Дархан-Уул аймгийн Засаг даргад дөрөвдүгээр ангийн сурагчид захидал илгээжээ

Үндэсний лаборатори Оюуны-Ирээдүй цогцолбор сургуулийн дөрөвдүгээр ангийн сурагчид Дархан-Уул аймгийн Засаг даргадаа хандан захидал бичиж “Ёс суртахуун”-ы хичээлийн хэлэлцүүлэгтээ урьжээ.

Сайн байна уу? Сайхан сэтгэлт хотын дарга ах аа

Танд энэ өдрийн мэнд хүргэе

Оюуны Ирээдүй цогцолбор сургуулийн дөрөвдүгээр ангийн 244 сурагчид танд захидал бичиж байна. Учир нь энэ хичээлийн жилд манай сургууль улсын хэмжээнд “Сургалтын шинэчилсэн хөтөлбөр” турших мөн 1-5 дугаар ангид “Ёс суртахуун” гэсэн шинэ хичээлийг судалж байна. Бид хоёрдугаар улиралд “Хотын даргын захидал” сэдэвт хичээлээр хог хаягдлын тухай бидний үргэлж сэтгэл эмзэглүүлж байдаг асуудлыг судлахаар болсон билээ. Энэ тухай ном сонин сэтгүүл интернетээс маш их мэдээлэл цуглуулж ярилцлаа. Иймээс хотоо  цэвэр цэмцгэр, эрүүл сайхан хот байхад хүүхэд бидний оролцоо маш чухал гэдгийг ойлгож:

  1. Хүүхдүүд хаа сайгүй хог хаяхгүй байх
  2. Хогоо хогийн саванд хийж сурах
  3. Анги танхим, сургууль, сургуулийн орчинд цэвэрлэгээнд тогтмол оролцож хувь нэмрээ оруулах саналыг дэвшүүлэн “ Хот хогийн сав биш” уриан дор
  4. Хотын иргэн дор бүрнээ ил задгай хог хаяхгүй байж сурах
  5. Энэ тухай телевиз хэвлэл мэдээллээр сайн хэлж ойлгуулах, шат шатны дарга холбогдох хүмүүсийг сайн ажлуулах
  6. Хотын иргэн бүр жилд 1-2 модыг тогтмол тарьж байх уламжлал тогтоон ажиллахыг уриалж байна.

Хүүхэд бид – Дархан хотоо хоггүй, агаарын бохирдолгүй, эрүүл цэвэр сайхан орчинтой хот байхыг хүсч байгаа билээ. Бидний уриалгыг дэмжинэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийлээд хариу захидал бичихийг хүсч 2014 оны 1 дүгээр сарын 3-ны 10.00 цагт Оюуны ирээдүй цогцолбор сургуулийн “Б” байранд болох “Ёс суртахуун”-ы хичээлийн  хэлэлцүүлэгт таныг урьж байна.

Таныг хүндэтгэсэн: Үндэсний лаборатори Оюуны-Ирээдүй цогцолбор сургуулийн дөрөв дүгээр ангийн сурагчид, багш нар

2013.12.27


URL:

Сэтгэгдэл бичих