Талийгаач МАХН гуайн бараан дурсгалд

ЗУЛ-
Монгол төрийн толгойд ная гаран жил суусан МАХН гуай 2010 оны арваннэгдүгээр сарын 5-наас арваннэгдүгээр сарын зургаанд шилжих шөнө төрүүлсэн үр хүүхдийнхээ гараар зуурдаар наснаас нөгчлөө. МАХН гуай 1025 онд коминтерн (коммуннист интернациональ), большевик намын удам Оросын хувьсгалч Ленин, Сталин нарын гадаад улс дахь ууган хүү болж Монгол Улсад мэндэлсэн юм. МАХН гуай бол улс үндэстнийг үй олноор нь устгасан улс төрийн томоохон гэмт хэрэгтнүүдээс хамгийн урт насалсан нь байлаа. МАХН гуай анх эзэн хаанаа алж төрийн эрхэнд гарсан Орос эцгийнхээ туршлагыг хэрэгжүүлэн Монголд мэндлэнгүүтээ л муу үйл эрхлэн цусан зам татуулсан түүх бий. Харин түүхийн үнэнийг эргэн сөхвөл 1921 оны гуравдугаар сард Монголын төрийг барих Монгол Ардын “нам (МАН) нэртэй сайхан хүү төржээ. Тусгаар тогтнолоо хамгаалан халуун амь бүлээн цусаа урсгасан баатарлаг өвөг дээдсийн маань анхны улс төрийн байгууллага МАХН гуай биш Монгол Ардын нам байсан юм байна. Цэл залуу Монгол Ардын Нам түүний удирдлагууд, МАХН гуайн эцэгт таалагдсангүй. Монгол Ардын намын анхны Ерөнхий сайд Бодоог ч, Монгол Ардын Намын анхны дарга Данзанг ч МАХН гуайн эцэг хилс хэрэг тулган харгис хатуугаар цаазлав. Монгол төрийн тэргүүн Богд хаан ч, Ардын намын цэргийн жанжин Сүхбаатар ч оросуудын уур, дургүй хоёрыг зэрэг зэрэг хүргээд байлаа.

Тэднийг мөн л зүй бусын аргаар хороов. Оросыг дагахгүй гүүний колони улс болохгүй хэмээн үндэс угсаа тусгаар тогтнолынхоо төлөө тэмцсэн Монгол Ардын Намын талархагч бүхнийг цааш нь харуулав. Ганц нэгийг нь урвуулж авав. Ингэж Оросын большевикууд Монгол Улсыг тоглоомын улсаа болгосныг гэрчилж, 1925 онд МАХН гуай мэндэлжээ. Дараа нь 1937-1939 он. МАХН гуайн эцэг, шинэ залуу өөрийнх нь дуулгавартай хүү гар хөл бологч МАХН-тай хүч хавсран лам хувраг, алтан ургийнхан, ноёд хаад, улс төрийн зүтгэлтэн 40 000 хүний амь насаар наадан цус урсгалаа. Ийм их нүгэл хийсэн амьтан даа, хөөрхий муу талийгаач. Бас буян хийсэн. ХАА-г хоршоолсон.

Атар газар эзэмшсэн. Үйлдвэр, сургууль байгуулсан. Соёлын довтолгоо зохион байгуулсан гээд сайн ажлууд хийсээн хийсэн. Ийм хэмҗээний улс төрийн томоохон гэмт хэрэг хийсэн байгууллага, түүний толгойлогч дарангуйлагч нь хоёрхон замаар байхгүй болдог дэлхийн жишиг бий. Эхнийх нь: Хувьсгалаар арчигддаг. Энэ үед шүүхтэй, шүүхгүй буудуулдаг. Удаахь нь: Сонгуулиар зайлуулагддаг. 1990 оны Ардчилсан хувьсгал хийгчдээс МАХН гуай үхтлээ айсан юм. Хийсэн нүглээ мэдэж байгаа болохоор хийрхүү залуус хэтрүүлээд буудчих байх гэж айсан. Тэр үеийн МАХН ардчилсан хувьсгалын төлөө босогчдыг аргалахын тулд “Цус битгий урсга” гэж тосч үйлчилж, буулт хийн амь мултарч байсан юм.

Үүнийхээ хүчинд МАХН гуай 1990 оноос хойш дахиад төрийн толгойд 20 жил амьдарч чадав. Амьдрахаар барахгүй өвгөн МАХН-ыг залуу Ардчилсан нам барахаа байв. Дөрвөн жил болоод л нэг сонгуульд ордог (ноцолддог) ч сүүлдээ бүүр дийлэхээ больж одоо эвсэн ноцолдох битгий хэл сөрөхөө ч болив. Сөрөг хүчин нь цааш харуулж чадаагүй МАХН гуайг түүний үр хүүхдүүд (намын гишүүд нь) их өвөрмөц эртний Монгол заншлаар ёсоор болгон гүйцэтгэлээ. МАХН гуайн олон мянган үр хүүхдүүд нь сүүлийн хорин жилийн турш зайлуулах гэж сэмээрхэн оролдож байлгана, байлгахгүй, өөрчилнө өөрчлөхгүй, нэрийг нь солино солихгүй, аминд нь хүрнэ хүрэхгүй, цааш нь харуулна харуулахгүй гээд тарчлааж байсан даа зайлуул гэж.

Тэрээр олон жил сар ингэж зовсон. Ухаантай үр ач нар нь бүүр сүүлдээ МАХН-ын овогтой байхаасаа ичдэг болсон. Одоо нэг юм яс хагацаж дээ. Үр хүүхдүүд нь цуглаж байж аймаг сум бүрээс төлөө цуглуулж байгаад түмний нүдэн дээр тогтоол гаргаад, ёсоор болголоо. Эцгийнхээ нэр, залуу цагтаа хийж байсан

Нүгэл хилэнцээс ичих мэдрэлтэй, эрдэм чадалтай эр зоригтой, ач үр заяасан нь яамай даа. Хамгийн хайртай ач хүү нь өтөлсөн өвгөд дээдсээ аманд нь сүүл үмхүүлж байгаад хонины шаантаар гударч үхүүлдэг эртний монгол заншлаар үйлдэх шиг боллоо. МАХН гуайн үр хүүхдүүд чуулаад ил санал хурааж үхүүлэх тогтоол бэлэн болов. МАХН гуайг цааш харуулах (өөрчлөх) гэж санал хураахад 801 төлөөлөгчдөөс ердөө зургаан хүн татгалзаж бусад нь дэмжлээ. Шийтгэх тогтоолыг гүйцэтгэсэн түүний хамгийн хайртай ач хүү нь болдоггүй нь дээр, яг ингэж хэлсэн) хоёр дахиад гударч, МАХН гуай амь тавьсан даа хөөрхий. Эцэг МАХН-даа хайртай үнэнч гэж тангараглаад байсан төрүүлсэн үр хүүхдүүд нь нэг ч дусал нулимс унагасангүй, ганц шад маани хэлсэнгүй, толгой дээр нь ганц зул өргөсөнгүй ээ.

Харин МАХН гуай таалал төгсөж, МАХН гуайн 1920-иод онд цаазалсан байгууллага Монгол Ардын Намын (МАН-ын) тамга эргэн ирэхэд “хурай, хурай, хурай” гэж төрийн ордонг доргитол хашгирч байлаа. Ихийн их үйлийн үр гэдэг үхэл нь хүртэл үр хүүхдэд нь баяр болдог байна шүү. Шарын шашны зан үйлээр үзэх юм бол МАХН гуайн үхэл (Муу хүний үхэл бямба , хишигт таардаг гэнэ. Хагас, бүтэн сайн өдөр) айхтар хатуу гаригт гарч байна. Бас цаг нь нохой цаг тохиосон нь ч юув дээ гэж ясыг нь барьж хойтохыг нь даасан шар гавьж айлдсан гэнэ. Бас алтан савыг нь нээхэд их муу төлгө гарчээ. Талийгаач МАХН-ын сүнс нь төрийн ордонд хорогдоод байна. Урт шар босоо ороолон болж 49 хоногийн дотор Монгол Ардын нам (МАН)-ыг хорлох гэж төрийн ордон, МАН-ын шинэ байшингийн подволь дүргэлж эргэнэ гэж шоонд нь буужээ.

Шинэ төрсөн Монгол Ардын Намыг даасан лам нь мянган ламын лүйжин, түмэн бөөгийн онгодоор дарна гэж бөөн ажил ундарч эхэлжээ. XX дугаар зууны цуутай алан хядагч байгууллага, олон улсын гэмт хэрэгтэн, нэрт коммунист МАХН гуай ийнхүү нас баржээ. Түүнд ганц ч эмгэнэлийн бичиг, цэцэг ирсэнгүй. Хэн ч гашуудсангүй. Тамын оронд очих нь тодорхой ч гэсэн түүнд ганц шад боловч маани, ерөөл хэрэгтэй. МАХН гуай та Монгол орны минь хөх тэнгэр, хөрст газар, хүн олны тархи толгойд дахин битгий эргэж төрөөсэй билээ. Сайн төрөл олох болтугай. Үүрд баяртай. Ум Ма Ни Бад Мэ Хум.


URL:

Tags: