НҮЦГЭН ИРСЭН, НҮЦГЭН БУЦНА

$_35vvНүцгэн ирсэн, нүцгэн буцна
Нөмөрдөг хөнжил, нөмгөн тэрлэг, нимгэн цамц бүгдийг нь үлдээнэ
Нүүр царай үрчийж, нуруу бөгтийн
Нүүрээ, нуруугаа, хөлөө бүгдийг нь орхиод явна
Сүүмгэр цагаан гэрэл болж, сүнс минь дээшээ нисэж одно
Нүцгэн ирсэн, нүцгэн буцна

Хайртай бүхнээ хамаатан саднуудаа
Хадгалсан захиагаа, хуримын бөгжөө хаяад явна
Дурьдатгалаа, дурсамжаа, дуу шиг амьдарсан насаа
Дутуу бүхнээ үлдээгээд дуулим хорвоогоос хөвж одно
Нүцгэн ирсэн, нүцгэн буцна

Нүглээ үүрээд, буянаа тэврээд нүүр тулна нөгөө хэдтэй
Нөмөрт нь хоргодох там диваажингийн үүдийг сахиж хэсэгтээ саатна
Тэндээс тэгээд тэнгэрийн судлаар үрсээ ажиж
Тэмдэг тавина тэдэндээ эргэж очих гэж…

Буян хураасны ач гавьяа байвал буцаад ирнэ, нүцгэн ирнэ
Нүүр минь шинэ, нуруу минь бас шинэ, бие минь шив шинэхэн
Би одоо гамтай амьдрана, бичгийн ширээгээ өдөр бүр цэгцэлж
Буй биеэрээ шүлэг болно, буцаад нүцгэн явна би сайн мэднэ…

Шүлэг минь үлдэхийг, бусдад тусалсан мөч бүхэн бурханы хайраар үржиж , буцаж ирэх тийз болдгийг бүүр сайн мэднэ
Иймээс булга шуба, ээмэг бөгж биш, буян хурааж, хайр тарьж эхэлсэн
Тарьсан ургацаа хураагаад буцна,
Там диваачингийн үүдэнд хэрэг болно

Нүцгэн ирээд, нүцгэн буцах орчлонд
Нүүрээ, нуруугаа, хөлөө бүгдийг нь орхино
Сүүмгэр цэнхэр туяа болоод
Сүнс минь тэнгэрлүү хавж одно

…Нүцгэн ирсэн, нүцгэн буцна..

2013.10.29

 

Зохиогч: Duya Dulamsuren


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих