Ц.Мөнхбаяр нарыг террорист, рекет гэж гүтгэн тархи угааж байгаад насаар нь шоронд суулгах гэж байна

527-1385775142a1045525c0f91f00big

Өчигдөр ТББ-ууд байгаль орчны талаарх сүүлийн үеийн мэдээллийг хүргэн, хэвлэлийн хурал хийлээ.
Я.Хундганаа (Монгол улсын аюулгүй байдлын төлөө зүтгэе ТББ): Байгаль орчин, Монголын ард түмэнд туйлын хор хөнөөлтэйгээр хууль эрхзүйг нуувар хаавраар өөрчлөх гэж буй нь бид бүхнийг түгшээж байна. Тэдгээр өөрчлөлт батлагдсанаар хэт уул уурхайжилт гэх гажуудал улам нэмэгдэж, гадаадын хөрөнгө оруулагчид дураараа дургин ноёрхож, улс орон бүр л сүйрэл мөхөл рүү дөтлөнө.
Ш.Түвдэнбалжир (Гринпис Монголия ТББ): Ц.Мөнхбаяр нарыг туйлын харгисаар, буруу зүйлчлэлээр хорьсоор байгааг бид эсэргүүцэж байна. Бие нь муудахад эмнэлгийн тусламж үзүүлэхгүй байна. Террорист, рекет гэж гүтгэн тархи угааж байгаад насаар нь шоронд суулгах гэж байна. Ц.Мөнхбаяр бид буутай жагсаал хийнэ гэдгээ Засгийн газрын албанд мэдээлж байгаад очсон. Хэзээ ийм террорист байсан юм. Сургуулийн сумтай, сумлаагүй буутай, сургуулийн бөгөөд тэслэгчгүй гранаттай очсон, энэ бол модон буу авч очсоноос өөрцгүй. Бас тэр Сайга гэдэг бууг цэргийн ангиас авсан гээд байгаа, уучлаарай цэргийн ангид тийм буу байхгүй шүү. Буу алдсаныг хамгаалалтын албаныхан алдсан гээд байгаа шүү.
О.Лхагвадорж (Тусгаар тогтнолын төлөө нэгдэгсэд): Монголын эрх баригчдын зүй бус явдлуудын талаар НҮБ-ын Бан Ги Мунд хандаад байгаа. Ц.Мөнхбаяр байгаль орчны хууль-эрхзүйг хулгайгаар бусниулах асуудалд олны анхаарлыг хандуулж чадсан гавъяатан. Монгол зан заншлаараа бууны домыг хийж муу зүйлийг үргээсэн. Үүнийг монгол хүн бүр уг нь мэдэж байх л учиртай.
Ц.Туяацэцэг (Байгаль орчны хуульчдын холбоо): Манай байгаль орчныхон Женевт болох хүний эрхийн чуулганд, Монголд экологийн салбарт хүний эрх зөрчигдөж буй талаарх илтгэлээ биечлэн танилцуулна, виз нь гарчихсан байгаа. Нийтлэлч Баабар биднийг 700 шантаажчин гэж гүтгэдэг. Манай төр чинь уул уурхайг дарамталдаг жинхэнэ шантаажчин, ард түмнийхээ эсрэг үйл ажиллагаа явуулдаг жинхэнэ террорист шүү. Баабарын дүү Дэлгэрбаяр нь Петролеум Дачин Тамсагийн монгол захирал нь, Дорнодод талыг там болгоод явж л байна. ҮАБЗ-ийн зөвлөх Баабар үндэсний аюулгүй байдлыг алдагдуулах юм хийдэг.
Х.Цэрэнханд (Гол нууруудын нэгдсэн хөдөлгөөн): Хулгайч хулгайчийг бариарай гэж хамгийн түрүүнд хашгирдаг гэдэг. ТББ-ууд ямар уул уурхайгаас хэдэн төгрөг авсныг гаргаж ирчихээд биднийг буруушаах хэрэгтэй. Ц.Мөнхбаяр болон ТББ-ууд байгаль орчны маш их бодлого боловсруулж, дэвшүүлж, тусгаж ирсэн. Гэтэл төр бодлогогүй байж, байгаль орчны хууль-эрхзүйг өөрчлөнө гээд байна. Төр, уул уурхай, байгаль орчныхон нэгдэн түншилсэн мэт хайрцагласан арга хэмжээ зохион байгууллаа. Үнэндээ бол байгаль орчны ТББ-уудыг ажиллах ямар ч боломжгүй л болгох юм хийгдэж ирсэн. Өнөөгийн төр ч хууран мэхлэх, хууль бусаар төрийн эрхийг авах замаар зохион байгуулагдсан.
Ч.Мөнхбаяр (Нэгдсэн Монгол бүлхэм): Ц.Мөнхбаярыг АУМ компаниас рекетэлж мөнгө авсан гэж гүтгэж байгаа. АУМ компаний нөхөн сэргээлтийг хянах талаарх шийдвэрт ТББ, аймгийн ИТХ, засаг дарга нар оролцсон. АУМ компани өөрөө энэ асуудалд идэвх санаачлага гаргаж байсан. 2 талын, 3 талын зохих гэрээнүүд байгуулагдсан. Бүр хуулийн ийм ийм заалтууд дээр үндэслэж байгууллаа гээд оруулсан байгаа. АУМ компани байгаль хамгаалах ажлыг дэмжиж хандив өгнө гэж мэдэгдсэн байдаг, энэ нь ч гэрээнд тусгагдсан байдаг. Гэтэл Ц.Мөнхбаяр нар баривчлагдсан өдөр АУМ компаний байр суурь өөрчлөгдсөн. Биднийг рекетэлсэн гэж мэдэгдэх болсон. Ц.Мөнхбаяр нарыг өөр компаниудаас мөнгө нэхэж, “төр эргүүлэх” гэсэн гэж мэдээлэгддэг. Тэр компаниуд нь тийм юм болоогүй гэж мэдэгдсэн гэхчилэн, хэвлэлийн хуралд оролцогсод ярилаа.
Мөн тэд дараахь мэдээллийг түгээжээ.

МЭДЭГДЭЛ

Байгаль орчинд ихээхэн нөлөөтэй хууль тогтоомжуудыг ард иргэдээсээ нууж хаан сэм өөрчлөх, шинээр гаргах замаар байгаль орчны хууль-эрхзүйг нэн доройтуулах, хэт уул уурхайжилтын сөрөг нөлөөг улам гүнзгийрүүлэн даамжруулах үйл ажиллагаа явагдсаар байна.
1.    Урт нэртэй хууль
2.    Ашигт малтмалын тухай хууль
3.    Цөмийн энергийн тухай хууль
4.    Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль
5.    Алтны худалдааг ил тод болгох тухай хууль
6.    Төрөөс эрдэс баялгийн талаар баримтлах бодлого
7.    Зарим газар нутгийг тусгай хамгаалалтаас гаргах тухай УИХ-ын тогтоол зэргийн асуудлыг дурдахад хангалттай. Энэ үйл ажиллагааг бид бүхэн эсэргүүцэж буйгаа мэдэгдье.
Үүнийг иргэний хөдөлгөөнүүд, эх оронч бүлхэмүүд, байгаль орчны ТББ-ууд, шударга ард иргэд тууштай эсэргүүцэн тэмцсээр ирсэн билээ. Байгаль орчны хууль-эрхзүйг доройтуулахын эсрэг УИХ-ын гишүүд мөн эв санаагаа нэгтгэж буйг мэдэгдэхэд таатай байна. Г.Уянга, С.Ганбаатар, Г.Баярсайхан нарын 18 гишүүн байгаль орчныг хэт уул уурхайжилтаас хамгаалан тэмцэх албан бус бүлэг байгуулан нэгдээд байна.
Эх сайхан Монгол орныхоо байгаль орчныг хамгаалах үйлсэд дорвитой түлхэц үзүүлсэн Ц.Мөнхбаяр ба хамтран зүтгэгчид харин шоронд хоригдож, үндэслэлгүйгээр гэмт хэргүүдэд сэрдэгдэн шалгагдаж байгаа нь харамсалтай. Буруу зүйлчлэлд ороогдон хэлмэгдэж буй Ц.Мөнхбаяр нарын эх орончдоо ард нийтээрээ өмгөөлж хамгаалан цагаатгуулах нь чухал байна. Бид бүхэн Ц.Мөнхбаяр нарыг хэлмэгдүүлж байгааг эсэргүүцэж буйгаа мэдэгдье.
Өнөөдөр монголчуудын оршин тогтнох нэгэн үндэс болох байгаль орчныг заналтайгаар хөнөөж буй хэрнээ, эсэргүүцэн тэмцэх гэтэл хэлмэгдүүлэн хорьдог, гүтгэн гүжирддэг, тагнаж чагнадаг, хардаж сэрддэг нь жишиг боллоо. Хэт уул уурхайжилтаас Монголд хүний эрх ноцтой зөрчигдөж, үзэл бодлоо илэрхийлэх, экологийн тэмцэл хийх боломж алдагдаж буй явдлыг бид бүхэн 2013.12.1-нд Женевт болох НҮБ-ын Хүний эрхийн ээлжит чуулганд төлөөллөөрөө дамжуулан биечлэн илтгэн таниулах болно гэдгээ мэдэгдэж байна.

Эх оронч хөдөлгөөнүүд, бүлхэмүүд, ТББ-ууд:

АЛАГ НҮДЭН МӨНДӨӨХЭЙ ТББ
БАЙГАЛЬ ОРЧНЫ ХУУЛЬЧДЫН ХОЛБОО
ГАЛ ҮНДЭСТЭН ТББ
ГАМШГИЙН ЭСРЭГ ҮНДЭСНИЙ ТӨВ
ГРИНПИС МОНГОЛИА ТББ
ГОЛОМТ ЦЭХ
НОГООН ЦӨМ ТББ
НОГООН ХАС-БАЙГАЛЬ ХҮМҮҮН НИЙГЭМЛЭГ ТББ
НЭГДСЭН МОНГОЛ БҮЛХЭМ
МОНГОЛ УЛСЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТӨЛӨӨ ЗҮТГЭЕ ТББ
МОНГОЛЫН ГОЛ НУУРУУДЫН НЭГДСЭН ХӨДӨЛГӨӨН
МОНГОЛЫН ДУУ ХООЛОЙ ТББ
МОНГОЛЫН ТУСГААР ТОГТНОЛЫН ТӨЛӨӨ НЭГДЭГСЭД ТББ
МОНГОЛЫН ХУВИАРАА ТЭЭВЭР ЭРХЛЭГЧДИЙН ХОЛБОО
ТЭНГЭРИЙН СУУТ МОНГОЛ
ЧИНГИСИЙН МОНГОЛ
ЧИНГИСИЙН ЭЗЭНТ МОНГОЛ ТББ
ХОХИРОГЧДЫН ХОЛБОО

2013.11.29

 


URL:

Сэтгэгдэл бичих