Бид гурван үхрээ луйварчинд алдаад нэгийг нь худалдан авах болсондоо баясан хөөрсөн тэнэг болоод байна

Оюутолгойн орд газар Эрдэнэтээс 7 дахин том орд юм. Оюутолгойн зэсийн нөөц 45 сая тонн бол Эрдэнэтийнх 7 сая тонн юм. Дээр нь Оюутолгой 1800 тонн алттай, 12000 тонн мөнгөтэй. Тэгэхээр Оюутолгой зэсээрээ 6 Эрдэнэт, алтаараа 40 Бороо, мөнгөөрөө 4 Асгаттай тэнцэнэ. Өөрөөр хэлбэл 6 Эрдэнэт + 40 Бороо + 4 Асгатыг нийлүүлсэнтэй тэнцэх тийм их баялгаа гадныханд сул тавиад туучихлаа. 66 %-ийг тэдэнд өгөөд 34 %-ийг авна. Авахдаа өөрийн юмыг өөртөө үлдээгээд авч байгаа биш. Хүний юмыг худалдан авч байгаатай адилаар мөнгө төлж, төлсөн мөнгө нь хүүтэй зээл болж авна. Таминь  ээ, өөрийнхөө юмыг өөрөө мөнгө төлж авна гэдэг юу болж байна вэ?!

Гэтэл Африкийн Гвиней улс төмөрлөгийн орд газраа гадаадын компанид (Рио Тинто) ашиглуулах гэрээ хийхдээ 35 %-ийг Гвинейн засгийн газар мөнгө төлөхгүй шууд авна. Өөрийнхөө юмыг худалдаж авдаг тэнэгүүд биш ажээ. Түүнээс гадна урьдчилгаа төлбөр $700 сая аваад байна мөн төмрийн хүдрийг тээвэрлэхэд зориулж далайн боомт болон төмөр зам(650kм)-ыг Рио Тинто компани зуун хувь өөрийн хөрөнгөөр байгуулна. Рио Тинтогийн хөрөнгөөр байгуулсан боомт, төмөр замын 51% – ийг Гвинейн засгийн газар эзэмшинэ. Африкад гэрээг иймэрхүү байдлаар  хийж байна.

Тэгвэл Монголын засгийн газарт хувь эзэмших объект байхгүй. Хил хүртэл 180км төмөр зам тавих боловч түүнээс хувь эзэмшихгүй. Тэнд боловсруулах үйлдвэр барихгүй. Түүхий эдээ урагш зөөнө. Эцэст Монголд үлдэх юмгүй. Ийм наймаа болж байна.

Зүйрлэвэл, та 3 үхэртэй байлаа. Гэтэл танайд нэгэн доншуур зочин ирсэний балгаар таны 3 үхэр зочны мэдэлд аль хэдийн очсон байна. Та тэр хүнээс юу ч аваагүй байхад яахаараа таны үхрүүд зуун хувь доншуур зальт этгээдийн өмч болдог байна аа? Тэр зальт хүн танай үхрийг хэд хоног хариулсан, эм тариа хийсэн гэх мэтийн шалтгаар хөлс мөнгө нэхэж, хууль номоор далайлгаж байгаад таны өмчийг булаасан байна. Зальт этгээд 3 үхрийг тань бүгдийг туугаад явахад луйвар нь дэндүү ил болох учир “ За би чамд нэг үхрийг чинь үлдээе. Гэхдээ чи над мөнгө төлж ав” гэжээ. Танд мөнгө байсангүй. Зальт этгээд хэлрүүн: “За яахав, би чамайг харж үзье. Чи надаас хүүтэй мөнгө зээлж аваад тэр мөнгөөрөө надаас үхэр ав” гэсэн ажгуу. Тэгэхэд нь та ихэд хөөрөн баясчээ.

Орчин цагийн монгол үлгэр ийнхүү үнэн түүх болдог байна шүү. Дэлхийн доог! Ичмээр юм!

Я. Арслан


URL:

Сэтгэгдэл бичих