Бага насны шинэ жил

Christmas_wallpaper_waitingforthemiracleАав ээж хоёр минь Завханы баруун захын сумд болох Завханмандал, Эрдэнэхайрхан, Ургамал сумдаар олон жил багшилж, аав минь бага сургуулийн захирлаар ажиллаж байв. Хөдөө өссөн бага насны үлдэцтэй дурсамжинд шинэ жил орно. Сумын ёолк гэж их гоё юм болноо. 12 сарын сүүлчээр сургуулийн бүх сурагчид ёолкны чимэглэл хийх даалгавартай. Дэвтрийн, хэрэв олдвол цагаан цааснуудыг уртаар нь өнгө өнгийн усан будгаар ялгаж будна. Өнгийн цаас олддоггүй байв. Дараа нь түүнийгээ нарийхан хайчилж байгаад жижиг хэсгээр нь цагираг болгон жонхуугаар наадаг байв. Жонхуу гэдэг нь усанд буцалгасан гурил л даа. Нэг цагирагийг нь нөгөө цагирагт нь гогцоолдуулж оруулах маягаар нэг их урт хэрнээ үргэлжилсэн цагиргууд хийх. Түүнийгээ “гинж” гэж нэрлэнэ. Бас дэвтрийн цаасыг будаад, нугалсан хэсгийг нь дундуур нь хайчилж, үзүүр хэсгээс нь дурвалжин маягаар хайчилж авахад бидний нэрлэдгээр “хил” гэгч болно. Бас тийм нугаларсан цааснууд дээр  12 жилийг дүрсэлсэн амьтдыг зурж өнгө өнгөөр нь ялгаж будна. Хүүхдүүд үүнийгээ их баяртай хийцгээнэ. Аргагүй шүү дээ, баяр болох гэж байхад.

Заал чимэх бол их л хүндтэй ажил. Ёолк болох том зааланд хөндлөнгөөр нь хананаас хананы хооронд урт урт утаснууд татдаг. Түүн дээр нь мөнөөх хайчилсан хилнүүд болон элдэв амьтдын дүрстэй нугалсан цааснуудаа тохно. Завсар зайгаар нь урт гинжнүүдээ утаснуудын дагуу татаж хананд бэхэлнэ. Мөнөөх чимэглэлүүдийн завсраар  утаснууддаа хөвөн имхэрдэж наалдуулах нь цасны ширхэгийг “орлож” байгаа хэрэг. Гацуур модоо бас мөнөөх цаасан чимэглэлүүдээр гоёж, 220 вольтод залгадаг чийдэнгийн шилнүүдийг өнгө өнгийн усан будгаар будсаныгаа тойруулж тохоод асаахад их л гоё харагддаг сан. Тэгж зассан заал их л сүртэй гоё харагдана.

Сумын ёолконд тоглох концерт, ан амьтад, шинэ болоод хуучин он,  өвлийн өвгөн, цасан охид, алиалагчид  гээд сургуулийнхан бараг л сар шахуу бэлтгэж давтдаг байв. Үзэл суртлын ажил болохоор сумын намын хорооны товчоогоор хөтөлбрийг нь баталж, хүн бүрийн хэлэх үгсийг ягштал бэлтгэж давтуулдаг сан. Энэ арга хэмжээнд шалгарч бэлтгэл хийж байгаа сурагчдад бусад нь их хүндэтгэлтэйгээр хандаж, атаархангүйгээр харна. Шинэ жилийн бэлтгэлийг үзэл суртлын өндөр түвшинд чанартайгаар бэлтгэхийн тулд тэднийг хичээлээс чөлөөлж, зарим хичээлийн дүнг нь автоматаар “онц” гэж тооцох нь ч бий.

12 сарын 31 ний оройг сумын хүн болгон сэтгэл догдлон хүлээцгээнэ. Айл болгон гэртээ жижиг ёолкоо засч, бууз жигнэж, тавгийн идээ базаадаг. Өвлийн шөнийн тэнгэрт айл бүрийн тооноор тусах гэрэл, яндангийн утаанаас үсчих цогууд гялалзах нь шинэ жилийн сүрийг үзүүлэх мэт. Сумын клубийн үүдэнд хүмүүсийг урин дуудах бүрээний аялгуунд гоёлын дээлээ өмссөн хүмүүс клубын зүг яаравчлан алхалцгаана. Өвлийн хүйтэн жавар хацар нүүрийг хайрах авч, шинэ жилийн баяртаа яарсан хүмүүс түүнийг үл ажран, гагц царайд нь инээмсэглэл тодрон хацар нь улаа бутарч харагдах нь аз жаргал руугаа тэмүүлэх мэт.  Оройноос  эхлээд  сумын галч өвгөний галласны ачаар сумын клубын том зуухны бөөр нь улайсч, клубт халуу дүүгэж, суудлаа эзлэн суух хүмүүсийн дүнгэр дүнгэр ярилцах чимээ тодоос тодхон сонсогдоно. Жил жилийн өвлийн энэ өдөр сум даяараа цуглаж байгаа болохоор холоос ирсэн нь бие биеээ чангаар дуудан мэндчилж, торгон дээл, саатай алчуураар гоёсон бүсгүйчүүд бие биеэ нудран сэм сэмхэн шиг хэрнээ, олны анхаарлыг татаж аалигүйтэх нь нэг л содон.

Сумын дарга, намын дарга нар албархуу нь аргагүй хоолойгоо засч, цаасан дээр бичсэн нээлтийн үгийг чанга дуугаар уншиж, хоромхон зуур үгээ таслан олон нийтийг тойруулан харах дор тэр дохиог нь анзаарсан түмэн олон алга нижигнүүлэн таших авай. Сумын клубын тод улаан хөшиг алгуурхан нээгдэхүйеэ тайзан дээр мөр мөрөө даран эгнэн зогссон хоорын дуучид алдарт “намын магтуу” дууг дуулж эхэлснээр ёолкны арга хэмжээ нээлтээ эхлэв. Тэртээ тэнгэрийн орноос цан хүүрэг савсуулсан өвгөн аав чарга тэргүүтэн хөлөлглэн ирснийг зарлахад хүмүүс үүд рүү харан өндөлзөнө. Улаан хүрэн дээлийг цагаан хөвөнгөөр эмжсэн, цав цагаан хөвөн сахалтай, монгол гуталтай улаан малгайтай өвлийн өвгөн аав, цасан охид,  шинэ хуучин он, 12 жилийг дүрсэлсэн амьтад, “шовгоржав”, “навтгаржав” нэртэй 2 алиалагчаа дагуулан орж ирснээр ёолкны оргил хэсэг үргэлжилнэ.  Өвлийн өвгөнийг хүндэтгэлтэй, цасан охидыг өхөөрдөлтэй, ан амьтдыг өрөвдөлтэй, алиалагчдыг инээдтэй хүлээж авах үзэгчдийн сэтгэлд юу эс эргэлдэх билээ.

Алиалагчид нь сумын дарга нарын даалгавраар ажилд муу, залхуу, малаа чононд идүүлсэн, архи ууж ажлаа тасалсан, замбараагүй явдалтай зарим хүмүүсийг нэр усаар нь дуудаж шоолоход хурсан олон нирхийтэл инээлдэж, шоолуулсан зарим нь үзэл суртлын хурц жадан доор толгой гудайх авай. “Малаа чононд идүүлсэн” гэснээс ан амьтдын үзүүлэх хөгжилтэй үзүүлбрүүдийн дунд хөөрхий чоно  аргаа баран толгойгоо гудайлган ирж, өөрийг нь энэ наадамдаа оролцуулаач гэж өрөвдөлтэй нь аргагүй гуйхад хөтлөгч нэгэн, үзэгчдээс санал асууж, тэдний нэгэн дуугаар зөвшөөрсний дагуу чоныг шинэ жилдээ оруулдаг сан. Хөөрхий чоно баярласандаа улиад л. Ёолкны хамгийн гоё хэсэг нь өвлийн өвгөн ааваас бэлэг гардуулах ёслол. Сумын дарга нарын гаргаж өгсөн нэрсийн дагуу “оны шилдэг” хүмүүстээ бэлэг гардуулах бүрт хүмүүсийн алга ташилт аадар бороо мэт шаагиж, атаархангүй харцууд  нь бэлгэн дээр тусна. Хамгийн том бэлэг нь хятад халуун сав, орос 45 -ын гутал, автоүзэг, за тэгээд бэлэг болгон дотор үнэр нь клуб даяар хамар цоргих хятад алим байдаг сан. Нээрээ хөдөөний монголчууд бид зөвхөн шинэ жилээр л алим амталж үздэг байсан нь санаанаас гардаггүй юм. Ховрын болоод ч тэр үү, амт нь жилдээ л аман дотор мэдрэгддэг байсан сан.

Сумын клубын эрхлэгчийн дарах “баяан” хөгжмийн аян дээр “хүмүүн төрөлхтөн”, “задгай цагаан”, “үнэгэн шогшоо”, “вальс”, “фокстрот” бүжгүүдийг ч үзүүлж өгнө дөө. Ам халж сэтгэл нь хөөрсөн зарлагч бүсгүй “Үнэгэн шогшоо гэдэг нь үнэн ч юм уу, худал ч юм уу, үзээд алдая цөмөөрөө. Нийтийн бүжиг фокстрот “гэж зарлахад, хөгжмийн ая хэлэв үү, үгүй юу хүмүүс дэрхийн босч аль хэзээний харцаараа дохиж амжсан портнёроо аваад л эргэлдэж өгнө. Сумын клубт эргэлдэх тэр л бүжгүүдийн аян дор мөн ч олон хайр сэтгэлүүд “эгшиглэсэн” дээ. Хүмүүсийн амьсгалтай давхцан улам халах клуб дотор халууцсандаа минчийж улайсан хэрнээ жаргалтайяа инээмсэглэх царай нь гэрэлд гоё харагддаг сан. Дуу бүжиг, бэлэг сэлт, инээмсэглэсэн царай, тас тас инээх жаргалтай инээд чухам энэ орой л сумын төвийг дүүргэдэг сэн. Хав харанхуй энэ л шөнө хоёр он солигдож, хүмүүний амьдралын нэгэн хүрд эргэдэг. Ёолк дуусч цахилгаан мотор унтарч, хүмүүс гэр гэртээ ирнэ. Гэртээ орж лаагаа асаан шинэ он хүрээд ирсэн тэр л мөчид, ирээдүйн сайхан амьдралынхаа тухай төсөөлөн суухдаа хүн болгоны сэтгэлд аз жаргал эргэлдэнэ. Ирж байгаа шинэ жилд бүх л юмс сайн сайхан болно гэдэгт хүн болгон чин сэтгэлээсээ итгэдэг. Лааны бүдэгхэн гэрэлд өглөөний ургах нарыг угтан суухдаа тэр гэхийн аргагүй мөрөөдөлдөө умбана. Мөрөөдөлдөө өөрөө баясан инээмсэглэнэ. Аяа хүүхэд насны минь мартагдашгүй дурсамж болон үлдсэн сумын ёолк минь дээ. Насны намрын хяруу буух цагийн сүлэлдээнд сэтгэлийн учгийг сүвлэн байж дурсамж сэдрээнэ. Дахиад тийм нэгэн шинэ жилийг үзэх сэн.

 

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

e-mail:   gala_mn@yahoo.com                                                                                                    2013-12-20


URL:

Сэтгэгдэл бичих