Тоглоомгүй цэцэрлэгтэй танилцсан нь

62f33e 1864 x678

Тоглоомон машин, барби хүүхэлдэй, чихмэл тоглоомгүй цэцэрлэг байдаг талаар та өмнө нь сонсч байсан уу.

Тэгвэл манайд ийм цэцэрлэг байдаг юм байна. Баянзүрх дүүргийн 13 дугаар хороололд байрлах “Ягаан цамхаг” монтессори цэцэрлэгт очиж сонирхлоо. Өглөө хүүхдүүд цэцэрлэгтээ их дуртай ирж байгаа нь харагдаж байсан юм. Бага насны хүүхэд цэцэрлэгтээ ирэхдээ машин, хүүхэлдэй, бөмбөгөө авч явж байгаа харагддаг.

Гэтэл ээжтэйгээ хамт ирсэн нэг хүү “Би өнөөдөр цэцэрлэгтээ машинаа авчраагүй. Ном, харандаагаа авчирсан” хэмээн хэлж байгаа нь сонсогдлоо. Хүүхдүүд гэртээ тоглоомоороо тоглож болох ч цэцэрлэгтээ авчрахыг хориглодог байна.

Тус цэцэрлэг нь гурван бүлэгтэй, 2-6 насны 50 гаруй хүүхэдтэй. Нэг бүлэгт хоёр болон гурван настай хүүхдүүдийг хамтад нь хуваарилдаг аж. Учир нь холимог насны хүүхдүүд хамт байснаар бие биеэсээ харилцан суралцах нь хурдан байдаг хэмээн цэцэрлэгийн эрхлэгч Д.Гэрэлтуяа хэлж байсан юм.

Монтессорийн хичээлүүд өдөр бүр 09:30-11:00 цагийн хооронд ордог ажээ. Ингээд 4-5 насны хүүхдүүдтэй дунд ангийн бүлэгтэй танилцлаа. Хүүхэд бүр өөр өөрийн сонирхолтой зүйлсийг хийгээд завгүй сууна.

Гурван хүүхэд хамтдаа 1-200 хүртэлх тоог дэс дараагаар нь эвлүүлэн суух аж. Тэд тоогоо эвлүүлэх бүрдээ дэвтэр дээр тэмдэглэнэ. Өөр нэг буланд хоёр охин хувинд хийсэн усаар сандал, ширээгээ угаагаад зугаатай зогсоно.

Харин багшийн хажууханд хэдэн хүүхдүүд элдсэн гурилыг хэвлэж янз бүрийн дүрс хийж байх юм. Ангийн орчинг харахад тоглоомон машин, хүүхэлдэй, чихмэл тоглоом, унадаг морь гээд байхаар зүйл алга. Оронд нь олон төрлийн жижиг, том модон дүрс, хуванцар хувин аяга, таваг, хогийн шүүр, эвлүүлдэг газрын зураг, төрөл бүрийн хэлхээтэй шүр зэрэг сонин эд зүйл олон байв.

Энэ бүхэн ямар учиртайг лавлахад “Хүүхэд машин, хүүхэлдэйгээр тоглоод хоёр цаг болоход л уйддаг. Харин аяга угаах, гурил элдэх, шүр хэлхэх, зураг зурах, зурагтай ном үзэхдээ анхаарлаа 20 минутаас дээш хугацаанд төвлөрүүлж чаддаг.

Энэ үйлдлүүдийг тогтмол хийснээр хүүхэд хамгийн түрүүнд тэвчээртэй сууж сурдаг. Нөгөө талаар хүүхдийн харах, сонсох, ярих, мэдрэх чадвар зэрэг хөгждөгийг монтессорийн шинжлэх ухаан баталсан юм” гэж тайлбарлав.

Дараа нь 5-6 настай хүүхдүүдийн ангид ороход хүүхдүүд нь багштайгаа чөлөөтэй харилцаж байгаа нь ил харагдлаа. Биднийг ороход таван настай охин “Багшаа энэ газрын зургийг би өөрөө эвлүүлсэн. Одоо өөр зураг эвлүүлмээр байна” гэсээр өмнөөс гүйж ирлээ.

Хүүхдүүдийн юу хийж байгааг сонирхох зуур Д.Гэрэлтуяа эрхлэгч хүүхдүүдэд шүр хэлхэх, зураг зурах, монтессорийн хэл яриа, мэдрэхүйн хичээл хийхийг санал болгож байлаа. Ангид зүгээр сууж байгаа хүүхэд харагдсангүй. Бүгд л дор дороо завгүй. Нэг хүүхэд нь модоор хийсэн гуталны үдээс үдэж байхад нөгөөдөх нь модон дүрснүүдийг жижиг, томоор нь эвлүүлж хийж байх юм.

Энэ бүхэн хүүхдийн оюун ухааныг хөгжүүлэхэд ямар үр дүнтэй байдаг талаар багшаас асуухад “Хүмүүс боловсролыг танхимаар олгодог эсвэл хүүхдэд зайлшгүй юм зааж сургах ёстой гэж ойлгодог.

Харин монтессорийн онолоор хүүхэд бүрийн хувийн онцлогийг эрхэмлэн сургалтаа явуулдаг. Энгийн мэт эдгээр ажилбарууд нь хүүхдийг бие дааж сурах, өөрөө өөрийгөө таньж мэдэхэд чухал гэдгийг Италийн эрдэмтэн М.Монтессори нээсэн” гэж хэллээ. Анги бүхэнд байгаа ажилбар буюу оюун ухаан хөгжүүлэх тоглоомууд нь төрөл бүрээс нэг байдаг гэнэ. Учир нь хүүхэд нэгийгээ тоглож дуустал нь хүлээх болдог.

Ингэснээр хүүхдийг багаас нь аливаа зүйлд тэвчээртэй, хүлээцтэй, хандаж сургадаг байна. Тус цэцэрлэгийн хүүхдүүд өөр өөрсдийн дуртай зүйлээ хийхээс гадна монтессорийн боловсролоор мэргэшсэн Д.Гэрэлтуяа багш унших, бичих, тоолох, мэдрэхүй болон амьдрах ухааны хичээл заадаг байна.

Хичээлийн цаг болоход тэднийг суулгаад хичээл заах арга барилаас татгалздаг аж. Харин 3-4 хүүхдийг нэг баг болгон хичээл заахын зэрэгцээ харилцан ярьж, тайлбарлах зэргээр тэднийг сургадаг ажээ. Хүүхэд чөлөөтэй байгаа үедээ сайн суралцдаг талаар цэцэрлэгийн багш нар тайлбарлав.

Тиймээс хүүхдүүд нэг тойргийн хичээлийг сонирхохоо болиход нөгөө тойргийн хичээлд суух боломжтой байдаг. Мөн монтессорийн шинжлэх ухаан нь мэдрэхүй дээр суурилсан боловсрол олгодог. Ангид байгаа бүх зүйлд гараараа хүрч байна гэдэг нь юмны шинж чанарыг мэдэрч байгаа гэсэн үг.

Зөвхөн харах эсвэл сонсох нь хангалтгүй. Заавал хүрч, мэдэрч байж хүүхэд сайн сурдаг байна. Хүүхдийг уйдааж, залхаахгүйн тулд монтессорийн түүх соёл, нарны аймаг, хүний биеийн анатоми зэрэг сонирхолтой хичээл ч ордог аж. Тэднийг хичээлдээ хэрхэн оролцож байгаатай танилцах үед монтессорийн “Алтан шүр” нэртэй хичээл сонирхолтой байлаа.

Энэ хичээлээр хүүхдүүд нэгж, аравт, зуут, мянгатын оронтой танилцдаг. Ингэснээр хүүхэд математикийн дөрвөн аргийг аяндаа сурах давуу талтай байдаг байна. Сүүлийн үед монтессорийн боловсролыг Англи, АНУ, Япон, БНХАУ, БНСУ-д түгээмэл хэрэглэдэг болжээ.

Италийн анхны эмэгтэй эмч, нэрт сурган хүмүүжүүлэгч, сэтгэл судлаач М.Монтессори өөрийн амьдралын 50 гаруй жилийг бага насны хүүхдийг шинжлэх ухааны аргаар хүмүүжүүлэхэд зориулсан түүхтэй. Тиймээс хүүхэлдэй, чихмэл тоглоомоор тоглохоос илүү энгийн мэт боловч гутлаа үдэж, хувцсаа эвхэхээс хүүхдийн хүмүүжлийн бат бэх суурь тавигддагийг тэрээр нотолжээ.

Д.Гэрэлтуяа багш долоон жилийн өмнө монтессорийн боловсролыг Энэтхэг улсад эзэмшиж ирээд цэцэрлэгээ байгуулжээ. Монтессорийн боловс­рол олгох систем нь сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж байгаа хүүхдүүдэд хамгийн үр дүнтэй байдаг талаар эцэг, эхчүүд ч ам сайтай байдаг аж. Монголд энэ чиглэлээр сургалт явуулдаг цэцэрлэг ховор байдаг.

Одоогийн байдлаар “Ягаан цамхаг”, “Орчлон” цэцэрлэг монтессорийн боловсролын системийг хэрэгжүүлж байна. Манайх “Хүүхэд нэг бүрийг хөгжүүлнэ хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Үнэхээр хүүхэд бүрийг хөгжүүлье гэвэл тэдний хувийн онцлогийг тооцох хэрэгтэй. Яагаад гэвэл хүүхэд бүрийн сурах арга барил, хурд, зан төлөв харилцан адилгүй байдаг. Энэ бүгдийг сайн тооцож, боловсруулж чадвал хүүхэд ерөнхий боловсролын сургуульд орохдоо суралцах чадвартай болдог” хэмээн Д.Гэрэлтуяа багш ярьж байлаа.


URL:

Сэтгэгдэл бичих