Супер задгай

kakalЭрх мэдэл хүний жинхэнэ мөн чанарыг харуулдаг.

Питтак

 

Монгол хүн эрт дээрээсээ төрөө хүндэтгэж, дээдэлсээр ирсэн. Байдаг л нэг сурах бичгийн үг шиг атлаа энэ хүндэтгэл өнөөг хүртэл оршин ирсэн Монголын нууц ч байж мэдэх. Гадаадад, ялангуяа саяхнаас иргэншиж буй Африкийн зарим улс, бүр өрнөдийн соёлтой зарим орныхон улсынхаа ерөнхийлөгч, ерөнхий сайдын нэрийг ч мэддэггүй гэж байгаа. Монголчууд бидний хувьд энэ бол гайхмаар зүйл.

Төрийг хүндэтгэдэг шигээ мэддэг түмэн манайхнаас өөр бараг байхгүй биз. Тийн хүндэтгэдэгтээ хамаг эрх мэдлээ төр гэдэг зүйлд атгуулдаг. Тэрхүү төр гээчийг жолоодож байгаа эрхэм л биднийг атгаж буй хэрэг гэдгийг бүдүүн ло­гикоор ойлгож болох юм.

Энэ утгаараа төр гэдэг эмх цэгц, үнэн итгэл гэсэн үг болж таарч байгаа юм.

Ардчиллын жилүүдийн олонхийг төр барьж өнгөрөөсөн Ардын нам өнгөрсөн сонгуулиар суудлаасаа ховхорч ардчиллаар овоглосон намынхан Монгол төрийн эрхэнд гарав аа. Дүрэм ёсоор намын дарга нь Ерөнхий сайд болж, төрийн эрхийг жинхэнэ утгаар нь атгаж эхэлснээс хойш даруй жил зургаан сар болоодхов. Гүйцэтгэх засаглалын тэргүүний гарт төрийн бүх эрх хуулиар бус ч цаасан бичиггүйгээр оршиж байдаг учир төр гэдэг Ерөнхий сайд болж таарч байгаа юм. Н.Алтанхуяг гэсэн үг.

Яг үнэндээ энэ хооронд Н.Алтанхуяг ямар ч олон удаа огцрох санал хүлээж авав, яасан ч их шоудав.

Н.Алтанхуягт төрийн мөн чанар болсон эмх цэгц гэж огт алга. Сонгуулийн үеийн аман PR-ийн авгай нар шиг Монгол төрийн хоймроос юу юу ярина вэ. Яагаав, буу халж, хов ярихаар цугласан, таарсан хүмүүс яадаг билээ дээ. Бие биедээ мөчөөрхөж, дээр нь гарах гээд үзчихнэ. Бас арай их юм сонссон хүн болж худлаа ярина.

Ерөнхий сайд худлаа ярина. Тоох ч үгүй. Тэгсэн атлаа “Мах алга болчихлоо…” гэхэд “…Юун гуя…?!”  гэдэг шиг л авч өгнө.

Хамгийн сүүлийн нэг жишээг ярья л даа. Энэ сарын 29-нд Ерөнхий сайд Н.Алтанхуяг УИХ-ын чуулганы хуралдаанд тайлан тавьж байна аа. Чуулганы индэр дээр I PAD барьсан гараад иржээ. Ерөнхийлөгч ухаалаг төр ярьсан учраас “Нээлттэй ухаалаг төр рүү…” гэсэн гарчигтай мэдээлэл хийж байгаа юм гэж тайлбарлаж байна. Тэр ярьж эхэллээ. “Засгийн газар, яам, агентлаг, аймаг, хот сум дүүргүүд бүгд тус тусдаа мэдээллийн сайттай байсан. Эдгээрийг www.zasag.mn сайтад нэгтгэсэн. Иргэдээ сонсох, тэдний саналыг хүлээж авах “11 11” төв байгуулсан энэ нэг жилийн хугацаанд 68 мянган иргэн хандаж, тэдний санал хүсэлт шүүмжлэлийг 10 сувгаар хүлээж авч байна.  “Шинэчилж шийдье-222” нээлттэй уулзалт хэлэлцүүлгийг сар бүр зохион байгуулж, тогтмолжууллаа” гээд л. Н.Алтанхуяг цааш нь “Төрийн үйлчилгээний цахим машины үйлчилгээг өнгөрсөн зургадугаар сараас нэвтрүүлсэн. Энэ хугацаанд эдгээр машинаас 54 мянган иргэн үйлчилгээ авсан байна. Орон нутагт 25 ТҮЦ машин суурилуулаад байна” гэлээ.  Гэхдээ энэ яриа Хэвлэлийн албаныхан нь бэлдэж www.zasag.mn сайтдаа тавьсан мэдээлэл нь юм.

Чухамдаа Монгол Улсын Ерөнхий сайд хүн Засгийн газрынхаа тайланг тавьж буй боловч, түүнийг нь ажиглах нээ, дээд даргадаа бялдуучилсан байгууллагын дарга “Би биш, та л энэ бүгдийг хийсэн. Та байгаагүй бол дүү хүүгийнх нь ажил будаа…” гэж байгаатай адил сонстов. За тэгээд, вэбсайт дээр нэмээд 25 ширхэг ТҮЦ машин оруулж ирж суурилуулснаа ухаалаг төр рүү шилжлээ гэж сүржин мэдэгдэж байна.

Ер нь зүгээр нэг вэбсайт хийснийг заавал Ерөнхий сайд их хурлын индэр дээрээс тайлбарлаад зогсч байх нь хэр оновчтой вэ. Адаглаад л нөгөөх Ц.Жадамбаа гэж амьтан болгонд ад үзэгдсэн Технологийн газрын дарга нь хэлбэл барав биш үү. Ард түмэн түүнээс арай өөр зүйлийг хүсээд байгаа юм сан, уг нь.

Тэрээр энэ өдөр чуулганы танхимд тун ч тааваараа байлаа. Задгай гэсэн үг л дээ. Мэдээлэл хийж байхдаа “..Уг нь яам, агентлагууд тус тусдаа веб сайттай. Гэтэл тийшээ нэвтэрч орох нэрүүд дандаа гадаад. Үүнийг нь монгол хүн ойлгохгүй л дээ, тиймээс нэгтгээд www.zasag.mn сайт болгочихлоо…” гэлээ. Бас түүний УИХ-ын гишүүдэд хандаж буй хандлага хүртэл олон янз. Говь-Алтайн байсгээд л авлига, эсвэл гахай алсан хэрэгт ороооцолдож байдаг Ж.Энхбаяр юм асуувал “Чи юм асуучихаад өөр юм хийгээд байна. Наад сониноо унш. Би хариулах ч үгүй” гэж задгайрна. Хууль зүйн экс сайд, бас нутаг нуга Ц.Нямдорж нь асуулт тавибаас дуу нь зөөлөрч, аядуу нь аргагүй тайлбарлах жишээтэй. Намынхандаа бол заримдаа дарга шиг, эсвэл Ерөнхий сайдын байрнаас хариулт өгч байгаа нь харагдана. Мөн гишүүдэд хандаж “Та нар аймгийн Засаг дарга нарыг битгий өөгшүүлээд бай. Тэр Дарханы Засаг дарга нүүрсний асуудлаа өөрсдөө шийдчихвэл яасан юм” хэмээн бухимдаад авлаа.

Яг үнэндээ Н.Алтанхуягт нэгэн зөвлөгөө өгмөөр байгаа юм. Нэн тэргүүнд яриа хөөрөөндөө анхаар гэж зөвлөх хэрэгтэй байна. Төрийн сайд, засгийн тэргүүний ажил гэдэг сонгуулиар олны тархийг угаах гээд Увсад, эсвэл Баянзүрх дүүрэгт  ажиллахаас шал өөр. Тэнд хэн нэг эсрэг намын нөхрийг ямраар ч будаж ярьж болно. Харин Монгол төрийн хойморт суучихаад ард түмнийг тэр чигт нь харааж, загнаж, тохуурхаж үл болно.

Дараа нь зарим хорыг тэвч гэмээр байгаа юм. Хүргэн Дэнзэнгээ Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө ЗГХЭГ-ын тэргүүн дэд даргын албанаас чөлөөлчихөөд,  сонгууль дуусуут Оюутолгой төслийн Гадаадын шууд хөрөнгө оруулалтыг удирдах ажлын хэсгийн даргаар томилуулсан гэж байгаа. Албан тушаалын иймэрхүү томилгоогоор нам доторх олон фракцаа аргалсны хүчинд өнөөг хүртэл тогтож байгаа гэх юм байна лээ. Засгийн газар бол Ардчилсан нам биш гэдгийг санах хэрэгтэй биз ээ.

Хамгийн сүүлд, худлаа ярьж төрийн ажлыг явуулмааргүй байгаа юм. Ерөнхий сайдыг зарим нь “задгай цагаан” хэмээн хочлох. Дээхнэ үеийн бүжгийн нэр бус, төрийн хүн гэдгийн эсрэг томъёолол юм болов уу гэж ойлгогдож байгаа. Түүнийг задгай цагаан хочтой болоход худлаа ярьдаг нь ихээхэн “тус” болсон тухай учир мэдэх хүмүүс ярилцаж байхыг сонслоо. Зарим нь бүр супер задгай гэж байна. Үүнд эрхэм Ерөнхий сайдын ярьсан доорх үгүүд ихээхэн нөлөөлсөн ажээ.

1. Энэ оны дөрөвдүгээр сарын 16-нд юм уу даа, Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлаар Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцсэн. Энэ хуралдаан дээр Ерөнхий сайд МАН-ын бүлгийн гишүүдэд хандан “Та нар яасан их хууль мөрддөг юм, аан? Би хууль хулгайлдаггүй. Би тэр хуулийг чинь мэдэх ч үгүй.  Төрийн албаны хууль зөрчөөгүй” гэв. Мөн “Би унгаж ч болохгүй юм байна  л даа” гээд их л бухимдсан юм.

2. Н.Алтанхуяг саяхан сэтгүүлчидтэй уулзахдаа “Оюутнууд алах гэж байна. Яахаараа надад 60 гаруй мессеж ирдэг билээ гэсэн чинь “70 мянга өг” гээд оюутнууд явуулчихсан байсан. Тэр бол хайран мөнгө. Тэгчихээд ус гэхээр “Чи усныхаа үнийг нэмээд үзээрэй” гээд байх хэрэг байна уу” гэлээ.

3. Бас л саяхан даа, “Ерөнхий сайд-30 минут” уулзалтын үеэр “Цагаан будааны үнэ нэмэгдчихлээ. Яах вэ” гэсэн сэтгүүлчийн асуултад “Би цагаан будаа байхгүй бол гурил иднэ. Яагаад ингээд хэтэрхий тансаг, үрэлгэн байдлыг өөгшүүлээд байдгийг ойлгохгүй юм. Юм идэхгүйгээр өлсөж үх гэж хэлээгүй л байна. Гэхдээ байгаа юмандаа зохицуулалт хийгээд идчих л дээ. Манай арвайн гурил гэж галзуу гоё юм байна шүү дээ” гэв.

4. Дээрх уулзалтын дараахан “Саяхан 300 төгрөг байсан нэг ширхэг өндөгний  үнэ 500 төгрөгт хүрчээ. Засгийн газрын үнэ тогтворжуулах хөтөлбөрийн үр дүн хаана байна вэ” гэх сэтгүүлчийн асуултад “Өндөг 500 төгрөг болсныг үнэ өссөн гэдэггүй юм. Бүх юмны үнийг  тогтвортой байлгадаг Засгийн газар хаа ч байхгүй. Будааны үнэ өндөр байгаа бол гурил идчих хэрэгтэй шүү дээ” хэмээв.

4. Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэдэн сарын өмнө “Шатахууны үнэ нэмнэ гэсэн яриа гарсан. Дахин хэлье, шатахууны үнэ нэмэгдэхгүй ээ. Шинэчлэлийн Засгийн газар гарч ирээд бараг зодоон цохиондоо хүрч байж, нефтийн компаниудтай учраа олж, бодлогоо тохирсон байгаа” гэв.

Монгол Улс нэг иймэрхүү Ерөнхий сайдтай. Энэ хэвээрээ явбал дахиад хоёр жил хагас ингэж задгайрах нь. Тэр томоожвол уг нь сайн. Тэгвэл Монголын төр дахин эмх цэгцтэй, итгэл үнэмшилтэй харагдаж эхэлнэ.

 

УИХ-ын гишүүн Ж.ЭРДЭНЭБАТ:

-Өргөн хэрэглээний барааны үнэ хамгийн багаар бодоход 15 хувиар өссөн гээд Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээлэл байхад Ерөнхий сайд нь УИХ-ын индэр дээр гарчихаад улаан цайм худлаа яриад байхаар бид эсэргүүцлээ илэрхийлэлгүй яах вэ дээ. Хүн болгон хэн худлаа яриад байгааг мэдэж байгаа.  Өглөөний сонин

 

УИХ-ын гишүүн Ж.БАТЗАНДАН:

-“Ерөнхий сайд парламент руу нулимахыг би харсан. УИХ-ын гишүүдийг доромжлоод сууж байдаг Ерөнхий сайдыг би анх удаа харж байна. Дөрвөн сарын мэдрэмжгүй, дөрвөн сарын алсын хараагүй Ерөнхий сайдтай улс орон урагшлахгүй. Ажлаа мэддэг Ерөнхий сайд юм уу, ард түмнийг хуурах гэж ирсэн Ерөнхий сайд юм уу. Валютын ханш уначихсан, визнес орчин муудсан, төсвийн хөрөнгө оруулалт 70 хувиар тасарчихсан байхад ийм Засгийн газарт  итгэж болох уу.

Нүүрс шуудайлж зарахаас өөр зүйл ярьдаггүй. Энэ Засгийн газрын зайлуулах хэрэгтэй. Худлаа ярьж хүн хуурдаг, хойд хормойгоороо урд хормойгоо нөхдөг байж болохгүй

мньюс.мн


URL:

Сэтгэгдэл бичих