Малайзад амиа алдсан бүсгүйн хэрэгт холбоотой байж магадгүй 2-3 хүнийг шалгаж байна

6htek244t635cl3gvn8i8mtr9lӨнгөрсөн арваннэгдүгээр сард манай улсын иргэн 25 настай Э гэгч эмэгтэй Малайз улсад учир битүүлгээр амиа алдсан хэрэг гарсан. Тус улсын цагдаагийн байгууллагынхан бүсгүйг өөрийгөө егүүтгэсэн гэх мэдээллийг ар гэрийнхэнд нь өгөөд байгаа. Харин гэр бүлийнхэн нь амиа хорлосон гэж үзэхгүй байгаа. Харин талийгаачийн ар гэрийнхэн охиныгоо хэн нэгний эрхшээлд орон, бусдад худалдагдсан гэх мэдээллийг өгч байгаа юм.

Учир нь талийгаач Малайз улсад очсоноосоо хойш жил гаруйн хугацаанд ар гэрийнхэн рүүгээ ярьж, өөрийгөө бусдад худалдагдсан, заналхийлэл дунд хоригдож байгаа тухайгаа хэлж, аврал эрж байсан гэнэ.

Ар гэрийнхэнтэй холбогдохгүй сураг тасраад байсан бүсгүй 2013 оны аравдугаар сард ах руугаа утас цохин “Хүмүүс намайг зодсон. Би зутгааж байна. Миний бичиг баримтыг өгөхгүй байна” хэмээн хэн нэгнээс зугтааж байгаа бололтой амьсгаадан яриад утас нь тасарчээ. Үүний дараахан ээж рүүгээ яриад “Ээж ээ, би бичиг баримтаа хураалгасан. Энэ эзэн намайг зодоод байна. Би эндээс зугтаагаад эмнэлэгт хэвтсэн. Тэгээд эмнэлгээсээ оргоод өөр газарт нуугдаж байна. Бушуухан монголдоо очмоор байна. Миний иргэний үнэмлэхийн хуулбарыг и-мэйл хаягаар яаралтай явуулаарай. Гадаад паспорт гаргуулахад туслах хүн байгаа. Би хоёр ихэр монгол охин бас нэг эгчтэй танилцаад хамт амьдарч байгаа” гэж ярьсан байна.

Хүний наймааны золиос болсоноо хэлж, мессеж хүртэл бичсэнээс үзэхэд амиа хорлосон гэх үндэслэл байхгүй хэмээн ар гэрийнхэн нь үзэж байгаа юм.

Талийгаачийн цогцосыг эх оронд нь авч ирэхээр талийгаачийн ар гэрийнхэн болон Хууль зүйн яамнаас томилогдсон мэргэжилтнүүд өчигдөр Малайз улсыг зорьсон.

Энэ хэрэгт холбоотой байж магадгүй гэсэн Монголд байгаа 2-3 хүнийг шалгаж заримаас нь байцаалт авж эхлэсэн тухай эх сурвалж мэдэгдэв.

Ж.ЦАЦРАЛ

ЭХ СУРВАЛЖ: WWW.FACT.MN


URL:

Сэтгэгдэл бичих