Хууль бусаар салют худалдаалвал торгууль хүлээлгэнэ

b1d81fe83b0c5433big

Шинэ жилийн баярын өдрүүдэд иргэд чанарын шаардлага хангахгүй пиротехникийн хэрэгслийг буруу ашигласны улмаас 2010-2012 онд 50 гаруй хүн бэртсэний ихэнх нь бага насны хүүхэд байв.
Пиротехникийн хэрэгслийг хууль бусаар худалдаалах, хилээр нэвтрүүлэхгүй байх тогтоол, шийдвэрийг холбогдох мэргэжлийн байгууллагуудаас гаргасан. Хууль бусаар пиротехникийн хэрэгсэл борлуулж буй иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад захиргааны хариуцлагын тухай хуулийн дагуу торгууль ногдуулах юм байна.
Нийслэлийн Онцгой байдлын газраас дүүргүүдийн хэмжээнд томоохон баар, цэнгээний газар, худалдааны төв болон ТҮЦ-т шалгалт хийж, урьдчилан сэргийлэх заавар зөвлөмж өгч ажиллаж байна.
Мөн иргэдэд гэр орондоо бенгалын галыг хялбар шатах материалын ойролцоо цацруулахгүй байх, цацарч дууссаны дараа шатамхай цаас, саа, хөвөн зэргээс хол хаяхыг сэрэмжлүүлж байна.
Түүнчлэн оргилуурт гэрэл, тэсрэх бодис нь 25 секунд ажиллаад, 1.6 м өндөрт гэрэл цацруулдаг тул өрөө тасалгаандаа хэрэглэхгүй байх нь зүйтэй.
Тиймээс иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд пиротехникийн хэрэгсэл худалдаалах албан ёсны эрхтэй “Очир-Ундраа”, “Протек” зэрэг компаниудаас чанарын шаардлага хангасан пиротехникийн хэрэгсэл, салют худалдан авах, мэргэжлийн операторын заавар зөвлөмжийг авч ашиглахыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.


URL:

Сэтгэгдэл бичих