Оролцох эрхгүй хэлэлцээр

527-13802547824347_228Ерөнхий сайд асан С.Баярын 1995 онд бичсэн нэгэн өгүүллийг толилуулж байна.
«Гадаад Монголын статус кво»
Этгээд гэмээр энэ томъёолол яагаад гарч ирэв, хэн түүнийг зохиов, улс төрийн ямар утга агуулж байв. Монголын туүхэнд чухам ямар үурэг гүйцэтгэв?
Эдгээр асуултын хариу 50 жилийн дараа ч гэсэн сонирхол татсан хэвээр байна. Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдал, стратегийн ач холбогдолтой шууд холбоотой энэ сэдвээр манай түүхч, судлаачдын сонирхолтой бүтээл гарч байна, олноор гарах биз ээ. Эл бичихдээ манайд урьд өмнө нийтлэгдэж байгаагүй өрнөдийн төрийн зүтгэлтэн, судпаачдын дуртгалаас түүхэн баримт түлхүү иш татахыг хичээлээ.

50 жилийн тэртээ буюу 1945 оны наймдугаар сарын эхээр Монгол Улсын тусгаар тогтнолын хувь заяаг И.Сталин болон Хятадын гоминданы Засгийн газрын Ерөнхий сайд Т.В.Сүнг нар Москвад хийсэн хэлэлцээрийнхээ явцад эцэслэн шийдвэрлэж байв. Энэ үеэр Москва хотноо маршал Х.Чойбалсан тэргүүтэй Монгол Улсын төлөөлөгчид айлчилж байсан хэдий ч тэд улс орныхоо хувь заяаг шийдвэрлэх тэр хэлэлцээрт биечлэн оролцох эрхгүй байсан аж. Маршал Чойбалсан зочид буудалдаа тамхи татан нааш цааш холхиж, хааяа нэг Сталин багшдаа дуудагдан уулзаж, томчуулын шийд яаж гардаг бол хэмээн хүлээж суухаас өөр яаж ч чадахгүй байв.
Хятадын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Чан Кай Шигийн төрсөн хүү Чан Чин Куо байсан бөгөөд Сталин түүнтэй нэг өдөр уулзахдаа «Гадаад Монгол Улсын стратегийн байршил нь түүнийг тусгаар тогтносон улс байхаас өөр аргагүй болгож байгаа юм. Энэ нь ЗХУ- ын хувьд амин чухал асуудал мөн. Хэрэв аль нэгэн гүрэн Монголын нутгаар дамжин манай улсад халдаж, улмаар Сибирийн төмөр замыг таславал ЗХУ сүйрнэ» гэж байжээ. Энэ ярианы тухай Америкийн судлаач О.Эдмунд Клабб «Хятад ба Орос» гэсэн номондоо дурдсан байдаг.«АНУ-Хятадын харилцаа» хэмээх өөр нэг зузаан номонд дээрх хэлэлцээрийн тухай бас нэгэн сонин баримт бий. Уг номын 117 дугаар талд хэлэлцээрийн явцад доктор Сүнг «Монгол Улс бол Хятадын бүрэлдэхүүн хэсэг мөн» гэдгийг зөвлөлтийн талаар хүлээн зөвшөөрүүлэх гэж улайран оролдож байв. Гэтэл Монгол Улс нь үнэн хэрэгтээ Хятадаас хэдийнэ салж Зөвлөлтийн мэдэлд орсон байжээ. Энэ нь Зөвлөлт Хятадын 1924 онд байгуулсан Гэрээний зарчимтай илт харшилж байсан хэдий ч бодит байдал аргагүй ийм л байв. Үүнийг үл харгалзан ноён Сүнг дээрх асуудлыг зөвлөлтийн тал нааштай шийдвэл хятадын тал хэлэлцээрийн бусад асуудлаар буулт хийхэд бэлэн байна гэж ч мэдэгдэж байжээ. Америкийн элчин сайд ноён Харриман доктор Сүнгтэй удаа дараа уулзаж ятгасны эцэст тэрбээр зөвлөлтийн талын байр суурийг аргагүйн эрхэнд хүлээн зөвшөөрөв.
-Гэхдээ тэрбээр “Гадаад Монголын тусгаар тогтнолийн асуудлаар тус улсад бүх нийтийн санал асуулга явуулсан тохиолдолд л бид түүний үр дүнг харгалзан байж шийдээ хэлнэ хэмээн эцсийн аргаа хэрэглэв ” гэж бичсэн байдаг.
Сталин ийм санал асуулга явуулахыг зөвшөөрснөөр Монголын тухай асуудал ерөнхийдөө шийдэгдэж 1945 оны наймдугаар сарын 14-нд талууд ЗХУ, Хятадын Найрамдлын Гэрээнд гарын үсэг зуржээ. Уг Гэрээний хавсралт болох нот бичигт ЗХУ «БНМАУ-ын (Гадаад Монголын) тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэнэ» гэж заасан байдаг. Харин хятадын тал «Гадаад Монголын тусгаар тогтнолыг тус улсын одоо оршин тогтнож буй хил хязгаарын хэмжээнд хүлээн зөвшөөрнө» хэмээн тусгажээ. (Хэнри Вэй. Хятад ба Зөвлөлт Орос улс, Д.Ван Ностранд Ко, Лтд, 1956, тал 336)
Зөвлөлт, Хятадын уг Гэрээ хүчин төгөлдөр болсноос хойш арав хоногийн дараа Хятадын удирдагч генералиссимус Чан Кай Ши албан мэдэгдэл гаргаж түүндээ «Гадаад Монголын үндэстний бүлэг нь эх нутгаасаа салан гарч тусгаар тогтнолоо зарласнаас хойш бараг 25 жил өнгөрчээ. Аеуудал нэгэнт ийм болсон тул бид Гадаад Монголын тусгаар тогтнолыг хууль ёсны горимын дагуу хүлээн зөвшөөрч, тус улстай найрамдалт харилцаа тогтоох хэрэгтэй болж байна» гэж өгүүлсэн байдаг (Жерард М. Фрайтерс «Гадаад Монгол ба түүний гадаад байр суурь», Балтимор. 1949. тал 211)
Сталин, Сүнг хоёрын хэлэлцээрийн явцад тохиролцсон ёсоор Монгол Улсын насанд хүрсэн нийт хүн амаас тус улс тусгаар тогтносон улс байх эсэх асуудлаар 1945 оны аравдугаар сарын 20-нд санал асуулга авав. Түүний үр дүнгийн талаар «Нью-Йорк таймс сонин 1945 оны аравдугаар сарын 24-ний дугаартаа мэдээлэхдээ санал асуулгын дүнгээс үзвэл «Монгол Улс тусгаар тогтносон улс байх ёстои гэсний дотор 483231 хүн санал өгч эсрэг саналтай хүн нэг ч гарсангүй гэж тэмдэглэсэн байна.
Санал асуулгын дүн гарснаас хойш хоёр сарын дараа буюу 1946 оны нэгдүгээр сарын таванд Хятадын гоминданы Засгийн газар Монгол Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрчээ. Ийнхүү 1911 оноос хойш Монголчуудын тэмцэж, зорьж байсан зорилт хэрэгжив. Харин монголчуудыг биечлэн оролцуулалгүйгээр Москвад эцэслэн шийдэж , Бээжингээр хүлээн зөвшөөрүүлсэн Монголын тусгаар тогтнолийн тухай энэ асуудал Ялтад байгуулсан нууц гэрээнээс үүдэлтэй билээ.
ЯЛТЫН НУУЦ ГЭРЭЭ
- Гадаад Монголын статус квог хэвээр үлдээх нь бидэнд маш чухал. Энэ асуудпыг АНУ, Их Британи, ЗХУ-ын төлөөлөгчдийн дээдхэмжээний ээлжит уулзалтаар зайлшгүй хэлэлцэх ёстой бөгөөд энэ асуудал бол Японы эсрэг дайнд бидний оролцох чухал угтвар нөхцөл мөн хэмээн Сталин ЗХУ-д сууж байсан АНУ-ын элчин сайд Харриманд 1944 оны арван хоёрдугаар сард буюу Ялтын Бага хурал болохоос гурван сарын өмнө анх дуулгажээ. Сталинтай энэ сэдвээр ярилцсан тухайгаа элчин сайд Харриман 1951 онд АНУ-ын Сенатын чуулганд илтгэл оруулахдаа дурдсан байдаг. (АНУ-ын Сенат, 82-р чуулган, нэгдүгээр хуралдаан, Хурлын тэмдэглэл, 97-р боть, 14-р хэсэг. тал 5410-5416) 1944 оны арванхоёрдугаар сар.
Фашистын Герман дайнд ялагдал хүлээх нь зайлшгүй гэдэг нэгэнт тодорхой болж, улмаар ЗХУ, АНУ, Их Британи буюу «их гурвын» анхаарал дорно зүгт чиглэж эхэлсэн үе байв. Харин Японы эсрэг ирээдүйн дайнд ЗХУ чухам хэзээнээс яаж оролцох нь тодорхойгүй байсан бөгөөд энэ нь Ялтын Бага хурлын хамгийн гол асуудал болох ёстой байжээ. Энэ асуудлаар талууд Тегераны Бага хурлын үеэс буюу бүр 1943 оноос хойш удаа дараа санал солилцож байв. «ЗХУ нь Номхон далайн эргийн хэд хэдэн боомт болон Хятадын дорнодын төмөр замыг эзэмших ирээдүйн эрхээ баталгаажуулсан тохиолдолд л бид Японы эсрэг хөдөлнө» гэсэн утгатай үг Сталин хэлдэг байжээ. Харин чингэхдээ Монгол Улсын тухай асуудлыг тэрбээр огт хөнддөггүй байснаа Ялтын уулзалтын өмнөхөн энэ тухай анх ам нээсэн нь сонин юм.
1945 оны хоёрдугаар сард Ялтад болсон «их гурвын» Бага хурлын үеэр Японы эсрэг дайнд ЗХУ оролцох нөхцөл болзлын талаархи хэлэлцээрийг Сталин болон АНУ-ын Ерөнхийлөгч Рузвельт нар халз тулан хийжээ.
«Их гурвын» уулзалтад оролцсон Их Британийн Ерөнхий сайд Черчилль яг энэ асуудпыг хэлэлцэн шийдвэрлэхэд огт үүрэггүй шахуу сууж байсан гэдэг. Тэрбээр энэ талаар дуртгалдаа бичихдээ «Энэ асуудлыг шийдвэрлэх үед бидний саналыг хэн ч асуугаагүй. Бид ч саналаа заавал хэлнэ гэж зүтгээгүй. Учир нь энэ асуудал АНУ-ын хувьд тэргүүн зэргийн ач холбогдолтой байсан болохоос биш бидний хувьд тийм байгаагүй. Шийд гарсны дараа биднийг гарын үсгээ зурна уу гэсэн. Бид түүнийг нь ёсоор болгосон» гэжээ. (У.Винстон Черчиллийн дуртгал, Бостон, 1953 он, 3-р боть, тал 390)
Ялтын Гэрээг 1945 оны хоёрдугаар сарын 11-нд ёсчлон батлав. Эл баримт бичигт Японы эсрэг дайнд ЗХУ оролцох гурван үндсэн нөхцөл болзлыг заасан байдаг. Үүнд: нэгд, Гадаад Монголын (Бүгд Найрамдах Монгол Ард Улсын) статус квог хэвээр хадгалах, хоёрт, Сахалины хойгийн өмнөд хэсэг болон Курилын арлуудыг ЗХУ-ын мэдэлд шилжүүлэх, гуравт, Хятадын дорнод төмөр зам болон Дайрен, Порт-Артур зэрэг боомтыг Орос улс урьд нь эзэмшилдээ байлгаж байсан байдлыг сэргээх гэсэн асуудлууд тусгагджээ.
Ялтын уулзалтыг биечлэн ажиглаж байсан түүхч бичихдээ «Монголын тухай асуудал яриа хэлэлцээр дуусан дуустал хөндөгдсөнгүй. Харин уулзалтыг хаах үеэр Сталин Рузвельтэд хандаж Гадаад Монголын статус квог Чан Кай Шигээр хүлээн зөвшөөрүүлэх үүргийг танай тал хүлээвэл сайн байна гэхэд АНУ-ын Ерөнхийлөгч энэ саналыг хүлээн авч байгаагаа илэрхийлэв» гэжээ. (Жорж Ленсен, «Ялта ба Алс Дорнод», Батон Руж, 1965, тал 143-144)
Ялтын Гэрээтэй холбоотой бас нэг сонин баримт бий. Эл Гэрээ анх батлагдахдаа «маш нууц онц чухал» гэсэн зэрэглэлтэй байсан бөгөөд дэлхийн хоёрдугаар дайн дууссанаас хойш жил хагасын дараа буюу 1946 оны арваннэгдүгээр сард л АНУ-ын Төрийн департамент түүнийг нь нийтэлж олны хүртээл болгосон юм. «Эл Гэрээний нэг хувь Ерөнхийлөгч агсан Рузвельтийн хувийн сейфэнд хадгалагдаж байсан бөгөөд АНУ-ын дараагийн Ерөнхийлөгч Трумэн хүртэл баримт бичиг нийтлэгдэхээс өмнө түүний агуулгын тухай бүү хэл, ийм баримт ерөөс байдаг эсэх талаар огт мэдэхгүй байсан гэдэг». (Э.Р.Стеттиниус, Рузвельт ба оросууд, Нью-Йорк, 1949, тал 96)
Ялтын шийдвэр бол өнөө үеийн Монгол Улсын тусгаар тогтнолын түүхэн чухал эх сурвалж аргагүй мөн. Энэ утгаар нь авч үзвэл бид Ялтын ач тусыг хэзээ ч мартах ёсгүй юм. Харин дэлхийн олон улс гүрэн Ялтын Бага хурлын бусад шийдвэрийг (Курилын арлуудыг ЗХУ-ын мэдэлд өгсөн. Польш болон Дорнод Европын бусад орныг хүч түрэн «коммунистжуулах» боломж олгосон “зэрэг асуудлаар) одоо хүртэл зэмлэн , буруушааж заримдаа бүр харааж зүхдэгийг бас анхаарах ёстой. Гэхдээ бид аливаад бусдын бус давын өмнө өөрийн улс орны эрх ашгийн үүднээс хандаж байх ёстой биз ээ.
Хэдхэн жилийн өмнө манай улс төрийн зарим зүтгэлтнүүд «Курилын арлыг Японоос булаан авсан Ялтын цуст Гэрээг даруй цуцлая» гэсэн утгатай санал дэвшүүлж хэвлэл мэдээллийн хэрэгслээр шуугиулж байсныг санаж байна Хүний газар нутгийн төлөө санаа зовох нь нэг хэрэг. Харин өөрийн улс орны тусгаар тогтнолтой холбоотой түүхзн баримт бичигт мэдэн будилж халдах гэх нь өөр хэрэг юм. Сталин, Чойбалсан нарын уулзалт ярианы үед болон тэдний захидал харилцаанд «статус кво» гэсэн үг хэллэг гарч байсан эсэхийг мэдэхгүй юм. Хэрвээ ийм үг гарч байсан бол түүнийг нь Сталин, Чойбалсанд чухам юу гэж тайлбарлан таниулж байсан бол?
«Статус кво» хэмээх оньсого»
«Статус кво» буюу «тухайн байдал» гэсэн утга бүхий латин гаралтай энэ үгийг хэл зүйн талаас нь маршал Чойбалсан эрх биш мэдэж байсан биз. Харин «Гадаад Монголын тухайн байдлыг хэвээр хадгалах» хэмээх оньсого мэт томъёоллын улс төрийн утга агуулгыг харилцагч талууд өөр өөрөөр төсөөлж байсан болов уу.
Дэлхийн хоёрдугаар дайн шувтарч байсан тэр үед Монгол Улс чухам ямар «тухайн байдалтай» байлаа гэж үзээд түүнийг нь «хэвээр хадгалах» шаардлага гарч улмаар «их гурвын» нууц гэрээгээр баталгаажуулав? Тухайн үед Монгол Улсын эрх зүйн статусыг чухам яаж “тодорхойлж байв? Монгол Улсыг тусгаар улс гэж үзэж байв уу, эсвэл ЗХУ, Хятад хоёрын аль нэгнийх нь дагуул улсын тоонд оруулж байв уу? Энэ талаар холбогдох талуудын байр суурь ямар байв гэсэн олон асуулт гарнэ.
МонголУлсын хувьд гэвэл 1911 онд Богдын Засгийн газраас гаргасан Тунхаглал, 1924 онд Ардын Их Хурлаар баталсан Үндсэн хуулийнхаа дагуу өөрийгөө бүрэн эрхт, тусгаар тогтносон улс гэж үзэж байсан нь тодорхой. Харин дэлхийн бусад улс гүрний хувьд гэвэл тэд Монгол Улсыг Хятадын харьяа гэж тооцож байв.
Хятад улс иймэрхүү байр суурийг дуртайяа хүлээн зөвшөөрч байсан нь ойлгомжтой. БНМАУ-ыг албан ёсоор хүлээн зөвшөөрсөн хэрнээ Чан Кай Ши, Мао Зэдуны засаглалын аль ч үед Монгол бол Хятадын нэгэн хэсэг юм гэсэн байр суурийг ил далд хэлбэрээр цухалзуулсаар ирсэн билээ.
Монголын тусгаар тогтнолын асуудлаархи ЗХУ-ын бодлого, байр суурь хоёрдмол шинжтэй байв. Монгсл Улстай 1921 оны арваннэгдүгээр сарын 5-нд Москва хотноо байгуулсан Гэрээнийхээ нэгдүгээр зүйлд «ЗСБЧХОУ-ын Засгийн газар нь Монгол Улсын Засгийн газрыг тухайн улсын цорьн ганц хууль ёсны Засгийн газар мөн гэж үзэн хүлээн зөвшөөрч байна» гэж тунхагласан хэрнээ 1924 онд Хятадтай байгуулсан Гэрээндээ «ЗСБНХУ-ын Засгийн газар Гадаад Монгол нь Бүгд Найрамдах Хятад улсын салшгүй нэг хэсэг хэмээн үзэж улмаар Хятад улсын бүрэн эрхийг хүндэтгэн эрхэмлэнэ» гэж заасан байдаг.
Өөр нэг жишээ нь 1919 оны наймдугаар сард Зөвлөлт Засгийн газраас Монголын ард түмэнд хандаж гаргасан Тунхаглалд «Монгол Улс бол эрх чөлөөт улс мөн» хэмээн зарлаж «Зөвлөлт Орос улстай дипломат харилцаа нэн даруй тогтоохыг» уриалсан байдаг. Гэтэл 1920 онд улаан армийн цэрэг Монголын нутаг дэвсгэрт нэвтрэн орох тухай зөвшөөрөл хүсэмжилж Хятадын Засгийн газарт илгээсэн ноот бичигтээ «…манай цэргүүд Цагаан гвардийнхныг бут цохиж дуусмагц Хятадын нутаг дэвсгэрийг (тодруулав- С.Б) орхиж гарна» хэмээн Гадаад хэрэг эрхлэх ардын комиссар Чичерин мэдэгджээ. («Правда» сонин, 1920 оны арваннэгдүгээр сарын 14-ний дугаар)
Бас нэг жишээ нь Франц улсад суугаа Зөвлөлтийн Элчин сайдын яамнаас 1925 онд гаргасан нэгэн мэдэгдэлд «БНМАУ бол Зөвлөлтийн хэсэг биш бөгөөд тусгаар тогтносон улс мөн» гэж тэмдэглэсэн байдаг. (Жерард.М Фрайтерс «Гадаад Монгол ба түүний гадаад байр суурь», Балтимор, 1949, тал 285). Гэтэл энэ мэдэгдэл гарсны дараахан Ардын комиссар Чичерин Баку хотноо болсон Коминтерны хурал дээр хэлсэн үгэндээ « Зевлөлтийн Засгийн газар нь Монгол Улсыг Бүгд Найрамдах Хятад улсын нэгэн хэсэг гэж үздэг» хэмээн мэдэгдэж байв. (Эйтчен К.Бу, «Хятад ба Зөвлөлт Холбоот Улс), Жон Дэй Ко, Нью-Йорк, тал 168). Улааныг үзэн урвах, шарыг үзэн шарвах гэдэг чухам энэ биз ээ.
Монгол Улсын тусгаар тогтнолын тухай асуудпаар Зөвлөлтийн Засгийн газар хоёр нүүртэй ийм бодлого, байр суурь яагаад баримтлаж байв? Үүнийг ойлгохын тулд түүх сөхөж тэрхүү бодпого, байр суурийн үндсийг нь олох хэрэгтэй юм. ЗХУ-ын гадаад бодлого хоосон орон зайд гэнэт гарч ирээгүй. Зарим талаараа тэрхүү бодлого нь хаант Орос улсын гадаад бодлогын логик үргэлжлэл байсан гэхэд хилсдэхгүй биз. Ерөөс их гүрний гадаад бодлого, үйл ажиллагаа нь тухайн гүрний нийгмийн байгуулал өөрчлөгдсөн эсэхээс үл хамаарч үндсэн шинжээ хадгалж үлддэг билээ. Энэ нь тухайн орныг сайн, муу талаас нь харуулж байгаа зүйл биш бөгөөд үндэсний эрх ашиг, стратегийн сонирхлоор нь тодорхойлогддог гадаад бодлогын залгамж чанарын илэрхийлэл юм
Стратегийн сонирхол
Монголыг чиглэсэн Орос Улсын сонирхол олон зуун жилийн түүхтэй. Гэхдээ Орос Улс 1905 оны дайнд Японд ялагдсанаараа л энэхүү сонирхол нь страте-гийн шинжтэй болсон гэж үздэг «Орос Японы дайны үеэр оросын тал Транс Сибирийн чиглэлийн төмөр замын ач холбогдол хийгээд түүнийхээ эмзэг талыг маш сайн ухаарсан гэж Америкийн монгол судлаач Роберт Рупен бичжээ («Монгол Улсын жолоог үнэн хэрэгтээ хэн барьдаг вэ- Хүүвэр Инст, Лресс.
Стэнфорд, Калифорни, тал 5) Стратегийн ач холбогдол бүхий бүс нутагтай хил залгаа орших Монгол Улс өөрөө бусад улсын стратегийн сонирхлыг татаж эхэлсэн нь ойлгомжтой.
Орос-Японы дайн дууссаны дараа тус хоер улс хоорондоо хэд хэдэн нууц гэрээ байгуулж улмаар нөлөөллийнхөө хүрээг зааглаж тогтоосон байна. (Эрнст Прайс, Манжуур, Монголын талаархи 1907-1916 онд байгуулсан Орос-Японы гэрээнүүд, Балтимор, 1933 он). Эдгээр гэрээнд тусгагдсанчлан Өмнөд Манжуур болон Солонгосын хойг нь Японы нөлөөллийн хүрээнд хамрагдаж, харин Умард Манжуур болон Гадаад Монгол нь Орос улсын нөлөөллийн хүрээнд орох болсныг хоёр тал хүлээн зөвшөөрсөн байна.
1911 онд Манжийн засаг балран унаж. Богдын Засгийн газар Монгол Улсын тусгаар тогтнолыг тунхагласны дараа Монголыг чиглэсэн хаант Орос улсын бодлого үлэмж эрчимжжээ. 1911 оноос хоиш Орос улсаас тусламж хүсч Москвад очсон Монголын төлөөлөгчдийг найрсгаар хүлээн авч бүхий л талаар тусалж дэмжихээ илэрхийлж байв. Тухайлбал, Сайн ноён хан тэргүүтэй төлөөлөгчид 1913 оны арваннэгдүгээр сард Москвад айлчлах үеэр хаант Орос улсын Засгийн газраас Монгол Улсад нэмэлт гурван сая рублийн хүүгүй зээл олгох (мөн оны нэгдүгээр сард хоёр сая рублийн зээй олгосон байв) болон зэр зэвсэг (20 мянган винтов, зургаан их буу, дөрвөн пулемет, сум зэрэг) нийлүүлэх талаар хоёр тал тохиролцжээ. (Жерард Фрайтерс, «Гадаад Монголын гадаад байдал», Балтимор, Жонс Хопкинс Пресс, 1956, тал 82) Гэхдээ ийм тусламж үзүүлж байсан хэдий ч Богдын Засгийн газраас тунхагласанчлан «Монгол Улс бол бүрэн эрхт тусгаар тогтносон улс мөн» гэснийг Оросын Засгийн газар албан ёсоор хүлээн зөвшөөрөхөөс элдэв шалтаг заан цааргалсаар байв. Монгол дахь байр сууриа эрчимтэй бэхжүүлэн улмаар тэндээс Хятадыг шахан гаргах, нөлөөллийн хүрээг нь хумих бодлого явуулж байсан хэрнээ Монголыг Хятадын бүрэлдэхүүн хэсэг гэсэн албан ёсны байр сууриа тунхагласаар иржээ. (Энэ байр суурь нь 1912 оны Орос, Монголын Гэрээ, 1913 оны Орос- Хятадын хамтарсан Тунхаглал, 1915 оны Гурван талын Гэрээнд тус тус тусгалаа олсон байдаг).
Монголын талаар явуулж байсан хоёрдмол шинжтэй эл бодлогыг хаант Орос улс дэлхийн нэгдүгээр дайны өмнө эхлүүлж, түүнийг нь дэлхийн хоёрдугаар дайн дуустал ЗХУ үргэлжлүүлсээр ирсэн юм. Их гүрний эл бодлогын үндэс шалтгаан, эх сурвалж үлэмж олон байж таарна. Жишээ нь «Монгол нь Хятад улсын нэгэн хэсэг мөн» хэмээн Орос улс (ЗХУ) байн байн тунхаглаад байсны шалтгаан бол болгоомжлол юм. Дэлхийн хоёр дайны хоорондох үед эл гүрэн бусад их гүрнээс илүү гарах хүч чадавхи, хүчирхэг хамсаатны аль аль нь байсангүй Тийм ч учраас нэгд, Монголын талаар Японтой байгуулсан нууц олон гэрээнийхээ заалтыг (тэдгээр гэрээнд Монголыг Орос улсын нөлөөллийн хүрээнд хамрагдсан хэдий ч Хятад улсын нэгэн хэсэг хэвээр байна гэсэн утгатай заалт бий) баримтласангүй гэсэн ял, зэмлэл хүлээж улмаар 1905 оны дайны үр дүнг эргэн хянах шаардлага гарч, бүр цаашилбал шинэ дайны аюул заналтай тулгарахаас болгоомжилж байв. Хоёрт, «Хятад улсыг хэрхэвч задпан бутаргаж болохгүй» хэмээн АНУ, Их Британи, Франц, Герман зэрэг их гүрнүүд тохиролцсон зөвшлийн эсрэг бодлого явуулсанд тооцогдож улмаар эдгээр хүчирхэг гүрнүүдтэй харилцаагаа хурцатгахаас болгоомжилж байв Гуравт, хэдийгээр Орос улсаас цэрэг- эдийн засгийн хувьд дутмаг ч гэлээ үй олон хүн амтай, нутаг дэвсгэр томтойгоос гадна өөртэй нь шууд хил залгаа Хятад Улстай Монголын тухай асуудлаар илт сөргөлдсөний улмаас хурцадмал байдал бий болохоос болгоомжилж байв.
Тийнхүү болгоомжилж байсан хэрнээ Монгол Улсыг өөртөө татах зорилгоор нэн идэвхтэй бодлого олон жилийн турш тууштай хэрэгжүүлж байсны үндсэн хоёр шалтгааныг дурдаж болох юм. Үүний нэгдэх нь, Монгол Улсын геостратегийн байршил, ач холбогдол юм. Монгол Улсыг өөртөө татаж, хараа хяналт дороо байлгаснаараа хаант Орос Улс (дараа нь ЗХУ) нь Дорнод Сибирийн аж үйлдвэрийн бүс нутгийнхаа болон Транс-Сибирийн тээврийн сүлжээнийхээ аюулгүй байдлыг илүү найдвартай хамгаалах боломжтой болов. Нөгөөтэйгүүр тус их гүрний цэргийн хүч Монголын нутаг дэвсгэрт байрласан нөхцөлд Бээжин, Манжуурын чиглэлд болзошгүй давшилт хийх орон зайн болон цаг хугацааны үлэмж давуу тал олж улмаар үүнийгээ ашиглан эсрэг талдаа шаардлагатай үед улс төрийн даралт шахалт үзүүлэх өөр нэгэн боломж нээгдэж байв.
Хоёрдахь шалтгаан нь: Монгол орны байгалийн баялгийг хямд үнээр, үлэмж хэмжээгээр байнга авч байх бололцоо юм. Энэ нь Монгол Улс стратегийн ач холбогдол тодрон гарч ирэхээс өмнө ч, тэрхүү ач холбогдол нь хэзээ нэгэн цагт үгүй болсон ч хөрш их гүрнүүдийн анхаарал татаж байсан ба цаашид ч татаж байх чухал хүчин зүйл билээ.
Хаант Орос Монгол дахь худалдаа, эдийн засгийн эрх ашгаа хамгаалахын тулд бусад улс оронтой ширүүн өрсөлдөн тэмцэлдэж байсан түүх XVII зуунаас эхэлж 1917 оноор дууссан байдаг.

ЗХУ ч гэсэн Монгол дахь эдийн засгийн ашиг сонирхлоо ханган хамгаалахыг бүр эхнээсээ зорьж байсан нь тодорхой. Ганц жишээ дурдахад Сталин 1929 онд хэлсэн үгэндээ «Монгол Улсын таван жилийн төлөвлөгөөг тус орны нөөц баялгийг дээд зэргээр дайчлан улмаар Зөвлөлт орныг аж .үйлдвэржүүлэх зорилгод бүрэн нийцүүлэх байдлаар хийсэн байх байв. (И.Л.Баевский, «Хозяйство Монголии», Москва, Политиздат, 1929, тал 29) Гэхдээ Монгол улс ч ЗХУ-тай худалдаа, эдийн засгийн салбарт хамтран ажиллах явцдаа өөрийн эрх ашгаа хангахыг хичээж байв. Юутай ч гэлээ цаашдын хөгжлийнхөө тодорхой бааз суурийг бүрдүүлж чадсаныг үгүйсгэх аргагүй гэж дүгнэсэн байдаг. (О.К.Хэмфри, «Монголын тухай бичил судалгаа», Нью-Йорк, Прэгэр. 1957, тал 27).Монголыг чиглэсэн цэрэг- стратегийн болон эдийн засгийн энэ хоёр үндсэн учир шалтгаанаас гадна улс төр, үзэл суртлын гэмээр ашиг сонирхол зэрэгцэн оршиж байв. Гэхдээ тэр нь хаант Оросод бус зөвхөн ЗХУ-д хамаарах юм. Тэрхүү ашиг сонирхол нь «дэлхийн пролетарийн их хувьсгалын тухай» болон «хөгжилтэй орны пролетари нарын тусламжид түшиглэн ядуу буурай орон капитализмыг алгасч социализмд шилжих боломжийн тухай» Лениний сургаалаас үүдэлтэй бөгөөд Монгол Улс эл сургаал амжилттай хэрэгжиж байгаагийн жишээ болох учиртай байлаа. Хөрш их гүрний улс төр, үзэл суртлын энэ ашиг сонирхол нь эдийн засгийн үндсэн ашиг сонирхлоос нь илүү ач холбогдолтой болдог байсан үе бий. Ийм үе нь Монгол Улсын нийгэм-эдийн засгийн хөгжилд нааштай нөлөө үзүүлж байв.Харин улс төр, үзэл суртлын ашиг сонирхол нь цэрэг-стратегийн үндсэн ашиг сонирхлоос илүүд үзэгдэж байсан үе Монголын талаархи их гүрнүүдийн гадаад бодлогын түүхэнд гарч байсангүй. Өөр бусад их гүрэн болон жижиг орны хоорондын харилцааны түүхээс ч тийм үе олдохгүй биз ээ.
Нэр, нидэр хоёрын зөрүү
Ном сөхөж үзвээс Орос-Японы гэрээ байгуулж байх үед Монголтой холбож «статус кво» гэсэн үг хэрэглэж байжээ. Гэхдээ «статус кво» буюу «тухайн байдал» хэмээх эрх зүйн хэвшмэл хэллэгийг хэдийд ч, юутай ч холбож хэрэглэж болно л доо. Нөгөөтэйгүүр дэлхийн нэгдүгээр дайны өмнөх үеийн Монгол Улсын «статус кво», дэлхийн хоёрдугаар дайны төгсгөлийн үеийн Монгол Улсын «статус кво» гэдэг нь хоорондоо зарчмын том ялгаатай хоёр өөр зүйл гэлтэй. «Нэрэн дээрээ, нидэр дээрээ» гэж утгачлан орчуулж болох «де юрэ, де факто» хэмээх эрх зүйн өөр нэг хэллэг ч байдаг
1907 онд Монгол Улс нэрэн дээрээ ч, нидэр дээрээ ч Манжийн Чин улсын хэсэг байлаа Хятад ч гэсэн де факто биш гэхэд де юрэ Чин улсын нэгэн хэсэг бас л байсан. Бараг 300 жил оршин тогтносон Чин улс 1911 онд задран унахад Манжийн дарлалд байсан Хятад ч тэр Монгол ч тэр цаашдын хөгжлийнхөө замаа сонгох эрхээ адил олж авсан билээ. Гэтэл эрх чөлөөгөө адил олж авсан хоёр улсын нэгийг нөгөөгийнх нь харьяа улс болгон де факто тунхаглана гэдэг олон улсын эрх зүйн зарчимд ч ердийн шудрага ёсонд ч нийцэхгүй Үүнийг эс өгүүлэн өгүүлэхэд Монгол Улсыг де факто, де юрэ аль ч талаас нь Хятадын хэсэг мөн гэж Орос-Японы гэрээнд тусгагдсан ийм «статус квог» Ялтын уулзалтаар баталгаажуулах гэж Сталин зүтгээгүй нь лавтай.
1945 оны эхэн үеийн буюу Ялтын Бага хурап хуралдаж байх үеийн Монгол Улсын де юрэ «статус кво» нь нэн бүрхэг, харин де факто «статус кво» нь нэн тодорхой байсан билээ. Өөрөөр хэлбэл Монгол Улсыг эрх зүйн статусынх нь хувьд тусгаар улс гэх үү, харъяа улс гэх үү гэдэг нь маргаантай, харин улс төрийн статусынх нь хувьд өөрийгөө «тусгаар тогтносон» хэмээн үздэг Зөвлөлтийн дагуул улс болсон нь маргаангүй байв. Сталин чухамхүү ийм «статус квог» баталгаажуулах гэж АНУ, Хятадын удирдагчдыг аргадаж, айлгахыг хослуулан байж өөртөө ашигтай шийдвэр гаргуулж авсан түүхтэй билээ.
Үүнээс хойш 50 жил өнгөрчээ. Өнөөгийн Монгол Улсыг де юрэ «бүрэн эрхт, тусгаар тогтносон улс» гэдгийг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрч байна. Энэ бол нэгэнт маргаангүй болсон зүйл. Харин Монгол Улсын өнөөгийн де факто «статус кво-г» БИД өөрсдөө болон өрөөл бусад улс төсөөлж байдаг бол оо?

1995 оны наймдугаар сарын 30
БХЯ-ны Стратегийн судалгааны хүрээлэнгийн дэд захирал Санжийн БАЯР


URL:

Сэтгэгдэл бичих