Freezone хамтлагийн тухай сонирхолтой 20 баримт

Freezone хамтлагийн тухай сонирхолтой 20 баримт

•Хамтлагийн гишүүдээс хамгийн сайн тогооч нь Бэкэ. Хэрэв танд аз таарвал түүний гарын цуйванг зооглох боломжтой. Хамтлагийн гишүүдийн хэлснээр Бэкэгийн цуйвангийн жор нь “тасархай” гэнэ шүү.

•Хамгийн олон орноор аялсан нь Төмөрөө. Тэрбээр аялалд гурван жилийг зарцуулжээ. Европыг бүрэн нэгжиж “дуусгасан” бөгөөд зарим орны дийлэнх хотоор аялсан гэнэ. Сонирхуулахад, ХБНГУ-ын өнцөг булан бүрийг арван хуруу шигээ мэдэх ажээ.

•Төмөрөө фото зураг авч, нийтлэл бичих сонирхолтой гэнэ. Тэрбээр аяллын арвин  фондтой бөгөөд явсан газрынхаа тухай “Нийслэл guide” сэтгүүлд цувралаар нийтлэл бичдэг байна.

•Хамтлагийн ахлагч Төрөө бие даасан хоёр цомогтой. Хүмүүсийн хүртээл болсон 30 орчим дуутай. Дууны үг, ая зохиох нь түүний амь амьдрал, үндсэн хобби.

•Хамгийн гэрсэг нь Бэкэ. Тэрбээр бага насны хоёр хүүхэдтэй. Өнөр өтгөн гэр бүлийн эзэн болно гэж төлөвлөдөг гэсэн.

•Хамтлагийн амьд түүх бол Төрөө. Түүнд хамтлагийн гэгдэх бүхий л мэдээлэл хадгалагдаж буй. Сонины жижигхэн мэдээг хүртэл алгасалгүй цуглуулжээ. Анхныхаа тоглолтын зарыг хүртэл жаазлаад хадгалчихсан байх жишээтэй.

•Төмөрөө аялсан улс бүрээсээ нийт 40 гаруй аяга цуглуулжээ. “Нэмж тавиур авах”-ыг эхнэр нь зөвлөдөг байна.

•Эр хүн бүрийг машин сонирхдог гэвэл энэ нь ташаа ойлголт ажээ. Үүний нэг жишээ бол Төрөө юм. Тэрбээр машин огт сонирхдоггүй гэнэ. Харин Бэкэ, Төмөрөө хоёр бол арав гаруй жил машин барьж буй туршлагатай жолооч нар.

•1999 онд анхны “Зүүдний дагина” тоглолтынхоо орлогоор MD тоглуулагч худалдан авч хамтлагтаа “хөрөнгө оруулалт” хийж байжээ.

•Хамтлагийн бүх гишүүн 80-аад оныхон. Төрөө 1980 оны тавдугаар сарын 28, Бэкэ 1981 оны гуравдугаар сарын 21, Төмөрөө 1984 оны нэгдүгээр сарын 8-нд төрсөн.

•Хамгийн үрэлгэн нь Бэкэ. Тэрбээр цацсаныхаа хэрээр олно гэсэн үзэлтэй. Харин хамгийн тооцоотой, чанга нь Төрөө. Төмөрөө бол өөрийгөө “дундаж” гэж тодорхойлдог юм билээ.

•Хамгийн тэвчээртэй, ажилсаг нь Төрөө. Тэрбээр студид хэдэн ч цагаар ажиллаж чадна.

•Төмөрөө, Бэкэ хоёр айлын бага хүүхэд. Төмөрөөгийн хувьд Батсүх, Баттулга гэж хоёр ахтай. Харин Бэкэ нэг ах, гурван эгчтэй. Харин Төрөө айлын хоёр дахь хүүхэд бөгөөд эцэг, эхээс тавуулаа ч бүгд эрэгтэй гэнэ.

•Төрөө, Бэкэ хоёр Хөгжим бүжгийн коллежийн ардын хөгжмийн анги буюу лимбээр хичээллэж байжээ. Харин Төмөрөө 33 дугаар дунд сургуулийг дүүргэсэн аж.

•Freezone 1998 онд байгуулагдсан. Хамтлагийн анхны гишүүдийн нэг нь “Perfect” хамтлагийн ахлагч Баяраа. Харин Төмөрөө “Трио” хамтлагт дуулж байгаад 1999 онд Freezone руу “урважээ”.

•Хамтлагийн дундаж нас 30. 30 насны босгон дээрээс эргээд харахад /тэдний өөрсдийнх нь үгээр хэллээ/ 80-аад оныхон болбоос хуучин болон шинэ нийгмийн хоёр үеийг хоёуланг нь үзсэн, картны барааны үед оочерын оройд яваагүй ч дунд нь үзэлцэж явсан. Хал үзэж халуун чулуу долоож явсан үеийнхэн гэдгээрээ онцлогтой. “Ер нь 80-аад оныхон хэрсүү шүү” гэж тодотгоно лээ.

•Хамгийн их утсаа хаядаг нь Бэкэ. Байнга л шинэ утас барьдаг гэнэ. Төрөө ч түүнээс “дутахгүй” бас л утсаа гээдэг аж.

•Хар бор ажилд хамгийн сайн нь Бэкэ. Одоо ч барилгын чиглэлээр хувийн компани байгуулаад ажиллаж байгаа нь үүнтэй холбоотой гэнэ.

•Хамтлагийн хамгийн одтой жил 1999 онд тохиожээ. Тэд “Пентатоник” наадмын “Дебют” хамтлагийн шагналыг хүртэж, “Зүүдний дагина” тоглолтоо зургаан удаа тоглосон байна.

•Хамтлаг 2005-2006 он хүртэл нэг жилийн хугацаанд 50 мянган км зам туулжээ. Өөрөөр хэлбэл тухайн жил Европоор 8000 км, АНУ-аар 40 мянган км зам машинаар туулжээ


URL:

Сэтгэгдэл бичих