Д.Лхагвадорж: Багш маань нээлттэй, найз шиг ханддаг байсан

131225-6tР.ОЮУН

Хангарьд” спорт клубын тамирчин, олон улсын хэмжээний мастер Д.Лхагвадоржийг “Миний багш” булангийн зочноор урилаа.

-Таны хайрлаж, хүндэлж явдаг багш тань хэн бэ?

-Миний багш чөлөөт бөхийн олимп, дэлхийн хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Д.Оюунболд гэж байсан. Спортын замналыг маань анх тавьж өгсөн болохоор ч тэр үү хайрлаж, хүндэлж явдаг.

-Багшийнхаа талаар хэр сайн мэдэх вэ?

-Д.Оюунболд багш маань Монгол Улсын 12 удаагийн аварга, нэг мөнгөн медальтай. 1980 оны Москвагийн олимпийн наадмаас хүрэл, 1981 оны дэлхийн аваргаар аваргын төлөөх барилдаанд нийгмийн байдлаас болж луйвардуулж байсан. Азийн аваргад нэг ч удаа барилдаж байгаагүй. Өөрөө их өвөрмөц зантай байсан болохоор янз бүрийн тэмцээн, уралдаанд явуулж байгаагүй гэсэн яриа байдаг. Гэсэн ч гаргасан амжилтууд нь дандаа медальтай.

-Чөлөөт бөхөөр хичээллэхэд багшийн чинь нөлөө байсан болов уу?

-Багш бид хоёр хоёулаа Дугарсүрэн овогтой, мөн Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумынх. Нэг нутаг гэдэг үүднээс би багшийгаа харж, дэмжиж явдаг байсан. Манай аав бас хэлж байсан учраас бага наснаасаа бөхөд дуртай болсон. Оюунболд багш Сэлэнгэ аймагт дасгалжуулагчаар очсон цагаас хойш энэ спортод хөл тавьсан анхны шавь нь. Тухайн үед 100 гаруй хүүхэд байснаас шигшигдээд 20-иод тамирчин үлдэж тодорхой хэмжээний амжилт гаргаж байсан. 1997 онд “Хангай” клуб байгуулагдаж байна гэсэн сургаар хөдөө орон нутгаас Оюунболд багшийн шавь болох гэж 300 гаруй хүүхэд ирсэн учраас хоёр ээлжээр хичээллэх болсон. Энэ олон хүүхдийг сургаж, ажиллана гэдэг багшийн өөрийнх нь давуу зан чанар, хүнтэй ажиллах, ачаалал даах чадвар нь өндөр байсныг харуулж байгаа юм. Өдөржин Спортын ордонд хүүхдүүдийн төлөө ажиллаж байсныг одоо бодоход бэрх мөртлөө бахархмаар.

-Багшийнхаа ямар занд илүү дуртай вэ. Ямар үед аашилж, загнадаг байсан бол?

-Манай багш их шударга, ажилч хичээнгүй, зарчимч, хүний төлөө гэсэн сэтгэлтэй. Өөрийн гэсэн арга барилтай, хүнтэй их найрсаг, хүнийг дэмжиж, ойлгодог хүн байсан. Бүх зүйлд ингэж ханддаг байсан. Тамирчин байсан болохоороо нийгмийн олон талын найз нөхөдтэй байсан болохоор ямар ч хүнтэй харьцана. Багшийг маань хүмүүс их ширүүн гэдэг. Ер нь тийм ширүүн хүн байгаагүй. Хүнийг аль болох ойлгохыг хичээдэг. Ширүүн зан гаргаж байсан тохиолдол ховор. Хааяа буруу зүйл хийх, үгэнд нь орохгүй, бэлтгэл сургуулилтаа нэг, хоёр удаа таслахад биднийг бодсондоо зэмлэдэг байсан.

-Багштайгаа байсан үеүдээс хамгийн дурсамж­тай нь юу байна вэ?

-Дурсамжтай үе олон бий. Тухайлбал, Сэлэнгэ аймгийн жижигхэн тугалын хашаа шиг зааланд хичээллэдэг байснаас эхлээд багшийгаа өөд болох хүртэлх бүх цаг хугацаа дурсамжтай санагддаг. Үүнээс тодруулж хэлбэл багш маань хүмүүсийг их урамшуулна. Хүнийг заавал ч үгүй тустай, бэлтгэлтэй болгохын тулд их ухаан зардаг байсан. Нэг жил хамгийн сайн барилдсан шавь нартаа өөрийнхөө улсын аваргын тэмцээний алтан медалиа өгнө. Энэ медалийг авахын тулд та нар сайн хичээллэх хэрэгтэй гэдэг байсан. Тэр үед медаль их ховор. Тиймээс энэ медалийг авахын төлөө хичээж бэлтгэл сургуулилтаа хийдэг байснаа санахад сайхан байна. Энэ нь тамирчин хүнд урам өгч, спортод дуртай болгож, хүнийг нэг талаараа шахаж байгаа нь оновчтой, ухаалаг арга байсан.

-Шавь нартаа хандаж ямар зөвлөгөөг их өгдөг байсан бэ?

-Манай багш “Биеэ сайн бод, дороосоо даарч болохгүй. Хэрэв та нар дороосоо даарвал тамирчны ирээдүй байхгүй болно шүү. Нуруугаа сайн хичээж бай” гэж их хэлнэ.

-Тэмцээнд оролцоод медаль авах, авахгүй үе гэж байна. Ийм тохиолдолд юу гэж хэлдэг байсан бол?

-1997 онд “Хангай” клубыг нээгээд 2001 онд өнгөрсөн л дөө. Энэ хугацаанд тамирчид нь ганзага хоосон ирж гомдоож байгаагүй. Бэлдсэн хүүхдүүд нь эхнээсээ байнга амжилт гаргаж урамшуулдаг байсан. “Хангай” клуб байгуулагдсанаас хойш залуучууд, өсвөр үе гээд бүх тэмцээнд багаараа түрүүлдэг байлаа. Тиймээс энэ амжилтдаа сэтгэл ханаж болохгүй, цаашид хичээх хэрэгтэй, гол зорилго энэ биш гэнэ. Бэлтгэл сургуулилттай үед орж ирээд хардаг учраас “Та нар ийм алдаа гаргасан. Үүнийгээ цаашид анхаараарай” гэж зааж, хэлж өгнө. Багшийн нэг онцлог нь энэ нь сайн, тэр нь муу гэж ялгахгүй, хүүхэд бүртэй тулж ажиллана. Адилхан спортод дуртай, бүгдэд нь чиглэсэн бодлого барьдаг байсан.

 

-Та багшдаа хэр их загнуулдаг байв?

-Манай багш хүнийг ойлгодог, бидэнтэй үеийн юм шиг ярилцана. Ер нь ховор загнана шүү. Харин хүүхэд байсан болохоор урамшуулдаг байлаа. Хүний аргыг олохдоо гаргуун байсан.

-Юугаар нь бахархаж, дуурайхыг хичээдэг вэ?

-Хүнийг ойлгодог зан чанараар нь их бахархдаг. Би ч гэсэн өнөөдөр дасгалжуулагч болъё гэсэн бодолтой байгаа. Хүн бүр заавал сайн тамирчин байх албагүй. Хүнийг хүн болгоё. Харж байхад багшийн шавь нар бүгд сайн сайхан явж байна. Хүн бүртэй тулж ажиллая, болох болохгүйг нь зааж өгье гэсэн мөрдлөг болгосон зан чанар багшид маань байдаг. Үүнийг нь дуурайхыг хичээдэг.

-Ер нь шавь нартайгаа хэр нээлттэй хүн байсан бэ?

-Их нээлттэй хүн. Бидэнтэй яг найз, аав, ээж шиг минь хандана. Найз охиныхоо талаар хүртэл ярьдаг байлаа. Багш маань “Та нар найз охиноо авчраад харуул. Суух үгүйг чинь би харж байж шийднэ. Хэрэгтэй бол зөвлөгөө өгнө” гэдэг байсан.

-Багш нарын баяраар баярлуулдаг байсан уу. Хобби нь юу байсан бол. Ямар үед их баярлаж, гомддог байсан бол?

-Баярлуулалгүй яах вэ. Би багийн ахлагч байсан болохоор ийм үйл явдлыг байнга тэмдэглэнэ. Ямар хоббитой байсан нь санаанд орохгүй байна. Ямар ч гэсэн эд мөнгөний шуналгүй, одоогоор их гэгээрсэн хүн байсан даа. Ер нь баярлаж, гомдохдоо амархан. Энэ нь тамирчин хүний нэг чанар. Амжилт гаргахаар баярлана. Ганцхан бөх гэлтгүй хичээл сурлагад нь их анхаардаг байсан. Болохгүй байгаа хүүхдүүдийн багштай нь байнга очиж уулзаж, сургууль соёлыг нь төгсгөх талаар ярина. Нийгмийн талын асуудалд нь их анхаардаг байсан. Өөрийнх нь хэлсэн үгийг авсан хүнд их баярлана даа. Бас их амархан гомдоно. Гомдсон нь нүүрнээс нь харахад андашгүй.

-Багшийнхаа гэр бүлтэй хэр ойр дотно, холбоотой байдаг вэ?

-Багшийнхаа гэр бүлтэй холбоотой байдаг. Хэдийгээр багш маань тэнгэрт хальсан ч гэсэн “Хангай” клубын хамт олонтой ч гэсэн холбоотой явдаг.

ЗУУНЫ МЭДЭЭ


URL:

Сэтгэгдэл бичих