Улаанбаатарыг муж болгоочээ!

22_1949

Л.Түдэв
Улаанбаатар хотод монгол улсын хүн амын тэн хагас нь бөөгнөрч Туул, Сэлбийн уулзавар дахь хонхорт шавааралдан суух болсоор бараг хорин оныг өнгөрөөлөө. Нэгэн хонхорт улсынхаа хүн амын тал хувийг бөөгнөрүүлнэ гэдэг бол Үндэсний аюулгүй байдлыг хариуцах ёстой төрийн гурван өндөрлөг буюу Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын дарга эд нар юм.

Үндэснийхээ аюулгүй байдлыг хамгаалах байх гэж ард түмэн, сонгогчид энэ гуравт удаа дараа итгэл хүлээлгэн өндөр суудалд өргөмжиллөө. Гэвч тэд монгол үндэстнийхээ аюулгүй байдлын нэг гол баталгаа болсоор ирсэн хүн амынхаа байршлын талаар бараг л гэмт хэрэгтний суудал мөрөөдсөн юм шиг байдлаар, тийм хандлагаар сонгуульт хугацаагаа илээсээр байна.

Хүн амын тал хувийг нэг дор бөөгнүүлж, дээр нь аялал жуулчлал, гадаадынхны хөл хөдөлгөөнийг нэмбэл Улаанбаатар хот ачааллаа даахгүй болсоор удлаа. Тэрний хамгийн илэрхий уршиг нь утаа униар юм. Улаанбаатар биш утаанбаатар болчихсон атал жил бүр л “утааг багасгах” тухай хоосон ярьцгааж, элдэв төсөл мэтийн юм дэвшүүлж дундаас нь халаасалсаар 20 гаруй жил өнгөрлөө. Утаа замхрах шинж огтхон ч мэдэгдэхгүй байна.

Утаанд утагдсан хотын иргэд ялангуяа өсвар насныхан цаг бусаар хорвоог орхиосоор байна. Түүн дээр нь нэрмээс болж Улаанбаатар маань “Уухилаан” баатар болон хувирлаа. Бараг л өрх бүр нэг нэг “төмөр морьтой” болж хотын тэртэй тэргүй тооцоолоогүй баригдсан “өлөн гэдэс” шиг нарийхан гудамжаар өдөр шөнө, өглөө үдэшгүй хэдэн зуун тэрэг нааш цааш хөлхөлдөн дуу чимээ, утаа тоос босгон чагнаалдаж зэрлэг араатан шиг авирлаж, хүүхэд хөгшдийг дайрч гэмтээн, амь насыг нь бүрэлгэдэг болсоор удлаа.
Иргэний дайн болж буй орнуудад учирч буй хүн амын амь насны хохирлын тоон үзүүлэлтийг монголын нийслэл аль хэдийнэ давж гарчихаад байна. Улаанбаатарт шөнө ч тайван унтах боломжгүй болсон. Шөнийн хоёр, гурван цагийн үед гэхэд л гудамжаар өдий төдий машин нааш цааш хөлхөлддөг болсон. Чухам юу бүтээсэн гэж тэгдэг нь бүү мэд. Мэдэх зүйл гэвэл шөнөжин баар ресторан хэсч архиддаг хүмүүсийн л явдал байх гэмээр болой.

Сүүл сүүлдээ гудамж, замын боломж нь даацгүй болоод ирэхэд машинуудыг дугаараар нь ялгаварлан хөдөлгөөнийг хязгаарлах “хүүхэд шиг” санаачлага гаргаж, тэрнийгээ бараг л сансарт ниссэн мэт дөвийлгөн магтацгаадаг болсон нийслэлийнхэн өрөвдөх ч багадмаар “амьтад” болон хувирсаар байна.

Нийслэлийн агаарын бүтэц хүний эрүүл мэндэд ноцтой харшлах хэмжээнд хүрсээр удлаа. Жилд хотын агаарт 260 мянган тонн хорт бодис цацагдаж тэрийг нь хотын хүн амд хуваахад 318 килограмм хорт бодис ноогдохоор болсон байна. Өнгөрдөг жилийн мэдээгээр үзэхэд нийслэлийн утаа жилд 1600 хүний аминд хүрч байдаг ажээ. Гурван сая хүрэхгүй цөөхөн ам бүлтэй манайх шиг улсад ийм их хохирол бол түгшүүрийн харанга дэлдэж онц байдал зарлах хэмжээний аюул юм.
Гэвч Үндэсний Аюулгүй байдлын зөвлөл “таг чимээгүй” олон ч иргэдээ газар булахыг өнгөрөөлөө. Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагын тогтоосон агаарын чанарын стандартаас Улаанбаатар хотын утаа 35 дахин илүү гарчихаад байхад, иргэдийн уушиг зүрхний өвчлөл жилд 8500-гаар нэмэгдсээр байхад ядаж Ерөнхийлөгч нь түгшүүр зарламаарсанж. Гэвч тэр мэтийг бус өөр юмаар манай “төр” завгүй байдаг бололтой.

Нийслэл рүү чиглэсэн хүн амын урсгалыг тогтоох юмуу хязгаарлаж чаддаггүй юм бол Нийслэл хотоо, утаа тоос, дуу шуугиан, замын түгжрэл, аваар осол, халдвар, эрчим хүчний өлсгөлөн, хэрэг зөрчил, хулгай дээрэм, архичин танхайчуудаас сэрэмжлэх тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлмээрсэн. Монголын нийслэл шиг аюул осолтой, бохир заваан, замбараагүй, түгшүүртэй тийм нийслэл ховорхон байгаа шүү дээ.

Гурав хүрэхгүй сая хүн амтай түүний бараг жар далан хувь нь хүүхэд хөгшид байгаа ийм улс мөртлөөн жилд бараг 180 сая литр архи үйлдвэрлэж бас түүндээ ханахгүй гадаадаас 80 сая литр архи зөөж тэрнийг “хүртдэг” хүмүүс хүн амын 56 хувь нь болчихоод жилд 140 мянган хүн эрүүлждэг /бүрэн бус тоогоор/ мөн архидаж 1000 гаруй хүн жил дутам үхдэг, согтуучууд нь гэмт хэргийн 56 хувийг үйлддэг болчихсон ийм орныг удирдаж байгаа төрийн гурван өндөрлөгөөс “эрүүл байна уу, согтуу байна уу?” гэж асуухад ч багадах биш үү?

- “Архидахын эсрэг”, “тамхины эсрэг хууль” гараад л өглөө шүү дээ гэж тэд ам таглах биз. Гэтэл тэр хууль нь хагас дутуу боловсорсон “зэрэмдэг”, өчнөөн цоорхойтой (учир нь архи, тамхины үйлдвэрийн эзэд, хамтрагчид нь УИХ-д сууцгааж л байгаа) бас тэгээд хэрэгжүүлэх эзэнгүй тул цаасан дээр л үлдэж, ёстой өнөөх “монголын хууль гурав хоног” гэгчийн үнэн дүр төрхийг харуулсаар байна.

Худлаа гэвэл тэр “сүрхий” хууль гарснаас чинь хойш согтуучуудын үйлдсэн гэмт хэрэг, тамхичдын тавьсан түймэр цөөнгүй гарлаа шүү дээ! Монгол улсын цөөхөн хүн амыг нэгэн хонхорт тал хувийг нь бөөгнүүлсний нүгэл нь одоо тэсэхэд бэрх болоод байна. Ерөнхийлөгч байсан хүнээсээ эхлээд нэр бүхий түшмэдүүд, сэтгүүлчид хүртэл сээтэгнэлдэн том сайхан хот байгуулах, хөдөөгөө орхиод хотод ирэх, мал дагавал мал болно гэхчилэн ам мэдэн ярьж бичиж байсан цаг саяханаар барахгүй түүнийг нь нийтэлсэн сонин хэвлэлийн хуудаснууд ч шарлаж амжаагүй байна.

Гэтэл өрнөдийн “боловсон” гээд мөргөөд, шүтээд байгаа орнуудын чинь иргэд хотоос зугтахын түүс болж, чинээлэгүүд нь том хотоос зайдуу суурьших болж, “хотоос зугатах” хөдөлгөөн өрнүүлж байна. Гэтэл хэдхэн мунхаг монголчууд “хот руу тэмүүлэх” хөдөлгөөн өрнүүлэхээр зүтгэсний балгаар Улаанбаатар хот нь шавааралдан шахцалдсан “бохир хонхор” болсон утаа тоос, хорт бодис унгатгадаг хүчин голомт болж эхлээд байна.

Үүнээс гарах аргаа олохгүй юм бол ядаж хотоо (тэртэй тэргүй шинэ Үндсэн хуульд хот гэдэг үгийг нэг хэсэг этгээд оруулахгүй гэж зүтгэсээр байгаад хасчихсан, ганцхан удаа орсон нь Улаанбаатар хот” гэсэн үг юм) муж болгон өргөтгөж, төв аймгийг бүхэлд нь хамарсан газар нутагт хотоо өргөтгөн тэлж, төвөөс гадагшлуулан сийрэгжүүлэх ганц зам үлдлээ. “Оросууд найтаах дээр монгол бас найтаадаг” гэж саяхны онигоо мартагдаагүй байна.

Москва муж гэж байдаг юм чинь “Улаанбаатар муж” гээд л хуулан дуурайгаад шийдчихгүй юу! “Хотоо муж болгоочээ” гэж нийслэлийн дарга түшмэдүүдэд би нэг бус удаа хэлж л байсан. Гэтэл ер тоосон юмгүйгээр барахгүй төв талбайнхаа баруун талд нийслэлийн удирдлагын албан өргөө гэж нэг сүртэй өндөр юм бариулаад түүнээ тас хар өнгөлгөөтэй болгоод, хар ханан дээр нь Хангарьдаа дүрсэлчихсэн. Шар шувуу л шөнө нисдэг болохоос Хангарьд хав харанхуйд нисдэг гэж сонсоогүй билээ.

Тэгтэл удалгүй хүмүүс тэр “гоё” гэсэн байшинг нь “хар гэр” гэж нэрлэсэн. Хар гэр гэдэг бол хуучин үед хүн хорьдог хар гэрийн нэр юм л даа. Харин саяхнаас нийслэлийн төв удирдлага Сонгино хайрхан дүүрэгт шилжих тухай ярьцгаах боллоо. “Хар гэрээсээ” гарах нь л дээ! За энэ ч дэмий сул үг гэж бодоё. Харин Улаанбаатар хотыг Улаанбаатар муж болгох нь ямар ашигтай тухайд ярьж болох юм.

Хүн амынхаа тал хувийг хэдхэн жилийн дотор нэг хонхорт цуглуулж байхдаа хотын удирдах түшмэдүүд, төрийн дээд албаныхан тэдгээр иргэдээ нэгд, хүнс тэжээлээр яаж хангах, хоёрт, орон сууцаар хэрхэн хангах, гуравт, ундны уснаас эхлээд, түлээ түлшээр яаж үйлчлэх, хөл дайх нийтийн тээврийг хэрхэн шийдэх, дөрөвт, хүмүүс өвдөж зовбол ямар эмнэлгээр яаж анагаах, тавд, айл өрхүүд юм чинь өсч үржих тул, хүүхэд нярайлах газар, ясли, цэцэрлэгийг болон сургуулийг яаж бүрдүүлэх гэхчилэн наад захын шаардлагуудыг урьдчилан бодсон, төлөвлөсөн байх ёстой.

Гэтэл тэгэх толгойтой түшмэл байсангүй мэт сүүлийн хорин жилд ядаж шинэ хүн төрөхөд хүлээж авах эмнэлгийг нэгийг ч шинээр байгуулсангүй, тэвдэхдээ саяхнаас л нэгийн зэрэг юм барьж байгуулж байх бололтой. Бага, дунд сургуулиудын тухайд мөн л нэгэн адил. Одоо нийслэлд ээлжгүй хичээллэдэг сургууль бараг байхгүй. Зарим нь хоёр гурван ээлжээр өдөржин хичээллэхээс аргагүй болчихоод байна. Иргэдийн өргөн хэрэгцээний зүйл, хүнс тэжээлийн хангамж даац хүрэхгүйн улмаас Эрээн, Эрхүүгээс элдэв юм зөөж авчран “өл золгуулах” удаа ч цөөнгүй тохиолдлоо.

Ийм нөхцөлд Улаанбаатар хотын газар нутгийг болон эрх мэдлийг мужийн хэмжээ зэргэмжид хүргэж хаяаг нь тэлж, дагуул суурингуудыг нь бэхжүүлэх, улмаар суурин мал аж ахуйн нэгжүүдийг Баянгол, Жаргалант, Лүн, Төв аймгийн Төв, Багануур гэхчилэн газруудад байгуулж нийслэлийн иргэдийг / нийслэлийн гэхээсээ нийт хүн амынхаа тал хувийг/ядаж хүнс тэжээлийн найдвартай эх булагтай болгууштай байна.

Гахайн болон шувууны аж ахуйн фермүүдийг мөн зөгий, туулай, загасны байгууламж ажиллуулах боломж Төв аймагт л бий. Бас төмс, хүнсний ногооны тариаланг Жаргалант, Борнуурын туршлага дээр тулгуурлан өргөтгөж, тал бүрээр дэмжин туслах юм бол нийслэлийн хүн ам наад захын “тарга тэвээрэг” авч болмоор байна. Бэлчээрийн мал аж ахуйг устгах гээд “салганаад” байдаг хүмүүс суурин мал аж ахуйг энэ мужид л хэрэгжүүлүүштэй.

Тэрчлэн сүү сайтай үйлдэрийн үхэр сүргээр суурьшмал хэд хэдэн аж ахуй байгуулж хотыг сүү цагаан идээгээр жилийн турш хангах боломж гарын дор байж л байна. Гагцхүү төр засгийн санаа тавьж туслаж дэмжих ажил үнэн хэрэг дээрээ алга гэж болно. Ийм төр засгийг сонгон бүрдүүлсэн иргэдийг буруутгахаасаа урдаар үгсэн хуйвалдах өвчинд нэрвэгдэж, түүнээ сонсогчдод “халдаадаг” намуудын нүгэл, нүгэл гэхэд ч багадмаар гэмт үйлдэл, буруу бодлогын гайг илчлэж “сайн засаглалтай” болох нь чухал байна.

“Зуун ямаанд 60 ухна” гэж ардын үг байдаг шиг “зуун ямаанд 76 “ухна” гэгдэхээр өнөөгийн тогтолцоог эрс өөрчлөж, хүчтэй ерөнхийлөгчийн засаглалтай, ардын их хуралдайтай, УИХ-ын гишүүн нь сайд болон “жирэмсэлдэг” бас хоёр гарын 10 хуруунд багтахааргүй олон төрлийн хувийн аж ахуй давхар эрхэлдэг гаж буруу тогтолцоог халах юм уу үндсээр нь шинэчлэн өөрчлөх шаардлагыг иргэд аль тэртээ хорьдугаар зууны сүүлчийн жилүүдээс эхлээд хорин нэгдүгээр зууны эхний мөчлөг дуустал хугацаанд удаа дараа тавьж, хэвлэл мэдээлэлд нийтлүүлсээр ирсэн боловч
Үндсэн хуулийн цэц гэдэг уран зохиолын нэртэй онцгой хангамж, тусгай эрхтэй байгууллага нь Үндсэн хуулийг зөрчигсдийн талд “элсээд” хааяа нэг илэрхий юман дээр эсэргүүцэл тавивч түүнийг нь Улсын Их Хурал хүлээн зөвшөөрдөггүйгээр барахгүй голдуу “сүйхээчлэн” намуудтай үгсэн сонгогдсон авлигач, хувийн сонирхолтон нараа улсын дөрөвдөх засаглал болох хууль, шүүхийн байгууллага хэрэг зөрчлийг нь илрүүлээд бүрэн эрхийг нь татгалзуулах хүсэлт удаа дараа тавихад үл зөвшөөрөн хамгаалаад эцсийн дунд “хэрэг зөрчлийн эздийг хаацайлах” зүй бус төрхөөрөө сонсогчдынхоо итгэл, үнэмшлийг хөсөрдүүлж “амташаад” байна. Ийм тогтолцоог өөрчлөөгүй нөхцөлд “нэг хүнийг тахин шүтэх” үеийн ээлжийг “олон хүний бүлэглэлийг тахин шүтэх” гажуудлаар сольсонтой утга нэг болоод байна.

УИХ-ын гишүүн л болчихвол тэрнийг эргүүлэн татах эрх сонгогчдод нь байхгүй, түүний бүрэн эрхийг татгалзуулах заалт хаа ч үгүй ийм хуулийг УИХ өөрөө нэгэнт батлаад мөрдүүлж байдгаар халхавчлан аагласаар буйг өмнөх хэд хэдэн сонгуулийн дүн түүнийг тойрсон маргаан хэнд ч ойлгогдохоор харуулж өглөө. Үндсэн, хуульд цаг үеэсээ хоцорсон заалтыг цаг үеийг тусгасан, бас урьдчилан харсан зүйлээр солин өөрчлөж төр, засгийн тогтолцоог шинэтгэн сайжруулах цаг оройтсоор байна. Өнгөрсөн хойно нь амаа барихгүйн тулд хүн амынхаа тал хувийг бөөгнөрүүлсэн нийслэл хотоо муж болгон өргөтгөж шинэ зарчим, шинэ журамд оруулахаас ажлаа эхлэхийг үндэсний эрх ашиг шаардаж байна.

Эх сурвалж: “Дал” сонин


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.