Цэцийг “шүүж” буй Ерөнхий сайдын томилгоо

Б.ДАМДИН-ОЧИР

Ерөнхий сайд Н.Алтанхуяг дахиад Үндсэн хуулийн цэцэд дуудагджээ. Мөнөөх л томилгоотой  холбоотой аж. Түүний 2012 онд 80, 92 тоот захирамж гарган Баянхонгор, Төв аймгийн Засаг даргыг томилсон нь хууль бус хэмээн хоёр иргэн Цэцэд хандсан байна.

Иргэн Ш.Раднаасэд, М.Төрбат нар Цэцэд гаргасан өргөдөлдөө “Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг Үндсэн хуулийн  60 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26.3-т заасныг тус тус үндэслэн “Засаг даргаар томилох, ажлаас чөлөөлөх тухай”  2012 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдрийн 80 дугаар захирамжаар Баянхонгор аймгийн Засаг даргаар Д.Жаргалсайханыг, мөн 2012 оны арванхоёрдугаар сарын 7-ны өдрийн “ Засаг даргаар томилох, ажлаас чөлөөлөх тухай” 92 дугаар захирамжаар Төв аймгийн Засаг даргаар Д.Баярбатыг тус тус томилжээ.

Баянхонгор болон Төв аймгийн Засаг даргаар томилогдсон Д.Жаргалсайхан, Д.Баярбат нар нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26.5.2-д заасан “төрийн албанд 3-аас доошгүй жил ажилласан байна” гэсэн заалтыг огт хангаагүй байгаа нь тэдний 2012 оны Аймаг, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд нэр дэвшихдээ өөрсдийн биеэр бичиж өгсөн мэдүүлэг болон намтарт бичигдсэнээр нотлогдож байдаг юм.

Тухайлбал, Д.Жаргалсайхан нь 1976 онд төрсөн. 2004-2008 онд “ Их жигүүр” ХХК-нд захирал, 2008 оноос Баянхонгор аймгийг жишиг аймаг болгох хөтөлбөрийн зохион байгуулагч 2009-2010 онуудад “ Баянхонгор трейд центр” ХХК-нд захирал, 2008-2012 онуудад Аймгийн ИТХ-ын төлөөлөгч, 2010 оноос Аймгийн Ардчилсан намын даргаар ажиллаж байсан байна. Үүнээс үзэхэд Баянхонгор аймгийн Засаг даргаар томилогдон одоо ажиллаж байгаа Д.Жаргалсайхан нь төрийн албанд ер ажиллаж байгаагүй байна.

Төв аймгийн Засаг дарга Д.Баярбатын тухайд тэрээр 1971 онд төрсөн. 1992-1995 онуудад ЕБС-д багшаар ажиллаж байсан гэсэн хэсгийг хуурамчаар засварласан. 1995-1996 онуудад “BSB”  ХХК-д менежер, 1999-2000 онуудад” Дизарч”  ХХК-д дэд захирал, 2001-2012 онуудад “Декара” ХХК-д захирлаар ажилласан байна.

Засаг дарга нь тухайн нутаг дэвсгэртээ төрийн удирдлагыг хэрэгжүүлэх засаг төрийн төлөөлөгч гэдэг утгаараа төрийн албаны тодорхой туршлагатай байх гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Энэ нь “Ерөнхий сайд Засаг даргаар томилох, ажлаас чөлөөлөх” тухай дээр дурдсан захирамжуудыг гаргасан нь  хууль зөрчсөн болохыг тодорхой харуулж байна.

Үүнээс үзвэл Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг Үндсэн хуулийн доор дурдсан зүйл заалтуудыг буюу

1. Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Ардчилсан ёс, шударга ёс, …хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”,

2. Дөчин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “ Засгийн газар хууль тогтоомжид нийцүүлэн …, захирамж гаргах бөгөөд түүнд Ерөнхий сайд… гарын үсэг зурна.”

3. Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Үндсэн хуульд хууль, …төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, …үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино” гэснийг тус тус зөрчсөн үйлдэл болсон гэж бид үзэж байна” гэжээ.

Харин Цэцийн гишүүн Т.Лхагваа 2013 оны арванхоёрдугаар са­рын 6-ны өдөр “Мэ­дээллийн зарим шаард­лагаар маргаан хянан шийдвэрлэх ажил­лагаа үүсгэх, зарим шаардлагаар маргаан хя­нан шийдвэрлэх ажил­лагаа үүсгэхээс татгалзах тухай” 111 тоот тогтоол гаргажээ.

Ингэхдээ “Төв аймгийн Засаг даргаар томилогдсон Д.Баярбат нь Төрийн албанд гурван жил ажилласан болох нь баримтаар тогтоогдож байна. Иймд Монгол Улсын Ерөнхий сайдын 2012 оны арванхоёрдугаар сарын 7-нд гаргасан 92 дугаар захирамж нь Үндсэн хуулийн зөрчлийн шинжийг агуулаагүй байна” гэсэн хариу өгчээ. Үүний дараахан буюу асуудал Үндсэн хуулийн цэцээр “явах” нь тодорхой болох үед Н.Алтанхуяг хугацаа хүссэн бичиг илгээсэн байна. 2013 оны арванхоёрдугаар сарын 18-ны өдөр “Уг асуудлыг хэлэлцэх дунд суудлын хуралдааныг боломжит хугацаагаар сунгаж өгнө үү. Д.Жаргалсайханы асуудлаар судлах зүйл гарлаа” гэсэн утга бүхий ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэгийн гарын үсэг бүхий бичиг Цэцэд очоод байна.

Цэц яаж хүлээж авах, хэдий хугацаагаар хуралдаанаа хойшлуулах, хамгийн гол нь хэрхэн шийдэх нь тодорхой бус. Учир нь Цэцэд найдаж болно, бас итгэхгүй байх шалтгууд ч бий.

Найдах шалтгаан гэвээс жил гаруйн өмнөөс яг ийм асуудал Цэц хийгээд шүүхээр нэлээд явсан. Дорнодын М.Бадамсүрэнгийн асуудал гэхээр мэдэхгүй хүн үгүй. Дорнодын ИТХ хуралдах болгондоо л мань эрийг аймгийн Засаг даргад нэр дэвшүүлээд байж. Дэвшээд ирэх бүрд нь Н.Алтанхуяг “Хү­лээж авахгүй…” гэдэг хариугаар гөвшөөд явуул­даг гэж байгаа. М.Бадамсүрэн “Төрийн албанд тасралтгүй гур­ван жил ажилласан байх…” хуулийн заалтыг хангаагүй учир Ерөнхий сайд ийн гүрийгээд байж. Эцэстээ шүүх, хуульдаа тулжээ.

Хамгийн эхний мар­гаан Үндсэн хуулийн цэц дээр болов. Гэ­сэн ч Ерөнхий сайд Н.Алтанхуяг хууль зөр­чиж Дорнодод Засаг даргын үүрэг гүйцэтгэгч томилсноо ойлгож, Цэ­цийн хуралдааны өм­нөх өдөр Засаг даргаар түр үүрэг гүйцэтгэгч томилсон шийдвэрээ хү­чингүй болгов. Ингэснээр “Ерөнхий сайдыг шүүхээ болилоо…” гэж Цэц мэдэгдлээ…Дараа нь М. Бадамсүрэнгийн нэхэмжлэлтэй Ерөнхий сайд Н.Алтанхуяг хариу­цагчтай Захиргааны хэр­гийн шүүх хурал болсон. Төрийн албаны хуулийг дагаж мөрдөх журмын тухай 1995 оны хуульд заасан “УИХ-д суудалтай намын байгууллагын орон тооны ажилтныг төрийн албанд авах бол түүний ажилласан жилийг төрд алба хааснаар тооцно”… гэсэн утга бүхий зохицуулалт маргааны гол нь байв. Анхан шатны шүүхийн шийдвэр М. Бадамсүрэнгийн талд гарчээ.

.Гэтэл хэд хоногийн дараа Ерөнхий сайд Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж, энэ дагуу хуралдсан шүүх түүний талд шийдэв. Дээд шүүх ч бас Ерөнхий сайдын талд “гар”  өргөжээ.

Товчхондоо төрийн албанд жил хагас, намын байгууллагад ажилласныг нь оруулбал гурав байтугай жилтэй болох М.Бадамсүрэнг “Гурван жил ажилласангүй…” гэсэн шалтгаанаар  жагсаалтаас гаргачихав.

Цэцэд хандсан иргэдийн гомдол хийгээд шүүхийн шийдвэр сэлтийг ажвал Д.Баярбат, Д.Жаргалсайхан нарын “но” Дорнодын М.Бадамсүрэнгийнхтэй яг адилхан аж. Үүнийг Ерөнхий сайд намаар ялгаварлалаа гэх хэсэг байна. Гэхдээ эцсийн шийдийг Ерөнхий сайд бус Монгол Улсын Үндсэн хуулийн цэц гаргана. Цэц төрд гурван жил ажиллаагүй гээд М.Бадамсүрэнг Засаг дарга болгохоос татгалзсан Ерөнхий сайдын зөв гэж үзсэн. Архивын хавтаст хэргүүдийнх нь хамгийн дээр шахам энэ “цаас” бий. Энэ логикоор нь жишиж үзвэл, Үндсэн хуулийн цэцээс Төв аймгийн Д.Баярбат, Баянхонгорын Д.Жаргалсайхан нарыг суудлаас нь мултлах “тушаал” ирж мэднэ.

Харин итгэж болохгүй үндэслэл гэвэл, Д.Сугараас эхлээд асуудалтай нөхдийг хаацайлан орогнуулдаг болсон, бас эрх баригчдын үгээр явдаг гээд Цэцийн  нэр хүнд, нөмөр нөөлгийг гажуудуулсан үнэн, худал олон мэдээ тарах болсон. Тиймээс тэднийг “нүдээ аниад” Ерөнхий сайдын зөв гээд хашгирчихаж мэдэх улс гэх хүмүүс олон байгааг хэлэх хэрэгтэй. Энэ бол Цэцэд итгэхгүй байж болох үндэслэл.

Эцсийн бүлэгт Засаг дарга болох шахсан хийгээд Засаг дарга болчихоод байгаа энэ нөхөдтэй холбоотой маргаан, мэтгэлцээн хэнийхээ талд шийдэгдэх нь нийт монголчуудад шууд нөлөөлөх хүчин зүйл биш. Харин яг адилхан хэрэг, мэтгэлцээнд Цэц хэрхэн хандаж, хэнийх нь талд шийдвэр гаргах нь сонирхолтой үлдэж байна. Энэ утгаараа Ерөнхий сайд Н.Алтанхуягийн алдаа, оноотой шийдвэрүүд Үндсэн хуулийн цэцийн үнэн ажиллаж буй эсэхийг шүүгээд л байх шиг…

 


URL:

Сэтгэгдэл бичих