Б.Саруул: Талийгаач байнга хар тамхи хэрэглэдэг байсан

03d49c_1910_x678

Малайзад амиа алдсан монгол бүсгүй бусдын гарт амь үрэгдэв үү, эсвэл амиа хорлов уу гэдэг нь өнөөг хүртэл тодорхойгүй байна.

Монголын цагдаагийн байгууллага Малайзын цагдаагийн газар болон Интерполд хандаж иргэнийхээ амь нас эрсэдсэн асуудалтай холбоотой баримт, мэдээлэл ирүүлэхийг хүссэн.

Хамгийн сүүлд гэхэд, Монголын талаас “Талийгаач Б.Э-ийн найз залуу энэ хэрэгт ямар нэгэн байдлаар холбоотой байх вий. Түүнийг асууж тодруулж шалгаж өгөөч” гэх хүсэлтийг явуулсан гэх мэдээ байна. Гэвч ямар нэг хариу ирээгүй тухай Хууль зүйн яамныхан хэлж байгаа юм.

Тэгвэл ээдрээ дагуулсан энэ хэрэгт шалгагдаж байгаа ихэр охидын нэгийг бид олж уулзлаа.

Түүнтэй ярилцснаа уншигч танд хүргэж байна. Амь нас, аюулгүй байдлаа хангах үүднээс нэрээ нууцлахыг хүссэн учраас түүнийг Б.Саруул гэж нэрлэе. Тэрээр Малайзаас ирээд удаагүй бөгөөд хэвлэл мэдээллийн хэрэгслээр гараад байгаа “Ихэр охид талийгаачийг Малайз улс руу аваачсан. Удалгүй бусдад зарсан” гэх мэдээлэлд тайлбар өглөө.

Дүгнэлтийг уншигч танд үлдээж, түүнтэй ярилцсанаа элдэв нэмэр, хачиргүйгээр хүргэж байна.

-Таныг Малайзад амиа алдсан Б.Э-ийн хэрэгт шалгагдаж байгаа гэж сонссон. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр өөрийг чинь Б.Э-г Монголоос дуудаж аваачаад улмаар худалдсан тухай мэдээлэл их гарч байна. Та талийгаачтай ямар харилцаатай байсан хүн бэ?

-Үнэхээр гайхаж цочирдмоор мэдээлэл гарч байна. Өөрийгөө хэвлэлийн хуудаснаа элдвээр дуудагдаж бичиж байгааг уншаад үнэхээр их цочирдлоо. Би энэ хэрэгт ямар ч хамааралгүй хүн. Ийм байтал элдвээр холбож бичээд байна. Бодит байдалд юу болсныг хэлье.

Монголоос бид цуг яваагүй. Дуудаж ч аваачаагүй. Таних ч үгүй. Манай ихэр нэг сургуульд хамт сурдаг найз эгчтэйгээ түрээсийн байранд хамт амьдардаг юм. Түрээсийн төлбөр монгол төгрөгөөр сардаа нэг сая гаруй. Тэгээд ихэр маань түрээсийн төлбөрөө хоёр хүнд хуваахаар их гараад байна өөр нэг охинтой хамт амьдрах юмсан гэж ярьж байсан. Үүнийх нь дагуу Б.Э ихэр болон түүний найз эгчтэй хоёр сар хамт амьдарсан юм. Талийгаач өөрөө ч “Орон гэргүй хэцүү байна. Нэг хэсэгтээ цуг байя” гэж хэлээд хамт амьдарч эхэлсэн нь тэр. Гэхдээ ердөө хоёрхон сар л хамт байсан.

-Тэр нь хэзээнээс хэдий хүртэлх хугацаа билээ?

-Энэ оны гуравдугаар сарын 8-нд ихрийнд очоод тавдугаар сарын сүүлээр тэднийхээс явсан гэсэн. Яах вэ, ихрийнд амьдардаг болохоос нь өмнө нэг удаа харж байсан. “Монголоос саяхан ирсэн” гээд нэг охинтой явж байхад нь танилцаад өнгөрсөн. Ер нь талийгаач манай ихэртэй хамт амьдарч байхдаа байнга хар тамхи хэрэглэдэг байсан гэнэ лээ. Намайг худлаа ярьж, өөрийгөө өмгөөлж байна гэж битгий ойлгоорой. Б.Э ихэртэй маань цуг амьдрах хугацаандаа байнга хар тамхи хэрэглэж заримдаа бүр угаалгын өрөөнд нь хүртэл нуучихсан байсан гэсэн. Тэгээд “Чи ийм муухай зүйл яагаад хэрэглээд байгаа юм. Үүнээсээ гар” гээд загнахаар улайм цайм “Наадах чинь минийх биш” гээд мэлзэнэ. Сүүлдээ ч баригдсандаа бантсан уу, яасан “Турах гэж хэрэглэж байна. Тэгээд ч би гүнзгий ороогүй” гэж хариулдаг байсан гэнэ лээ. Хэрэглэчихсэн үедээ гөлийгөөд нэг л сонин болчихно. Үүнийг нь би харсан.

-Та түүнтэй хамгийн сүүлд хэзээ уулзав. Ихрийнхээс чинь өнгөрсөн тавдугаар сарын сүүлээр явсан гэсэн?

-Ихэр маань хичээлээ тараад ирсэн чинь гэрт нь бөөн залуучууд авчирчихсан хар тамхи татаад сууж байсан гэсэн. Тэгэхээр нь “Чамтай хамт амьдарч чадахгүй. Хар тамхи чинь аюултай гэдгийг яриад байтал ойлгохгүй бол уучлаарай” гэсэн чинь хувцсаа аваад гараад явчихсан юм билээ. Тэрнээс хойш тэдэнтэй холбоо огт бариагүй. Харин надтай бол уулзсан.

Одоо бодох нь ээ, амиа алдахаас нь хоёр сарын өмнө уулзсан юм байна. Энэ нь есдүгээр сар гэсэн үг. Тэр үед би ангийнхантайгаа шоудаад явж байхдаа түүн рүү залгаад “Хаана байгаа юм. Уулзах уу” гэхэд “Тэгье. Чи ирээд авчих. Манай найз залуу ажилдаа явсан. Байхгүй хойгуур нь гарахгүй бол хардаад болдоггүй юм” гэхээр нь би очиж аваад нэг орой наргисан юм. Хүмүүс наргисан гэхээр намайг шууд буруутгах л байх. Гэхдээ залуу хүний хувьд нэг пиво уух бол байх л асуудал шүү дээ. Тэр үед надтай хамт шоудаж байсан орос, казах найз охид маань “Танай найз чинь ямар сонин юм бэ. Хүний өөдөөс ч эгцэлж харж чадахгүй юм” гэж байсан юм. Магадгүй тэр үед хар тамхиа хэрэглэчихсэн байсан юм байлгүй. Тэгээд талийгаачийг маргааш өглөө гэрт нь хүргэж өгсөн. Түүнээс хойш уулзаагүй. Хааяа нэг утсаар ярьж, чатад үг солилцдог байсан.

-Тэр найз залуугийнхаа тухай ярьж байсан уу. Өөрийг нь зоддог дарамталдаг гэж?
-Нэг их ярьдаггүй байсан. Өөрөөсөө жаахан ах хүнтэй хамт амьдарч байгаа гэж л хэлж байсан.

-Хятадын иргэн гэж хэлсэн үү. Тийм мэдээлэл яваад байгаа?
-Энэ тухай хэлээгүй ээ. Түүний найз залуугийн талаар мэдэх юм алга.

-Талийгаач Малайз улсад ямар ажил хийдэг байсан юм. Сурахаар явсан гэж ээж нь хэлж байсан?
-Сурч байгаагүй. Зөвхөн ажил хийдэг байсан. Харин виз даруулахын тулд сургалтын төвүүдэд бүртгүүлдэг байсан байж магадгүй.

-Тэгвэл өөрийг чинь бичиг баримтыг нь бүтээж өгнө гэж авчихаад эцэст нь хүнд худалдаалсан тухай ээждээ мессеж бичсэн гээд байгаа шүү дээ. Үүнд ямар тайлбар өгөх вэ. Бичиг баримттай холбоотой ямар асуудал байсан юм бэ?
-Анх уулзахад л бичиг баримтгүй байсан. Асуусан чинь “Сургуульд сунгуулах гээд өгсөн” гэхээр нь “Ямар сургууль вэ” гээд ухаад асуухаар “Өөрөө хайж яваад олоод өгчихсөн” гэж хэлсэн. Дараа сураг сонсоход тэр сургуулиас нь виз даруулаад гарчихсан байсан. Паспортоо авахын тулд сургалтын төлбөр болох 2-3 мянган ам.долларыг төлөх ёстой. Гэвч сургалтын төлбөрөө ч төлөөгүй бас паспортоо ч аваагүй юм шиг байна лээ.

-Зөвхөн виз авах гэж сургалтын төвд бүртгүүлдэг байсан гэж үү?
-Тийм ээ. Визээ сунгуулах зорилгоор тэгсэн байх. Түүнээс биш сурдаггүй байсан.

-Ямар ажил хийдэг байсан юм бэ. Энэ талаараа танд ярина биз дээ?
-Караокед ажилладаг байсан.

-Ямар ажил хийдэг байсан бол?
-Яах вэ дээ, тийм нэг ажил хийхгүй юу.

-Тодруулахгүй юу?
-Биеэ үнэлдэг байсан юм шиг байна лээ. Манай ихрийнд амьдарч байхдаа тэдэнд “Би Монголд биеэ үнэлдэг байсан” гэж хэлж байсан гэсэн.

-Та хэтрүүлээгүй биз дээ. Өөрийгөө буруугүй мэт харагдуулахын тулд бусдыг элдвээр гүтгэж гүжирдэж байгаа юм биш үү?
-Өөрөө л тэгж хэлж байсан гэсэн шүү дээ. Би бол мэдэхгүй. Ихэрт маань л тэгж хэлж байсан гэсэн.

-Түүнийг хар тамхи хэрэглэдэг байсан тухай та хэлж байна. Үүнийг чинь батлах хүн бий юу?
-Стеллаг таньдаг бүх хүн мэднэ шүү дээ. Ер нь би талийгаачийг Б.Э гэж нэртэйг нь мэддэггүй байлаа. Цагдааг утасдаад дуудаж байцаахад нь л мэдсэн. Бидэнд монгол нэрээ огт хэлдэггүй байсан.

-Талийгаач ямархуу зан араншинтай хүн бэ. Таныг хамгийн сүүлд уулзахад сэтгэл гутралд орсон зүйл байсан уу?
-Ер нь бол айлын эрх гэмээр охин. Их дураараа. Ямар сайндаа ихэртэй маань хамт амьдарч байхдаа цэвэрлэгээ хувааж хийх нь битгий хэл байгаа хүнсийг нь хэрэглэчихдэг байсан гэсэн. Ар гэрийнхэнтэйгээ ч холбоо барихгүй. Гайхаад асуухаар “Ээж маань тал цус харвачихсан. Ахтайгаа муудалцсан учраас яримааргүй байна” гээд нэг ч удаа залгаж яриагүй гэнэ лээ. Гэрийнхнээ нэг их яриад байдаггүй.

-Хамгийн сүүлд уулзахад сэтгэл гутралд орсон зүйл байсан уу. Бусдаас айсан, эмээсэн зүйл ажиглагдсан уу?
-Зүгээр л байсан шүү дээ. Намайг гэрээс нь очиж авахад инээчихсэн л гарч ирсэн.

-Тэгвэл мансууруулах бодисоо яаж олдог байсан гэж. Малайзад хар тамхи тийм олдоцтой байдаг гэж үү?
-Тэр талаар надад хэлж байгаагүй. Хэлэх нь байтугай нуудаг байсан юм чинь. Малайзад хайвал олдоц нь элбэг гэнэ лээ. Гэхдээ миний таньдаг хүмүүсээс татдаг нь ганцхан талийгаач. Анх удаа татдаг хүн харсан. Уг нь Малайзын хууль хатуу шүү дээ. Ямар ч байсан хар тамхи тээвэрлэж байгаад баригдвал цаазаар авах хүртэл ялтай.

-Өөрийн чинь талаар асуух хэд, хэдэн асуулт байна. Болно биз дээ?
-Болно.

-Малайз улс руу хэзээ явсан бэ?

-Хоёр жилийн өмнө. Хэлний бэлтгэлээ төгсчихсөн, одоо сургуульдаа нэг мэргэжлээр сурч байна.

-Яагаад ихэртэйгээ хамт амьдардаггүй юм бэ. Хүний нутагт нэгэнтэйгээ ойрхон байх ёстой юм биш үү?
-Би найз залуутайгаа тусдаа амьдардаг. Найз маань намайг юугаар ч дутаадаггүй. Сургалтын төлбөрийг маань хүртэл төлдөг. Ихэр маань ч гэсэн найз залуутай.

-Найз залуу чинь өөр улсын иргэн гэсэн үү?
-Тэрийг хэлмээргүй байна.

-Очоод танилцсан юм уу?
-Малайзад танилцаагүй. Өөр газар танилцсан. Өөрийнхөө хувийн амьдралын талаар яримааргүй байна. Түүнтэй хамт амьдраад долоон жил болж байна.

-Тэгвэл ихрийн чинь нөхөр?
-Австралийн иргэн.

-Монгол охид маань гадныхантайгаа яагаад ингэж суух болов. Хүн худалдаалах гэмт хэрэг их гардаг эрсдэлтэй Малайзад бүр аюултай юм биш үү?
-Монгол залуучууд архи ууж агсам тавьдаг. Биднийг ойлгох хүн хэрэгтэй шүү дээ.

-Малайзад амьдрахад амьжиргааны өртөг хэр байдаг юм бэ?
-Монголтой адилхан.

-Малайз улсад Монголын төрийн төлөөлөл болох Элчин сайд, Консулын газар байдаггүй. Эрх зөрчигдвөл хаана ханддаг вэ?
-Миний хувьд цагдаад хандах шалтгаан гарч байгаагүй учраас мэдэхгүй юм. Монгол оюутнууд маань “Монголын Консул байгуулагдаасай” гэж их хүсдэг юм билээ. Ер нь монгол хүмүүс маань өөрсдөө ямар байна түүнээс л бүх зүйл болно шүү дээ. Удахгүй амралт маань дуусах ёстой. Гэтэл гадаад паспортыг маань цагдаагийнхан хураагаад авчихлаа. Хурдхан л эргүүлж өгөөсэй. Эцэст нь гэж хэлэхэд туслах гэж явсныхаа төлөө ингээд буруутан мэт олонд зарлагдаад явж байгаадаа харамсч байна. Би талийгаачтай ямар ч хамааралгүй. Зүгээр зүс танихаас цаашгүй юм шүү. Монголын ард түмэн зөв талаас нь ойлгоосой гэж хүсч, бас гуйж байна.

Д.Болормаа


URL:

Сэтгэгдэл бичих