Шаардлага хангахгүй 500 орчим барилгыг нураана

  УИХ-ын чуулганы  өчигдөрийн хуралдаанаар Хотыг дахин хөгжүүлэх тухай, Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэв.

Хууль санаачлагчийн илтгэлийг Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар танилцуулсан юм. Төсөлд хотыг хөгжүүлэхтэй холбоотойгоор ашиглалтын шаардлага хангахгүй обьектыг буулгаж, шинээр байгуулах, нийтийн эзэмшлийн газрыг өөрчлөн байгуулах, гэр хорооллыг барилгажуулах бол тухайн газрын оршин суугчдынх нь 75 хувиас дээшхи хүлээн зөвшөөрсөн байх, төсөл хэрэгжүүлэх бол тухайн нутаг дэвсгэрийг барилгажуулах компани, иргэн, нийслэл гурвалсан гэрээ байгуулах зэрэг зохицуулалт тусчээ. Нийтдээ 8 бүлэг, 28 зүйлтэй энэхүү хуулийн төслийг боловсруулахдаа хөгжингүй орнууд, тухайлбал ОХУ, Япон, БНСУ, ХБНГУ-ын хотыг дахин хөгжүүлэхтэй холбоотой хуулийг судалж, ашигласан аж.
Одоогоор Улаанбаатар хотод гэхэд ашиглалтын шаардлага хангахгүй 500 шахам барилга, аймгуудад 170 гаруй барилга бий гэсэн судалгаа гарсан  бөгөөд эдгээрийг дахин барилгажуулах төсөл хэрэгжүүлэгч нь хувийн хэвшлийн болон аж ахуйн нэгж байгууллага, зарим тохиолдолд аймаг, нийслэлийн Засаг дарга байж болохоор төсөлд тусгасан аж.
Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, саналаа хэлсэн юм. Тухайлбал төвлөрлийг хэрхэн сааруулах, гэр хорооллын дахин төлөвлөлт хэрхэн явж байгаа зэргийг тодруулан асууж байлаа. Харин дээрх асуултуудад өгсөн хариултад төвлөрлийг сааруулахын тулд Улаанбаатар хотод суурьшихаар ирэх оршин суугчийг дагуул хотод амьдрах шаардлага тавих, аймгуудыг хөгжүүлэх чиглэлд давхар анхаарч, аймгуудыг хот болгох асуудлыг УИХ-д оруулж батлуулна гэж байлаа. Дархан-Уул, Өмнөговь, Баянхонгор, Дундговь, Дорноговь аймгууд аймгийнхаа ерөнхий төлөвлөгөөг баталсан бол Завхан, Сүхбаатар, Хөвсгөл, Сэлэнгэ аймаг ерөнхий төлөвлөгөөгөө боловсруулж буй аж.
Мөн хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд 53 хэсэгчилсэн байршил дээр ерөнхий төлөвлөгөө хийжээ. Ирэх гуравдугаар сард энэхүү ерөнхий төлөвлөгөө батлах юм байна.
Гишүүд мөн УИХ-аас 2010 онд баталсан “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрт туссан зорилтуудыг хэрэгжүүлэхэд анхаарах, төслийн нэрийг Улаанбаатар хотын тогтвортой хөгжлийн тухай гэж нэрлэх, аймаг бүрийг хот болгох бус, бүс нутгаар хуваан хөгжүүлэх шаардлагатай гэсэн саналыг хэлж байсан бол зарим нь хуулийн төслийг шүүмжилж, газар, хотын тухай анхаараад хүний эрх, амьдрах орчныг орхигдуулсан учир дахин боловсруулж оруулж ирэх ёстой гэж байв.
Ингээд санал хураалт явуулахад гишүүдийн 58.6 хувийн саналаар төслийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзэж анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ. Харин төслийн хэлэлцүүлгийн шатанд гишүүдийн саналыг тусгаж болно гэдгийг УИХ-ын дарга хэлээд, газрын асуудал хөндөгдөж байгаа учраас УИХ-ын Хүнс хөдөө, аж ахуйн байнгын хороо, Үндсэн хуулийн хэрэгжилтийг хангаж буй эсэх талаар Хууль зүйн байнгын хороо хэлэлцэх болов.
Үүний дараа Газрын тосны тухай хуулийг дагалдан өргөн мэдүүлсэн Монгол Улсын төсвийн тухай хууль болон Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэв. Эдгээр төслүүдээр Газрын тосны салбарыг хөгжүүлэх сангийн тухай хэлэлцэж, гишүүдийн олонх нь дэмжсэнээр анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэх болов.

Эх сурвалж: МонЦаМэ


URL:

Сэтгэгдэл бичих