Ц.Цолмон: МАХН МҮАН-ынхан хагаралдахаа больсон гэж бодож байна

DSC_7751УИХ-ын гишүүн Ц.Цолмонг “Ярилцах танхим”-даа урилаа.

-Та Аюулгүй байдал, гадаад бодлогын Байнгын хорооны даргын ажлаа саяхан өгсөн. Үргэлж-лүүлээд байнгын хорооны даргаар ажиллаад явах боломжгүй байсан юм уу. Ихэнх байнгын хороодын дарга нар улиран сонгогдлоо?
-Ер нь намын бүлэг бүр өөр өөрөөр зохицуулсан байгаа л даа. АН-ын бүлэг байнгын хорооны дарга нараа хоёр жил ажиллуулаад ротацид оруулья гэж байгаа юм билээ.

“Шударга ёс” эвслийн бүлэг болохоор нэг жилээр өөрчилье гэж шийдсэн. Хуулиараа бол байнгын хорооны даргыг нэг жилээр сонгоод дахин нэг жилээр сунгаад явах боломжтой. Тэгэхээр аль аль нь ерөнхий зохицуулалтын хүрээнд явагдсан. Бүлгийн хүрээнд шийдэж байгаа учраас миний хувьд дэмжсэн.

-Засгийн газрын сайд нарыг УИХ-аас бус гаднаас сонгодог байхаар Монгол Улсын Ерөнхийлөгч хуулийн төсөл санаачлан оруулж ирээд байна. Энэ саналыг та хэрхэн хүлээж авч байгаа вэ?
-Засгийн газрын бүх гишүүн УИХ-аас сонгогдож байгаа нь Монголын нөхцөлд таарахгүй. Ингэж УИХ-аасаа Засгийн газраа бүрдүүлдэг улс орнууд байдаг. Түүнийг анх дуурайгаад ч гэх юм уу хэрэгжүүлээд явсан байгаа. Үүнийг судлахад парламент нь 200, 400  гишүүнтэй, түүнээс нь арван хэдэн хүн Засгийн газарт ордог улс орнууд байх жишээтэй. Энэ нь парламентынх нь үйл ажиллагаанд нэг их нөлөөлдөггүй юм байна.

Монгол шиг 76-хан гишүүнтэй, түүнийх нь арав гаруй нь Засгийн газарт ороод явчихаар зохимжгүй. Монголынхоо онцлогийг харгалзаад одоо ойлгож эхэлж байна. Тиймээс Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийг дэмжиж байгаа. Нэгэнт одоо УИХ-ын гишүүд сайдын ажлыг давхар хашиж байгаа учраас хуулийн хэзээ хэрэгжүүлж эхлэх вэ гэдгээ шийдэх асуудал бий. Үндсэндээ хоёр хувилбар яригдаж байна. Хуулийг батлагдсан өдрөөс нь шууд хэрэгжүүлээд явах, эсвэл төсөлд тавьсан саналын дагуу 2016 оноос шинэ сонгуулийн цикл эхлэхээр хэрэгжүүлээд явах уу гэдэг дээр нээлттэй хэлэлцэж байна. Ямар ч байсан аль болох эрт хэрэгжүүлэх нь чухал. Дараа дараачийн Засгийн газрыг ингэж бүрдүүлэх юм байна гэдэг зарчмаа тогтох нь зөв. Тийм учраас энэ өвөлдөө багтаад Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг дэмжих нь зүйтэй гэж бодож байна.

-Засгийн газрыг 100 хувь УИХ-ын нэг ч гишүүнгүйгээр байгуулаад явсан түүх манайд байдаггүй байх аа?
-Одоогийн төсөл дээр Ерөнхий сайд л ганцаараа Их хурлын гишүүн байж болно гэсэн заалт байгаа. Гэхдээ хүмүүстэй санал солилцож байхад гурав дөрвөн гишүүн нь Их хурлаас сонгогддог байвал зүгээр юм гэсэн санал хэлж байсан. Тэрийг зөвтгөж хэлэх үндэслэл нь Засгийн газрыг аль нэг нам дангаараа байгуулаад явдаг цаг өөрчлөгдөж байгаатай холбоотой.

Цаашид олон нам Засгийн газрыг эвсэж байгуулах шалтгаан гарна. Тэр үед, хоёр нам эвсэж Засгийн газрыг байгуулахад намаа төлөөлсөн лидерүүд нь засагт орж ажиллах замаар шийддэг байж болох юм. Энэ болгоныг ярилцаж үзээд нийтлэг эрх ашгийн хүрээнд гүйцэтгэх засаглалаа  хүчтэй болгох, парламентаа ч мөн цэгцтэй байлгах талаасаа ингэж шийдэх ёстой гэж бодож байна.

-Монгол Улсын Ерөнхийлөгч том төрөөс ухаалаг төр лүү шилжих ёстой гэсэн санааг дэвшүүлж, ажил хэрэг болгохоор ярьж байна. Өнгөрсөн 20 гаруй жил манай төр том, данхар бүтэцтэй явж  иржээ гэж ойлгогдож байна. Өмнө нь Ерөнхийлөгч болоод парламент энэ тал дээр юу хийж байсан юм бол гэдэг шүүмжлэл хэлж болохоор байна. Та улс төрд 1990 оноос хойш идэвхитэй ажиллаж төрийн өндөр албан тушаал хашиж ирсэн хүний хувьд Ерөнхийлөгчийн санаачилгыг хэрхэн харж байна вэ?
-Ер нь томьёоллын талаас нь харах юм бол шүүмжлэл хэлэх юм байгаа л даа. Ерөнхийлөгчөөс төрийг хүчтэй, чадварлаг болгох талаар юм хийх гэж байхад нь шүүмжлэлтэй хандах гэхээсээ аль болох тус дэм болох ёстой гэсэн байр суурьтай байгаа. Тэгэхээр санал дэвшүүлээд удаагүй, тэр тусмаа шүүмжлэх талаасаа хандахгүйгээр ярьсан хэлсэнийг нь хамт хэрэгжүүлээд явах нь сайн байна.

Монголын төр дотоод болоод гадагшаа чиглэсэн үндсэн хоёр ажлыг хэрэгжүүлдэг. Гадагшаа чиглэсэн хэсгийг нь хэн ч том данхар бүтэцтэй гэж хэлэхгүй. Гадаад харилцаа, үндэсний аюулгүй байдлыг сахин хамгаалах тал дээр цөөхөн хүн ажилладаг. Гадаад харилцааг бэхжүүлэхэд хүн хүчээ багасгах биш харин ч хөрөнгө мөнгөний бололцоотой бол нэмэгдүүлж ажиллах шаардлагатай. Ерөнхийлөгчийн ярьж байгаа санаа бол дотооддоо чиглэсэн төрийн оролцоо, үйл ажиллагаа, хүнд суртлыг багасгах, цэгцтэй болгох ёстой гэж ярьж байгаа.

-Засгийн газар уран олборлохыг дэмжих байр суурьтай байгаа ч иргэний хөдөлгөөний байгууллагууд хатуу эсэргүүцдэг. Та Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар ажиллаж байсан хүний хувьд энэ салбартай сүүлийн жил гаруй хугацаанд ойр ажиллаа. Ураныг ашиглах тал дээр ямар байр суурьтай байдаг вэ?
-Монголд ураны их нөөц байгаа. Тэр их нөөц бол зөвхөн Монголын хэрэгцээнд бус дэлхийн улс орны энэ салбарынханд хэрэгтэй. Тиймээс уранаас айгаад ерөөсөө гар хүрэхгүй гэсэн бодлого явуулж таарахгүй гэж үзэж байгаа. Хүссэн хүсээгүй, сайн ч бай муу ч бай ураны нөөц Монголд байгаа учраас түүнтэйгээ ажиллаж сурах ёстой. Сайн мууг нь эрт илрүүлэх ёстой юм. Тэр утгаараа одоогийн төр засгаас явуулж байгаа бодлогыг би зөв зүйтэй гэж үзэж байгаа. Уран олборлоход яарахгүйгээр эхлээд ажиллаж сурах ёстой гэсэн байр суурьтай байдаг. Дэлхийд уран ашигладаг тийм ч олон орон байдаггүй. Цөмийн зэвсэгтэй цөөн хэдэн орон бий. Тэднийг хооронд нь холбож өгдөг олон улсын байгууллага байна. Дэлхий дээр энэ чиглэлээр ажилладаг улс орнуудтайгаа харилцаа тогтоогоод зөвлөлдөөд өөрсдийн эрх ашигтайгаа уялдуулаад ажиллах ёстой. Аль болохоор өндөр чадвартай мэргэжлийн хүмүүсийг бэлдэх, үйл ажиллагаа гүнзгийрүүлэх ёстой гэсэн байр суурьтай байгаа.

-“Атомын цахилгаан станцыг Монголдоо барина” гээд цөмийн салбарын холбогдох хүмүүс мэдэгдсэн. Энэ Засгийн газрын үед биш ч дараагийн гүйцэтгэх засаглалын үед ажлыг нь эхлүүлнэ гэж байна. Атомын цахилгаан станцтай болох нь манай улсад аюулгүй байдал талаасаа ямар байдаг юм бол?

-Атомын цахилгаан станцыг төдийд барина гэсэн шийдвэр хараахан гараагүй гэж бодож байна. Ер нь мэргэжлийн хүмүүс ОХУ-д байдаг шиг том том цахилгаан станц барих шаардлагагүй гэж үздэг. Өнөөгийн технологийн түвшинд бол жижиг модуль маягийн атомын станцууд байдаг. Түүнийг ашиглаж болно гэж мэргэжилтнүүд санал тавьж байдаг. Үүнийг судалж, яаралгүй хийх ёстой. Мөн цахилгаан станцыг ашиглах, эзэмших мэргэжилтэн бэлтгэх оюун санааны ажлыг сайн хийж байх ёстой.

Өнөөдрийн байдлаар нүүрсэнд тулгуурласан цахилгаан станцууд барья гэж байна. Энэ цахилгаан станцууд баригдчих юм бол нэг хэсэгтээ эрчим хүчний дутагдалд орохооргүй байгаа. Тийм учраас илүү боловсронгуй болгоод хэрэгцээ тулгарах юм бол атомын цахилгаан станцыг аюулгүй технологиор нь хэрэгжүүлэхэд болохгүй юм байхгүй. Асуудлаа мэддэг мэргэжлийн хүмүүсийг бэлтгэх нь чухал юм.

-МАН намынхаа дотоод шинэчлэлийн асуудалд анхаарч байгаа. АН Засгийн газрыг тэргүүлж ажиллаж байгаагийн хувьд намынхаа үйл ажиллагаа гэхээсээ илүү төрийн ажилд анхаарлаа хандуулж байх шиг байна. МАХН-ын эвслийн хувьд?
-Говь-Алтайд болж байгаа сонгуульд анхаарал хандуулж байна. Сонгуульд хэрхэн оролцох вэ, хэн нь хаана яаж ажиллах вэ гээд. Нөгөө талаасаа намынхаа анхан шатныхаа байгууллагыг бэхжүүлэх чиглэлээр ажлууд хийгдэж байгаа. Энэ болгоныг цэгцлээд хавар намынхаа их хурлыг хийе гэсэн төлөвлөгөөтэй байна. Намын их хурлаар бүтэц зохион байгуулалт, бодлогын асуудлыг хэлэлцэхээр бэлтгэл ажил нь явж байгаа.

-Намын их хурлаар намын дарга болоод удирдлагуудыг өөрчлөх асуудал яригдах уу?

-Их хурлын хүрээнд бүх асуудлыг ярьж болно л доо. Их хурал намын хамгийн дээд байгууллага учраас бүх асуудлыг хэлэлцэж болно. Бүтэц зохион байгуулалтаа өнөөгийн нөхцөлд тохируулах гээд их хурлын бэлтгэл ажил эхлээд явж байна.

-Та МҮАН-аас МАХН-д элсэхдээ хоёр намыг эвтэй ажиллах талаас нь ийм сонголт хийж байна гэж тайлбарлаж байсан. Намууд хоорондоо хэр эв найрамдалтай байгаа бол?
-Ер нь та бүхэн ажигласан байх. Сүүлийн үед хагаралдаж байгаа тухай ярихаа больсон байх гэж бодож байна. Харин бид намын бүлэг дээрээ үйл ажиллагаагаа бэхжүүлэх, нэгтгэх чиглэлээр ажиллаж байгаа. Би сонгуулийн дараа энэ талаар шүүмжилж байсан. Монголчууд хамтарч бизнес хийчихээд жаахан мөнгө олонгуутаа хуваалцах болоод тарчихдаг. Энэ бол жижиг бизнесменүүдэд тохиолддог зүйл. Түүн шиг яг сонгуулийн дараа манай хоёр нам өөр өөрсдийнхөөрөө эрх ашгийг өндөрт өргөөд нөгөө талаа үгүйсгэх, голох маягтай зүйл байсан. Одоо тэр хандлага байхгүй. Цаашдаа аль болох хамтраад ажиллах ёстой гэдэг дээрээ илүү ойлголцож байгаа.

-МАХН-д ямар нэгэн албан тушаал, сонгуульт ажил хашиж байгаа юу?

-Би намын дээд сургуульд суралцаж байхдаа анх 1983 онд хувьсгалт намын гишүүнээр элссэн. Сая гишүүнчлэлээ сэргээсэн гэсэн үг. Одоо намдаа Гүйцэтгэх товчооны гишүүн.

-Танай намынхан намынхаа даргыг эргэж очиж байгаа дуулддаг. Та намын дарга аа эргэсэн үү?
-Сарын өмнө очиж уулзсан.

-Ярилцсанд баярлалаа.

Т.Амартүвшин


URL:

Сэтгэгдэл бичих