Б.Түмэнбаяр: Осол их гардаг цэгүүдэд хөдөлгөөнт эргүүл гаргаж байгаа

Замын цагдаагийн газрын хэрэгжүүлсэн зарим ажлын талаар Замын цагдаагийн газрын дэд, Шинжилгээ үнэлгээ зохицуулалтын газрын дарга цагдаагийн хурандаа Б.Түмэнбаяртай ярилцлаа.

-Энэ жил Замын цагдаагийн газар нэлээдгүй шинэчлэл хийсэн байх.Энэ талаар яриагаа эхэлье?

-Бид дүгнэлт хийж зам тээврийн осол ихээр гардаг тодорхой цэгт хөдөлгөөнт эргүүл гаргасан. Үүний үр дүнд энэ жил зам тээврийн осол 53 хувиар, ослоос болж нас барах явдал 43 хувиар буурсан үр дүн гарсан. Уг нь бол Засгийн газрын тогтоолоор хөдөө орон нутагт хяналтын постыг 150 км тутамд байгуулах ёстой байдаг.

Өнөөдрийн байдлаар таван аймагт хяналтын пост ажиллаж байгаа. Ирэх жилээс зарим нэг аймгуудад барихаар төлөвлөж хөрөнгийг нь төсөвт суулгасан. Цаашид хатуу хучилттай замаар холбогдсон аймгуудад хөдөлгөөнт эргүүл гаргаж ажиллуулах бодлого баримтална.

-Бэлэн бус торгуулийн систем нэвтрүүлснээр ямар үр дүн гарч байна?

-Наймдугаар сараас замын хяналтын камераар илрүүлсэн зөрчилд бэлэн бусаар торгууль ногдуулах ажил эхэлсэн. 2007 онд энэ системийг туршиж үзэхэд иргэдийн торгууль төлөлт 60 гаруй хувьтай байсан. Хамгийн гол нь албан хаагчид бэлэн мөнгөтэй харьцахгүй хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нарыг удаахгүй байгаа нь энэ системийн гол ач холбогдол юм.

-Цагдаа нарыг иргэдэд нээлттэй байлгах, зөв зохистой харьцах үүднээс тодорхой ажлуудыг хийж байсныг санаж байна?

-Уг нь замын цагдаагийн нэг албан хаагч өдөрт 10-12 үйлчлүүлэгчтэй харьцах стандарт байдаг. Харин манай нэг алба хаагч өдөрт 30 гаруй үйлчлүүлэгчтэй харьцдаг. Тиймээс цагдаа нараа өдөрт найман цаг ажиллаад амардаг байх ажлыг энэ жил хийж, шинэ хуваариар ажиллуулж байна. Мөн байгууллага дотроо албан тушаалд томилох сонгон шалгаруулалтыг ил тодоор зарлаж явуулдаг болсон.

-Жолооны үнэмлэх хэвлэгдэхгүй иргэд бухимдалтай байсан?

-Замын цагдаагийн газрын мэргэжил хяналтын хэлтсийнхэн шуурхай ажилласны үр дүнд үнэмлэхийн хэвлэлтийг хэвийн болгосон. Мөн Хуульзүйн сайдын тушаалаар үнэмлэх олгох журманд өөрчлөлт орууллаа. Гадаадын иргэн Монголд ирэхдээ манай улсын жолооны үнэмлэхийг 10 жилийн хугацаатай шууд солиулдаг байсан.

Үүнийг өөрчилж оршин суух визийн хугацаагаар сольж өгдөг болсон. Харин гадаадад амьдарч байгаад ирсэн иргэдийн жолооны үнэмлэхийг шалгалтгүй сольж өгдөг байх журамтай болсон. Энэ онд 190 мянга орчим иргэнд үйлчилсэн.

-Хууль эрхзүйн хүрээнд зарим зөвшөөрлийг шилжүүлсэн гэсэн?

-Энэ жил Гэмт хэргийн тухай, Зөрчлийн тухай, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэгт манай алба хаагчид орж ажиллаж байгаа. Эрх зүйн шинэчлэлийн хүрээнд алба хаагчид зөвхөн хууль сахиулах ажлаа хийнэ гэдэг зарчмаар тодорхой зөвшөөрлүүдийг холбогдох газарт нь шилжүүлсэн.

Тухайлбал төв замын зөвшөөрөл, орц гарц гаргах, зогсоол байгуулах, зам сэтлэх, зар сурталчилгааны самбар байрлуулах зэрэг зөвшөөрлүүдийг холбогдох чиг үүргийн байгууллагуудад шилжүүлсэн.

-Хөдөө орон нутагт чиглэсэн ямар ажлуудыг хийсэн бэ?

-Хөдөө орон нутгийн зам түгжирдэг болж байна. Тиймээс энэ асуудлыг судалж бодлого боловсруулж байгаа. Жишээ нь Орхон аймгийн зам түгжирснээс манай алба хаагчид очиж судалгаа хийж хөдөлгөөний урсгал, замын зохион байгуулалтын талаар мөн зогсоол, уулзвар, гарцыг өөрчлөх, шинэчлэх зэргээр түгжрэлийг бууруулах талаар тодорхой санал боловсруулан тус аймагт хүлээлгэж өгсөн. Он гараад аймгуудад энэ талаар тодорхой ажлуудыг хийхээр төлөвлөж байна.

-Танай сониноор дамжуулаад Замын цагдаагийн хамт олон, үе үеийн албан хаагчдынхаа гэр бүлд аз жаргал хүсч, ирэх ондоо ажил хөдөлмөрийн өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөе.

С.Уянга

-эх сурвалж: zuuniimedee..mn


URL:

Сэтгэгдэл бичих