Италичуудыг гайхуулж байсан гутлын үйлдвэр алга болж, байр нь “Номин”-д очжээ

ginerat

Манай сонин социализмын үед баригдаж, олон хүнийг ажилтай, олон айлыг амьдралтай нь залгуулж байсан улсын томоохон үйлдвэрүүдийн хувь заяа хувьчлалаар хаашаа эргэснийг эрэн сурвалжилж уншигчиддаа хүргэхээр боллоо. Цуврал сурвалжлагынхаа эхнийхийг Гутлын үйлдвэр гэж Монголд монопол байсан үйлдвэрийг онцоллоо.

Бид Хан-Уул дүүрэгт байрлах Гутлын үйлдвэрийн байрыг өчигдөр зорьж очсон юм. Есөн давхар өндөр барилгын дээр “Гутал” гэсэн хаяг нь анзаарагдахааргүй болчихож. Ханыг нь шар алгаар будаж “Эрдэнэт хивс”, электрон бараа, гэр ахуй гэх зэргээр “Номин” компани салбар нэгжүүдийнхээ хаягийг томоор бичиж хаджээ. Харин дотор тал нь ундуй, сундуй. Нэгдүгээр давхрын хаалгаар ортол ажлын хувцастай залуу биднийг сүрхий харснаа “Ашиглалтад орох арай болоогүй. Засвартай байна” гэлээ. Гадна нь байдаг гутлын жижиг дэлгүүр ч “Номин” гэсэн хаяггай болжээ. Тус компани Гутлын үйлдвэрийн байрыг 20 жилийн хугацаатай түрээслэсэн аж. Үйлдвэрийн зориулалттай барилга ийн дэлгүүр болчихжээ.

Төв байртайгаа хоолойгоор холбогдсон хоёр давхар байшинд “Гутал” хувьцаат компани үйл ажиллагаа явуулдаг юм байна. Бид хуучин Гутлын үйлдвэрт ажиллаж байсан хүмүүсийг сураглаж явтал тус компанид ажилладаг Цэндээ гэж эмэгтэйг танил маань зааж өглөө. Компанийн мэдээллийн самбарт гүйцэтгэх захирал Ц.Төмөрийн гарын үсэгтэй тушаал хаджээ. Хуучин Гутлын үйлдвэрийг эзэмшигч нь эл компанийн эзэн Ц.Төмөр аж. Цэндээг хүлээх зуур энэ мэт зүйлийг сонирхож зогсов. Нэлээд удаан хулээсэн ч Цэндээтэй уулзсан юм. Тэрбээр “Надтай хааяа Гутлын үйлдвэрт хамт ажиллаж байсан хүмүүс ирж уулздаг юм. Би тэтгэврээ тогтоолгох гээд бичиг баримт хэрэг болсон нэгэнд нь зөвлөгөө өгдөг гэх үү дээ. Манай хуучин үйлдвэрийн ажилчид учраа олохгүй л явдаг юм. Улсын чанартай том үйлдвэр байсан даа. Гутлын үйлдвэр 3000 гаруй ажилчинтай байлаа. Одоо бүх зүйл өөрчлөгдсөн болохоор юу ярих вэ дээ” гэсэн тайлбар хэллээ. Харин “Гутал” хувьцаат компанийн тухайд сүртэй үйлдвэрлэл явуулаад байгаа зүйл байхгүй гэдгийг мэдэх нэг нь учирлаж байсан. Тус компанийн хойд талд үйлдвэрийн ажилчдын эмнэлэг байсан долоон давхар барилга бий. Энэ байшинд эрчим хүч, зам засвар, гээд олон компани сууршижээ. Нэг ёсондоо түрээсийн байр болгон хувиргаж. Төрийн өмчид үлдээсэн ганц барилга нь Эрдэм шинжилгээ туршилтын төв. Арьс, ширний эрдэм шинжилгээний хүрээлэн овоо дориун ажиллаж байгаа тухай нэг ажилтан нь сонирхуулна билээ.

Түүх сөхвөл, 1982 онд Гутлын үйлдвэрийн иж бүрэн цогцолборыг барьж ашиглалтад оруулж байжээ. Гутлын үйлдвэр байгуулахаар зэхэж байхдаа 1961 онд Чех улсын технологийг Монголд нэвтрүүлэх зорилгоор Цэвээндоржоор ахлуулсан хүмүүсийг тус улсад туршлага судлуулж, мэргэжил дээшлүүлэх курст суралцуулж байсныг ажилчид нь ярьж байв.

Н.Зоригт: Бид жилд гурван сая гаруй гутал үйлдвэрлэдэг байлаа

Гутлын уйлдвэрийн загвар зохион бутээгч хийгээд хэлтсийн даргаар ажиллаж байсан Н.Зоригттой уулзлаа. Тэрбээр 1997 онд “Хос аз” компаниа байгуулжээ.

-Таныг Гутлын үйлдвэрт хэлтсийн дарга байсан гэж сонссон. Тэгэхээр энэ үйлдвэрнйн түүхээс яриагаа эхэлье гэж бодлоо?

-Манай улс 1934 онд Аж үйлдвэрийн комбинат байгуулж эсгий болон хромон гутал үйлдвэрлэж эхэлсэн түүхтэй юм билээ. Харин Гутлын үйлдвэр бол Чехийн тусламжаар байгуулагдаж байсан. 1969 онд техник, технологио шинэчилж байлаа. 1969 оноос 1980 он хүртэл сая гаруй гутал үйлдвэрлэж байсан баримт бий. Ингээд 1979-1981 онд гутлын үйлдвэрийн иж бүрэн цогцолборыг байгуулсан. Одоогийн “Номин” түрээсэлчихээд байгаа үйлдвэрийн барилга баригдсан гэсэн үг. Шинэ үйлдвэртэй болсноор жилд дөрвөн сая гутал үйлдвэрлэж эхэлсэн. 500 гаруй ажилчинтай байсан үйлдвэр өргөжиж 3500 ажилтантай болсон. Өөрөөр хэлбэл, ажилчдын тоо зургаа дахин өссөн. Тухайн үед төр засгаас аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх бодлого барьж байсан учраас нийт ажилчны 70 орчим хувь нь Чех улсад мэргэжил дээшлүүлдэг байлаа. Тус улсаас жилдээ 20-30 мэргэжилтэн ирж ажилладаг байсан. Гутлын үйлдвэрийн оргил үе нь 1985 он. Тэр үед хоёр ээлжээр ажилладаг, жилд 3,5 сая гутал үйлдвэрлэж байсан. Үүнээс гадна жилд 500 мянган хос гутлын түрий оёж Чех улсад экспортолж байлаа. Таван хошуу малын бүх л зүйлийг ашиглаж байсан үе шүү дээ. Ноосных нь зунгагаар цавуу үйлдвэрлэдэг. Желатин гаргаж аваад гэрэл зургийн хальс, рентгений хальс хийдэг байсан.

-Анх загвар зохион бүтээгчээр энэ үйлдвэрт ирж байв уу?

-Би нэгдүгээр арван жилийн сургуулийг төгсөөд Чех улс руу сургуульд явсан. Тэнд очоод гуталчин болсон доо. 1985 онд гутлын загвар зохион бүтээгч мэргэжлээр төгсөөд эх орондоо ирж байлаа. Техник технологи хөгжсөн орон учраас бүх загварыг компьютерээр хийж сурсан. Гэтэл намайг төгсч ирэхэд манай улсад компьютер байтугай тооны машин ч тоотойхон байсан байх. Компьютерээр гутлын загвар гаргана гэхээр хүн бүр солиотой л гэж хэлдэг байлаа. Ингээд шинэхэн загвар зохион бүтээгч будаг нь ханхалсан үйлдвэрт анх ажилд орж билээ. Бас болоогүй нэг их удалгүй хэлтсийн дарга болсон. Миний мэдэхээр Румын, Монгол хоёрт Аж үйлдвэрийн комбинат байгуулах гэж туршиж байсан. Гэтэл Румын байгуулахаас татгалзаад манай улсад байгуулсан юм билээ. Тухайн үед ямар гайхамшигтай үйлдвэр байгуулсан юм бэ. Би дэлхийн аль ч улсад манай улсад байгуулсан шиг гутлын үйлдвэр харж байсангүй. Одоо л ганц хоёр улсад тийм үйлдвэр харагдаж байна. Бүх зүйл цогцолсон үйлдвэр байсан шүү дээ, эмнэлэг, сургууль, зоогийн газар, эрдэм шинжилгээ туршилтын төвтэй, ул, цавуугаа өөрсдөө хийнэ. Түүхий эдээ боловсруулна. Зөвхөн утас, зүүгээ л гаднаас авдаг байлаа. Италичууд туслах гэж ирээд гайхдаг байсан. Бүх зүйл нь байхад чухам ямар дэмжлэг авах гээд байгаа юм бэ гэж. Тэднээс загварын тал дээр л туршлага солилцож явлаа. Газар доорх инженерийн шугам сүлжээ нь хүртэл маш нарийн хийгдсэн үйлдвэр шүү дээ. Хуучин нэрээр ЗХУ-ын Новосибирск, Өвөр Монголыг манай үйлдвэр хангадаг байсан гээд бод доо. Гэтэл манай малын арьс тэр олон тооны гутлыг үйлдвэрлэж хүрэлцэхгүй байж билээ. Тэгээд захиалгын гутлынхаа 50 хувийг даавуугаар хийж байсан. Аль машиныг хэзээ солих вэ гэдгийг хүртэл нарийн төлөвлөсөн байдаг байв. Надад хуучин баримт нь байсныг урчихаад харамсч билээ.

-Тийм сайхан үйлдвэрийг хувьчлал нэрээр сүйтгэчихсэн нь даанч харамсалтай юм. Гутлын үйлдвэрийг хувьчлахад та байсан биз дээ. Тухайн үед яг юу болсон юм бэ?

-Хувьчлалыг маш буруу хийсэн. Номоороо бол төлөвлөгөө гаргаад, шийдээд гүйцэтгээд, хянах ёстой. Гэтэл шууд гүйцэтгээд хаячихсан. Эргээд хянасангүй. Хувьчлах үед Гутлын үйлдвэр 45 сая долларын үнэтэй тоног төхөөрөмжтэй байсан. Одооны үнэлгээгээр бол 100-200 тэрбум төгрөг болно. Тэр үед шилжих рубль гээд нэг доллар 93 центтэй тэнцдэг байв. Тэгэхээр доллар хямдхан байсан байгаа биз. Нэг доллар гурван төгрөг 63 мөнгөтэй тэнцдэг байлаа. Актив пассиваар нь тэнцүүлээд бага үнэлсэн. Зах зээлд шилжих үед Гутлын үйлдвэрийн үнэлгээ 120 сая төгрөг байсан. Харин Батж.Батбаяр 200 хүрэхгүй сая төгрөгөөр л худалдаж авсан. Бид хөрөнгийн үнэлгээг нь өсгөх санал хүсэлт тавьсан. Гэтэл тухайн үед үйлдвэрийн удирдлагууд Батж.Батбаярт итгэсэн байх. Үйлдвэрийг хувьчилж авахдаа Батбаяр “Хуучин хэвээр нь ажиллуулна. Бага үнээр хувьчилж авсан учраас бага зардал гарна” гэж итгүүлсэн байгаа юм. Батж.Батбаяр, З.Энхболд, Сү.Батболд нар анх авсан гэж ярьдаг юм. З.Энхболд хувьчлалд оролчихоод Ц.Төмөрт шилжүүлсэн гэдэг. Энэ хоёрын хувьцаа 18-20 хувь байсан. Харин Батж. Батбаяр 13 хувийг нь эзэмшдэг байлаа. Нийлээд 33 хувь гэсэн үг. Гэтэл дахиж үнэлгээ хийх бололцоо байсан. Тэгээгүй. Ягаан, цэнхэр тасалбарыг үнэгүйдүүлээд, тухайн үйлдвэрт ажиллаж байгаа инженер техникийнхэн өөрийн хувьцааг худалдаж авч болохгүй гэсэн хууль гаргаад баталчихсан. Батж.Батбаяр, Ц.Төмөр хоёр хамтарч эзэмшиж байгаад сүүлдээ салсан. Ингээд Ц.Төмөр нь авсан юм. Соцдекүүд гэж хэсэг хүн гарч ирээд баахан хөрөнгөтэй болсон шүү дээ.

-Үйлдвэрийн тоног төхөөрөмжийг төмрийн хаягдалд тушаачихсан гэдэг үнэн үү?

-Тухайн үед их л юм болж байлаа. Гэхдээ бүгд өнгөрсөн асуудал шүү дээ. Түүхийг эргээд сөхвөл олон хүн шоронд орох байлгүй. Үйлдвэрийн тоног төхөөрөмжийг төмрийг хаягдалд ачсан нь үнэн л дээ. Тэр үед хамгийн их хохирсон хүмүүс үйлдвэрийн ажилчид. 1989 онд Арьс ширний үйлдвэрийн нэгдэлд Итали улсаас 17 сая доллараар Арьс ширний үйлдвэрийн, гурван сая доллараар Гутлын үйлдвэрийн тоног төхөөрөмж худалдаж авч байлаа. Энэ үйлдвэрийн захирлаар би 1993 оноос ажилласан. Гэтэл Гутлын үйлдвэрийн ажилчид 1992 онд ажилгүй болсон. Харин миний удирдсан үйлдвэр 120 хүнийг ажлын байраар хангаад чамгүй ашигтай ажиллаж байсан. 1997 он хүртэл дориун ажиллаж байсан үйлдвэрийн хаалгыг Элбэгээ Ерөнхийлөгч барьчихсан. Яагаад гэвэл үйлдвэрүүдийг хаагаад гадаад паспорт өгөөд ганзагын наймаанд мордуулсан юм. Ингэж гутлын гэх тодотголтой үйлдвэр хоёр дахь удаагаа сөхөрсөн. Италийн хөрөнгө оруулалттай үйлдвэрийг арван жил дарсан. Ингэснийхээ дараа Италиас ирсэн тэнүүлч иргэнд зараад л өнгөрсөн. Тэр үед үйлдвэрлэлээ явуулж байсан бол өдийд дэлхийн хэмжээний үйлдвэр болчихсон байх байлаа. Түүх гэвэл ийм л байна.

-Танай “Хос аз” компанид Гутлын үйлдвэрт ажиллаж байсан хүмүүс бий юу?

-Би гурван жил Германд ажил хийгээд хэдэн доллартай ирсэн юм. Тэгээд түүгээрээ үйлдвэрийн машин худалдаж аваад Гутлын үйлдвэрт өгсөн. Тэр машинаа авъя гэтэл өгдөггүй байлаа. Ингээд үйлдвэрийн дарга нар ажлаасаа чөлөөлөгдөхийн өмнө миний авч өгсөн тоног төхөөрөмжийг арай гэж буцаасан. Би хэзээ нэгэн цагт монголчууд гутал үйлдвэрлэж байсан гэдгийг харуулах гэж 1997 онд энэ үйлдвэрийг байгуулсан. Анх гурван ажилчинтай компаниа байгуулж байсан. Надад итгэсэн ажилчиддаа баярлаж явдаг. Надтай хоёр дахь Гутлын үйлдвэрт ажиллаж байсан хүмүүс энд бий. Манай компани үйл ажиллагаа явуулаад 14 жил боллоо. Цэрэг армийнхний гутлыг бид үйлдвэрлэдэг.

Т.БАЯРСАЙХАН: МАНАЙ УЛС ХЯТАДААС ЖИЛД ЗУРГААН САЯ ГУТАЛ ИМПОРТОЛДОГ

Гутлын үйлдвэр хайж явахдаа Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбооны гуйцэтгэх захирал  Т.Баярсайхантай уулзлаа.

-Социализмын үед босгосон том үйлдвэрүүдийн хувь заяаг бид сурвалжилж байгаа юм. Эхнийх нь Гутлын үйлдвэр. Энэ үйлдвэрийн талаар та юу мэдэх вэ?

-Гутлын үйлдвэрийг яг үнэндээ Батж.Батбаяр дампууруулсан шүү дээ. Жилд гурван сая гаруй гутал үйлдвэрлэж байсан үйлдвэр одоо ямар байгааг хэн хүнгүй л харж байна шүү дээ. Гэхдээ монголчууд буруу зохицуулалт хийсэн. Чөлөөт зах зээлийн нийгэм байгуулсан нь бидний хамгийн том алдаа байлаа. Уг нь зохион байгуулалттай зах зээлийн нийгэм байгуулах ёстой байсан. Тэгээд манай баялаг бүгд гадагшаа гарсан. Нэг үгээр хэлэхэд эдийн засгийн дайны байдалд ажиллаж байна. Өнөөдөр бид зургаан сая гутал Хятадаас импортолж байгаа. Дэлхийн хэмжээнд 25 тэрбум гутал энэ жил үйлдвэрлэсэн байна. Үүний 50 хувийг хятадууд үйлдвэрлэдэг. Манай улсын Гутлын үйлдвэр ид мандан бадарч байхад хятадууд шаахайнаас өөр төрлийн гутал үйлдвэрлэдэггүй байлаа. Үүнээс харахад бодлогоор үйлдвэрүүдийг шахаж манай түүхий эдийг хамж байна.

-Манайх жилд хэдий хэрийн гутал үйлдвэрлэж байгаа вэ?

-Энэ нарийн тоог гаргахад төвөгтэй байдаг. Импортоор оруулсан гутлын тоог гаргахад боломжтой байна. Яг дотооддоо үйлдвэрлэж байгаа гутлын тоо ширхгийг гаргахад асуудалтай. Жижиг цех, үйлдвэрүүд гээд гутлын чиглэлээр мэргэшсэн хүн бүр л хийх гэж хичээж байна. Манайхан Улаан-Үд, Эрхүү, Тува, Читийн тойргийн гутлын хэрэгцээг хангадаг. Нохойн арьсан дотортой гутлыг дээрх газрынхан авдаг. Мөн цэрэг, цагдаа, онцгой байдлынхны гутлыг дотооддоо үйлдвэрлэж байна.

-Гутлын үйлдвэрлэл эрхэлж байгаа хүмүүст танай холбоо хэр дэмжлэг үзүүлдэг вэ?

-Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас үйлдвэрлэлийн парк байгуулах газар олгосон. Зуун айлын 32-ын тойргийн орчимд зургаан айлын газрыг чөлөөлөөд байгаа. Мөн Дорнод болон Увсад гутлын шугаман үйлдвэр байгуулна. Яагаад Дорнодыг сонгосон гэхээр Хятадаас оруулж ирэх гутлыг хумих зорилготой. Увс бол цагаан ултай гутлаараа алдартай шүү дээ. Тиймээс цагаан ултай гутлын үйлдвэрлэлийг хөгжүүлэхээр зорьж байна. 150 тэрбум төгрөгтэй байхад үйлдвэрүүдээ хөгжүүлчихнэ гэж төлөвлөж байгаа.

Тэд ийн ярьж байна. Бодлогогүй хийсэн алдаагаа одоо залруулж үйлдвэрүүдээ сэргээнэ гэж яриад байгаа. Гэхдээ цаг хугацаа, хөрөнгө мөнгө их шаардагдах нь дамжиггүй.

IMG_0001

Б.ГАНДОЛГОР

 


URL:

Сэтгэгдэл бичих