Дипломат ажилтны эхнэр Монгол эмэгтэй Тувад хар тамхины хэрэгт холбогдон хоригджээ

ОХУ-ын Тувад  Монгол эмэгтэй хар тамхины хэрэгт холбогджээ.  Түүнийг мансууруулах бодис хууль бусаар хил давуулсан гэж буруутгаж байгаа юм байна.   Тувагийн цагдаагийн байгууллагаас мэдээлснээр хэрэгт холбогдсон бүсгүйг өнгөрсөн жилээс эхлэн цагдаагийнхан сэжиглэж байсан аж. Харин бүсгүйн нөхөр нь Монголд Тувагийн албан ёсны төлөөлөгчөөр ажиллаж байсан дипломат  албаны  эрхэм бөгөөд ОХУ-ын иргэн аж. Тэгэхээр хилийн чанадад хар тамхины хэргээр хоригдож буй  Монгол иргэдийн тоо энэ янзаар нэмэгдэх хандлагатай байна.

Өнгөрсөн оны мөн үед Монгол улсын 12 иргэн хилийн чанадад хар тамхины хэргээр ял эдэлж байгаа мэдээллийг албаны эрхмүүд мэдээлж байсан.  Тухайн үед тэдгээр  иргэдээс  10 нь  БНХАУ-д шалгагдаж,  хоригдож байсан. Харин өнгөрсөн нэг жилийн  хугацаанд уг хэргийн улмаас хоригдож буй иргэдийн тоо 4-өөр нэмэгдсэн гэсэн мэдээ байгаа.

Тэгэхээр Монгол иргэд харийн нутагт хар тамхины хэрэгт  холбогдох байдал улам нэмэгдэж  байгаад  төр засгийн зүгээс санаа зовох нь  зүй ёсны  асуудал  билээ.  Хэдийгээр Монголын Засгийн газрын зүгээс  Хятадын Засгийн газарт ялтан солилцох  гэрээ хийх саналаа албан ёсоор тавиад байгаа ч нааштай  хариулт ирүүлэхгүй өнөөдрийг хүрсэн.  Харин хэлэлцээрийн дагуу нэг Монгол иргэнийг нутагтаа үлдсэн ялаа эдлэх боломжийг олгосон билээ.

Өмнөд хөршийн хуулиар , ийм төрлийн гэмт хэрэгт холбогдвол   насаар хорих, эсвэл тодорхойгүй хугацаагаар хорих ял шүүхээс ногдуулдаг.  Тэрчлэн,  Монгол улсын иргэд  Ж.Дамдин, Л.Байгалмаа нарын хувьд тун хүнд ял шийтгэлийг сонссоныг Монголын олон нийт мэдэж буй. Харин ОХУ-ын Тувад баригдсан Монгол эмэгтэйг хэрхэн шийтгэх нь одоогоор тодорхойгүй байна.

Э.Болор


URL: