Путин ижил хүйстний эсрэг үзэлт хөтлөгчийг шинэ агентлагийн даргаар томилов

96feddf247c6ca6222098f1c4ff9b927_LХОНКОНГ. /SouthChinaMorningPost/. Оросын Ерөнхийлөгч Владимир Путин төрийн мэдээллийн “РИА Новости”  агентлагийг тараан, мэдээллийн шинэ агентлаг байгуулан, даргаар нь ижил хүйстний эсрэг үзэлтэй, мэдээний хөтлөгчийг томиллоо.

Оросын мэдээллийн томоохон агентлагийг тараан, хэвлэл, мэдээллийн томоохон агентлагийг байгуулах зарлигт Ерөнхийлөгч Владимир Путин гарын үсэг зуржээ.
Төрийн бодлогыг сурталчлагч хэмээн буруушаагддаг, ижил хүйстний болоод Америкийн эсрэг үзлээрээ алдартай, сөрөг хүчнийг эсэргүүцэгч, хөтлөгч Димитрий Киселёвыг шинэ “Россия Сегодня” агентлагийн даргаар томилсон аж.
“РИА Новости” агентлаг нь дэлхийд томоохонд тооцогддог мэдээллийн агентлаг төдийгүй ирэх хоёрдугаар сард Сочи хотноо болох өвлийн олимпийн албан ёсны ивээн тэтгэгч байсан билээ.
“Энэ тухай анх мэдээлэхэд хошигнож байна гэж бүгд бодож байсан” гэж Оросын эсэргүүцлийн хөдөлгөөний удирдагч, нэртэй блогч Алексей Навальный өөрийн эрхлэн гаргадаг “Амьд сэтгүүл” цахим хуудастаа  бичжээ.
“РИА Новости” сүүлийн хэдэн жил эрчтэй өргөжиж, спортын болоод эдийн засгийн мэдээний үйлчилгээ нэвтрүүлсэн. Агентлагийн албан хаагчдын хувьд гэнэтийн шийдвэр байлаа.
“Россия Сегодня” Оросын төрийн бодлого болоод нийгмийн амьдралд гол анхаарлаа хандуулан мэдээлэл хүргэх болно гэж Кремлийн цахим хуудаст бичсэн байна.
“Төрийн мэдээллийн эх сурвалжийн үр өгөөжийг нэмэгдүүлэхийн тулд олон хэлний үйлчилгээ бүхий асар том холдинг бий болгох арга хэмжээ авна” гэж мэдэгдэлд дурджээ.
13 жил төрийн эрхийг барьсан Путины талаар цахим ертөнцөөр шүүмжлэх болсонтой холбогдуулан төрийн мэдээллийн эх сурвалжуудыг нэгтгэн, Оросын нэр хүндийг олон улсад өргөх бодлого явуулахаар тус улсын Засгийн газар төлөвлөсөн бололтой.
Төрийн мэдээллийн хэрэгслийн төсвийг илүү хүртээмжтай зарцуулаад зогсохгүй Кремлийн улс төрийн илгээлтийг хилийн чанадад үр өгөөжтэй хүргэхэд уг алхмын зорилго оршино гэж Путины туслах Сергей Иванов мэдэгдсэн юм.
“Орос улс үндэсний ашиг сонирхолд тулгуурласан өөрийн бодлогоо баримтална” гэж тэрбээр хэлжээ.
Киселёв нь “Россия” сувгийн ням гараг бүрийн мэдээний хөтөлбөрөөрөө сөрөг хүчин рүү довтолдог, ард түмний танил нэвтрүүлэгч юм.
“Авто тээврийн осолд орсон ч  ижил хүйстнүүдээс цус авах, зүрхийг нь шилжүүлэн суулгахыг хориглох хэрэгтэй. Тэд өөр хүний биед зохицохгүй тул булах юм уу, шатах хэрэгтэй” гэж хэлснийг олон нийт одоо хэр нь мартаагүй биз.
Тэрбээр Навальныйг өнгөрсөн есдүгээр сард Москва хотын даргад өрсөлдөхдөө явуулсан кампанит ажлыг Адольф Гитлерийнхтэй зүйрлэж, Европын Холбоонд нэгдэхийг шаардсан Украины эсэргүүцлийн жагсаалыг буруушаасан нэвтрүүлэг хийсэн нь ч украинчуудын дургүйцлийг хүргэжээ.
Л.Урангуа montsame


URL:

Сэтгэгдэл бичих