Иран ба зургаан гүрэн үлдсэн асуудлуудаар зөвшилцөлд хүрэв

a8fb23718099d906f9f3a15de0d85bfb_LТЕГЕРАН. /IRNA/. Ираны Гадаад харилцааны сайд Аббас Арачи, Европын Холбооны Гадаад бодлого хариуцсан орлогч дарга Хельга Шмидт нар Швейцарийн Женев хотод хоёр өдөр хэлэлцээ хийн, саяхан байгуулсан цөмийн гэрээний хэрэгжилттэй холбоотой шийдэгдээгүй үлдсэн асуудлуудаар тохиролцоонд хүрлээ.

“Женевийн гэрээний хэрэгжилттэй холбоотой асуудлуудыг хэрхэн шийдвэрлэсэн тухай хэлэлцээнд оролцсон талуудад танилцуулсныхаа дараа ойрын хоёр долоо хоногийн дотор олон нийтэд зарлах болно” гэж Арачи мэдэгдсэн юм.
“Хельга Шмидттэй хоёр өдөр эрчимтэй хэлэлцээ хийж, гэрээний хэрэгжилттэй холбоотой шийдэгдээгүй үлдсэн асуудлуудыг Иран,  НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн таван улс ба Германы улс төрийн удирдагчдын түвшинд хэрхэн хэрэгжүүлэх талаар судлан, санал бодлоо нэгтгэсэн” гэж тэрбээр хэлэв.
Талууд шийдвэрийг хүлээн зөвшөөрөнгүүт Женевийн гэрээний хэрэгжилтийн талаар албан ёсны мэдэгдэл хийх ажээ.
НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн таван улс болох  Орос, Хятад, Франц, Британи, АНУ болон Герман  өнгөрсөн 11 дүгээр сарын 24-нд Женев хотод Лалын Бүгд Найрамдах Иран улстай тус улсын цөмийн хөтөлбөрийн талаар маргааныг цэгцлэх гэрээ хийсэн билээ.
Уг гэрээний хүрээнд дээрх зургаан улс Иранд авсан эдийн засгийн хориг арга хэмжээгээ зөөлрүүлж, Иран улс зургаан сарын хугацаанд цөмийн үйл ажиллагаагаа тодорхой хэмжээнд хязгаарлах үүрэг хүлээсэн юм.
Мөн энэ хугацаанд Иран улсад цөмийн асуудалтай холбоотой хориг арга хэмжээ авахгүй байхаар талууд тохиролцсон аж.
Л.Урангуа


URL:

Сэтгэгдэл бичих