Л.Гантөмөр: Архаг парламентчид пропорционалиас ухрах шалтаг гаргаж байна

Парламентын ээлжит сонгууль хэрүүл маргаангүй өндөрлөж байсан удаагүй. Үүний гол учир нь мажоритар тогтолцоогоор сонгууль явуулж байсантай холбоотой гэж түшээд үзсэн.Тиймээс хуульд шинэчилсэн найруулга хийж, УИХ-аар хэлэлцүүлж эхэлсэн юм.Уг хуулийн талаар УИХ-ын гишүүн Л.Гантөмөртэй ярилцлаа.
-Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байгаа. Хэр сайн төсөл болсон гэж бодож байна вэ?

-Үнэлэлт дүгнэлт өгөхөд арай эрт байна. Одоо л дөнгөж хэлэлцэн эхэлж байгаа шүү дээ. Монголчууд дөрөв, таван сонгууль өгчихлөө. Ер нь, хэнд хэрхэн саналаа өгөхөө мэддэг болсон байх. Бид баримталж байгаа хэд хэдэн зарчим бий.Тодруулбал, булхай луйвар гаргуулахгүй байх, сонгогчдын өгсөн санал парламентад тусгалаа олох гэх мэт. Өнөөдөр анхны хэлэлцүүлэгт нь бэлтгэх ажил ид явагдаж байна. Иргэд, иргэний нийгмийн байгууллага, намуудаас ирсэн 200 гаруй саналыг Байнгын хорооны хурлаар оруулж, дэмжих эсэхээр санал хураах болно. Мөн чуулганы нэгдсэн хуралдаанаар орох үед манай намын зүгээс тавьсан дээрх зарчим биеллээ олж уу гэдгийг нь харах юм.
-Холимог буюу 26 мажоритар, 50 пропорциональ байх дээр санал нэгдсэн гэж байгаа. Гэтэл зарим хүн тогтсон системгүй, бантан болгох нь гэж шүүмжлэх болсон?

-Дэлхий нийт ийм тогтолцоог хэрэглэж, нэрлэдэг юм. Холимог системээр сонгуулиа явуулбал иргэдийн санал парламентад тусгалаа олох болов уу гэж харж байгаа. Олон улс орон ийм маягаар сонгуулиа явуулаад удаж байна шүү дээ. Яагаад 26 тойрог нь мажоритар юм бэ гэх байх.Учир нь, засаг захиргааны нэгжүүд нь тодорхой хэмжээнд УИХ-тайгаа холбоотой байх зорилгоор л ийнхүү оруулахаар болсон хэрэг. Ийм ч шаардлага бий. Ямар учраас пропорциональ ч биш, мажоритар ч тогтолцоогүй болгох нь гээд байгааг сайн ойлгохгүй л байна.
-Аль ч систем сонгосон булхай луйвар гардаг гэж ярих нь бий. Хариуцлагын тогтолцоог    сайжруулснаар  дээрх зүйл гарахгүй гэх баталгаа бий юу?

-Жижиг тойргоор өрсөлдөхөөр нэр дэвшигчид нь сонгогчдыг худалдан авах бололцоотой болоод байгаа юм. Нэг ёсондоо үнэ хаялцуулах худалдаа болдог. Жишээлбэл, хоол идүүлэх, элдэв бэлэг тараах нь санал худалдаж авч буй нэг хэлбэр. Мөн тухайн тойрогт амьдардаггүй хүнийг авчирч санал өгүүлдэг.Энэ нь, иргэний үнэмлэх дээр байдаг наалтаас улбаатай бөгөөд Иргэний бүртгэл мэдээллийн төвд танил талтай хэсэг бүлэг хүмүүсийн хийдэг луйвар. Үүнээс гадна маш олон булхайтай зүйл гардаг. Саяхан хувь хишиг  хүртээхээр бүртгэл явуулсан. Уг бүртгэлээр нь л сонгуулиа явуулбал элдэв асуудал үүсэхгүй. Нэг үгээр хэлбэл,сонгууль болгоноор гардаг царцааны нүүдэл, санал худалдаж авах зэрэг булхай үгүй болох юм. Холимог систем нэвтэрснээр мөнгө тараах явдал ч багасах боломжтой.
-Цахим иргэний үнэмлэх олговол гарч буй  асуудал цэгцэрнэ гэж байсан?

-Хэрэв энэхүү асуудал батлагдчихвал одоогийн үнэмлэх дээр наалт наан дахин өөр газар очиж санал өгөх боломжгүй. Яагаад гэвэл цахим бүртгэлээр явах болохоор тэр.
-Санал тооллогын үед ч элдэв зүйл гарах нь бий?

-Бараг сонгууль болгоноор ийм асуудал үүсдэг. Ийм зүйлээс болж зарим газар ч дахин тоолж байсан шүү дээ. Энэхүү асуудлыг шийдэх үүднээс автоматаар тоолох нь зүйтэй гэж үзсэн. Хэрэв эргэлзэж байгаа  бол хөндлөнгийн хяналттайгаар гар аргаар тоолж болох юм гэж үзэж байгаа.
-Нэр дэвшигчид элдэв луйвар, булхайтай үйлдэл хийсэн нь нотлогдвол ямар арга хэмжээ авах вэ?

-Тийм зүйл гаргасан, мөнгө тараасан нь баримтаар нотлогдож илэрвэл хууль тогтоох дээд байгууллагын гишүүнээс эгүүлэн татдаг болгох заалт оруулах хэрэгтэй. Ийм арга хэмжээ авч, хариуцлага  тооцдог болчихвол луйвар хийх хүн гарахгүй гэж бодож байна.
-Өмнөх сонгуулиудын туршлагаас харахад хэсгийн хороод дээр л элдэв луйвар гарснаас сонгогчдын санал парламентад тусгалаа олдоггүй. Энэ талаар?

-Тийм.Үүнийг Эрүүгийн хуулиар  зохицуулах  юм.Тиймээс луйвар хийх юм бол гэмт хэрэгтэн болж хариуцлага хүлээнэ. Мөн төрийн албан хаагч буруутай зүйл хийвэл дахин тус албанд ажиллахгүй байх шийдвэр гаргана. Ерөнхийдөө төрийн албаны хүмүүс л хэсгийн хороонд ажилладаг. Иймээс дээрх арга хэмжээг авах талаар хуульчлах юм бол ямар нэгэн булхай, луйвар гарахгүй байх боломжтой. Дараа дараагийн сонгуулиудад ажиллах хэсгийн хороодын гишүүдийн оролцоог ч багасгах болно. Учир нь, нэрсийн жагсаалт гаргах, сонгогчийн үнэмлэх тараах шаардлагагүй, тоолох ч хэрэггүй. Ганцхан саналын хуудас хэд ирсэн, хайрцаг нь бүрэн бүтэн эсэх, иргэдэд тусламж үзүүлэх л үүрэг хүлээх юм.
-Пропорционалиар 50 нэр дэвшигч тодруулна.Тэгэхээр нам дотор нэрийн жагсаалт гаргах, чансааг нь тодорхойлох ажил өрнөх болно. Энэ нь, багагүй хэрүүл, маргаан өрнүүлэх болов уу?

-Үүнийг улс төрийн намууд дотооддоо л шийдэх ёстой. Энэ зэргийн асуудлыг хийж чадахгүй улс төрийн хүчин төрийн  эрх барьж, парламентад сууж чадахгүй шүү дээ. Ерөнхийдөө намуудын соёл, хөгжилтэй холбоотой л асуудал. Манай нам уг асуудлыг дотооддоо эвтэйхэн шийдэж чадна. Яагаад гэвэл, дандаа марафон, сунгаа, ҮЗХ-ны сонгууль зэргээ хийгээд сурчихсан.Тэгэхээр манайх шиг сонгуулиа хийгээд сурчихсан улс төрийн хүчний хувьд бол энэ айдас харьцангуй бага байх болов уу. Ер нь, бид иргэдийн хүсэн хүлээж байснаар рейтингээ жагсаах болно. Хоёрдугаарт, одоо явж байгаа төсөлд намд санал өгөхийг зэрэгцээ жагсаасан 50 хүний нэгд санал өгөхөөр тусгачихсан байгаа. Иймд тухайн хүн хэдэд жагсах нь огт хамаагүй зүйл. Иргэдээс санал авч чадаж уу, үгүй юу гэдэг нь чухал. Өөрөөр хэлбэл, сонгуулийн дараа иргэдээс авсан саналаараа эрэмбэлэгдэнэ. Ингэснээр тухайн хүн 50-д байна уу, нэгд үү гэдэг чухал биш. Олон нийтээс санал авч чадаагүй бол эхний тавд байсан ч сонгуулийн санал хураалтын дараа эрэмбээрээ доошоо орчихно. Энэ нь, маш шударга бөгөөд иргэдийн сонголт юм.
-Харин 26 тойргийн асуудлаа хэрхэн шийдэх бол?

-Ер нь, хуучин явуулж байсан томсгосон тойргоо л харж ийм тоо гаргаад байгаа. Магадгүй хотод тойрог нэмнэ гэвэл тооны харьцаанд өөрчлөлт орох байх. Ирэх сонгуулийн тогтолцоог нэг л биш гээд байгаа хүмүүс нь мажоритарыг дэмжиж, пропорционалийг боломжит хувилбараас хасах зорилготой юм.
-Энэ тогтолцоо нь “эцэг хууль”-тай харшилдана гэсэн яриа гарах боллоо?

-Сүүлийн үед МАН-ын дарга асан Баяр, УИХ-ын гишүүн Бат-Үүл нар холимог системээр явах нь Үндсэн хууль зөрчинө гэсэн зүйл яриад байгаа л даа. Энэ бол худлаа гэдгийг хэлэх хэрэгтэй. Холимог системээр санал хураалт явуулаад дуусахад юу сонгогдох юм бэ. Сонгуулийн үр дүнд юу бий болох юм гэсэн асуулт гарч байгаа.Тэгэхээр үр дүнд УИХ, ард түмнээ төлөөлөх гишүүнийг л сонгоно. Тийм биз дээ. Иймд санал хураалтын үр дүнгээр сонгогдох гэдэг л чухал болохоос саналаа хаашаа өгөх тухай Үндсэн хуулийн зохицуулалт байхгүй шүү дээ. Гишүүнийг сонгоно гэсэн болохоос биш гишүүнд санал өгнө гээгүй. Олон улсад шууд гэдэг үгийг тодорхойлсон байдаг.Тодруулбал, сонгогчийн санал парламентад тусгалаа олох.Үүнийг манай архаг парламентчид, хашир улстөрчид гуйвуулж яриад байгааг ойлгохгүй байна. Пропорционалиас ухрах л шалтаг гаргаж ирээд байх шиг.
-Худлаа гэдгийг яаж нотлох юм бэ?

-Дээд шүүхээс тайлбар гаргуулах хэрэгтэй. Санал хураалтын үр дүнд 76 гишүүн сонгогдож байгаа шүү дээ.Түүнээс биш гишүүнд санал өгөөд байгаа хэрэг биш. Ямар ч төлөөлөлгүйгээр парламентад орж ирэх гээд байгаа биш дээ.
-Магадгүй энэ нь нийгэмд буруу мэдээлэл тарааж байгаа хэрэг үү?

-Хуулийг гуйвуулж байна л гэж хэлье. Мөн пропорционалиас татгалзъя гэж уриалж байгаатай адил сонсогдож байна. Яагаад өнөөдрийг хүртэл иймэрхүү зүйл яриагүй хүмүүс ийм юм хэлэх болов гэдэг их сонин байна. Дээрх хоёр хүн дараалан Үндсэн хуультай харшилдана, өөрчлөлт хийх ёстой гэж ярьсан байх юм. Өнөөдөр эцэг хуульд өөрчлөлт хийх цаг хугацаа алга.Тийм боломжгүй,  хязгаарлагдмал орчинтой гэдгийг мэдсээр байж яагаад түүн рүү түлхэж байгаа нь хачирхалтай. Ерөнхийдөө холимог хувилбарыг унагах л гэсэн оролдлого боллоо. Баяр Ерөнхий сайд байхдаа таван төгөлдөршил яриад Үндсэн хуульд өөрчлөлт оруулахаа дурсаагүй. Бат-Үүл пропорционалийн талаар маш удаан ярьж байхад үүнийг сөхөж тавиагүй шүү дээ.
-Ер нь, хуулийг батлахгүй гацаах зорилготой гэсэн таамаг ч гарч болох. Мөн ирж буй сонгуулийг холимог хувилбараар явуулахгүй байх алхам болов уу?

-Хэлж мэдэхгүй юм. Гэхдээ тиймэрхүү хардлага төрж байна. Дөнгөж хэлэлцээд эхлэхээр зэрэг зэрэг дуугараад байх нь ямар учиртай юм бол.Бид улс орны хэмжээнд бодлого гаргадаг парламенттай болох зорилго тавин ажиллаж  байна.” Өнөөдөр зөвхөн жалга довны хэрүүл хийн сууж байна.Үүнээсээ татгалзаж жалга„ довны парламентаа улсынх болгох л гэсэн хэрэг.

Э.Мөнгөнбаяр
vip76.mn


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.