Б.Бат-Эрдэнэ гишүүн ээ, Заамарт ямар мэх хийчих нь энэ вэ

Ц.Нямдорж сайд хүмүүс рүү утасдаж байна аа. Тэгмэгцээ “Тавантолгойгоос савраа тат. Турж үхчих гээд байна уу, та нар” гэж чанга дуугаар хэлэх нь тэр. Утасны цаанаас сулхан дуугарах хүний, өөрийн намынхан түүнд юу ч хэлж чадсангүй. Ер нь тэд мань сайдтай үг сөрөөд хаа холдох вэ дээ. Тиймээс лиценз, энэ тэрхнээ төрд тэр дор нь тушаав.

Тэгж байтал чуулганы танхимаас сүмогийн үнэнч фанат тодордог байгаа. Энэ эрхмийн нэр “Фортуна” Н.Батбаяр. Эрхэм гишүүн хуралдааны цагаа хумсалсан шиг сүмо бөхийн барилдаан үзэж суутал Д.Дагвадорж 68 дахь их аварга болох нь тэр. “Фортуна” сэтгэлийн хөдөлгөөн ихтэй хүн болоод ч тэр үү чуулганы танхим руу гүйж орон “Ура, сүмогийн 68 дахь их аваргаар Д.Дагвадорж тодорлоо. Тиймээс зэсийн баяжмалд гэнэтийн ашгийн 68 хувийн татвар ноогдуулахаар хуульчилсугай” хэмээн чангаас чанга хашгирав. Цөс нь хөөрсөн гишүүд ч түүнийг бултаараа дэмжиж, “ОК” хэмээн кноп дарсан нь 2006 оны тавдугаар сарын 12.

“Зэсийн баяжмалаас татвар авснаар зэс хайлуулах үйлдвэр барих эдийн засгийн хөшүүрэгтэй болно. Бид эх орондоо эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх гарцыг оллоо” хэмээн хөөрцөглөсөн нь ч тэр өдөр.

Гэвч танхимд биш, талбайд амьдрал огт өөр байсан юм. Улс төрийн нөлөөт толиноо гэнэтийн ашгийн 68 хувийн татвар бодит ашиг өгөх мэт харагдсан ч үндэсний компаниудад эсрэгээрээ туссан юм. Тиймээс эрхэм гишүүд эвгүй хууль баталсандаа ичиж, дээрх хуулийг хүчингүй болгосон билээ. “Фортуна” формондоо орж, үндэсний компаниуд өндийхтэйгөө болмогц чуулганы танхимд өөр нэгэн бөх дэвж эхлэв. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэд “Улс төрийн тавцнаа өөрийгөө тодотгох ийм арга байна” гэж хэн хэлчихсэн юм бүү мэд, мань эр Монголын байтугай дэлхийн түүхэнд ч баймгүй урт нэртэй хууль санаачлав.

Тэрбээр Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн төслийг хэсэг нөхдийн хамт санаачилж, УИХ 2009 онд баталсан юм. Мэдээж хэрэг, эрхэм гишүүнд ийм “хөгжим” захиалсан иргэний хөдөлгөөнийхөн түүнд талархалгүй яах вэ. Харин аваргын хуульчилсан мэхэнд хууртсан үндэсний компаниуд клиник үхэлд орчихоод байна. Санаачилсан хууль нь өнгөрсөн оноос хэрэгжиж эхлэх байсан ч “Урт нэртэй” хууль хэмээх хоч зүүснээс цаашгүй байгаа учир Б.Бат-Эрдэнэ гишүүн бас байдалд оров.

Аварга улам эвгүй байдалд орох нь тэр. Учир нь Заамарынхан заамдалцаад авлаа. “Б.Бат-Эрдэнэ гишүүн цагтаа “Хүч” нийгэмлэгийн тамирчин байсан. УИХ-ын Хууль зүйн байнгын хороог ч даргалж явсан хүн. Тиймээс хүчний байгууллагынхныг бидний эсрэг турхирав уу” хэмээх хар хорын үгс Заамар хавиас дуулдаж эхэллээ. Юун С.В.Паушок, юун “Алтан дорнод Монгол” вэ. Заамарынхны заамдалцаан эрхэм гишүүний халдашгүй нэр хүндэд “халдах” нь энэ. Тагнуулынхан ч гэж тагнуулынхан. Тагнуулд хэнтэй хамт явахаа мэдэлгүй аваргын нэр төрд ингэтлээ халдах ч гэж. Тосон Заамарт “тос” нэгэнт буцалж эхэлжээ.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “Урт нэртэй” хуулийг санаачилсан болохоос биш “Үндэсний компаниудыг уургалаад ир” гэж тагнуулынхныг илгээгээгүй нь лавтай. Гэтэл Тагнуулын ерөнхий газрын дөрвөн ажилтан Заамарт тусгай ажиллагаа явуулжээ. Тэгмэгцээ Улсын мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын байцаагч нарын дүрд тоглож, уул уурхайн компанийнхныг сүрдүүлсэн байх юм. Наадуул нь ч гэж наадуул. “Уул уурхайн компанийн ажил болон байгаль орчин, усны төлөвлөгөөгөө шалгуул” хэмээн эрх, үүргээсээ тэс өөр зүйл шаардах тэдэнд “Ангийн үнэмлэхээ үзүүл” гэж хэлэхгүй! Тэгсэн бол тагнуулынхан ч, “нинжа” нар ч тэгтлээ даврахгүй байсан юм. Тагнуулч дөрвөн эрд дээрэлхүүлж, бүтээгдэхүүнээ хураалган тэр ч атугай ажлынхаа байрыг огт танихгүй хүнээр цоожлуулахгүй л байх байлаа.

Заамарт заамдалцаан үүсгэсэн дөрвөн тагнуулч их сэжигтэй. Тэд Хайлааст голыг боон алт олборлодог “Эрэл” группийн “Мон дулаан”, Баянголын сав газарт алт олборлогч “Илт Болд” компанийнхныг “шалгах шаардлагагүй” хэмээн өнгөрсөн гэдэг. Гэсэн атлаа “Шижир алт”, “Монполимет”, “Зэрэгцээ” зэрэг компанийн үйл ажиллагааг “Урт нэртэй” хуулиар далайлган зогсоожээ. Нийт 10-аад компанийн ажилтнуудад сүрийг үзүүлж, ажлын байрыг нь лацадсан юм гэсэн. Эдгээр компанийн ажилтнууд тагнуулынхны үйлдлийг эсэргүүцсэн ч “Та нар арай бослого гаргах гээд байгаа юм биш биз. Элдэв зүйл яриад байвал баривчилна шүү” гэх хатуухан үг сонсоод яаж ч чадалгүй өнгөрчээ. Гэвч юу болсон гээч. Тагнуулын ажилтнууд “Шижир алт” компанийн үйл ажиллагааг энэ сарын 18-нд зогсоосон. Гэтэл гар аргаар алт олборлогчид тус компанийн алт олборлон баяжуулах үйлдвэр рүү шөнө нь дайрч, иргэний дайнаас эс юм болох шахжээ.

Заамарын хөндийд ийм төрлийн таван үйлдвэрийг хаасан тухай сонссон 200 гаруй “нинжа” тэр дорхноо цугларсан гэдэг. “Бүслэлт”-д орсон үндэсний компаниуд цагдаагийнхнаар хамгаалуулж байгаа ч тэднийг яаж хүчрэх билээ. Учир нь “нинжа” нарын тоо зуны улиралд 10 мянга болтлоо өсдөг.
Индианчуудыг үй олноор нь хөнөөдөг байсан “Үхлийн хөндий” Америкт бий. Харин Заамар уул уурхайн үндэсний компаниудын хувьд мөхлийн хөндий болчихоод байна. Тагнуулынхны сүрдүүлэг дор үйл ажиллагаагаа зогсоосон дээрх компаниуд тус бүр 350-400 ажиллагсадтай.

“Шижир алт” компанийн хувьд Хайлааст тосгоны 3000 орчим өрхийг цахилгаан, дулаан, усаар хангадаг. “Монполимет” ч ялгаагүй. Заамарт 20-30 жил үйл ажиллагаа явуулж, сүүлийн таван жилийн туршид “Нөхөн сэргээлтийн загвар компани”-аар шалгарчээ. Улс, сумын төсөвт өчнөөн тэрбум төгрөг нэмэрлэсэн эдгээр компанийнханд “Тагнуулынхан биднийг хэлмэгдүүлчихлээ” гэхээс өөр хэлэх үг олдохгүй байгаа бололтой. Харин зарим нь “Төр бидэнд амьсгаа авах боломж олгосонгүй. Бүр байтлаа тагнуулынхнаар уул уурхайн хичээл заалгах нь. Ийм л байсан юм бол энэ олон мянган хүнээ ажлын байртай болго л доо. Байгаль орчны нөхөн сэргээлтийн тухай хуулиа олигтойхон шиг баталчихвал бидэнд татгалзаад байх зүйл алга” хэмээж байна.

Тагнуулынхан уул уурхайн компани руу довтолсон ч төр тэднээс өрөө нэхэх л болно. Учир нь үндэсний компаниуд энэ онд нөөцийн татварт 529 тэрбум төгрөг төлөх ёстой. Товчхондоо, улсын төсвийн 16 орчим хувийг бүрдүүлнэ гэсэн үг. Тэд 2010 онд 412 тэрбум, 2009 онд 461 тэрбум, 2008 онд 627 тэрбум төгрөгийг дээрх татварт төлжээ. Харин 2007 онд 705 тэрбум төгрөгийн татвар төлсөн нь улсын төсвийн 40 хувьтай тэнцэж байсан юм. Гэвч аваргын мэх Заамарт үйлчилж эхэлснээр энэ “өр”-ийг хэн барагдуулах нь тодорхойгүй болов.

“Төв аймгийн төсөвт хэн хэчнээн төгрөг оруулав” биш, “Тус аймгийн төсвийг хэдэн компани арвижуулж чадахааргүй болов” гэдэг асуултыг л эрх мэдэлтнүүдээс асуух болох нь. Бас Б.Бат-Эрдэнэ гишүүнээс “Заамарт заамдалцаан үүсгэхгүй л бол турж үхчих гээд байна уу” гээд асуучихмаар ч юм уу. Яг Ц.Нямдорж сайд шиг.

С.Баттулга


URL:

Сэтгэгдэл бичих