”Цахилгаан тээвэр” компанийн захирал Д.Жаргалсайхан: Машин хийх нь миний ”улс төр”

Төр, засгийн зүгээс ЖДҮ-ийг дэмжих чиглэлээр багагүй анхаарч, төсөв мөнгө олгож дэмжиж байгаа. ЖДҮ-үүд олноор байгуулагдаж, чадваржихийн хэрээр улс орны хөгжлийг урагшлуулна. Зэрэгцүүлээд өндөр технологийн үйлдвэрүүдийг байгуулах нь чухал. Монголчууд оюуны өндөр чадвартай, овсгоо самбаатай улс. Тэр ч үүднээс өндөр технологийн үйлдвэрүүдийг эх орондоо нутагшуулах боломжтой. Цахилгаан хөдөлгүүртэй автомашин бүтээж, автобусыг троллейбус болгон өөрчлөн, экспортлож монголчуудын оюуны чадварыг нотлоод байгаа нь нэг жишээ. Бид энэ удаа “Зочин” буландаа “Цахилгаан тээвэр” компанийн захирал Д.Жаргалсайханыг урьж ярилцлаа.

-”Цахилгаан тээвэр” компаниар сонин юу байна вэ, “Дуобус”, “Монбус”, цахилгаан хөдөлгүүртэй суудлын автомашин үйлдвэрлээд амжилт ололт ихтэй байсан. Сүүлийн үед нэг л “сонсогдохгүй” байна?
-Компьютерт суурилсан үйлдвэрлэл буюу САМ-ын системийг Монголдоо нэвтрүүлэх юмсан гээд ажиллаж байна. Энд /нэрс жагсаасан хуудас үзүүлэв / зургийн аппарат, факс, машин техник, эд анги гэхчилэн нарийн технологийн үйлдвэрлэл явуулдаг Японы 24 компанийн нэр байна. Энэ бүх үйлдвэрлэл САМ-ын машинууд дээр хийгддэг юм. Оюун ухаан шаардсан ажил. Японы үйлдвэрлэлийн сүлжээ рүү орох боломж юу байна гэдгийг судалж байгаа.

Тийшээ ороод ажиллаж байгаа хоёр компани байна. Үүнийг яаж 20 болгохов, 200 болгохов гээд явж байна. Бид техник, технологийн хувьд интеграцид (технологийн даяаршил) орж Монголын гэсэн бүтээгдэхүүн бий болгох ёстой. Жишээ нь, манай компанийнхан өөрсдөө троллейбус хийлээ. Энэ нь интеграцид орж байгаа хэлбэр юм. Гадна, дотны 130-аад компани тал талаасаа л бүтээгдэхүүнээ нийлүүлээд оролцлоо. Бүрэн боловсруулалттай, хагас боловсруулалттай бүтээгдэхүүн гээд нарийвчлах юм бол олон ажил хийгдлээ.

САМ-ын систем гээд ярихад жишээ нь,Төмөрлөг машин үйлдвэрлэгчдийн холбооноос зохион байгуулж, манай компанийн инженерүүд Японд энэ чиглэлээр суралцаж байна. Нарийн технологи эзэмшиж, интеграцид орохын тулд эхлээд бид хүнээ бэлтгэх ёстой. Технологийн шинэчлэл, шинэ технологийн үйлдвэрлэлийг Эрдэнэт, Дархан болон Төмөр замын засварын төв, манай компаниас эхлэе. Ингээд хийж бүтээж байтал нарийн технологийг ойлгох чадвартай хувийн компани гарч ирнэ. Тэдэнд замыг нь гаргаад өгөх ёстой.

Бид дэлхийд алдартай Японы “Тоёота”-гийн сэлбэг үйлдвэрлээд саятан болчихлоо шүү гээд харуулахад хувийнхан дагаад ирнэ. Ямаа бэлчээрийн сайныг сонгоод сүргээ тэргүүлдэг шүү дээ. Түүн шиг, тэр үүргийг манай Төмөрлөг машин үйлдвэрлэгчдийн холбоо гүйцэтгэж байна. Одоо манай холбоонд олон байгууллага нэгдээд хамтран ажиллаж хүнээ сургаад явж байна. Яваандаа САМ-ын системийн машинуудыг Монголд оруулж ирэх ёстой. Манай Төмрийн үйлдвэрээс гарч байгаа бэлдэц, төмрийн чанар Японы түвшинд хараахан хүрэхгүй учир байгаа. Тиймээс юуны өмнө төмрөө, монгол гангаа сайжруулах хэрэгтэй, хийх ажил их байна.

-Төр, засгийн зүгээс хэр анхаарч байна вэ?
-Үйлдвэрлэлийн аутсорсинг хийх гарц боломжийг төр, засаг хийх ёстой. Нарийн технологийн зүйлийг хүмүүс ойлгодоггүй юм. Бидний сонгосон дарга нар үүнээс өөр зүйлд анхаарлаа хандуулдаг. Хэлээд яриад ойлгодоггүй. Бид шинжлэх ухаан технологийн хурдацтай хөгжлийн зуунд амьдарч, алхаж яваа. Аж үйлдвэрийн яамтай болж, ийм яам байгуулагдаж байж улс орны хэмжээний техник, технологийн бодлогоо гарах ёстой. Олон түмэн “заримдаа” мөнгө тараасан, худлаа амласан, үндэсний эрх ашгаа уландаа гишгэсэн хүмүүсийг төрд сонгочихоод байх юм. Өнөөдөр нэг үйлдвэрлэлийн аутсоринг хариуцаад, ард нь гарах гээд зүтгэж байгаа хүн алга.

Жишээ нь, өнөөдөр манайд тогтмол болон хувьсах гүйдлийн хөдөлгүүрүүдийг эх орондоо үйлдвэрлэх төслийг хэрэгжүүлэх гээд явж байгаа хүн алга. 76 хүн 76 үйлдвэрийн төслийг бариад түүнийгээ хэрэгжүүлэхийн тулд бусадтай яаж хамтрах вэ гээд гүйж байх ёстой. Үндэстний сэтгэхүйг
үйлдвэрлэл технологийн салбарын хөгжил рүү уриалж, шинжлэх ухааны үндэслэлтэй үйлдвэржилтийн хөтөлбөрүүд гаргах цаг нь болсон.

Түмний татварын мөнгөөр улс үндэстнээ гадны оронд төлөөлөн суудаг элчин сайдын яамдынхан тухайн улс орныхоо үйлдвэрлэл технологоос улс орондоо нутагшуулах чиглэлээр гарт баригдаж нүдэнд харагдахаар ажил хийхгүй байна. Цаг хугацаатай уралдаж шинэ техник, технологи бий болгох, нутагшуулах, үйлдвэрлэлийн бааз сууриа бэхжүүлэн ажлын байр нэмэгдүүлэх чиглэлээр ажиллах ёстой зарим төрийн түшээд маань хэн нэгнийг огцруулах, телевизээр дуулах, үр дүн багатай хуурай хэлэлцүүлэг хийх зэргээр хэлбэр хөөцөлдөж түмэн олныг сатааруулдаг.

Энэ бүхнийг хэлж ярьж байгаагаараа би улс төр хийж байгаа юм биш. Миний улс төр бол машин хийх. Яаж 4000 хүн ажилладаг, сард ядахнаа 500 мянган төгрөгийн цалинтай, олон улсын түвшинд хүрсэн үйлдвэрүүдийг байгуулах вэ, яаж автобус хийх вэ, яаж том, бага оворын машин хийчих вэ, үүнд яаж монголчуудыг уруу татах вэ гэж бодож явдаг.

-Танай компанийн инженерүүд аль хэдийнэ уруу татагдчихсан биш үү?
-Мэдээж. Өглөөд уриагаа уншаад, хашгираад орно шүү дээ.

-Та Автын инженер мэргэжлийн хүн үү?
-Би нийтийн тээврийн засвар ашиглалтын инженерээр хуучин Чехословак улсад сургууль төгссөн. Троллейбус, трамвай, метро автобусны чиглэлээр гээд. Энэ компанид засварчнаас нь эхлээд 23 жил ажиллаж байна.

-Компани тань өөрөө 23 жилийн ойтойгоо золгож байгаа шүү дээ?
-Тийм. Байгуулагдсан цагаас нь эхлэн ажиллалаа. 2004 оноос захирлаар ажилласан. 2006 онд “Jea 800″ анхны троллейбусаа хийсэн. Их Монгол улсын 800 жилийн ойд бэлэг барьсан юм. 800 жилийн дараа өвөг дээдэс маань дээд тэнгэрээс харахад ямар ч байсан үр ач нь хүнээс дутахгүй машин хийж чаддаг юм байна гэдгийг батлан харуулахыг зорьж, сэрж хийсэн.

-Хийх нэг хэрэг, үйлдвэрлэлд нэвтрүүлэх нь чухал байна, ялангуяа цахилгаан хөдөлгүүрт суудлын автомашиныхаа талаар тодруулна уу?
-Манайд одоогоор сайн ойлгохгүй байна л даа. Цахилгаан гүйдлийн машин нэг их дэмжигдэхгүй байна. “Дуобус”, “Монбус” троллейбус бол дэмжигдээд байна. Манай компанид троллейбусаа хийгээд гурван тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт өгсөн. Үүгээр бид 200-гаад залуусыг ажилтай болгоно. Тэднийг үйлдвэрлэлийн сэтгэхүйтэй болгоно. Технологийн боловсрол олгоно, хүчтэй менежмэнтийн дор сахилга хариуцлагатай болгоно. Бид мөн үтрэмийн будаа ачигч машин хийсэн. Энэ машиныг чинь авъя гээд компаниуд түрүүчээсээ захиалгаа өгч эхэлж байна.

Хамгийн гол нь монголчууд хийж бүтээж чаддаг юм шүү гэдгийг батлан харуулаад байгаа хэрэг шүү дээ. Суудлын цахилгаан машин дээр гэхэд технологийн нарийн шийдэл гаргаж ирсэн. Цахилгаан
машин цахилгаан хөдөлгүүртэй учраас жирийн машинтай харьцуулахад хурдны хайрцагийн 1,2-р байрлалд орох боломжгүй. Гарааны болон ухрах хурдтай. Гэтэл бид бензин болон дизель хөдөлгүүрт машинтай адилхан 1,2,3,4-р араанд ордог байдлаар хийсэн. Энэ системийн ачаар буюу ингэж хийсний хүчээр япончууд бидэнд хандаж байна.

Монголд политехникийн боловсрол бүх шатандаа бага байгааг хүлээн зөвшөөрөх ёстой. Социализм байгуулж байхад манай улс “Хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн орон болно” гэсэн зорилт тавиад ажилласан. 1985 оноос “Аж үйлдвэр, хөдөө аж ахуйн орон болно” гэсэн зорилт тавьж эхэлсэн. Эдгээр зорилт цагаан морин жилийн хувьсгалаар жаахан гацсан тал бий. Өдгөө монголчууд төмөр замаа өргөжүүлээд, Сайншандын аж үйлдвэрийн парк байгуулах гээд олон ажлыг эхлүүлж байна. Аж үйлдвэрийн орон болох ажил эхэллээ хэмээн би үзэж байгаа. Бидэнд хурдтай хөгжих боломж харагдаж байна. Гэвч цаг хугацаа бага байгааг ойлгох ёстой байх.

-Өнөөдөр үйлдвэржилт хариуцсан төрийн механизм хэр үр дүнтэй ажиллаж байна?
-Нэгдсэн удирдлага сул байна. ЭБЭХЯ, ХХААХҮЯ, ЗТХБЯ, Үндэсний шинэтгэлийн хороо гээд олон газар тархай, бутархай тухайн салбарын хавсарга хэлбэрээр үйлдвэржилт хариуцсан ажлын нэгжүүд ажиллаж байна. Аж үйлдвэрлэл, үйлдвэржилтийг төсөл шалгаруулах замаар хөгжүүлэх ёсгүй гэж боддог. Улс үндэстний эдийн засгийн тусгаар тогтнолын баталгаа болсон Аж үйлдвэржилтийг хариуцсан яамыг яаралтай  байгуулан монголчуудын өнөө цагийн баялаг болсон ашигт малтмалаа нэмүү өртөг аль болох ихээр шингээн боловсруулах ачааг үүрүүлэх ёстой. Дэлхий ертөнцөд 20 жилийн дараа гэхэд геополитикийн нөхцөл байдал яаж хувирах, Орос, Хятад хоёр хөрштэйгээ мөнхийн найрамдалтай байх эсэх нь тодорхойгүй шүү дээ.

Тиймээс энэ богино хугацаанд бид өөрсдийн гэсэн зүйлээ хийх ёстой байна. Ямар улс үндэстэн хичнээн зүйлийг хийж чадаж байна гээд жагсаагаад үзэхээр япон хүн 30.000, хятад хүн 27.000 монгол хүн 2.000 гэсэн дүр зураг бий. Бид хурдтай ажиллах хэрэгтэй. Нэг их мөнгө шаардахгүйгээр өндөр технологийг оруулаад ирэх боломж бидэнд бий. Манайхнаас Япон, Солонгост маш олон хүн үйлдвэрийн дадлагажигчаар ажиллаж байна. Энэ бол маш том боломж.

Энэ хүмүүсийг эх орондоо буцаад ирэхэд нь үргэлжлүүлээд ажиллах нөхцлийг бүрдүүлж өгөх нь чухал юм. Явсан хүн нэг САМ-ын машинтай орж ирээд буцаад эзэндээ үйлдвэрлээд нийлүүлэх боломжийг олгох явдал чухал. Ийм сүлжээг Монгол-Японы хооронд тогтоогоод өгөх нь миний мөрөөдөл. Биелүүлчихвэл нэг насны гавъяа болох нь тэр. Энэ мөрөөдлийн маань дэргэд “Jea 800″ жижиг зүйл.

Манай улсад ЖДҮ-үүдийг олноор нь байгуулах хэрэгтэй байна. Тэгэхдээ урагшаа алхах хэрэгтэй байна. ЖДҮ гэхээр зайрмаг хийдэг, сүү ууталдаг түвшинд л яваад байна. Дараачийн шатанд орж хөгжих бодлого нь хаана байна. Түүнийг зохицуулах бүтэц нь хаана байна. Хийх хүний нөөц нь хаана байна гээд олон acyyлт бидэнд байна. Монголчууд хөгжингүй улс үндэстний туршлагаас суралцан еөрсдийн оюун ухаан танин мэдэхүйн төсөөллөө баяжуулах замаар баялаг бүтээгч улс үндэстний зэрэгт дэвшин хүрэх ёстой. Инженерийн хөдөлмөр гэдэг тархиа “алж”, тамираа тасалдаг хүнд хөдөлмөр. Жинхэнэ баялаг бүтээдэг хүмүүс. Баялаг бүтээдэг хүмүүсээ дэмжих тогтолцоо нь байж, бид хурдан хөгжинө.

-Цахилгаан хөдөлгүүртэй машин, “Дуобус”, “Монбус” бүгд байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэл. Олноор үйлдвэрлэх тусам агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулж байна гэж үзэж болох
уу?

-Эдгээрийг БОЯ-наас дэмжинэ гэсэн. Аль аль талдаа ажил эхлэж л байна. Мөнгө авах нэг асуудал. Мөнгийг шингээж ажиллана гэдэг нэг хэрэг. Наад зах нь бүтцээ шийднэ, хүнээ сургана. Тэгж байж массын үйлдвэрлэл явуулна. Цувраа дамжлагын системийг тоноглоно.

-Та, танай хамт олон цаашид олон сайхан юм хийж, эх орондоо нэвтрүүлэх зорилготой юм байна. Нийт уншигчдынхаа өмнөөс амжилт хүсье!
-Бид монголчуудын түүхэнд анх удаа машин гаргалаа. Бид чадсан. Одоогоор цахилгаан хөдөлгүүрийн ачааллыг 13 горимд удирддаг транзистрын блок системийг хийж оросуудад нийлүүлж байна. Нэг их дэлгэрээгүй жижиг бизнес л дээ. Манай компани нийслэлийн өмчит улсын үйлдвэрийн газар. Төрийн ачаанаас нуруундаа үүрдэг, байнгын санхүүгийн гачаалтай. Янз бүрийн угсралт үйлдвэрлэл, гудамж замын гэрэлтүүлгийн тендерийн ажил хийдэг тулдаа л ажилчдаа хоногийн хоолтой байлгаж байна.

Цаашдаа үйлдвэрлэлийн байраа барина, Ажилчдаа сургаж бэлтгэнэ. Дэлхийн стандартад хүрсэн “Дуобус”, “Монбус”-аа үйлдвэрлэнэ. Дээр нь суудлын цахилгаан машин болон үтрэмийн будаа ачигчийг үйлдвэрлэнэ. Мода Монголоор дуусдаг хэмээх социализмын үеийн доромж үгнээс салан улс үндэстнийхээ үсрэнгүй хөгжлийг хангахын тулд хоёр хөршөөр дамжин орж ирж буй хуучирсан үйлдвэрийн технологитой зууралдах биш харин шууд алслан харайж Япон, Герман, Америк зэрэг улс орнуудын үйлдвэрлэлийн стандарт, технологийг нутагшуулах замаар өндөр технологийн үйлдвэрлэлийн бааз суурийг бий болгох ,нь чухал байна.

Д.Золжаргал


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих