Э.Зориг: Чөлөөт бүжигчдэд тайлангаа тавих боломж олддоггүй

Энэ амралтын өдрүүдэд бүжгийн спорт сонирхдог хүүхэд залуус бүжгээр халз тулах юм. “Нэг ертөнц-Show dance” нэртэй тус тэмцээнийг “Монголын хип хоп” төрийн бус байгууллага болон “UB dance” сургууль хамтран зохион байгуулах аж. Тус тэмцээний талаар шоуны найруулагч Э.Зоригтой ярилцлаа.

Тэрээр олон улсын богино хэмжээний киноны гранпри шагналтай бөгөөд мэргэжлээрээ 11 дэх жилдээ ажиллаж буй найруулагч.

-”Нэг ертөнц-Show dance” нэртэй шоуны талаар яриагаа эхэлье?

-Энэ амралтын өдрүүдээр тэмцээнээ зохион байгуулахаар болоод байна. Манай бүжгийн тэмцээнд оролцогсод бүжгийн бүх төрлөөр өрсөлдөнө. Мөн сая төгрөгийн шагналтай байгаа нь тэмцээний бас нэгэн онцлог нь. Бүжгийн тэмцээний эхний үзүүлбэр 15 цагаас эхлэх юм. Харин мөн өдрийн 19 цагаас халз тулааны үзүүлбэртэй. Энэхүү халз тулаанаас АНУ-д зохиогдох дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох хамтлагийг шалгаж авна.

-Өмнө нь манайд бүжгийн тулаанууд зохиогдож байсан. Танай тоглолт бусдаас юугаараа ялгарах вэ?

-Урьд нь шоунд зориулж зохиол бичсэн тохиолдол гарч байгаагүй гэж бодож байна. Манай тэмцээн ямар нэгэн хөтлөгч оролцохгүйгээр бүжгийн хэлээр үзүүлэх үзүүлбэр болох юм. Хүний нурууны хөлсийг гаргатал сайхан тэмцээн зохиох болно. Тэгээд бүжгийн бүх төрлөөр өрсөлдөж байгаагаараа онцлогтой. Тэмцээнд оролцогсод зөвхөн чөлөөт бүжиг гэлтгүй, балет, стандарт, латин америк бүжиг, мөн зарим хүний гудамны хэмээн тодотгодог хип хоп төрлийн ч бүжиг бүжиглэж болно.

-Урьд нь шоунд зориулж зохиол бичсэн тохиолдол гарч байгаагүй гэлээ. Энэ шоу ямар зохиолоор хийгдэх вэ?
-Манайд нэг уран бүтээлч тоглолтоо хийхэд хөтлөгч яриад л байдаг. Харин бидний энэ тоглолтыг бүжигчид өөрсдөө бүжгээрээ хөтөлж, хэмнэлээрээ мэдрүүлэх болно. Мөн шоуг нэг бүжигчин гоцолж хөтлөх юм. Ийнхүү зохиолын дагуу өсвөр насны хүүхдүүд анх бүжиглэхдээ ямар байсан, одоо ямар байгааг жүжиглэн бүжгээр илэрхийлнэ.

-Бүжгийн тулаанд оролцогсдод нас заасан уу?
-Барууны орнуудад бүжгийн тулаан 13-18,18 наснаас дээш гэсэн хоёр ангиллаар явагддаг. Манай тэмцээнд 13 наснаас дээш л настай бол хэн ч оролцох эрх нь нээлттэй. Нэг хамтлаг гэхэд л дор хаяж 14 хүүхэдтэй оролцохоор мэдүүлгээ өгч байгаа юм. Хүүхдүүд ийм гэгээлэг зүйлд оролцохдоо баяртай байгаа.

-Монголын орчин үеийн бүжгийн хөгжил ямар байна?
-Манай бүжигчид дэлхийн бүжигчдээс дутахааргүй чадвартай гэж би хэлнэ. Одоо дэлхийн бүжгийн тэмцээнд өөрсдийн бэлтгэсэн бүжгээ бичээд өгөөд явуулахад орж болно гэсэн зөвшөөрөл ирдэг болсон. Одоо энэ хүүхдүүдийг дэмжих хэрэгтэй байна. Америкт өсвөр насны хүүхдүүддээ маш анхаарал тавьдаг. Тиймээс эцэг эхчүүд нь хүүхдээ хөгжүүлэх талаар илүү анхаарч олон төрлийн дугуйланд хамруулдаг. Тухайлбал, Америкийн хүүхдүүд бүх оддын тоглолтын талбай дээр гарахын тулд сагсан бөмбөгөөр хичээллэж, Майкл Жексон шиг бүжиглэж сурахын тулд чөлөөт цагаа зүрх сэтгэлээсээ сонирхолдоо зориулдаг. Гэтэл Монголд хүүхэд нь хэний ч хийж чадахааргүй бүжгийг бүжиглэдэг байхад эцэг, эх нь чи бүжгээр хоол олж идэж чадахгүй гэж хэлдэг. Манайд өнөөдөр маш сайн бүжиглэдэг хүүхэд хуулийн ангид сурч байна. Үүнээс харахад л ирээдүй нь ямар байгааг харж болохоор байгаа юм. Гэтэл тэр хүүхэд барууны оронд очоод бүжиглэвэл Мадоннагийн ард бүжиглэж чадахаар авъяастай байна. Бүжгийн урлагийнхны тэтгэврийн нас ойрхон байдаг. Тэд 25 нас хүрээд л тэтгэвэрт гардаг. Тийм учраас өнөөдөр л бүжгийн урлагийг анхаарч дэмжихгүй бол оройтсон хойно мянга хашгираад нэмэргүй.

-Чөлөөт бүжигчид тайлангаа талбай дээрээ тавьж болдоггүй юм уу?
-Болно. Гэхдээ талбай гаргаж өгдөггүй юм шүү дээ. Бүжиглэе гэхээр Нийслэлийн соёл урлагийн газар нь зөвшөөрдөггүй юм.

-Гудамжны гэсэн тодотголтой бүжгийн талаар тайлбарлаж өгөөч?
-Гудамжны бүжиг Латин Америкаас үүсэлтэй. Тэдэнд зориулсан тайз байгаагүй. Тиймээс тэд сагсны шийднийхээ дор бүжиглээд өөрсдөө графитаар тайзаа засаад орчноо бэлдэж байсан. Энэ нь цаашаа хөгжөөд баруун, зүүн гэсэн хоёр урсгал болон хөгжсөн юм. Одоо манайд ч гэсэн өөр, өөр урсгалаар хөгжиж байна.

-Хип хоп гудамжны бүжиг мөн үү?
-Үүсэл нь гудамжных. Гэхдээ хип хопыг гудамжны бүжиг гэж ойлгож болохгүй. Бусадтайгаа адилхан урлаг. Эд нарын өмсдөг пүүз өөр байдаг. Гулгалт халтиралт байхгүй, хөнгөн байдаг.

-”Монголын хип хоп” төрийн бус байгууллага, танай сургууль цаашдаа бүжгийн урлагийг дэлгэрүүлэх талаар ямар ажил зохиохоор төлөвлөж байна?
-”Хип хоп Монгол” төрийн бус байгууллага болон “UB dance” сургууль улирал болгон өөр, өөр үзүүлбэр үзүүлэхээр төлөвлөж байгаа. Энэ тэмцээн ер нь бидний ажлын эхлэл байх болно.

Б.Сэлэнгэ


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих