Хөөргийг шинжиж сонгох

арархмхрХөөргийг авахдаа нэн түрүүнд хэр зэрэг эртний эд болохыг танихдаа амсар болон мөрийг нь эхлээд заавал хараарай. Жишээ нь, мөрний хэсгийг имэрч үзээд хурц байх юм бол орчин цагийнх, харин мөлгөр байвал эртнийх гэж ялгана. Мөн хэдэн мөртэйгээс хамаарч үнэ цэнэ нь тодорхойлогдоно. Тухайлбал, найман мөртэй байвал их гарын хөөрөг болж үнэд хүрнэ.
Харин хэр чанартай сайн хөөрөг болохыг ухалтаар нь мэдэж болно. Ингэхийн тулд халбагыг дотор ханаар нь эргүүлж үзнэ, мөн ухалт хэр зэрэг сайн болсон нь гэрэлд тод харагддаг. Үнэт чулуугаар хийсэн эсэхийг шалгахад буруудахгүй. Хаш чулуу гэхэд л сүүн цагаан өнгөтэй хүндэвтэр байдаг.
Хөөрөгний толгойн өндөр: Хөөрөгний толгойн өндрийг хэмжихдээ хаанаас эхлээд, хаана дуусаж байна тэр хүртэл нь см-ээр хэмжинэ.
Нуух болон хүзүү: Толгойн өндрийн хэмжээг бөгстэй тааруулах зорилгоор нуух буюу өндөрлөгөөг хийдэг. Харин хүзүү нь янз янзын хэлбэртэй байна. Хөөрөгний хүзүү доргионоос болж амархан эмтрэх тохиолдолд гардаг. Эмтэрхийг үрж засаж янзлах болох боловч үрсэн хэсэг нь бүрсийж гялалзсан өнгө алга болдог.
Халбага: Халбагыг алт, мөнгө, зэс, яс зэргээр хийж болно. Гэхдээ хамгийн гол нь хугарсан байна уу, хөдөлгөөн орсон эсэхийг сайтар шалгаж үзээрэй.
Мөр: Хөөргийг мөрөөр нь их, бага, дунд гарын гэж ангилдаг. Дөрвөн мөртэй нь бага гарын, зургаан мөртэй нь дунд гарын, найман мөртэй нь их гарын хөөрөг болдог. Мөр нь хээтэй байх бөгөөд хээ нь олон янз байна. Сонирхуулахад, том хэмжээтэй хөөрөг мөртэй байвал илүү үнэд хүрдэг.
Ухалт: Хөөрөгний дотор хэсгийг хэлдэг ба ухалт сайтай хөөрөгний дотор тал гэрэлд сайн харагддаг. Мөн ухалт хэр сайн болсныг жингээр нь мэдэж болно. Учир нь ухалт сайтай хөөрөг хөнгөн байдаг ажээ.
Хөөрөгний хэлбэр ба хэмжээ: Орчин цагийн хөөрөг нь ихэвчлэн өндөр суурьтай байдаг ажээ. Хөөргийг суурьтай, суурьгүй мөлгөр, өөрөөсөө суурьтай гэж ангилж болно. Мөн хэмжээгээр нь их, бага, дунд гарын гэж ангилж болно. Хэлбэрээр нь банзан, банзандуу, цүндгэр, шувтан, бандгар гэж ангилдаг. Хөөрөгний хэлбэрийн хэмжээг хажуу тал буюу мөрний хэсгээс харвал илүү сайн мэдэгддэг.
Муу санаа агуулаагүйн илэрхийлэл: Монголчууд эрт дээр үеэс янз бүрийн хэлбэр хийцтэй, үнэт чулуун хөөрөг эдэлж хэрэглэн, уламжлалт баяр ёслол, цагаан сараар золгох, уулзаж учрахдаа хөөрөг зөрүүлэн мэндэлж, хөөрөг солилцон тамхилж байгаа нь харагддаг. Энэ нь өөр хоорондоо хичнээн их өрсөлдөн тэмцэлдэж байгаа ч цаанаа муу санаа агуулаагүйн баталгаа болгон сэтгэлээ илчилж буйн нэгэн илэрхийлэл болдог билээ.
Хөөрөг нь монголчуудын харилцааны уламжлалт хэрэглүүр төдийгүй, түүх угсаатны болон эрдэс зүйн шинжлэх ухааны судалгаанд чухал ач холбогдолтой, оюун санааны болон урлаг, соёлын уламжлалт бүтээлийн нэг юм.
Гартаам хөөрөг: Эрээн судалтай нэгэн зүйлийн гоёмсог чулуун хөөргийг гартаам /гартамэн/ гэнэ. Гартаам хөөргийг урьд зөвхөн хаан, хатан хүмүүс барьдаг байжээ. Хэмжээгээрээ том, дунд, жижиг гарын гэж байдаг. Том гарын гартаам хөөрөг нь атганд дөнгөж багтахуйц, мөрөндөө 8, 6, 3 гэсэн үелсэн чанарын тэмдэгтэй ч байх нь бий. Эзэн Чингисийн үед гарсан гэх бөгөөд одоо хүртэл энэ тэмдэг нь уг хөөрөгний чанарын баталгаа болдог. Гартаас хөөргийг биедээ байнга авч явах ёстой аж. Энэхүү чулуу эрүүл мэндэд тустай, бэртэл гэмтлээс хамгаалдаг, мөн саа өвчин туссан хүнд тус болох эрдэнэ аж. Бие махбодийг сэргээн төлжүүлж, үүсгэлийг дуудагч гартаам гэдэг. Хар хэл, хорлолоос хамгаална ч гэж үздэг. Монголчууд гартаамыг хүний дотоод энерги илчийг нэмэгдүүлдэг, хүний өөрөө өөртөө итгэх итгэлийг бадраадаг хэмээн үздэг.
Хаш хөөрөг: Ихэнх томчуудын нүнжигийг илтгэдэг хаш хөөрөг хэр зэрэг цагаан өнгөтэйгээсээ шалтгаалан үнэ ханш нь тодорхойлогдоно. Учир нь хаш хөөргүүд нь газрын өнгөн хөрсөн дээрх хашаар хийгдсэн байдаг болохоор агаар салхинд элэгдсэндээ ч тэр үү, төдийлөн тод цагаан байдагүй. Хэдий чинээ газрын гүнд байх тусмаа хашийн өнгө улам цагаан байх тул өнгөөр нь хөөрөгний ханшийг тогтоодог нь зүйн хэрэг аж. Гэвч хаш хөөрөг нь удах, элэгдэх тусмаа улам өнгөтэй гөлгөр болдог байна. Хаш хөөргийг бэртсэн ясыг бороолоход сайн, амь насанд тустай, энх тунх, амгалан тайван байлгахад зориулагдсан ч гэдэг. Хаш хөөрөгтэй хүн эзэн дээдэст үнэнч байдаг гэнэ. Эхнэр нөхөр 2 бие биедээ үнэнч байх ариун журам сахихад хаш хөөргийг тустай гэлцдэг.
Манан хөөрөг: Найрлагандаа элдэв язгуур махбодийн бага зэргийн хольцтой, далд талст болорыг мана гэнэ. Мана нь ихэвчлэн галт уулын суурилаг чулуунд анх бүрэлдэн тогтжээ. Оросоор хальцедон гэдэг. Гэрэл тусгахад нэвт гэрэлтэх бөгөөд томруулагч дурангаар ажвал цахиурын нэн нарийн ширхэгт талстлагаас тогтсон нь мэдрэгддэг.
Мана гэр бүлийн аз жаргалын хамгаална. Дээдсийн уур хилэн намжаана. Шар мана солиорлоос хамгаалдаг бол хар мана тэргүүлэгчдийг тэтгэнэ. Мөн хүний хүслийг бүтээнэ. Ногоон манын найрлаганд бага зэрэг дицийн хольц орсноос маргад ногоон өнгөтэй болжээ. Хуучны эмийн сударт мана, ялангуяа алаг маныг саа, үе мөч, татах өвчинг анагаахад тустай хэмээн үздэг. Найрлаган дахь хольцоос хамаарч олон төрлийн мана бий болсон ба 36 төрлийн мана байдаг ажээ.

URL:

Нэр: erdenehuu Огноо: 1 December 2019

hoorognii mor gj yu baidag ym bol2

Сэтгэгдэл бичих