Манай улс шатахууны 42 хоногийн нөөцтэй

Уул уурхайн яамнаас улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 42 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй хэмээн мэдэгдлээ. Үүнээс А-80 автобензин 53, Аи-92 автобензин 59 , дизелийн түлш 40, ТС-1 18 хоногийн нөөцтэй байна.

Энэ онд шатахуун нийлүүлэлтийн талаар хэд, хэдэн арга хэмжээ авсны үр дүнд хомсдлоос ангижирлаа хэмээн Уул уурхайн сайд онцлов. Тэрээр ярихдаа, “БНХАУ-ын Чайна-Ойл компанитай эх орондоо олборлосон газрын тосоо Хөх хотын боловсруулах үйлдвэрт боловсруулан шатахуун импортлох  хэлэлцээрийг амжилттай хийсний үр дүнд НИК, МТ, Шунхлай зэрэг компаниуд урт хугацааны гэрээ байгуулсан.

Энэхүү гэрээнд бүтээгдэхүүний үнийг Монгол Улсаас экспортолж буй түүхий тосны үнэд үндэслэн тооцохоор тохиролцож урт хугацааны хамтын ажиллагааны үндэс суурийг тавилаа. 2013 онд 60 орчим мянган тонн бүтээгдэхүүн импортлох тооцоо гарсан. Түүнчлэн бензиний үнийг олон улсын түүхий тосны зах зээлийн үнийг үндэслэн олон улсын аргачлалаар тооцдог болов.

Ингэснээр бензиний үнэ ихэвчлэн нийлүүлэгч талын үндэслэлгүй үнийн саналаас хамаарах нөлөөлөл багаслаа. Компанийн нөөц бүрдүүлэх гэрээг 12 аж ахуйн нэгжтэй байгуулан хөнгөлөлттэй зээл олгосноор санхүүгийн чадвар нь сайжирсаны үр дүнд шатахууны биет нөөц хоёр дахин нэмэгдээд байна”гэлээ.
Улсын нөөцийн шатахууны хадгалалтын хөлсийг тонн тутамд 300 төгрөг хүртэл бууруулсан нь  хадгалалтын хөлсөнд төлөвлөсөн багагүй хэмжээний зардлыг хэмнэжээ. Шатахууны жижиглэнгийн үнийг тогтворжуулах дэд хөтөлбөрийг 2013 онд амжилттай хэрэгжүүлснээр үнэ тогтвортой байх нөхцөл бүрджээ.

montame.gov.mn

 


URL:

Сэтгэгдэл бичих