Гэртэхээ бус гаднахаа хумих хятад бодлого

f15665c9798bb3aeoriginalХятад хилийн чанадад нүүрсний хямд орд хайж байна-

 

…Манай нүүрсний одоо байгаа ганц том худалдан авагч бол БНХАУ. Зам тээврийн хүндрэл өнөөгийнхөөрөө байгаа цагт бид нүүрсээ тэнгис далай гаталгаж чадахгүй. Монголын хар алтны “алтан найдвар” урд хөршийнхөн маань хилийн чанадад нүүрсний баялаг эзэмшил орд газруудтай болбол Монголын нүүрсний зах зээл их бага хэмжээгээр доргилт авах магадлал бий…

 

Хятадын компаниуд хилийн чанадад нүүрсннй орд газар эзэмших эрэл хайгуулыг идэвхтэй хийж байна. Тэдний энэ овоо хараанд Монголын нүүрсний орд газрууд ч онилогддог байж таарна. Хятадын төрийн мэдлийн “Аluminum Corp China” буюу “Чалко” компани Монголд нүүрсний актив эзэмшихээр олон жилийн турш ажиллаж байгаа ч 2012 онд улстөрчдийн эсэргүүцлийн улмаас “South Gobi Resources” компанийн эзэмшил хувийг худалдан авах боломжгүй болж аргагүйн эрхэнд татгалзсан. Түүнчлэн Хятадын төрийн өмчит “Шинхуа” групп гэхэд л “Whitehaven” компанийн активыг анхааралтай ажиглаж байгаа. Үүнээс гадна тэд Австрали дахь “Рио Тинто”-гийн “Clermont Coal” болон “Соаl & Аllied” компанийн хувьцааг ч гэсэн идэвхтэй сонирхож байгаа юм. Энэ бүхэн тэдний хилийн чанад дахь сонирхлын нэг хэсэг болж байна.

 

Бээжингийн баримталж буй чиг зорилгын хүрээнд экологийн цэвэр эрчим хүчний эх үүсвэрийн эрэлт хэрэгцээ илүүтэй нэмэгдэж байгаа аж. Хямд нүүрсээр эрчим хүчнийхээ эх үүсвэрийг хангах явдлыг дэмжиж байгаа нь агаарын бохирдлын хэмжээг 73хувь хүртэл нэмэгдүүлээд байна. Ийм эрэлт хэрэглээний уулзвар нь урвуу хамаарлыг бий болгож эдүгээ орчны бохирдол Хятадын эрх баригчдын шүдний өвчин болсон.

 

Бээжин бохирдлын хэмжээгээ 2017 он гэхэд 6,5 хувь бодтол бууруулахаар төлөвлөж байгаа юм. Сүүлийн таван жилд Хятадын эрчим хүчний импорт 17 хувь өсч, 281 сая тоннд хүрсэн бол коксжих нүүрсний хэрэглээ 23 хувь нэмэгдэж 107 сая тоннд хүрсэн гэсэн тооцоог Австралийн байгалийн нөөц эрчим хүчний товчоо тооцоолжээ. Эндээс анзаарах юм бол Хятадын нүүрсний хэрэглээ улам бүр нэмэгдэж байна гэсэн үг. Хэдийгээр экологийн хүндрэл байгаа боловч эрчим хүчний тогтвортой эх үүсвэр энэ улсад илүү чухал байгаа бололтой. Бээжин дэх РwC-ийн шинжээч Кен Су “Ингэлээ гээд нүүрсний хэрэглээг бууруулах боломж үгүй” хэмээн онцолжээ. Гэхдээ тэд өөрийн зах зээлийн хэрэглээгээ бууруулж чадаагүй ч үнэ ханшийг нь хэтрүүлж хэлбэл хүссэн хэмжээндээ хүртэл бууруулж чадсан. Энэ том орон зай, бэлээхэн хэрэглээн дээр эрэлтээс давсан нийлүүлэлт явагдаж, энэ хэрээрээ хямд үнийн өрсөлдөөнийг бий болгож чадсаныг өнгөрсөн оны нүүрсний үнийн уналт гэрчилж байна. Хятад улс өөрөө нүүрсний ихээхэн нөөцтэй хэдий ч өнөөгийн хэрэглээний дийдэнхи хэсгээ импортоор хангахыг илүүд үзэж байна. Эх орны баялаг эндээ байж л байг гэсэн эзэн хүний сэтгэл, алс хэтээ харсан бодлого хэмээн үүнийг тодотгох хэрэгтэй байх. Дэлхий нүүрсээ шавхаж л байг, харин бидний баялаг хойд үеийнхний өв гэсэн холын бодол байгаа бололтой. Ер нь газрын доорхи баялаг бол цаг хугацааны уртад ханш нь байнга нэмэгдэж байдаг валютын тогтвортой нөөц гэсэн үг. Тиймээс авдраа яаран хоосолж болохгүй. Өөр нэг шалтгаан нь өндөр чанартай нүүрсний нөөц, агууламжаараа Хятад улс тиймч өндөр биш гэж байна. Тэд хилийн чанадад нүүрсний орд эзэмшихээр сонирхож байгаа нь энэ мэт олон учир шалтгаантай байж таарна.

 

Хилийн чанадад сонирхол татаж байгаа баялгийн хамгийн түрүүнд нэр дурдагдаж байгаа нь Австралийн өндөр чанартай нүүрсийг онцлон нэрлэсэн нь анхаарал татаж байна. Гэхдээ энэ бол нүүрсний орд газар эзэмших, худалдан авах, хувь эзэмших тухай яригдаж байгаа хэрэг. Яг ийм эрэлттэй зэрэгцэн тэрбум, тэрбум ам.доллараар эзэмшил хувийнхаа тодорхой хэсгийг худалдана гэсэн уурхай ч цөөнгүй байна. Тухайлбал, “Рио Тинто” Австрали, Мозамбик дахь нүүрсний уурхайнхаа тодорхой хэсгийг зарахад бэлэн байгаа тухай өөр нэг эх сурвалжийн мэдээ чих дэлсч байна. Австралийн “Linc Energy” компани гэхэд л нүүрс үйлдвэрлэлийн “New Emberald Coal” компанийг нь худалдан авах эзнийг идэвхтэй хайж байна. Энэ мэт бэлээхэн боломж байгаа ч харин хятадууд худалдаж авах гэж нэг их яарахгүй байгаа. Тэд яг л олзоо отож буй бар шиг шиг байна. Чимээгүй, гэсэн хэрнээ хараа салгахгүйгээр нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр буурахыг хүлээж, нүүрсний компаниудын үнэ ханш аяндаа атганд багтаад ирэх таатай цагийг хулээж байгаа гэж болно.

 

Хууль зүйн “Minter Ellison” фирмийн шинжээч Сэм Фэррендс “Нүүрсний компаниудын хувьцааг сонирхож байгаа хамтрагчид бидэнд байгаа. Гэхдээ тэд ойрын хоёр жилийн дотор хар алтны зах зээл сайжрахгүй хэмээн болгоомжилж байна. Одоо аль нэг уурхайг худалдаад авчихад болохгүй юм байхгүй. Гэхдээ найман сарын дараа гэхэд энэ үнэ нь илүү хямд болчихсон байхыг үгүйсгэх аргагүй шүү дээ. Ийм боломж байсаар атал заавал одоо худалдаж авах гэж яарах хэрэг байхгүй” гэжээ. Хятадын худалдан авагчдын хувьд эрсдлээ аль болох багасгахын тулд үйл ажиллагаа явуулж буй ирээдүйтэй уул уурхайг илүү сонирхож байна хэмээн ажиглагчид тэмдэглэжээ. Шинжээчдийн үнэлгээгээр Тио Тинто”-д харъяадагдаж буй “Соаl & Аllied” компанийн арилжаалахаар зэхэж буй активыг 1.7 тэрбум ам.доллар гэж тооцоолжээ. Түүнчлэн “Пибоди”-гийн “Wilkie Creek” уурхай Австралид 500 сая ам.доллараар үнэлэгдээд байна. “Linc Energy” гэхэд л “New Emerald Coal” уурхайнхаа 400 саяар үнэлэгдэж буй хэсгийг арилжих сонирхолтой байгаа юм.

 

Манай нүүрсний одоо байгаа ганц том худалдан авагч бол БНХАУ. Зам тээврийн хүндрэл өнөөгийнхөөрөө байгаа цагт бид нүүрсээ тэнгис далай гаталгаж чадахгүй. Монголын хар алтны “алтан найдвар” урд хөршийнхөн маань хилийн чанадад нүүрсний баялаг эзэмiил орд газруудтай болбол Монголын нүүрсний зах зээл их бага хэмжээгээр доргилт авах магадлал бий. Одоо ч гэсэн хятадууд Австрали, Мозамбик,тэр ч бүү хэл латин Америкаас нүүрс импортлохыг илүүд үзэж байх шиг. Үүнд чанарын гэхээсээ илүү боловсруулж сайжруулсан. үнэ ханш, тээврийн боломж илүү нөлөөлж байх шиг байна. Тухайлбал, Монголын нүүрсний гол хэрэглэгчид нь болох Хятадын зүүн өмнө зүгийн төмөрлөгийн үйлдвэрүүдэд хүргэх нүүрсний тээврийн зардал нь тонн тутамд 80-90 ам.доллар болдог. Гэтэл Австралийн боомтоос тэр үйлдвэрүүдэд нүүрсийг далайгаар тээвэрлэж хүргэхэд ердөө 10-15 ам.доллар аж.

 

Юутай ч хилийн хилийн чанадад орд газар худалдан авах бэлээхэн боломж хятадуудад хэрэгтэй юу гэвэл, хэрэгтэй. Гэхдээ тэд худалдан авах гэж огтхон яарахгүй. Яарвал даарна. Хүссэн үнэ, хүлээсэн боломж цаг нь болохоор луугийн саварт аяндаа атгагдаад ирнэ. гэсэн алсын бодлогод нь Монголын баялаг ч бас багтаж байгааг мартаж болохгүй. Чухам тийм учраас бид уул уурхайн салбарыг өгөөжтэй хөрөнгө оруулалтыг зөв бодлогоор тэтгэж хөгжүүлэхэд анхаарах хэрэгтэй юм.

 

 


URL:

Сэтгэгдэл бичих