“Морьтон монголчууд” Чех улсад

 

 

http://www.mfa.gov.mn/images/20131218-obalka_mongolsko_web.jpg

Чехээс Монгол Улс руу аялж буй жуулчдад зориулсан гарын авлага  болох “Морьтон монголчууд” ном Чехийн Брно хотноо хэвлэгдэн гарав.

Уг номын зохиолч Петр Ягода-г Монгол Улсаас тус улсад суугаа Элчин сайд Д. Зүмбэрэллхам хүлээн авч уулзан, Монгол орныг БНЧУ-д  эерэгээр сурталчлан таниулах, Чехээс Монголд аялагчдын тоог нэмэгдүүлэхэд  оруулж буй хувь нэмрийг нь үнэлэн ЭСЯ-ны Өргөмжлөл гардуулж, талархал илэрхийлэв.

Чехийн Жуулчдын клубын ерөнхийлөгч, Африк, Азийн  олон орноор аялж 10 гаруй ном бичсэн П.Ягода 2006 онд мориор хоёр сарын турш Хөвсгөлийн цаатангуудын нутгаас Өмнөговийн Ёлын ам хүртэл газар нутгаар хөндлөн гулд аялж явахдаа төрсөн сэтгэгдэл, авсан гэрэл зургууддаа түшиглэн уг номыг бүтээжээ.

Сүүлийн 30 шахам жилд  анх удаа Чех зохиогчийн бие даан бичсэн,  Монгол руу  аялагчдад зориулсан лавлах ном ийн гарч байгаа нь онцлог юм. Монголын байгалийн үзэсгэлэнт газрууд, монгол ахуйг харуулсан 40 шахам хуудас гэрэл зураг бүхий 214 хуудастэй уг  ном Чехэд уншигч олны анхаарлыг багагүй татаж байна. Ном хэвлэгдэн гараад сар хүрээгүй байхад  Чехийн телевиз, радиогоор  дөрвөн удаа мэдээ, ярилцлага, нэвтрүүлэг гараад байна.

Жилд 800 орчим жуулчин Чехээс Монголд аялдаг гэсэн тоо бий. “Морьтон монголчууд”  ном гарснаар БНЧУ, БНСлУ болон славян хэлтэй бусад орноос манай улс руу аялах сонирхолтой иргэдийн тоо өсөн нэмэгдэх нь дамжиггүй. Уг ном хэвлэгдэн олны хүртээл болоход нь Прагад суугаа  Монголын ЭСЯ зохих хандив өргөж дэмжлэг үзүүлсэнд номын зохиогч  П.Ягода хариу талархал илэрхийлэв.


URL:

Сэтгэгдэл бичих