Баярлан гомдсон Ж.Батзандан гишүүн

Баярлан гомдсон Ж.Батзандан гишүүн

С.Баярцогт гишүүнийг оффшор бүсэд байршуулсан дансаа ХОМ-тээ багтаагаагүй гэж тасчиж хаях шахсан Монголын парламент Ж.Батзандан гишүүний санаачилсан “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл”-ийг дэмжсэнгүй.

Хуулийн төсөлд төрийн өндөр албан тушаалтан оффшор бүсэд компани, данстай байхыг хориглох, гадаад эхнэр, нөхөртэй бол ҮАБЗ-д заавал мэдэгдэх заалт орсон байсан юм. Ингэснээрээ Монголын төр ямар арчаагүй, ойлгомжгүй болохоо харуулав.

Ярих хийх нь ялгаатай УИХ-ын үнэн дүр төрхийг илчилж өгсөн Ж.Батзандан гишүүнийг “ММ” “Долоо хоногийн дуулиант нөхөр”-өөр онцолж байна.

Оффшор бүс бол татвараас бултагчдын диваажин. Энэ бүсэд татвараас зугтах гэсэн компани хууль бусаар орлого олсон нөхөд данс нээдэг. Өөрөөр хэлбэл, их гүрнүүд буурай оронд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдээ дэмжихийн тулд зохиосон бүс. Тэгвэл энэ бүсэд Монголын парламентын гишүүдийн талаас илүү нь данстай, ядаж л энэ бүсэд данс нээх төлөвлөгөөтэй явдаг гэдэг нь Ж.Батзандан гишүүний санаачилсан төсөл Байнгын хороон дээр дэмжигдээгүй явдал харуулж өглөө.

Ж.Батзандан гишүүний санаачилсан хуулийн төсөлд монгол хүн, аж ахуйн нэгж оффшор бүсэд данс нээж, компани байгуулахыг хуулиар хориглоогүй. Зөвхөн төрийн өндөр албан тушаалтан, хууль санаачлагчдын эрх ашгийг л хөндсөн учраас ингэж дүгнэж байна.

Одоогийн УИХ-ын гишүүдийн ХОМ-ийг харахад оффшор бүсэд компанитай гишүүн нэгч алга. Ингээд бодохоор тэд нэг бол ХОМ-ээ худлаа өгсөн, эсвэл гадаад эхнэр, нөхрийн эрх ашиг Монгол Улсын эрх ашгаас даваад явчихсаныг харуулж байгаа юм.

Энэ хоёр шалтгааны аль нь жин дарсныг мэдэхийн тулд Ж.Батзандан гишүүн одоо эхнэр нөхрийн тухай, оффшор бүсийн тухай хоёр заалтаа тус, тусад нь зүтгүүлээд үзэх л ганц зам үлдэж байх шив.

АНУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөх байсан Ричард Пёрл гэгч “Дэлхий нийтэд эмх замбараагүй, тайван бус байдал ноёлох ёстой. Тэгж байж л америк доллар өндөр ханштай АН У нэр хүндтэй байна” хэмээн хэлж байсан гэдэг. Оффшор бүс бол их гүрнүүдийн бодлого гэдгийг энэ үг баталж байгаа юм.

Татваргүй, найдвартай нэрийн дор баахан хууль бус мөнгө төвлөрүүлээд, эрх ашиг нь хөндөгдсөн үед данс эзэмшигч албан тушаалтнуудын нэрсийг зарлачихдаг. Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбоо гэгч байгууллагын зарласан дансууд ч дандаа төрийн эрх мэдэлтнүүдийнх байсан. Энэ мэдээлэл ил болсноор Дундад Ази, дорнод Европын орнуудад эсэргүүцлийн хөдөлгөөн дэгдэж, улс төрийн тогтворгүй байдал үүссэн ч түүх байна.

Ж.Батзандан гишүүний санаачилсан нэмэлт өөрчлөлт энэ эрсдлээс хамгаалах л зорилготой байсан юм. Гэвч яалт ч үгүй хүчин мөхөсдлөө. Гэхдээ нэгэнт эхлүүлсэн энэ асуудлаа эрхэм гишүүн ингээд орхичихгүй гэдэгт жирийн иргэд бид итгэлтэй байна.

Х.Батсайхан


URL:

Сэтгэгдэл бичих