“Эрэл” сургуулийнхан эцэг эхчүүдээс ихээхэн хэмжээний мөнгө завшжээ

Кембрижийн хөтөлбөртэй л гэвэл сургууль болгон сайн байдаг гэсэн ойлголт манай эцэг эхчүүдийн тархинд суусан бололтой. Яг үнэндээ эл сургалтын ач холбогдол юу юм бэ гэдгийг нь эцэг эхчүүд битгий хэл багш нар нь ч өөрсдөө сайн ойлгодоггүй хэмээн нэгэн дунд сургуулийн багш хүүрнэж байсан юм.
Кембрижийн хөтөлбөргүй хэрнээ хөтөлбөртэй гэж сурагчдаасаа олон сая төгрөг авчээ
Бидний сайн мэдэх УИХ-ын гишүүн асан, «Эрэл» группын Ерөнхийлөгч Б.Эрдэнэбатын нэрээр овоглогддог «Эрэл» дунд сургууль Кембрижийн хөтөлбөргүй хэрнээ хөтөлбөртэй гэж сурагчдаасаа олон сая төгрөг авсан байх юм. Өөрөөр хэлбэл тус сургууль дээрх хөтөлбөрт хамрагдах нь битгий хэл БШУЯ-нд ч ямар ч бүртгэлгүй гэдгийг холбогдох албаны хүмүүс тогтоосон байна. Ингэснээрээ тэд хууль бус үйлдлээ нэлээн хэдэн жил хав дарж олон зуун шавь нараа хохироосон гэсэн үг.
Тодруулбал «Эрэл» дунд сургуулийн төлбөр жилийн өмнө 4.5 сая төгрөг байсан бол энэ хичээлийн жил 7.5 сая болгосон. Товчхондоо холбогдох газруудаас нь тэдний гаргаж буй үнэд хяналт тавих эрхгүй байдаг учраас тэд өөрсдийн аманд орсон тоогоо хэлж Кембрижийн сургалтаар бамбай барьж ийнхүү сургалтын төлбөрийг нэмсэн аж. Хамгийн гол нь сургалтын төлбөр нэмэх шийдвэрийг сургуулийн зөвлөл нь гаргадаг. Гэтэл эл сургуульд хууль ёсны зөвлөл огт байгаагүй гэдгийг сургуулийн удирдлагууд нь сая өөрсдөө шалгалтаар нотлоод өгчээ.
ШӨХТГ-аас энэ сарын 18-ны дотор зөрчлөө арилгахыг шаардсан
Үүнийг ШӨХТГ-аас ч тогтоосон. Уг нь Боловсролын тухай хуулийн 35.1-д сургуулийн зөвлөлд «багш, ажилтан, сургуу¬лийн захиргаа, эцэг эхийн төлөөлөлтэй байна» гэж заасан байдаг ч тус сургуулийн зөвлөлд эцэг эхийн төлөөлөл байдаггүй. Харин 35.4.5- д эл зөвлөлд эцэг эхийн төлөөлөлгүй бол төлбөрийн хэмжээг тогтоосон шийдвэр гаргахыг хориглоно гэсэн хуулийн заалттай.
Дээрх хуульд заасны дагуу байгуулах ёстой атал сургуулийн удирдлагууд хуулийн заалт дүрмээ зөрчиж эцэг эхчүүдтэй зөвшилцөхгүйгээр өөрсдөө сайн дураараа дөрвөн хүний бүрэлдхүүнтэйгээр зөвлөл байгуулж үнээ нэмсэн гэсэн үг. Үүнээс шалтгаалан сургуулийн захиргаа болоод эцэг эхийн хооронд маргаан үүсээд байгаа юм.
Тус сургуулийн захирал Грэм Хиллд ШӨХТГ-аас дараах шаардлагыг хүргүүлж байсан юм билээ. Уг албан бичигт «Шалгалтын явцад илэрсэн зөрчлөө арилгаж гэрээгээ өөрчил, эцэг, эхийн төлөөллийг 51 хувиас доошгүй бүрэлдэхүүнтэй хуралдуулж удирдах зөвлөлдөө төлөөлөлтэй болго» гэх актыг үйлдэн хүргүүлсэн байна.
Уг нь өнгөрсөн зургаадугаар сард эцэг эхчүүд сургалтын төлбөрийг үндэслэлгүйгээр нэмлээ гэж ШӨХТГ-т гомдол гаргасан аж. Гэтэл тус газрынхан гомдлын дагуу шалгалт хийгээд маш олон байж боломгүй хууль бус үйлдлийг илрүүлжээ. Гэтэл хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө болсон эл асуудал одоо ямар нэгэн шийдэлд хүрэлгүй харин ч гомдол гаргасан эцэг эхчүүдийг «Хүүхдүүдээ та нар манай сургуулиас гарга» гэж шаарддаг болсон аж.
Өөрөөр хэлбэл ШӨХТГ өөрсдийн хийсэн ажлынхаа ард гаралгүйгээр энэ хууль бус үйлдэлтэй эвлэрсэн гэсэн үг. Тиймээс л өнөөдөр Англи улсын иргэн гэх тус сургуулийн захирал Грэм Хилл сурагчид болон эцэг эхчүүдийг даапаалж бащир аргаа улам цэцэглүүлж олон тэрбум төгрөгийг хөнгөхөөн өөрийн халаасандаа хийгээд байгааг зарим нэг нөхдүүд маш сайн мэдэж байгаа байх.
Б.Сумьяа: Бид хүүхдээ «Эрэл ESM» гэсэн сургуульд оруулсан. Гэтэл «Эрэл» дунд сургууль гэсэн бүртгэлтэйгээр УБЕГ-т байх юм. Ингээд тус сургуулийн зургаадугаар ангийн сурагч Д-гийн аав Б.Сумьяа « Ах нь олон зүйл яриад яах вэ. Бид өнгөрсөн зургаадугаар сараас эхэлж 30 гаруй эцэг, эх энэ асуудлаар нэлээн хөөцөлдөж ШӨХТГ-т гомдол гаргасан. Гэтэл тус сургуулиас маш олон хууль бус үйлдэл илрээд байна. Уг нь ах нь хүүхдээ «Эрэл ESM» гэсэн сургуульд оруулсан. Гэтэл эл сургууль зөвхөн «Эрэл» дунд сургууль гэсэн бүртгэлтэйгээр УБЕГ-т байж байх юм. Энэ юу гэсэн үг вэ.
«Эрэл ESM » гэдэг нэрэнд маш их ач холбогдол өгч өндөр үнээр хүүхдээ сургаж байгаа хэрэг шүү дээ. Ийм балиар хууль бус үйлдэл хийсэн хэрнээ сургалтын төлбөрөө огт үндэслэлгүйгээр нэмж байгаа юм даа. Хүнд чинь бас ичих эрхтэн гэж байдаг даа. Үндсэндээ энэ бүхэн эрүүгийн маш том гэмт хэрэг. Мөн олон хууль дүрэм зөрчжээ гэсэн үг шүү дээ.
Гэхдээ бидний гол зорилго бол төлбөрийн дүнг сургуулийн зөвлөл тогтоодог мөртлөө хууль бусаар сургуулийн зөвлөл байгуулчихаад төлбөрөө нэмсэн байна гэж хэлээд байгаа юм. Байгуулчихлаа гэж хэлээд байгаа нь өмнө нь ямар ч зөвлөл байхгүй байсан гэдгээ тэд өөрсдөө нотлоод өглөө. Өмнөх жилүүдийн сургалтын төлбөр ч хууль бус гэсэн үг. Тус сургууль одоо 390 гаруй сурагчтай энэ хүүхдүүдээр тоцоолоод үзвэл хэдий хэрийн хэмжээний мөнгөн гарах уу бодоод үз дээ. Ойролцоогоор бараг гурван тэрбум төгрөг болж байгаа юм.
Үүнээс багш нарын цалин, бусад зардал гээд тооцож үзэхээр нэг сая доллар захиралын халаасанд сул орж байна гэсэн үг бай¬гаа биз. Гэтэл энэ бүхэнд ШӨХТГ-аас ямар ч арга хэмжээ авахгүй байгаа нь сонирхол татах асуудлын нэг болоод байна. Бид сургуулийн захирал Грэм Хиллтэй уулзая гэхлээр өөдөөс хуулийн зөвлөхтэй уулз гэдэг. Бид энэ хүнтэй уулзаад яах юм бэ. Ямар хуулийн зөвлөхийн сургуульд хүүхдээ оруулсан биш. Захиралтай нь л уулзах ёстой биз дээ.
Тэгээд хууль бус сургуулийн зөвлөл байгуулчихаад та нар хурал зарлахаар ирэхгүй байсан учраас бид өрсдөө дөрвөн хүнийг санал болгож интернэтээр санал авч эхэлсэн гэж сонин юм яриад байгаа. Энэ тухай шаардлагыг ч ШӨХТГ-аас явуулсан байсан. Тэдний явуулсан албан бичгийг ч тоож харахгүй байгаа шүү дээ. Бид уг нь энэ асуудлыг иргэний журмаар шийдэж учраа олъё гэж бодсон. Гэтэл үгүй юм байна. Хэрвээ энэ асуудлаар УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст өгч шалгуулах юм бол өчнөөн сая төгрөгийн асуудал яригдана. Гэхдээ бид эцсийг нь хүртэл явах болно. Үр хүүхдийг минь элдвээр хавчиж эхэлсэн учраас яав ч зүгээр орхихгүй шүү» гэв.
Хүүхдээ аваад зайл
Ямартай ч олон эцэг эхчүүд бүгд дээрх зүйлийг хэлж байсан юм. Түүнчлэн тэдний ярьсан нэг зүйл нь өөрийи эрхгүй анхаарал татсан. Тодруулбал Нийслэлийн Боловсролын газрын дарга Ц.Отгонбаганын гарын үсэгтэй 2013.9.9-ний «Эрэл ESM» гэх нэрээр олгогдсон тусгай зөвшөөрөл.
Эл тусгай зөвшөөрөл нь УБЕГ-т «Эрэл ESM» нэ¬рээр биш «Эрэл» дунд сургууль гэсэн бүртгэлтэй, харин албан тоотын толгой нь «EREL» SECONDARY SCHOOL гэж байх юм. Түүнчлэн «The English of Mongolia» гэх нэрийг улсын бүртгэлд бүргүүлсэн хэрнээ тусгай зөвшөөрөл авалгүйгээр ашиглаж байсан зэрэг зөрчлийг ШӨХТГ-аас илрүүлжээ. Тодруулбал «Эрэл- ESM» гэх оноосон нэрийг хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлээгүй тул “Эрэл” дунд сургуулийн нэрийг хэрэглэхийг шаардсан гэсэн үг.
Гэтэл тэд өөрсдийн гаргасан алдаа дутагдлаа засахын оронд гомдол гаргасан эцэг эхчүүдийг харааж зүхэж «Хүүхдээ аваад зайл» гэж хэлээд сууж байгаа нь «Бид хэнээс ч айхгүй ард минь асаалттай танк байна шүү» гэдэгтэй утга ижил үг хэлж байгаа нь тэд ийм хууль бус үйлдэлд мэргэшжээ гэж хэлж болохоор байгаа юм.
Үндсэндээ тус сургуулийн бүх бичиг баримтынх нь толгой улсын бүртгэлд бүртгэгдээгүй тусгай зөвшөөрөл аваагүй нэрээр үйлдэгдэж байгаа нь удаан жил оршин тогтносон энэ сургуулийг зөвшөөрөлтэй юу гэж хардахад ч хүргэж байна.
Өнөөдөр манай улсад болсон болоогүй хувийн дунд сургуулиуд өөрсдийн вант улсаа байгуулаад амжсан. Тэдгээр сургууль нь чанар гэхээсээ илүү сургалтын төлбөрөөрөө хоорондоо өрсөлддөг нь дээрх үйл явдлаас харагдаж байгаа юм. Тиймээс өнөөдөр холбогдох газрууд нь хувийн хэвшлийн сургуулиудад анхаарлаа хандуулах болжээ гэдгийг хэлж байгаа юм. Тэгэхээр УИХ-ын ги¬шүүн асан Б.Эрдэнэбат та өөрийн харъяалалд байдаг сургуулиараа орж ямар асуудал үүсээд байгааг мэдэх хэрэгтэй байх.
Тэгээд ч энэ бүх үйл явдал таниас гадуур хийгдэнэ гэдэг нь юу л бол. Ямартай ч эцсийн хариуцлагыг Эрэлээр овоглогдсон Б.Эрдэнбат гэж хүн хариуцна гэдгийг эцэг эхчүүд дайж байсан юм. Нэгэнт нөхцөл байдал ийм байхад хууль хяналтынхан энэ сургуулийн их мөнгөний урсгал хаашаа орж байгааг шалгах нь зүйн хэрэг байх. Товчхондоо “Эрэл” дунд сургуулийг УМБГ-ын эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгаар шалгуулъя.
Үргэлжлэл бий…
Эх сурвалж: 

URL:

Сэтгэгдэл бичих