Хүсэн хүлээсэн үрээ ханатлаа үнсэж амжаагүй залуухан бүсгүйн амийг гуравдугаар төрөхийнхнөөс нэхье

527-13850019133_amarjih-middle- Охиноо төрүүлчихээд бүтэн сар эмнэлэгт хэвтсэн бүсгүй гэртээ ганц хоноод л өөд болжээ -
Нийслэлийн гуравдугаар төрөхөд хийсвэр хагалгаагаар амаржсан эхэд тус төрөхийн эмч нар таван удаа мэс хүргээд ч амийг нь аварч чадаагүй эмгэнэлт гэж хэлэхэд ч багадам хэрэг гарчээ. Харамсалтай гэхэд даанч харамсаар энэ хэргийн талаар талийгаачийн ханийн ярихыг сонсч суухад нүд, чихтэй болж төрсөндөө харамсах шиг болох.
Эгээ л хажуудаа суулгаад ярьж байгаа мэт “Миний хайр чинь өөрөө их гүргэр л дээ” хэмээх эл шавилхан залуу өдгөө үртэйгээ өнчрөн үлдээд буй. “Анхны үрээ өлгийдөж авна гэж хөөрснөөс амьдын хагацал үзнэ гэж даанч санасангүй″ хэмээн шүүрс алдан ярихыг нь сонсч суухад “цагаан халаадтай алуурчин” гэх үг ч эмч нарт гоёдох тодотгол шиг санагдсаныг нуух юун.
Дөнгөж амьдралын зах уруу өнгийн, анхны үрээ өлгийдөж авахаар яарсан залуу хосын нэг нь амиа алдаж, нөгөө нь элгээ эмтлэн үлдэнэ чинээ санаагүй биз ээ. Талийгаач дөнгөж 21 настай бөгөөд Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийн дөрөвдүгээр дамжаанд суралцдаг байжээ.
Тэрбээр анхны үрээ төрүүлэхээр өнгөрөгч сарын 9-нд Баянзүрх дүүргийн Гуравдугаар төрөхөд хэвтэж, хийсвэр хагалгаагаар амаржсан аж. Төрөх хугацаа нь болсон ч өвдөлт өгөхгүй байсаар арав гаруй хоногийн илүү тээлттэй, савны амсар нь нээгдэхгүй байсан тул ийнхүү хийсвэр хагалгаанд орохоос өөр аргагүй болсон байна.
Гэвч хагалгаанд орсны дараа бие нь олигтой тэнхрэхгүй байсан тул хоёр хоногийн дараа дахин хагалгаанд оруулах шийдвэрийг эмч нар гаргажээ. Ингэхдээ “Саванд нь шингэн хурсан, түүнийг соруулж авах шаардлагатай″ хэмээн жижиг мэс ажилбараар гэдсэнд нь гуурс тавьж, шингэнийг соруулж авсан ч бүсгүйн бие сайжраагүй аж.
Өөрөөр хэлбэл, хагалгаанаас үлдсэн шингэнийг соруулж авахаар ийнхүү эхний мэс ажилбараа хийжээ. Гэтэл үүнээс дөрөв хоногийн дараа эмнэлгээс утасдан, ар гэрийнхнийг нь яаралтай ир гэжээ. Дуудсан дагуу нь очиход “Хагалгаа эхэлсэн. Яаралтай хагалгаанд оруулах шаардлагатай байсан” гэж хэлсэн байна.
Энэ хагалгаа ч мөн төдийлөн үр дүнгээ өгөөгүй учраас Гуравдугаар амаржихын эмч нар эх барих эмэгтэйчүүдийн чиглэлээр манайдаа л нэртэй, хүний гавьяат эмч Б.Бүлтэнг дуудаж, дараагийн хагалгааг хийлгэжээ. Нэг үгээр бол, тус эмнэлгийнхний хүч эс хүрсэн учраас ийнхүү гавьяат эмч залсан нь тэр.
Үүнийг талийгаачийн ар гэрийнхэн дараа нь мэджээ. Төрөхийн хагалгаа хэдийнэ хүндэрсэн хойно залагдаж ирсэн Б.Бүлтэн эмч ийнхүү дөрөв болон тав дахь хагалгааг бие даан хийсэн ч тусыг эс олов. Дээрх хагалгаа хоорондоо маш ойрхон буюу 4-5 хоногийн зайтай болсныг талийгаачийн нөхөр хэлсэн юм.
Түүнчлэн “Ханийн минь биеийг ямар байгааг мэдсэн атлаа Гуравдугаар төрөхийнхөнтэй нийлж, нуусан. Бидэнд ямар нэгэн арга чарга зааж өгөөд өөр эмнэлэг рүү шилжүүлэх талаар зөвлөөгүйд нь Б.Бүлтэн эмчид гомдож байгаа. Бид түүнд л найдаж байсан” хэмээн талийгаачийн нөхөр хэлж байна.
“Нэгэнт бүх юм дууссаныг миний хайр мэдсэн юм шиг байна лээ”
Ийнхүү бүтэн сар эмнэлгийн орон дээр тарчилж, таван удаа гэдсээ сийчүүлсэн бүсгүй арга ядахдаа “гэртээ гаръя” хэмээн эмч нараас гуйсан байх юм. Тэр бүү хэл, “Энэ яргачдаас намайг холдуулаад өгөөч” гэж хүртэл нөхөртөө хэлж байжээ. “Нэгэнт бүх юм дууссаныг миний хайр мэдсэн юм шиг байна лээ” хэмээн эр харам нулимсаа дотогш залгин ярих М.Энхтайваны нүдийг тэрхэн үед харж тэвчих зориг даанч хүрсэнгүй.
Эр хүн уйлдаггүй гэдэг ч ингэж суухаар асгартал уйлчихаасай хэмээн эрхгүй бодогдох. Эмч нарын хариуцлагагүй үйлдлийн балгийг энд тоочиж үл барна. Гэвч тэднийг эмчлээд байна уу эсвэл эмтлээд байна уу гэдэг асуултад хариулт өгөхийн тулд нэг бүрчлэн дурдах нь зүй.
Талийгаачийг хагалгаанд ороод гарахад нь Батзаяа гэдэг эмч хүлээж авах учиртай байсан ч өвчтөнөө үзэж, зөвлөгөө өгөх нь бүү хэл өрөөгөөр нь ч үзэгдэлгүй хоёр хоносон байна. Хагалгаа хийснээс хойш эмч нараас огт эргэж тойроогүй аж. “Энэ нь мөнгө өгөөгүйтэй холбоотой байх.
Эхнэрт маань ч эмч нарын тиймэрхүү хандлага ажиглагдсан юм шиг байна лээ. Тэр бүү хэл, өвдөж чадахгүй юмнууд гэж хүртэл хэлж байсан гэсэн” хэмээн М.Энхтайван ярьж байлаа. Удалгүй өнөөх мартагдсан зовлонт эхийн бие өвдөж, халуурч эхэлсэн байна. Үүнтэй зэрэгцээд дараа, дараагийн хагалгааг хийж эхэлсэн байдаг.
Ингээд байдал бишдсэнийг мэдсэн бүсгүй гэртээ гаръя хэмээн гуйсан ч “халуунтай байгаа хүнийг гаргах боломжгүй″ хэмээн эмч нар зөвшөөрөөгүй юм билээ. Гэсэн ч бүтэн сар эмнэлгийн орон дээр тарчилсан залуухан бүсгүйд тэнд байх тун хэцүү байсан тул аавдаа уурлан байж гарах зөвшөөрлийг эмч нарын амнаас сонсчээ.
Уншигч Та төсөөлөөд үз л дээ, тийм олон удаа хагалгаанд орсон, халуун нь буугаагүй нялх биетэй эхийг эмнэлгээс гаргахдаа эмчилгээ бичиж өгөөгүйгээс гадна эргэж ирээд дусал хийлгээрэй гээд л үлдсэн байх юм “эмтлэгчид”. Ингээд бүсгүй гэртээ гарч, хайртай бүхэнтэйгээ ганц хоночихоод л хорвоог орхисон.
Талийгаач гэртээ гарсныхаа маргааш эмнэлэг орж, дусал хийлгэх даалгавартай байсан тул мөн л Гуравдугаар амаржих ороход хүнд биетэй бүсгүйг хатуу сандал дээр хоёр цаг шахам хүлээлгэж байж, сая нэг эмчилгээг нь хийн буцаасан байна. Гэвч тэрбээр орой нь нөхрийгөө ажлаасаа ирэхэд “Өнөөдөр гадуур гараад гоё байсан” хэмээн инээд цацруулан сууж байж.
Гэвч тэдний хооронд болсон сүүлчийн яриа энэ байжээ. “Бид гурав ингээд ганц л хоног гэртээ тэврэлдэж унтсан” хэмээн талийгаачийн нөхөр харамсан ярих. Бүсгүй маргааш өдөр нь юу ч ярилгүй байсаар оройн хэрд “Нойр хүрээд байна, унтлаа” гэж хэлээд л тэр чигээрээ үүрд унтчихаж.
“Орой ажлаасаа ирэхэд миний хайр тэр чигтээ унтчихсан байсан. Би үнэхээр итгээгүй учраас түргэн дуудсан ч өнгөрчихсөн байна гэсэн” хэмээн уруулаа хазлан  суух залуу аавд сэтгэлийн хаттай байж, охиноо сайн хүн болгоорой гэхээс өөрийг үнэхээр хэлж зүрхэлсэнгүй.
Талийгаачийг эх барьсан болон хагалгаа хийсэн эмч нарыг дүүргийн цагдаагин газраас шалгаж эхэлжээ
Ийнхүү ханийгаа амьд байгаа хэмээн найдаж суусан залуугийн итгэлийг түргэний эмч нар үгүй хийсэн тул тэрбээр цагдаагийн газарт дуудлага өгчээ. Үүний дагуу Баянзүрх дүүргийн цагдаагийн газрынхан газар дээр нь ирж, үзлэг шинжилгээ хийсэн байна.
Мөн талийгаачийг эх барьсан Энхзаяа болон түүнд удаа дараа хагалгаа хийсэн Б.Бүлтэн тэргүүтэй эмч нарыг шалгаж эхэлжээ. Түүнээс гадна энд нэг жигтэй асуудал үүссэн нь талийгаачийн төрөхөөс өмнөх болон дараах үеийн тэмдэглэлийг бичиж үлдээдэг ягаан дэвтэр алга болсон явдал гарсан байна.
Талийгаач баасан гаригт өнгөрсөн тул ар гэрийнхэн нь бужигнаад юун дэвтэр манатай байсан аж. Ингээд маргааш нь өнөөх дэвтрээ авах тухай яригдсан ч амралтын өдөр олдохгүй байх, даваа гаригт болъё хэмээн орхижээ. Ингээд талийгаачийн ээж нэг дэх өдөр эмнэлэг дээр очиж, дэвтрийг нь авах гэтэл ЭМЯ-наас хүн ирээд аваад явсан гэсэн байна.
Учрыг эс олсон ээж араас нь хөөцөлдөн, ЭМЯ ороход тэд амралтын өдөр буюу ням гаригт Гуравдугаар амаржих газарт очин, талийгаачийн дэвтрийг авсан байжээ. Хэдийгээр уг дэвтрээ олж авсан ч үүний цаана ямар нэгэн асуудал байна гэх хар аваад байгаагаа нуусангүй. Одоогоор дээрх эмч нараас мэдүүлэг авч эхлээд байгаа бөгөөд мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байгаа аж.
Харин Гуравдугаар амаржихынхан энэ асуудлаар ямар нэгэн тайлбар хийхээс татгалзаж байна. Өөрөөр хэлбэл, энэ асуудал хууль, шүүхийн байгууллагад очиж, мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байгаа учраас бид ямар нэгэн тайлбар хийхгүй хэмээсэн. Ямартаа ч талийгаачийн ар гэрийнхэн тус төрөхийн эмч нарт маш их гомдолтой байгаагаа хэлж байна.
Гуравдугаар амаржихад 14 хоногийн дотор төрөхийн хүндрэлээр гурван ч бүсгүй амиа алджээ
Охиноо алдсан ар гэрийнхэн цагдаад хандсан учраас талийгаачийг задланд оруулсан байна. Ингээд шүүх шинжилгээний эмч нарын дүгнэлтээр цусны бохирдлоос үүдэлтэй гэсэн онош гарчээ. Өөрөөр хэлбэл, хагалгаа хийх үед бохир оруулсан нь амиа алдах шалтгаан болсон байна.
Түүнчлэн тухайн үед талийгаачид задлан шинжилгээ хийсэн эмчийн хэлснээр гуравдугаар эмнэлгээс төрөхийн хүндрэлээр гэсэн оноштой гурван ч хүн ирсэн гэжээ. Мөн талийгаачид таван удаа хагалгаа хийхдээ өндгөвч болон савных нь талыг ч авсан байна. Эмч нар шаардлагатай гэж үзсэн учраас амийг нь л аварч байвал хамаагүй гэдэг зөвшөөрлийг талийгаач өөрөө болон ар гэрийнхэн нь өгсөн юм билээ.
Ингэж савных нь талыг авсныг сонссон хүмүүс “Тэгэж болдог юм уу” хэмээн гайхаж байсныг талийгаачийн нөхөр хэлж байсан юм. Ямартаа ч эл асуудал хэрхэн шийдэгдэхийг бид эргэн мэдээлэх болно.
М.Өнөржаргал
Эх сурвалж: 

URL:

Сэтгэгдэл бичих