Эдийн засагчид худалч Ерөнхий сайдын эсрэг “мэдүүлэг” өгөхөөс эмээж байна

527-13891543144e4711fb872704e3originalМонгол Улсын Ерөнхий сайд худалч уу гэдэгт олон хүн эргэлзэхээ болилоо. Харамсалтай нь худалч гэдэг үгийн утгыг Н. Алтанхуяг өөрөө мэддэггүй бололтой. Цагаан cap хаяанд ирсэн энэ үед хүн бүр халаасаа сэгсэрч, төр нь хөрөнгөө барсан барзгар царайтай суух нь өрөвдмөөр санагдана.

Гэвч Ерөнхий сайд Н. Алтанхуяг юу ч болоогүй юм шиг инээж орчин цагийн эдийн засгийн үлгэрээ ярьсаар л байна. Төрийн түшээд ч мөн адил үлгэр сонсдог насан дээрээ яваа хүүхдүүд шиг сайдынхаа үгийг чимээгүйхэн сонссоор л сууна.

Эдийн засагтай холбоотой олон асуултыг шинэчлэлийн Засгийн газарт тавьж болмоор санагдана. Өнгөрсөн онд манай улсын эдийн засаг сүүлийн 13 жилд байгаагүйгээрээ их алдагдалд орсныг дотоодын хийгээд дэлхийн эдийн засагчид тодорхойлоод байгаа.

Тухайлбал, инфляцийг нэг оронтой тоонд барих зорилт тавьсан ч 11 орчим хувьтайгаар хуучин оноо үдсэн. Гэвч төсвийн алдагдлыг хоёр хувьд барина гэсэн зорилтоо биелүүллээ гэж Засгийн газрын тэргүүн худлаа хэлснээр шинэ оноо угтлаа. Тэр уул нь энэ онд импортыг орлох, экспортыг дэмжих бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд ихээхэн анхаарна гэж хэлсэн.

Өнгөрсөн онд Монгол Улсын нийт импорт зургаа орчим тэрбум ам.доллар хүрсний талаас илүү хувийг эрдэс, хуванцар, арьс шир, химийн бүтээгдэхүүн, машин механизм, цахилгаан хэрэгслийн импорт эзэлж байсан. Иймд энэ чиглэлийн импорт орлох үйлдвэрлэлийн төслийг нэн тэргүүнд дэмжихээ ч  мэдэгдсэн.

Импорт орлох, экспорт нэмэх үйлдвэрлэлийг дэмжихэд “Чингис” бондын хөрөнгөөс 360 шахам тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөөд байна. Төслүүдийн саналыг энэ сарын 17-ныг хүртэл нээлттэй хүлээн авч байгаа.

Яамдын Төрийн нарийн бичгийн дарга нар оролцсон баг төслүүдэд эхний шатны сонгон шалгаруулалт хийж, дараа нь Засгийн газрын гишүүдийн төвшинд бодлогын хяналт тавьснаар эцэслэн шийдэх тухайгаа Засгийн газрын тэргүүн мэдэгдсэн. Энэ нь өнгөрсөн борооны хойноос цув нөмрөв гэдэг л болоод байна.

Гэхдээ оройтсон ч алдаагаа ухаарна гэдэг том амжилт. Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсанаас хойш багагүй хугацаа өнгөрсөн. Гэвч Ерөнхий сайд л амаараа бүтээгээд, хөгжүүлээд байгаа болохоос биш өдрөөс өдөр ирэх тусам төсвийн алдагдалд орж өнөөдөртэй золголоо.

Энэ нь ард түмний хэтэвч нимгэрч байгаагаар тодорхойлогдоно. Өнгөрсөн оны хувьд анхаарал татсан чухал асуудал нь төсвийн бүрдүүлэлт байсан. Гэвч эхний хагас жилийн байдлаар төсвийн алдагдал 145,6 тэрбум Tөгрөг хүрсэн.

Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого тусламжийн нийт хэмжээ 2013 оны эхний долоон сард 3040.0 тэрбум төгрөг, зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 3185.7 тэрбум төгрөг болж, улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 145.6 тэрбум төгрөгийн алдагдалтай гарч байсан.

Энэ бүхнээс сургамж авахыг Засгийн газар огтхон ч хүсээгүй. Тиймээс ч өнөөдөр бид дэлхийн эдийн засгийн судлаачдын өмнө хэлэх үггүй болчихоод байна. Үүний шалтгааныг Таэ Хьюн Ли хэлэхдээ “Төсвийн орлогыг бодитой бус хэтэрхий өндөр төлөвлөж, орлого нь саарсан ч зарцуулалтаа хумиагүй учир төсвийн алдагдал ийнхүү “гаарч” байна” гэсэн.

Дэлхий нийтийн жишигт үүнийг мөчлөг дагасан бодлого гэж нэрлэдэг. Орлого их байх тусам зардлаа тэлж, төсвөө түнтийлгэдэг муухай зан. 2012 онд буюу төсвийн орлого их, эдийн засгийн өсөлт 13-17 хувьд хэлбэлзэж байх үедээ манай улс төсвөө улам л тэлж, зарлагаа ч нэмэгдүүлж байсныг тэрбээр шүүмжилсэн.

Уг нь тухайн үед улстөрчид ухаан зарж чадсан бол манай улс зардлаа хумьж, Тогтворжилтын сандаа хөрөнгө төвлөрүүлж, эдийн засаг “муудсан” үедээ ашиглах ёстой байсан.Дэлхий нийтийн жишигт ч эрсдэлээс ингэж сэргийлдэг туршлага байдаг аж.

Гэтэл манай улс өмнөх жилүүдэд гаргасан алдаагаа 2013 онд ахиад л давтсаныг судалгаа тод харуулж байна. Ийнхүү төсвийн алдагдалд орсон Монгол оронд цаашид хэрхэн шархаа нөхөх вэ гэсэн асуулт л үлдлээ. Бид дэлхийн бөөрөн дээрх нэгэн өрх айл. Энэ айлын амьдрал амьжиргаа ямар байгааг бусад айл өрхүүд харж суугаа.

Зарим нэгийнх нь санаа зовниж тусалж дэмжихийг бодож байгаа бол нөгөө нэг нь бах нь ханасан байдалтай баярлаж байгааг үгүйсгэх арга байхгүй. Төсвийн алдагдлыг үүсгэх гол нөхцөл нь татварыг нэмэгдүүлэх улстөрийн сонирхол, эдийн засгийн боломж бага байдаг боловч төсвөөс санхүүжүүлэх зардлын хэрэгцээ асар их байдагтай холбоотой аж.

Төсвийн зарлага хэтрэх буюу алдагдал бий болоход гадаад, дотоод олон хүчин зүйл нөлөөлнө. Манай улсын Ерөнхий сайд ард түмнээ амаараа таглаж, тавлаж уналтад орсон төсвийн алдагдлаа унаагүй хэмээн бардамнан суугаа нь эх орныхоо эдийн засгийн эрх ашигт огтхон ч санаа зовдоггүйг илтгэх мэт.

Энэхүү эмгэнэлтэй мэт төсвийн алдагдлыг арилгах гарц гаргалгааг бас ч үгүй арилгах талаас нь цөөнх буюу сөрөг хүчнийхэн олон асуудал хөндсөн ч олонхи хүлээж аваагүй. Учир нь саарал ордон доторх эрх баригчид олонхи цөөнх болон талцаж улстөр хэмээх тоглоомоор тоглохдоо Монгол орны хөгжил, эдийн засгийн цаашдын хандлагыг мартчихдаг бололтой.

Ямартаа ч бид шинэ оноо төсвийн алдагдлыг хоёр хувьд барьсан гэсэн Ерөнхий сайдын худал үгээр угтсан. Цаашид хэрхэн төсвийн алдагдлаа арилгахыг зөвлөчих эдийн засагчид Монголд байхгүй гэж үү.

Ямартаа ч эдийн засгаар мэргэшсэн хэд хэдэн хүнтэй энэ асуудлаар ярилцахыг хүссэн ч тэд төрийн эсрэг “мэдүүлэг” өгчихвөл ажлаасаа халагдана хэмээгээд төсвийн алдагдалын тухай ганц ч үг дуугарсангүй.

Төгсгөлд нь хэлэхэд төсвийн алдагдал бол эх орон, иргэдийн амьжиргааг сулруулах том алдаа болохоос биш худалч Ерөнхий сайдын хэлээд өнгөрчихдөг амны алдаа төдий зүйл биш юм.
В.Нэргүй

Эх сурвалж:


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.