Байраа нураалгаж, газраа алдсан бид одоо яах вэ, Г.Мөнхбаяр даргаа

Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч аа, таны гаргасан захирамжийн уршгаар Монгол Улсын иргэд бидний эрх ашиг хохирч, Монгол Улсын хуулиар олгогдсон эрхээ эдэлж чадахгүй болоод байгаа тул Улаанбаатар хотын БЗД-ийн зургаадугаар хорооны нутаг дэвсгэрт төв зам дагуу байрлаж байсан 44 дүгээр байрны асуудлаар тус байрны сууц өмчлөгчид бид Танд дахин хандаж байна.

Улаанбаатар хотын “А” зэрэглэлийн бүсэд төв зам дагуу байрладаг /ХХААХҮЯ-ны замын урд байдаг/ цэргийн 44 дүгээр байрыг ашиглалтын шаардлага хангахгүй гэсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарч тус байрны сууц өмчлөгчдийг 2009 оны аравдугаар сард хүйтний улирал эхэлж байхад дулаан цахилгааныг нь таслах зэргээр орон байрнаасаа гарахаас аргагүй хүнд байдалд зориуд оруулж дараа нь уг байран дээр газар хөдлөлтийн үед ажиллах улсын онцгой байдлын сургуулилалт хийж нураахад Монгол Улсын шадар сайд М.Энхболд, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр Та бүхэн хэвлэл мэдээллийнхнийг байлцуулан оролцсон билээ. Ингэж иргэдийн өмч хөрөнгөд бүдүүлгээр халдаж, яаран нурааж сүйтгэхдээ оршин суугчдын зөвшөөрлийг аваагүй явдал нь орон байргүй болж ядарсан ард иргэдээрээ тохуурхаж даажигнасан юм шиг санагддаг. Энэ бүхний цаана тус байрны иргэд хохирч байгаа эсэхийг сэтгүүлчид асуухад оршин суугчдыг хохиролгүй болгоход анхаарч байгаа гэж хэвлэлийнхний өмнө Та ярьж байсан нь хадгалагдан үлджээ.

Энэ явдлаас хойш бүтэн нэг жил орчмын хугацаа өнгөрөхөд таны байлцаж нураасан бидний өмч хөрөнгө хэнд ч хэрэггүй овоолгоотой шороо л болж хувираад байна. Тус байрны оршин суугчид өнөөдөр өмч хөрөнгөөрөө хохироод зогсоогүй сэтгэл санаа, мөнгө төгрөгний үлэмж хохирол амсаж, төр засаг, ирээдүйдээ итгэх итгэл алдарч, зарим нэгний нь амьдрал гудамжинд гарах дээрээ тулаад аргаа барж явна.

Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Та 2009 оны 08-р сарын 07-ны өдрийн 405 тоот захирамжаараа тус байрны нийтийн эзэмшлийн газрыг 44 дүгээр байрны “Хөгжил” СӨХ-ийн гүйцэтгэх захирал байсан Т.Дашжаргалын охин С.Энхтуяагийн хувийн “Си Би Эл” компанийн нэр дээр баталгаажуулж өгсөн нь биднийг ийнхүү хохироох үндсийг тавьсныг бид өмнө нь уламжилж, захирамжаа цуцалж өгөхийг хүссэн боловч Та болон Таны удирдлагад ажилладаг албан тушаалтнууд оршин суугчдын хүсэлтийг анхаарч үзсэнгүй өдийг хүрлээ.

Өнөөдөр 44 дүгээр байрны нийтийн эзэмшлийн газар “Хөгжил”СӨХ-ийн гүйцэтгэх захирал байсан Т.Дашжаргалын гэр бүлийн мэдэлд байгаагаас газрын маргаантай асуудал бий болж, сууц өмчлөгчид байрны асуудлаа шийдэж чадахгүйд хүрээд байна. Тус байрны сууц өмчлөгчид бүхэлдээ ганцхан гэр бүлийн эрхшээлд орж, “дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу” гэгч л болж хувираад байна. Улаанбаатар хотын А зэрэглэлийн бүсэд төв зам дагуу байрладаг тус байрны газрыг нийт сууц өмчлөгчдөд мэдэгдэлгүй ганцхан гэр бүлийн мэдэлд өгдөг нь шударга ёс уу?

Төр засгаас ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууц өмчлөгчдийн эрх ашгийг хамгаалсан хууль эрх зүйн орчинг шинээр бүрдүүлж, хуучин орон сууцны талбайн хэмжээнээсээ багагүй шинэ орон сууцтай болох боломж бий болголоо.

Иймд 44 дүгээр байрны сууц өмчлөгчид бидний Монгол Улсын хуулиар олгогдсон эрхээ эдлэхэд саад болж, бидний эрх ашгийг хохирооход хүргэж байгаа газрын луйвар, залилангийн шинжтэй дээрх асуудлыг Та анхааралдаа авч нийтийн эзэмшлийн орон сууцны талбайг ганц гэр бүлийн хувийн компанийн мэдэлд шилжүүлсэн захирамжаа даруй хүчингүй болгож, 44 дүгээр байрны сууц өмчлөгчид биднийг хуулиар олгогдсон эрхээ эдэлж /Монгол Улсын орон сууцны шинэчилсэн хуулийн тавдугаар бүлгийн 151.3, 1514.-д заасан/ хуучин орон сууцныхаа буурин дээр шинэ орон сууц барьж хуучин орон сууцны талбайн хэмжээнээсээ багагүй шинэ орон сууцтай болох боломжийг хангахад анхаарлаа хандуулж, хөрөнгө оруулагч олж шалгаруулахад туслахыг Таниас хичээнгүйлэн хүсч байна.

44 дүгээр байрны сууц өмчлөгчдийн итгэлийг алдсан “Хөгжил” СӨХ-ийн гүйцэтгэх захирал байсан Т.Дашжаргал нь биднийг хууль ёсоор төлөөлөх эрхгүй бөгөөд тус байрны сууц өмчлөгчдийн олонхийн хурлаар түүнийг “Хөгжил” СӨХ-ийн гүйцэтгэх захирлаас өөрчилсөн боловч тамга тэмдгээ хүлээлгэж өгөхгүй хууль бус үйлдэл үзүүлж байгааг үүгээр давхар мэдэгдэж байна.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн зургадугаар хорооны цэргийн 44 дүгээр байрны сууц өмчлөгчдийн гарын үсэг бүхий хувийг Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаярт хүргүүлэв.

Жич: 44-р байран дээр газар хөдлөлтийн үед ажиллах сургуулилт хийж нураасан бичлэгийг сонирхвол http://news.gogo.mn/video/68282 орж үзнэ үү!


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.