“Монгол, Орос, Хятад гурван улсыг дамнасан төмөр замын умард коридор” сэдэвт гурван талт анхдугаар зөвлөгөөн амжилттай боллоо

DSC08039

Монгол Улсын Засгийн газар, Зам, тээврийн яам санаачлан “Монгол, Орос, Хятад гурван улсыг дамнасан төмөр замын тээврийн “Умард коридор” сэдэвт гурван талт анхдугаар зөвлөгөөнийг амжилттай  зохион байгууллаа. Зөвлөгөөнийг нээж Зам, тээврийн сайд А.Гансүх үг хэлсэн бөгөөд Оросын төлөөлөгчдийг ОХУ-ын  Холбооны төмөр замын агентлагийн орлогч дарга И.В.Мицук, Хятадын төлөөлөгчдийг тус улсын Төрийн төмөр замын ерөнхий газрын орлогч дарга Цэнь Ланьхуа нар ахлан иржээ.

Зөвлөгөөний эхэнд оролцогч талууд харилцан мэндчилгээ дэвшүүлж, дараа нь Зам, тээврийн яамны Далайн тээвэр, төмөр замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ё.Манлайбаяр “Төрөөс төмөр замын  тээврийн талаар баримтлах бодлого”-ын хүрээнд төмөр замын дамжин өнгөрүүлэх тээврийг хөгжүүлэх зорилт, “Улаанбаатар төмөр зам”-ыг хүчжүүлэхэд хөршүүдтэйгээ хэрхэн хамтарч ажиллах  талаар илтгэсэн. Мөн Монгол Улсын төмөр замын өнөөгийн байдал, гол замын техникийн шинэчлэлийн талаар “Улаанбаатар төмөр зам”-ын даргын үүрэг гүйцэтгэгч Г.Сэрээнэндорж танилцууллаа.

Зөвлөгөөн үдээс хойш ОХУ, БНХАУ-ын төлөөлөгчдийн илтгэлээр үргэлжиллээ. Тэд, БНХАУ-ОХУ, БНХАУ-Европ хоорондын бараа эргэлтийн төлөв, Монгол Улс руу чиглэсэн төмөр замууд, Монголын нутгаар дамжин өнгөрөх төмөр замын тээврийн замналын гүйцэтгэх үүрэг, “Улаанбаатар төмөр зам”-ын техникийн шинэчлэлд гурван улс хамтран ажиллах нь гэсэн сэдвүүдийн хүрээнд ярилцав. Хятадын  талаас Эрээн-Жинин хэсгийн төмөр замыг, Оросын талаас Улаан-Үүд – Наушки  хэсгийн төмөр замыг бэхжүүлэх шаардлагын талаар илтгэсэн.

Зөвлөгөөний үр дүнд талууд гурван улсыг дамнасан төмөр замын тээврийг хөгжүүлэхэд хамтын хүчин чармайлт гаргаж ажиллахаа нотлосон мэдэгдэл гаргаж, түүнд Улаа-Үүд – Наушки – Сүхбаатар – Замын-Үүд – Эрээн – Жинин чиглэлийн төмөр замын дамжин өнгөрөх тээврийг хөгжүүлэхэд цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний нэгдсэн төлөвлөгөөг 2014 оны эхний улиралд багтаан хамтран боловсруулахаар тохиролцлоо.

МэдэгдэлдЗам, тээврийн яамны Далайн тээвэр, төмөр замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ё.Манлайбаяр, ОХУ-ын Төмөр замын холбооны агентлагийн орлогч дарга И.В.Мицук, БНХАУ-ын Төрийн төмөр замын ерөнхий газрын орлогч дарга Цэнь Ланьхуа нар үзэглэв.

Зөвлөгөөнийг Монгол Улсын Засгийн газраас санаачлан зохион байгуулсан нь Засгийн газар дамжин өнгөрөх тээврийн асуудалд онцгой анхаарч байгаагийн илрэл юм.


URL:

Сэтгэгдэл бичих