Гишүүд “Ээлжийн амралт”-аа авчээ

12-4-3М.ЦЭЦЭГ

Дахиад л ирцгүй Их хурал. Өнгөрсөн сарын дундуур ирэх оны төсвийг баталснаас хойш эрхэм гишүүд ажилдаа ирэхээ болив. Өчигдөр л гэхэд гурван байнгын хороо хуралдаж чухал асуудлууд хэлэлцэхээр төлөвлөсөн байв. Гэвч гишүүдийн ирц бүрдээгүйгээс хоёр нь хойшиллоо. Олон гишүүн орон нутагт томилолтоор явсан байна. Үүнд, аль аль намынх нь гишүүд багтаж байгаа юм. Тухайлбал, МАН-ынхан иргэд сонгогчидтойгоо уулзах намынхаа бүсийн уулзалтад оролцож байна. АН-ынхан ч хөдөөд ажиллаж яваа гэнэ. Мөн Ерөнхий сайдыг дагалдан сайд, гишүүд Архангай руу явжээ. Иймд байнгын хорооны гишүүдийн ирц бүрдэхгүйгээс парламент бүтэн өдрийнхөө ажлыг алдаж байна.

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өчигдөр хуралдахаар товлож, Мөрдөх албаны тухай, Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын хилийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Гүйцэтгэх ажлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг багц төслийн анхны хэлэлцүүлгийг хийх байсан ч хойшлууллаа.

УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг дээрх хуулийн төслийг бүлгийн хуралдаанаараа хэлэлцээгүй гэнэ. Чухал хуулийн төслийг бүлгээр заавал хэлэлцэх шаардлага байгаа тул хойшлуулах саналаа УИХ-ын гишүүн Л.Цог хэлсэн. Үүнийг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд ч санал нэгдлээ.

Түүнчлэн уг байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар нарын санаачлан боловсруулсан Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай, Компанийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх байсан ч төсөл санаачлагч гишүүн хуралдаанд ирээгүй тул хойшлуулав. Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар уг төслийг хэлэлцэх байсан ч төсөл санаачлагч гишүүд ирээгүй тул хуралдаан бас хойшилж  байлаа.

Мөн үдээс хойш Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Агаарын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөсөн ч бас л гишүүдийн ирц бүрдэхгүй хойшлуулав. Энэ төслийг Ерөнхийлөгч санаачилсан бөгөөд агаарын бохирдлыг бууруулах ажлыг Ерөнхий сайдад даалгахаар төсөлд тусгасан юм.

Ийн эрхэм гишүүд чуулган завсарлаагүй байхад аль хэдийнэ ээлжийн амралтаа “авч” хөдөө, гадаа явжээ. Уг нь намрын чуулган хоёрдугаар сард завсарлах хуулийн хугацаатай юм.

 


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих