“Макс” Д.Ганбаатарын саарал үрээг “Алтай констракшн”-ы Х.Бат-Эрдэнэ 13 саяар худалдаж авлаа

saaral_yree-middle“Макс” группийн ах дүү Тод манлай уяач Д.Ганбаатар, Д,Цэрэнжигмэд, тод манлай уяач Д.Онон, С.Ганхуяг, алдарт уяач Э.Ганбат зэрэг уяачид хурдан удмын адууны дуудлага худалдааг өнгөрөгч бямба гарагт зохион байгууллаа.

Энэхүү дуудлага худалдаанд дээрх уяачид улс, бүсийн наадамд түрүүлсэн хурдан буянуудынхаа 26 үр төлийг дуудлага худалдаагаар зарсан юм.

Дуудлага худалдааг Айдсын давааны “Атлас” ресторанд зохион байгуулсан бөгөөд дуудлага худалдаанд оруулж буй адууг рестораны гадна хашиж, дотор үзэгчдэд дэлгэцээр харуулж, үнэ хаялцуулж байлаа. Хурдан удмын адууны дуудлага худалдаанд морь худалдаж авахаар, сонирхохоор 80-аад хүн цугласан байлаа.

Хэвлэл мэдээллийнхэнд хаалттай болсон энэ удаагийн дуудлага худалдааны гол тоглогчоор “Барс” группийн ерөнхий захирал М.Мөнхбат байж, Д.Онон манлайн “Авзага трейд” компанийн захирал П.Мэндбаярын “Ланд бор” азарганы төл бор үрээг 15.5 саяар, алдарт уяач Э.Ганбатын халтар үрээг долоон сая төгрөгөөр, мөн тод манлай уяач Д.Ононгийн зээрд дааган шүдлэн болон хээлтэй зээрд халзан гүүг хамтад нь 18 сая төгрөгөөр авснаар энэ өдрийн хамгийн өндөр үнэтэй наймааг хийлээ.

Мөн өдрийн онцлох наймаа нь “Макс”-ийн адуун сүргийн асгат саарлын төл даага 5,5 сая төгрөгөөр зарагдсан бол, асгат саарлын бас нэг төл саарал үрээнд дөрвөн хүн үнэ хаялцан нэлээн ширүүхэн үнэ хаялцаж 10 сая төгрөгт хүрсний эцэст “Алтай констракшн”-ы захирал, Тод манлай уяач Х.Бат-Эрдэнэ 13 саяар үнэ цохиж өөрийн болгосон юм.

Саарал үрээний хувьд зургаан сая төгрөгөөс эхлэн дуудагдаж, долоон сая төгрөгөөр өссөн нь энэ удаагийн дуудлага худалдааны хамгийн ширүүн үнэ хаялцаан болсон юм.

Тод манлай уяач Х.Бат-Эрдэнэ саарал үрээг авах гэж төлөвлөж ирсэн үү, дуудлага худалдаан дээр таарч авсан уу, бүү мэд. “Алтай констракшн”-ы захирал Х.Бат-Эрдэнийн хувьд Алдарт уяач Пүрэвийн Баяраагийн унаган бор байдсыг мөн 14 сая төгрөгөөр авсан. Гэхдээ тэрхүү бор байдсаа дуудлагаар аваагүй, машинаас буулгаж ирэхэд нь шууд наймаа тохирч авсан юм.

Дуудлага худалдааны хамгийн үнэтэй мориор тод манлай уяач С.Ганхуягийн АНУ-ын Кентаки мужийн дуудлага худалдаанаас худалдан авч, 2012 онд оруулж ирсэн цэвэр цусны англи үүлдрийн “Withheld” нэртэй гүү байлаа. Уг гүүг 35 мянган америк доллараас /61 сая 250 мянган төгрөг/ дуудсан боловч үнэ хэлэх хүн байсангүй.

Энэхүү дуудлага худалдааны бас нэг зорилго нь залуу уяачид болон хурдан морь сонирхогчдод боломжийн үнээр угшил сайтай адуу авах боломжийг олгодог явдал юм. Үүний нэг жишээ нь алдарт уяач Э.Ганбатын хамар цагаан зээрд үрээг 9.5 сая төгрөгөөр, Зээрд халзан үрээг 6.5 сая төгрөгөөр залуу уяач, Увс аймгийн Тэс сумын харьяат н.Баттулга гэх залуу өөрийн болголоо.

Дуудлага худалдаанд ихэвчлэн битүү үрээнүүд болон байдсан гүүнүүд оролцсон бол хурд нь тодорчихсон нэгэн адуу байсан юм. Тэр бол “Дуудлага худалдаанаас тодорсон хурд” буюу Монгол Улсын алдарт уяач Дамбын Хишигжаргалын хурдан бор үрээ юм. Бүсийн наадамд гурвантаа аман хүзүүдээд байгаа энэхүү бор үрээг хоёр жилийн өмнө дуудлага худалдаанаас 30 саяар авчээ. Д.Хишигжаргал алдарт бор үрээгээ дуудлага худалдаанд оролцуулахаар авчирсан боловч худалдсангүй. Олны яриагаар бол бор үрээгээ 250 мянган доллараас эхлэн дуудах бодолтой байсан гэнэ.

Дуудлага худалдааны үеэр зарим алдарт уяачидтай уулзаж, сэтгэгдлийг нь сонирхсон юм.

“Барс” группийн ерөнхий захирал М.Мөнхбат:

-Өнөөдөр хэдэн сайхан хурдан буянг өөрийн болгож чадсандаа баяртай байна. Урьд өмнө ч би дуудлага худалдаанаас морь авч байсан. Эндээс авахад морины угшил гарал нь бодитой, өөр газраас авахаас үнэ хямд тусдаг юм.

Монгол улсын тод манлай уяач Д.Онон:

-Өнөөдрийн дуудлага амжилттай сайхан боллоо. Сайхан сайхан үрээ, байдсууд зарагдаж байна. Миний хувьд авчирсан гурван хурдан буян маань амжилттай зарагдлаа. Гурван хурдан буянг маань авсан “Барс” группийн ерөнхий захирал М.Мөнхбатад “Худалдан авсан морьд чинь олон даншиг, наадмын түрүүг авчрах болтугай” гэж ерөөе.

“Алтай констракшн”-ы захирал, тод манлай уяач Х.Бат-Эрдэнэ:

-Алдарт Асгат саарлын төл саарал шүдлэнг өөрийн сүрэгтээ нэмсэндээ баяртай байна. Энэ саарал шүдлэнгээр адуундаа азарга тавих болно.

“Макс” группийн ерөнхий захирал, тод манлай уяач Д.Ганбаатар:

-Өнөөдөр бидний хэсэг уяачид угшил сайтай хурдан морины дуудлага худалдааг амжилттай зохион байгууллаа. Бидний хувьд шинэ залуу уяачид болон хурдан морь сонирхогчдод боломж олгож, хурдаа хуваалцъя гэж бодсоных. Монголчууд ярьдаг даа. Сайн адуу, эзэн хоёр бие биеэ хайж байдаг. Бид өнөөдөр олон сайн адуу, эзэн хоёрыг холбож өгсөн байх гэж найдаж байна. Гүү худалдаж авсан хүмүүст олон хурдан буян төллүүлж өгөх байх аа гэж бодож байна. Уяачдын хийморь нь улам дээшээ яваг ээ гэж ерөөе.

Д.Мягмардорж


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.