Хангайн нурууг давах авто замын ажил үргэлжилсэн мөнх цэвдэгтэй газар тулж ирээд байна

9ff8e5de129ba83bbigО.БИЛЭГ

ШУА-ийн Газарзүйн хүрээлэнгийн Цэвдэг судлалын секторын эрхлэгч, эрдэм шинжилгээний ахлах ажилтан, доктор (PhD) Я.Жамбалжавтай ярилцлаа.

-Цэвдэг гэж юу вэ энэ талаар тодорхой ойлголт өгөөч?

-Цэвдгийн тухай, цэвдэг судлалын талаар хүмүүс нэлээд хомс, буруу ойлголттой явдаг нь их, дээд, дунд сургуулиудад цэвдгийн талаар маш бага ойлголт өгдөгтэй холбоотой гэж би боддог юм. Гэвч манай орны газар нутгийн 63 хувьд алаг цоог, тасалданги хэлбэрийн мөнхцэвдгийн тархалттай байдаг. Монгол Улсын Их Сургуулийн Геологи газарзүйн сургуулийн төгсөх курсийн зарим нэгэн ангийн оюутнуудад алданги ононги цэвдэг судлалын хичээлийг би заадаг.

Цэвдэг гэдэг нь ерөнхий ойлголт бөгөөд англи хэлтэй ном сурах бичигт цэвдэг гэж тэг буюу түүнээс доош градуст орших хөрс, чулуулгийг хэлнэ гэдэг бол орос хэлтэй ном сурах бичигт бол цэвдгийн тодорхойлолт нь дээрхтэй төстэй боловч түүнд агуулагдах чийгний ядаж хэсэг нь мөс болсон байх ёстой гэсэн байдаг. Цэвдэг нь дотроо мөнхцэвдэг, олон жилийн цэвдэг, улирлын цэвдэг, түр зуурын цэвдэг гэж ялгагддаг. Эдгээр нь цаг хугацааны хувьд хоорондоо ялгаатай. Жишээлбэл улирлын цэвдэг гэдэг нь өвөлдөө хөлдөж, зундаа гэсэж байдаг хөрс, чулуулгийг хэлдэг бол мөнхцэвдэг гэдэг нь тэг буюу түүнээс доош градуст хоёр ба түүнээс дээш жил орших ул хөрс чулуулгийг хэлнэ.

-Та дээр манай орны газар нутгийн 63 хувьд алаг цоог, тасалданги хэлбэрийн мөнхцэвдгийн тархалттай гэсэн. Монгол орны газар нутгийн 63 хувьд мөнхцэвдэгтэй гэсэн үг үү?

-Үгүй дээ, 1960-аад оны сүүлээр ЗХУ-БНМАУ-ын (хуучин нэрээр) хамтарсан эрдэмтэдийн судалгааны ажлын үр дүнд Монгол орны газар нутгийн 63 хувьд алаг цоог, тасалданги хэлбэрийн мөнхцэвдэгтэй гэж тодорхойлсон. Алаг цоог гэдэг нь нийт газар нутгийн 1-50 хувьд, тасалданги гэдэг нь нийт газар нутгийн 50-85 хувьд тус тус мөнхцэвдэг тархсан гэсэн үг шүү дээ. Тэгэхээр Монгол орны газар нутгийн 63 хувьд биш, түүнээс бага талбайд мөнхцэвдэг тархсан байдаг.

-Монгол орны газар нутгийн 63-аас бага хувьд мөнхцэвдэг тархсан байдаг юм бол дэлхий дээр ямар хэмжээнд тархсан байдаг юм бэ?

-Мөнхцэвдэг маань хүйтний үзэгдэл бөгөөд хойд туйл руу ойртох тутам мөнхцэвдгийн эзлэх талбай нэмэгддэг. ОХУ-ын Сибирь, Канадын Арктик, АНУ-ын Аляск зэрэг бүс нутагт мөнхцэвдэг өргөн тархсан байдаг. Дэлхийн бөмбөрцгийн хуурай газрын 25-28 хувьд, дэлхийн 48 улсын газар нутагт мөнхцэвдэгтэй. Мөнхцэвдгийн тархалтаараа ОХУ, Канад, АНУ, Хятад зэрэг улсуудын дараа тавдугаарт Монгол улс ордог. Өөрөөр хэлбэл дэлхийн 48 улсын газар нутагт ямар нэгэн хэмжээтэй мөнхцэвдэг тархсан байдаг бөгөөд тухайн улсын газар нутгийн хэдэн хувийг мөнхцэвдэг эзлэх  вэ? гэдгээр нь жагсаавал Монгол улс тавдугаарт ордог. Нөгөө талаас Монгол орон маань уулархаг орон учир уул нуруудад илүү өргөн мөнхцэвдэг тархдаг. Монгол орны мөнхцэвдэг маань өөрийн гэсэн онцлогтой бөгөөд уулархаг хуурай гандуу бүс нутгийн мөнхцэвдэг гэж тодорхойлогддог.

-Цэвдэг, цэвдэг гэж яриад байсан чинь цэвдэг маань дотроо мөнхцэвдэг, улирлын цэвдэг гэх мэтээр хэд хэдэн янз байдаг байх нь ээ. Мөнхцэвдгийн маань хувь тавилан дэлхийн дулааралтай холбоотойгоор хаашаа явж байна аа?

-Мөнхцэвдэг гэж хэлэхээр зарим нэгэн эрдэмтэн судлаач нар дургүй байдаг юм. Яагаад гэхээр 1970-аад оноос өмнө манай хүмүүс мөнхцэвдэг гэсэн зөв нэр томъёог хэрэглэж байсан юм билээ. Харин 1970-аад оноос олон жилийн цэвдэг гэсэн нэр томъёог хэрэглэж эхэлсэн нь тухайн үед ЗХУ-ын эрдэмтэд энэ нэр томъёог хэрэглэж эхэлсэнтэй холбоотой. Сүүлийн жилүүдэд мөнхцэвдэг гэж бичиж зарим нэгэн хүмүүсийн шүүмжлэл дунд  л явна даа.

Хүйтрэлийн үед өргөжин тэлж, дулаарлын үед хумигдан багасаж байдаг уур амьсгалын бүтээгдэхүүн гэж мөнхцэвдгийг үздэг. Сүүлийн жилүүдэд дэлхий нийтийг хамарсан уур амьсгалын дулааралт туйлын болон өндөр уулсын бүс нутагт илүү эрчимтэй ажиглагдах болсон. Монгол орны хувьд энэ дулаарлын эрчим сүүлийн 60-70 жилд 2 хэм гаруйгаар мэдрэгдээд байна. Дээрхи туйлын болон өндөр уулсын бүс нутгийн мөнхцэвдэг энэхүү дулааралд эрчимтэй өртөж байгаа. Уур амьсгалын дулааралтай холбоотойгоор мөнхцэвдгийн хувь заяаг тодорхойлох зорилгоор дэлхий нийтийг хамарсан мөнхцэвдгийн мониторингийн сүлжээ байгуулахыг цэвдэгт бүс нутгийн улс орнуудын засгийн газруудад уриалсан. Зарим улс орнууд нэлээд урт хугацааны мониторингийн хэмжилттэй бөгөөд түүний үр дүнгээр мөнхцэвдгийн гэсэлт улс орон, бүс нутгаар харилцан адилгүй явагдаж байгааг эрдэмтэн судлаач нар тодорхойлсон байдаг. Монгол орны хувьд цэвдэг судлалын судалгаа тогтвортой хийж эхэлсэн 1960-аад оноос л тасалданги ч гэсэн мөнхцэвдгийн мониторинг хэмжилт хийж байсан бөгөөд сүүлийн жилүүдэд гадаад, дотоодын төсөл хөтөлбөрийн хүрээнд Монгол орны хэмжээнд янз бүрийн байгууллагуудын харъяалалд 100 гаруй цэгт тогтвортой мониторинг хэмжилт хийж байна. Энэхүү мониторингийн хэмжилт нь урт хугацааны биш ч гэсэн тасалданги хэмжилтийн үр дүн ба сүүлийн үеийн хэмжилтийн үр дүнгээс харахад Монгол орны мөнхцэвдэг бүс нутгаар харилцан адилгүй өөрчлөгдөж байгаа бөгөөд зарим нэг хэсэгт устаж үгүй болсон тохиолдол ч бий.

-Мөнхцэвдгийн хяналт шинжилгээний 100 гаруй цэгт тогтвортой хэмжилт хийж байгаа гэлээ, уг цэг дээр чинь яг юуг нь хэмждэг юм бэ? Мөнхцэвдгийн ач холбогдол нь юу вэ, бас хор хөнөөл нь?

-Монгол орны газар нутгийн хэмжээнд тусгайлан тоноглосон 10-15 м гүнтэй 100 гаруй цооногт тодорхой гүнүүдэд температур хэмжинэ. Гадаад, дотоодын төсөл хөтөлбөрийн үрээр автомат температур бичигчийг бид одоо хэрэглэж байгаа бөгөөд жилдээ нэг удаа мэдээгээ хурааж авдаг. Энэхүү температурын өөрчлөлтөөр мөнхцэвдгийн өөрчлөлтийг тодорхойлно гэсэн үг шүү дээ. Мөнхцэвдэг маань тодорхой хэмжээний газрын гүнд байдаг бөгөөд түүнд гарч буй өөрчлөлт нь гарт баригдаж нүдэнд харагдахгүй болохоор хүмүүс тэр болгон анзаараад байдаггүй л дээ.

Мөнхцэвдэг нь экосистемийн тэнцвэртэй байдалд чухал функциналь үүрэгтэй оролцдог. Ялангуяа манай орны хувьд бүр их чухал ач холбогдолтой. Хүмүүс бидний амьсгалж байгаа агаар, ууж байгаа ус, идэж байгаа хүнсний ихэнх хувийг үйлдвэрлэгч нь экосистем бөгөөд түүний тогтвортой хөдөлгөгч хүчний нэг нь мөнхцэвдэг гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл, тэр л гол мөрний эх бүрэлдэн буй болж буй хэсэгт, ойн сан бүхий газрын дийлэнхи хэсэгт, тал хээрийн бүсийн булаг шанд бүхий газарт голчлон мөнхцэвдэг тархсан байдаг. Монгол орны хүн амын гуравны хоёр нь Хангай, Хэнтий, Хөвсгөлийн райондоо төвлөрсөн байдаг бол энэ бүс нутагт мөнхцэвдэг элбэг тархсан байдаг. Ийм зүй тогтол дэлхий нийтэд хүртэл ажиглагддаг юм билээ. Энэ нь нөгөө талаас мөнхцэвдэг бүс нутаг нь хүн амьдрах ая тухтай орчинтой гэсэн үг шүү дээ. Тэгэхээр мөнхцэвдгийн ач холбогдол маш их байгааг ойлгож болохоор байгаа биз.

Хор хөнөөл гэхээр бас л буруу ойлголт өгөх гээд байна. Манай хүмүүс мөнхцэвдэгтэй л гэхээр бэрх хэцүү газар, барилга байшин барьж болохгүй гэсэн ойлголттой байдаг. Тэгвэл ОХУ-ын Сибирь, Канадын Арктик, АНУ-ын Аляск зэрэг бүс нутгууд бүгд л мөнхцэвдэгтэй бөгөөд барилга байгууламж ихээр баригдсан байдаг. Гэхдээ мөнхцэвдэг ул хөрсөн дээр барилга байгууламж барих олон янзын арга аргачлал гэж байна. Энэ арга аргачлалаа л зөв сонговол асуудалгүй гэсэн үг шүү дээ. Өнгөрсөн хавар манай ерөнхий сайдын эрдэмтэдтэй уулзах уулзалт дээр Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын нутагт дулааны цахилгаан станц барьж болохгүй, яагаад гэвэл тэнд мөнхцэвдэгтэй учир гэсэн үгийг би өөрийн чихээр ерөнхий сайдын амнаас сонссон шүү. Тэгээд цахилгаан станц барих газрыг Завханы Идэрийн голын хөндийд шилжүүлсэн гэж ярьж байсан. Завханы Идэрийн голын хөндий ч бас л мөнхцэвдэгтэй газар байдаг. Энд би ерөнхий сайдыг муулах гээгүй юм шүү, хэн нэгэн л ерөнхий сайдад ингэж хэлж ойлгуулсан байх. Манай орны хэд хэдэн сумын төвүүд мөнхцэвдгээс болж нүүж байсан юм билээ.

-Зам эвдэрлээ ч гэдэг юм уу, эсвэл байшин суугаад гэдэг яриа олонтаа гардаг. Ер нь энэ талаар юунаас болов гэдгийг судлаж тогтоож болох уу?

-Манайхан мөнхцэвдэгтэй газар орон сууцны байшин барьдаг, мөн сүүлийн үед худаг хашаандаа гаргах болсон. Харамсалтай нь барьсан байшингийн хана нь хагарах, ухсан худаг хөлдөх нь маш их тохиолдох болсон. Зарим хүмүүс байшин бариад зундаа сайхан байж байгаад хотод өвөлжөөд хавар очсон чинь халианд автсан байна одоо яах уу,  цэвдэг мэддэг хүн гэнэ гээд ирэх нь бий. Гэхдээ нэгэнт л цэвдгийг нь харгалзаж үзээгүй барьсан барилгыг бид яах ч арга байхгүй шүү дээ. Хувь хүмүүс нэг, хоёр давхар байшин барихад буурь суурийн судалгаа хийлгээд байх нь ч хашаа юм, гэхдээ л асууж, мэргэжлийн хүмүүсээс лавлаж зөвөлгөө авч байгаасай гэж хүсмээр байна.

Нөгөө талаас улс орны бүтээн байгуулалт, тэр дотроо зам тавих ажил ид эрчимтэй явагдаж байгаа энэ үед ялангуяа Хангайн нурууг давах автозам маань одоо яг Чулуутын гол өнгөрөөд үргэлжилсэн мөнхцэвдэгтэй хэсэг болох Архангай аймгийн Тариат сумын нутагт тулж ирээд байгаа. Энд, бас бусад мөнхцэвдэгтэй газарт зам барихаасаа өмнө цэвдгийн судалгааг нь хийлгэж байж замаа бариасай. Аль 2000 оны эхэн үед Мянганы замын асуудал гарч ирсэн цагаас л бид (манай хэдэн ахмад эрдэмтэд) замын дагуу цэвдгийн судалгаа хийж өгье гэж хүсэлт холбогдох газруудад нь өгч байсан боловч одоо болтол судалгаа бид нараар хийлгээгүй л байна.

Харин сүүлд манай ерөнхийлөгч том төрөөс ухаалаг төр рүү гэсэн зөвлөлдөх уулзалт дээр хэлсэн үгэн дотор нь судалгаа шинжилгээтэй юм хийж байя гэсэн үг гарсанд бид нэлээд олзуурхаж байгаа шүү. Бид судалгаа шинжилгээгүй зүтгээд гадны туршлагаар бариад байвал болдог нэг байхад болдоггүй, ялангуяа зам дээр, нэг байдаг гэдгийг одоо л ойлгож байх шиг. Энэ зам эвдэрсэн тэрний буруу энэний буруу, сүүлдээ дээгүүр нь явсан машины буруу болгосон. Уг нь юуны бурууг судалж, шинжилж байж л хэлмээр.

Эцэст нь хэлэхэд шинжлэх ухааны байгууллага чинь шоовдор хүүхэд шиг л болоод байна шүү. Үе үеийн Засгийн газрууд нь гарч ирээд ингэж ч өөрчлөх гэж байна, тэгж ч өөрчлөх гэж байна гэж ярьсаар байгаад энэ байгууллага, түүн дотор ажиллаж байгаа бид чинь хэцүүдэж гүйцлээ. Эрдэмтэн, эрдэм шинжилгээний байгууллагын нэр хүнд ч бүр унаж гүйцлээ. Гэхдээ дотор нь ажиллаж байгаа хүмүүст л эрх мэдлийг нь өгөөд зовлон жаргалаа мэддэг хүмүүсээр нь шинэчлэл өөрчлөлтийг нь хийлгэмээр байгаа юм. Би нэлээд хэдэн жил ажиллаж байгаагийн хувьд эрдэм шинжилгээний байгууллагын төлөө санаа зовохгүй, үг хэлэхгүй байхын аргагүй болоод байна шүү.

ЗУУНЫ МЭДЭЭ


URL:

Сэтгэгдэл бичих