан бүслүүр татчихсан дотор нь хэдэн наймаачид газраар бараагаа дэлгэсэн харагдана.

“Нарантуул 1” шиг гадна талбайдаа худалдаа эрхлэх зөвшөөрөл олгож байгаа юм уу хэмээн хижээл насны эмэгтэйгээс лавлахад нэлээд уцаарлангуй үл тоосон маягтай “Бид сайн дураараа ингэж сууна. Хоногийн хоолоо алдахгүйн тулд. Зах хэзээ ашиглалтад орно, тэр өдөр хүртэл ингэж л сууна даа” гэж хариулчихаад буруу харчихав.

Дотор ортол хамгаалагч залуу “Хүнсний бөөний төв ажиллахгүй байгаа. Дээшээ хоёр давхарт “Хаан банк” л ажиллаж байгаа. Цаад талд чинь махны лангуунууд ажиллаж байна. Тиймээс та дээшээ гарахгүй шүү” гэлээ.

Махны лангуунуудаар ортол үнэ нь “Хүчит шонхор” худалдааны төвийнхтэй адил байлаа. Харин захын хойд талд 10-аад тооны мах ачсан машин зогсох бөгөөд урд захын ханшнаас кг нь 500 төгрөгөөр хямд байсан юм.

Өдийд бараг кг нь 10 мянган төгрөгт хүрчихдэг мах өчигдөр жинхэнэ утгаараа “sale” зарлачихжээ, иргэд ээ.

Б.Пүрэвжав


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих