Д.Ганхуяг: Буурай орны л гаргадаг шийдвэр

Өнгөрсөн долоо хоногт Эрдэс баялаг эрчим хүчний сайд Д.Зоригтыг суудлаас нъ авч хаяхаар нэр бухий гурван гишүүн асуудлыг хөндсөн. Тэд түүнийг огцруулахад хангалттай нотлох баримт гэж долоон үндэслэл тоочив. Гэсэн ч чуулганы өнгөрсөн баасан гаригийн хуралдаанаар Д.Зоригтыг намын нөхөд нъ дахин суудалтай нъ авч үлдэн, олны хүч оломгүй далай гэдгийг хэдэнтээ харуулж чадав. Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Ганхуягаас зарим зүйлийг тодрууллаа.
-Д.Зоригт сайд хоёр дахь удаагаа суудалдаа үлдэж чадлаа. Энэ удаагийн шийдвэр улс төрийнх байж чадсан болов уу, эсвэл намын олонхийн сүр үү?
-Нэгд олонхийн байр суурийг хүндэтгэх ёстой. Гэхдээ чуулганд УИХ-ын 41 гишүүн оролцсон. Нилээд хэдэн гишүүн сонгууль дөхсөн болохоор намын бүлгийн шийдвэрийнхээ эсрэг кнопдохгүй гэсэндээ үдээс өмнөх чуулганд оролцсон ч үдээс хойшхид нь оролцоогүй байх. Хоёрт, Манай улсад Эрчим хүч, ашигт малтмалын салбар хамгийн чухал салбар. Өөрөөр хэлбэл, 2.7 сая монголчуудын хувь заяатай холбоотой.
Улс төриин шиидвэр ихэнх дээ хоёр төрлийн байдаг. Нэгд хөгжилтэй орны жишгээр зөвхөн хууль дээдлэх зарчмаар. Хуулийн заалт бүрийн цаана тухайн орны болон иргэдийн эрх ашиг байдаг.Нөгөөдөх нь хуулийн хэрэгжилт муутай буурай оронд байдаг улс орны эрх ашгаас улс төрийн нам, зарим улстөрийн албан тушаалтны дээгүүр тавих зарчим. Энэ удаагийн сайдыг огцруулах асуудал намын бүлгүүд энэ өмнөх шийдвэрийг баримталсан. Хамтарсан Засгийн газрын гишүүний ширээ сандал, ямар их үнэтэй байгааг олон түмэн харсан байх.
-Огцруулах долоон үндэслэл жулдсан байж мэдэх юм?
-Тэгж бодохгүй байна. Ашигт малтмалын тухай хууль, УИХ-ын 27, 39, 40, 57 дугаар тогтоол, хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөр 2008, 2009, 2010, 2011 оны үндсэн чиглэл гээд бүгд л УИХ-аас баталсан хууль, тогтоомжийн зүйл заалт байсан. Долоон үндэслэл бол эдгээр хууль, тогоомжийн хүрээний биелэгдээгүй буюу эсрэгээр хэрэгжсэн заалтууд юм. Энэ утгаараа УИХ баталсан хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавьж чадахгүй болсныг илтгэж байна.
Засгийн газар Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулна гэсээр зургаан cap боллоо. Гэтэл тодорхой хийгдсэн ажил алга. Анхнаасаа УИХ-ын 57 дугаар тогтоол, Ашигт малтмалын тухай хуулийн хүрээнд гэрээг байгуулах учиртай байсан. Гэвч 57-р тогтоолыг одоо хүртэл биелүүлээгүй гэрээнд өөрчлөлт оруулах байдлаар шийднэ гээд явж байгааг хэн хүнгүй хэлж буй. Өнөөдөр Монгол Улс өөрийнхөө баялгийг ашиглахдаа 1.2 тэрбум ам.долларын өртэй эхэллээ. Харин манай баялагийг эзэмшигч “Айвенхоу майнз” компанийн үнэ цэнэ олон улсын хөрөнгийн зах зээл дээр өдрөөс өдөрт өсч байна.
Гэрээ байгуулснаас хойш тус компанийн хувьцааны үнэ 10 дахин өсч, компанийн үнэлгээ 17 тэрбум боллоо. Харамсалтай нь манайх тэр компанийн нь бус охин компанийх нь 34 хувийг худалдаж аваад явж байна.”Айвенхоу майнз” компанийн олон улсын хөрөнгийн зах зээл дээрх үнэлгээ Монголд ямар ч падлийгүй байх жишээтэй. Засгийн газар тухайн үедээ Оюутолгойн төслөөс Монголд 53-58 хувийн ашиг нь ирнэ гэж шоудсан. Гэтэл 34 хувиа худалдаж авч байгаа хөрөнгө, дээр нь менежментийн төлбөр буюу үндсэн хөрөнгө, үйл ажиллагааны зардлын орд ашиглахаас гурван хувь, ашиглаж эхэлснээс хойшхи зургаан хувийг хасвал энэ төслөөс Монгол Улс үсрээд 43 хувийн ашиг авна.
Энэ Монголын талын ашгийн хувийг гэрээний 30 жилийн хугацааг богиносгох, нөөцийн төлбөрөө нэмэгдүүлэх байдлаар 60 хувьд хүргэх нь шудрага ёсонд нийцнэ. 57-р тогтоол ч ийм утгатай заалт. Ингэснээр манай ашиг бүрэн нөөцөөр тооцвол хамгийн багадаа 15 орчим тэрбум ам.доллараар нэмэгдэх юм. Энэ нь Монгол Улсын жилийн төсвийн орлого 5-6 дахин,2.7 сая Монгол хүн бүрт 5000 доллар оногдох орлог юм.
-Энэ бүхэн сайдыг огцруулахад хангалттай нотлох баримт болж чадсангүй. Гэхдээ өмнө нь Д.Зоригт сайдыг огцруулахаар санал гаргаж байсан гурван гишүүн ч иймэрхүү үндэслэлийг гаргасан шүү дээ?
-Дээрх үндэслэлээс гадна эрчим хүчний тавдугаар их үүсвэрийн асуудал бий. 2007 оноос хойш үндсэн чиглэлд суулгасан ч ажил хэрэг болсонгүй. Өнөөдрийн байдлаар хагас, дутуу цаасан дээр буулаа. Нефть боловсруулах үйлдвэр, газрын ян тосны бүтээгдэхүүнээр Монгол Улс өөрийнхөө хэрэгцээг хангах бүрэн боломж бий. Нэгдүгээрт, гадагш нь экспортолж байгаа түүхий нефтээ болон түүхий нефт импортолж боловсруулах үйлдвэр байгуулах. Уралдаан шалгаруулалт явуулаад л асуудлыг шийдвэрлэчих боломжтой.
Мөн Монгол Улс нүүрсээр баян орон. Хүрэн нүүрс, коксжих нүүрсийг хүн амд нь хуваагаад тооцвол дэлхийд нэлээд дээгүүрт орно. Гурван тонн хүрэн нүүрснээс нэг тонн нефтийн бүтээгдэхүүн гаргах боломжтой. Нүүрснээс гаргахад нэг тонн нефтийн бүтээгдэхүүний үнэ 50 ам.доллар байхад л зардлаа бүрэн нөхнө. Улмаар дотооддоо хэрэгцээгээ хангаж, гадагш нь экспортлох боломжтой. Сүүлийн зургаан жилийн нефтийн дундаж үнэ 80 ам.доллар байгаа. Харамсалтай нь өнөөдөр энэ талаар цаасан дээр ч буусан зүйл алга. Өөр ч асуудал бий.
-Тавантолгой юу?
-Тавантолгойн тухайд улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн. Иймээс төрийн мэдэлд байх учиртай. Гэтэл нөөцийг нь тогтоосон лицензийг хувь хүмүүс авчихсан.Ордын нийт нөөцийн 1.7 тэрбум тонн нь коксжих нүүрс. Ухаа худгийн косжих нүүрсний нөөц багадаа 280сая тонн нь. Ийм ордыг “Энержи ресур”-т тасдаад өгчихсөн. Лиценз эзэмшиж байсан гээд тасдаж өгч болно. Гэхдээ ашигт малтмалын хуулиар заавал төрийн эзэмшлийн хувь хэмжээг УИХ-аар тогтоолгох заалттай.
Өмнөх компани лицензийн төлбөрөөр улсад 850 мянган ам.доллар төлсөн юм билээ. Гэтэл Ухаа худгийн ордын ашиг багадаа 4.5 тэрбум ам.дбллар болно. Тэгэхээр Монгол Улсад 4000 дахины алдагтай наймаа хийсэн. Гэтэл сайд гурван жил болж байхад салбарынхаа Ашигт малтмалын тухай хуулиа ч огт ойлгоогүй явж байна.
-Хуулиа мэдэхгүй гэнэ ээ. Ийм чухал үед үү?
-Нэгдсэн чуулганы хуралдаан дээр би сайдаас асуулт асуусан. Харамсалтай нь сайд буруу хариулаад байна лээ. Тухайлбал, хөрөнгө оруулалтын гэрээг байгуул гэж заасан байгаа гэнэ. Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахаасаа өмнө төр эзэмшлийн хувь хэмжээг УИХ-аар тогтоолгох ёстой юм. Ингэхээр л асуудал ээдрээтэй байгаа юм.
-Гэхдээ Д.Зоригт сайдыг хэтэрхий зөөлчлөөд байгаа юм шиг. Тухайлбал, Оюутолгойн гэрээг л гэхэд Д.Зоригт хоёр нөхрийнхөө хамт үзэглэсэн?
-Нэг өнцгөөс нь харахад тэгж харагдаж мэдэх юм. Гэхдээ Оюутолгойгоос бусад асуудал нь Д.Зоригт сайдын салбартай холбоотой. Үнэндээ ашигт малтмал ч түүний л хариуцсан салбар. Оюутолгой, Тавантолгой болон стратегийн ордын асуудлаар би таван удаа асуулга тавьсан. Энэ оны дөрөвдүгээр сарын 29-нд чуулганы хуралдаан дээр Оюутолгой, Тавантолгойн асуулгын хариуг сонслоо.
Оюутолгойн гэрээний анхны төсөл 2007 онд орж ирсэн юм. 2007 оны сүүлээр төсөв мөнгө гээд, 2008 он гарч сонгууль гэсээр одоогийн МАН-ын бүлгээс завсарлага авав. Гэрээний төслийг 2009 оныхтой харьцуулахад сайн төсөл байсан. Гэтэл хямралын үед 2007 оныхоос муу төсөл оруулж ирэв. Энэ талаар салбарын сайдаас нь асуутал “Та нар шүүмжлээд буцаасан биз дээ. Би тэр үед хэлтсийн дарга байсан” гэв. Тэгэхээр хэлтсийн дарга байхдаа Монгол Улсад ашигтай гэрээоруулж ирсэн атлаа 2009 онд салбарын сайд болохоороо гадынханд найр тавьсан төсөл оруулж ирсэн юм уу гэж ойлгогдоод байна.
Би тухайн үед “Д.Зоригт сайд аа наадах чинь ноцтой асуудал шүү” гэсэн ч тэр нэг их тоогоогүй. Тэгээд сая чуулганаар сайдын огцруулах асуудлыг хэлэлцэх үед Оюутолгойн гэрээнд оруулах өөрчлөлт болон бусад стратегийн ордыг хөрөнгө оруулалтын гэрээг заавал ганцхан Д.Зоригт сайдаар хийлгэх шаардлага байгаа юмуу гэж асуусан ч хэн ч хариулсангуй.
-2007 оныхоос чухам ямар талаар муу гэрээ болсон юм бэ?
-Бид баялгийнхаа 34 хувийг ашиглахын тулд 800 сая ам.доллар төлөх болсон. Энэ нь зээл бөгөөд хүү нь Жилийн 11-12 хувь. 2007 онд гэрээний төсөлд нийт хөрөнгө оруулалтын хэмжээ 2.7 тэрбум байснаа 2009 онд таван тэрбум төгрөг  болж нэмэгдсэн.Учрыг лавлахад сайд “Үүнд аудит хийлгэнэ” гэсэн ч одоо болтол хийлгээгүй. Монголд ийм баялаг дахин бий болохгүй байх. УИХ-ын 57 дугаар тогтоолын хүрээнд гэрээг байгуулж, нөөцийн төлбөрийн хэмжээг тодорхой хувиар нэмэгдүүлсэн бол Монголын талд хамгийн багадаа 15 тэрбум ам.доллар орлого нэмэгдэх боломжтой.
Ер нь 57 дугаар тогтоолыг гэрээ байгуулахдаа мөрд гэсэн болохоос гэрээ байгуулсныхаа дараа өөрчлөлт оруулахдаа мөрд гэж батлаагүй. гэж хэлээгүй. Галт тэрэг нэгэнт хөдөлсний дараа яриад байгаа нь харамсалтай л юм.
-Д.Зоригт сайдыг огцруулах хоёр ч удаагийн үйлдэл бүтэлгүйтлээ. С.Эрдэнэ дараагийн удаа нэг бус гурван сайдын асуудлыг хөндөнө гэж байсан. Энэ үнэн үү?
-Би энэ талаар мэдэхгүй. Тийм зүйл болохгүй байх. Ер нь УИХ хууль батлаад, түүнийхээ хэрэгжилтийг хянаж чадахгүй юм бол парламентын хэрэг байна уу, үгүй юу. Гэхдээ Д.Зоригтын асуудал үр дүнд хүрээгүй гэж хэлж болохгүй. Асуудлыг өргөн барьсны хүчинд тавдугаар эх үүсвэр, нефть боловсруулах үйлдвэрийн ач холбогдлыг олон түмэн сайтар мэдсэн байх. Мөн Ерөнхий сайд Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулна гэдгээ дахин хэллээ.
Ухаа худгийн ордыг Тавантолгойн ордын дөрвөн хувь гэж мэлзэж байсан бол коксжих нүүрсний 10 гаруй хувь байж гэж ухаарч байна лээ. Энэ талаараа дэвшилттэй зүйл их гарсан. Улмаар дээрх асуудлыг хөндсөнөөр гишүүд, иргэдийн хяналтыг сайжрууллаа. Гэхдээ дээрх долоон асуудлын хүрээнд би байнга хяналт тавьж ажиллах болно.

Л.Нинжсэмжид


URL:

Сэтгэгдэл бичих