”Олноо өргөгдсөн хаан” хэмээх үгийн учир
Өөрийгөө гүнж, ханхүү гэж боддоггүй, мөрөөддөггүй хүүхэд бараг хайгаад олохгүй байх. Тийм ч учраас ”хаан”, ”хатан”, ”ханхүү”, ”гүнж” гэдэг ойлголт нэр томъёо мэдээ орж хүүхэлдэйн кино үзэх юм уу, үлгэр сонсох, үсэгт тайлагдаж үлгэр унших болсон цагаасаа хүн бүрт суугддаг танин мэдэхүйн эх суурь юм. ХХ зуунд дэлхий даяараа ”хувьсгал” хийж, хаант засгийг халан бүгд найрамдах, үндсэн хуульт, парламентат,коммунист, ардчилсан засаг тогтоосон ч хаад, тэдний үр удам, орд харш байсан хэвээрээ л байгаа. Энэ бол тухайн улсын үндэстний төрийн түүх, тусгаар тогтнолын түүх, зан заншил, шашин соёл нь юм. Өөрөөр хэлбэл ”эх оронч үзэл” гэж нэрлэдэг тэр зүйл нь юм. Оросууд байна.
Тэнгэр бурхнаа хилэгнүүлж, хаанаа гэр бүлээр нь буудан хороож, соёлт хүн төрөлхтний өмнө байж болшгүй бүдүүлэг үйлдэл хийсэн гэж үздэг. Гэхдээ тэд алдаагаа засч байна. Өнөөдөр ”Аугаа их орос” хэмээх шинэ давалгаа оросын оюун санааы амьдралын цөм, үнэ цэнэт зүйл нь болон хувирч байна. БНХАУ гэхэд л өөрийн 5000 жилийн түүхээ урагш нь татаж, одоо ирэх жилээс эхлэн 8000 жилийн төрт ёсны түүхтэй хэмээн зааж эхлэх гэж байна. Харин бид… биднийг ч бас тэнгэр бурхад, хаад дээдэс минь орхичихсон юм биш биз.
Алийн болгон монголын түүх МАН-ын түүхээсээ хоёр дахин бага байсаар байх билээ. Бид арай бүгдээрээ илбэдүүлчихсэн юм биш биз… Ингэхэд ер нь яагаад ”хаан” гэдэг ойлголт бий болов. Олон нийтийн нэвтэрхий толь ”Wikipedia” руу ороод ”king” гэж бичээд хайлгаад үзэхэд энэ тухай төвөггүй мэдэж авч болно. Харин бидний адил монгол хүн болох өөрийгөө ”Доройтошгүй дөрвөн ойрдын доторхи Баатадын удам” хэмээн зарлан тунхаглаж байсан, нэгэн цагийн бичгийн их хүн, Хөх нуурын Сүмбэ хамба Ишбалжир (1704-1788)-ын ”Галбарвасан мод” хэмээх англи, хятад, орос хэл дээр орчуулагдаж, дэлхийн уншигчдад танил болсон алдартай бүтээлээс ”хаан” утга учрыг тайлбарласан хэсгийг эдүгээчлэн танд хүргэе. ”Энэ дэлхий дээр тариа, ногоо анхлан өөрөө ургадаг байжээ. Түүнийг өглөө тасдаж аваад идэхэд, үдэд ургадаг. Үдэш хураахад өглөө нь өөрөө ургасан байдаг байж.
Гэтэл зарим нэг нь хэд, хэдэн өдөр идэхээр хураан авч нөөцлөх болсноор өөрөөн ургахаа больж, тариа тарьдаг болжээ. Ингээд тарьсан тариагаа хамгаалан тэмцэл хийх болж, бие биенийхээ амь насанд хүрэх болсон тул ”Урьд ямар сайхан байлаа. Одоо ийм тарчиг болсон тул бидний дундаас буянт сэтгэлтай, шудрага нэгнийгээ ”Тарианы ноён ” болгоё” хэмээн хэлэлцэж тогтоод, бүгдээр санал нэгтэй дэмжсний тул ”Олноо өргөгдсөн Махасамбадра” хэмээх анхны хаан гарчээ. Хаант ёсонд гурван хаан байна. – Олноо өргөгдсөн хаан (улс гэрийг анх байгуулсан хаан) – Залгасан хаан (Олноо өргөгдсөн хааны шууд удмын болон томилсон хаан) – Булаан авсан хаан (төрийн эргэлт болон хуйвалдааны замаар төрийн эрх авсан хаан)” хэмээн гарч байна.
Үүнээс үзвэл 1911 онд байгуулсан улсаа цоо шинэ төрт улс хэмээн үзэж байсан учраас оны цолыг ”Олноо өргөгдсөн” хэмээн нэрлэжээ. Мөн VIII Богд бол тун сонин хувь тохиолтой хаан юм. Үүний урьд улс гэрийн дотор ”номт хаан”, ”шашныг баригч” гэсэн бүтэцтэй явж иржээ. Энэ нь ”хууль цаазаар улс иргэнийг захирагч хаан”, ”шашин сургаалаар оюун санааг нэгтгэгч төрийн багш” гэсэн хоёр хүн бүхий ”хос ёсны сургааль”.
Гэтэл Богд хаан нэгэн биендээ хоёуланг нь багтаасан хүн байсан тул ”Шашин төрийг хослон баригч” хэмээх цол өргөжээ. Ингээд үзвэл бидний ардчилсан ерөнхийлөгч гэж нэрлэх нь буруу байна. Манай улсын хувьд анхны ардчилсан ерөнхийлөгч бол Олноо өргөгдсөн VIII Богд хаан юм. Энэ ухаан болоод зүй тогтлоор бол Очирбатаас өмнөх төрийн тэргүүнүүд бол ”булаан авсан буюу хуйвалдаанаар томилогдсон хаад” юм. Очирбатаас хойшхи нь харин ”залгасан хаад” маягтай гэж хэлж болох юм. Уншигч таны мэргэн мэлмий саруул оюунд өөрийн бядуу оюуны хирээр энэ мэт зориглон Богд хааны тухай Богдын музейн тухай бага багаар бичин, дахин дахин учрах болно. Алдсан эндсэн осол гэм бүхнийг минь уучлан хэлтрүүлнэ үү?
Богд хааны ордон музейн тайлбарлагч Г.Нямочир
URL: