МАХН хуваагдах уу?

dea355e196dc5b7coriginalГурван жилийн өмнө МАН хоёр хуваагдаж, Н.Энхбаяр тэргүүтнүүд МАХН-ыг шинээр байгуулахаа мэдэгдэн салж явж байсан бол одоо МАХН хоёр хуваагдаж болзошгүй нөхцөл үүсчээ. МАХН-ын аравдугаар Бага чуулган ням гаригт /арваннэгдүгээр сарын 24-ний өдөр/ эхлэнгүүт 40 гаруй гишүүнээ Бага чуулганы гишүүнчлэлээс хассан тухайгаа мэдэгдэж оронд нь МАН-аас ирсэн гишүүдээр бүрдүүлсэн нь ийнхүү задралд хүргээд байна.

Намын даргын эзгүйд болж буй энэхүү үйл явцыг  “МАХН-ын дарга Н.Энхбаярын гэргий О.Цолмонгийн хийж байгаа улстөр” гэж хардаж буй ч Бага чуулганы гишүүнчлэлээс хасагдсан гишүүд “МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагва, ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба, МАХН-ын Гүйцэтгэх товчооны гишүүн Г.Бямбасүрэн, Баянгол дүүргийн Засаг дарга асан Д.Цогтбаатар нарын хийж буй үйлдэл” хэмээн буруутгаж буй юм.

Намын дүрэмд зааснаар Бага чуулганы гишүүдийг сонгохдоо заавал уг чуулганаар хэлэлцүүлж, санал авах ёстой ч энэ зарчмыг хангаагүй. Шууд л 40 гаруй гишүүнээ хасч оронд нь МАН-аас ирсэн гишүүдийг Бага чуулганы гишүүнээр сонгогдсон болохыг зарлачихсан. Харин энэ үйл явцыг эсэргүүцэж Эрүүл мэндийн сайд Н.Удвал Бага чуулганы үеэр намын удирдлагууддаа хатуухан үг чулуудсан болохыг эх сурвалж тодотголоо. Тэрээр Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-ын удирдлагууд идэвхигүй оролцсоныг сануулаад, хууль дүрмээ барьдаггүй хэдхэн хүний хүрээнд асуудлыг шийддэг явцуу эрх ашгийн сонирхлоос болж, намын гишүүдийн итгэлийг эвдэж байгаа төдийгүй анх тавьсан зорилгоосоо ухарсан нь намын нэр хүндийг унагаж байна. 2012 оны орон нутгийн сонгуульд МАХН 16.2 хувийн санал авч байсан бол Ерөнхийлөгчийн сонгуулиар 6.2 хувийн санал авсан нь иргэд, сонгогчийн МАХН-д итгэх итгэл алдарч байгаагийн илрэл. Хэрэгжүүлж байгаа бодлого, үйл ажиллагаандаа дүгнэлт хийх цаг болсон” гэжээ. Гэвч Д.Тэрбишдагва тэргүүтнүүд Н.Удвал сайдын үгийг авах эсэх нь эргэлзээтэй байна.

Түүнчлэн Шударга ёсны төлөө анхдагчдын холбооны хурлын тэргүүлэгчдийн зүгээс Бага чуулгантай зэрэгцүүлэн Д.Тэрбишдагва, Г.Шийлэгдамба нарыг огцрохыг шаардаж мэдэгдэл  гаргалаа. Дүрмийн бус аргаар Бага чуулганаас 40 гаруй гишүүнийг хассан энэхүү үйлдэл нь МАХН-ын шударга ёсны төлөө зүрх сэтгэлээсээ тэмцэж явсан гишүүд, дэмжигчдийг дотор нь хагалан бутаргалаа. Хууль зөрчсөн удаа дараагийн үйлдлийг засч залруулахыг намын удирдлагуудад хандан сануулж ирсэн ч өнөөдрийг хүртэл арга хэмжээ авахгүй явсаар хүнд байдалд оруулсан тул хариуцлагаа хүлээж МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагва, ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба нарыг огцрох ёстой гэж мэдэгдээд байна. Гэвч тэд огцортол өдий бололтой. Бага чуулганд оролцож байгаа 150 гаруй гишүүдийн олонх нь одоогийн удирдлагынхаа үйлдлийг буруутгахгүй байгаа аж. Мөн МАХН-ын Бага чуулганы гишүүдийг МАН-аас ирсэн “тагнуулчид”-аар сэлбэхдээ намын даргатайгаа зөвшилцөлгүйгээр хийнэ гэж бараг үгүй бололтой. Гол нь ямар шалтгаанаар улстөр судлаач Л.Эрдэнэтуул, өмгөөлөгч Б.Оюунбилэг нарыг “Хэрэгцээ нь дууссан” гэсэн шиг МАН-д нэмэргүй байсан гишүүдээр сольсон нь сонирхол татна. Н.Энхбаяр тэргүүтнүүд юуны учир анхны гишүүдээ, жийгээд эхлэв ээ.

Г.ДАРЬ

Эх сурвалж: “NEWS WEEK” сонин №039


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих