“Ахын маань бие муу байгаа учраас ослын талаар асууж зүрхлэхгүй байна”

-Нүүрсний замд осолдсон жолоочийг гэмтлийн эмнэлэгт авчирлаа-

Өмнөговь аймгийн Цогтцэций суманд нүүрс тээвэрлэж явсан машин мөргөлдөж хоёр хүн нас барсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Осолд өртсөн жолооч 44 настай эрэгтэй Д-г гэр бүлийнхэн нь
өчигдөр Өмнөговиос нийслэлд онгоцоор авчирч гэмтлийн эмнэлэгт хэвтүүллээ.

Түүнийг түрдэг орон дээр хэвтүүлэн Гэмтлийн эмнэлгийн таван давхарт насанд хүрэгчдийн Ясны гэмтэл, эмгэгийн тасгийн тусгай өрөөнд өчигдөр 14 цагт хэвтүүлжээ. Түүнтэй ярилцах гэсэн боловч биеийн байдал хүнд, ослын шокноос бүрэн гараагүй байсан учир түүний дүүгээс цөөн асуултад хариулт авлаа.

-Ахын тань биеийн байдал ямар байна?
-Муу байна.

-Осол юунаас болсон талаар сонсов уу?
-Биеийн байдал нь муу байгаа учраас ослын талаар асууж зүрхлэхгүй байгаа. Компанийнх нь удирдлагуудтай уулзаж тодруулсан нь дээр байх. Дарга нар нь өнөөдөр /өчигдөр/ үдээс хойш ирж ахтай уулзана гэсэн.

-Ах тань хаана ажиллаж, амьдардаг юм бэ?

-Ахтай адил гэмтсэн өөр хоёр хүн байгаа гэсэн. Тэд нар энд ирж хэвтээгүй байна уу.

-Ирээгүй байна лээ. Ахтай чинь хамт өөр хүмүүс гэмтсэн юм уу?
-Сайн мэдэхгүй байна. Гэмтсэн өөр хүмүүс байгаа гэж сонссон.

-Ослын талаар хэн нэгнээс гомдол нэхэх үү?
-Энэ бидний асуудал учраас илүү зүйл яримааргүй байна.

Гэмтлийн эмнэлгийн Ясны гэмтэл, эмгэгийн тасгийн их эмч Д.Мөнхбаяраас өвчтөний биеийн байдлын талаар тодруулахад “Өвчтөн Д түнхний үеийн хугарал мултралтай байсныг хэвийн байдалд оруулсан. Өвчтөний нуруунд компьютерээр шинжилгээ хийж өвчний оношийг нь тодрууллаа. Биеийн байдал нь дунд зэрэг байгаа. Ухаан санаа нь саруул, гэмтээд хоёр хоносон байна. Өнөөдөр /өчигдөр/ онгоцоор ирсэн гэсэн. Эмчилгээ нь донгож эхэлж байна” гэв.

О.Эрдэнэбүрэн


URL:

Нэр: Tarah Leino Огноо: 12 November 2019

Сэтгэгдэл бичих