Нийслэлд анх удаа Хөршийн холбоонд суурилсан Бичил зээлийн хөтөлбөр хэрэгжинэ

hurshНийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан 01 сарын 09-ний өдөр болж, “Бичил бизнесийг дэмжих, ядуурлыг бууруулах нийслэлийн хөтөлбөр”, “Бичил бизнесийг дэмжих нийслэлийн сангийн журам” –ын төслийг хэлэлцлээ.

Нийслэлийн 2013-2016 оны нийгэм, эдийн засгийн зорилт, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөнд тусгасан нийслэлийн хүн амын ажилгүйдлийг бууруулан ажлын байрыг нэмэгдүүлэх, амьжиргааг дээшлүүлэх, ажиллах хүчний оролцооны түвшинг 60 хувьд хүргэх замаар ядуурлыг бууруулах зорилгоор 2014 оноос эхлэн бичил бизнесийг дэмжих, ядуурлыг бууруулах нийслэлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон. Нийслэл анх удаа “Иргэний оролцоотой төсөв-2014” хэлэлцүүлэг зохион байгуулж 2014 оныхоо төсвийг боловсруулахдаа нийслэлийн 152 хорооны 318 мянган өрхөөс санал авахад иргэдийн дийлэнх нь бичил бизнес хэрэгжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. Тиймээс иргэдийн саналыг үндэслэн уг хөтөлбөрийг санхүүжүүлэхэд нийслэлийн 2014 оны төсөвт 15,2 тэрбум төгрөгийг төсөвлөсөн бөгөөд нийслэлийн 152 хороонд дунджаар 100 сая төгрөг, цаашлаад хэрэгцээнээсээ хамаарч 200-300 сая төгрөгөөр төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа юм.  Харин энэхүү санхүүжилтийг хэрхэн хуваарилах, ямар зарчмаар явагдах талаар зохицуулалт хийсэн нэгдсэн хөтөлбөрийг Нийслэлийн хөдөлмөрийн газар зэрэг холбогдох албаныхан боловсруулжээ. Энэхүү хөтөлбөрийг боловсруулахдаа иргэдийн бичил зээлд хамрагдах шаардлагатай эсэхийг тодруулсан судалгааг өргөн хүрээнд явуулсан байна.

Судалгаанд хамрагдсан өрхийн 87 хувь нь бичил зээлд хамрагдах сонирхолтой гэсэн бол  зээлд хамрагдахад хамгийн том хүндрэл нь барьцаа хөрөнгө шаардах байдаг гэж 72 хувь нь хариулжээ. Тэдгээрийн 34 хувь нь 3-5 сая, 19 хувь нь 6-9 сая, 47 хувь нь 10-аас дээш сая төгрөгийг зээл авахад өөрийн төлөвлөж буй бичил бизнесээ эрхлэх бүрэн боломжтой болно гэж үзэж байгаа юм. Хөтөлбөрт нийслэлийн 152 хорооны бичил бизнес эрхлэн ажлын байр бий болгон амьжиргаагаа дээшлүүлэх эрмэлзлэлтэй ажилгүй иргэн, өрх, бүлэг хамрагдана. Аливаа төслийн сонгон шалгаруулалт, хэрэгжүүлэлтэд төрийн байгууллага, арилжааны банк оролцдог бол уг хөтөлбөрт зөвхөн иргэд өөрсдөө оролцох боломжийг олгохоор тусгажээ. Тухайн хороонд Хөршийн холбоо гэж байгуулах бөгөөд тус холбоо нь шаардлага хангасан төслүүдийг хүлээн авч шалгаруулан, санхүүжилтийг олгож, хэрэгжилтэд хяналт тавин ажиллана. Ингэснээр олон төрлийн шат дамжлагагүйгээр зорилтот бүлгийн иргэд бичил бизнесийн төсөл хэрэгжүүлэх боломжийг олгож байгаа гэж албаныхан үзэж байна.

Хуралдааны үеэр нийслэлийн Засаг дарга “Монгол Улс зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш эдийн засгийн үр ашгийг томоохон бизнес эрхэлдэг цөөн тооны хүмүүс хүртэж, дийлэнх иргэд мааньөнөөдрийг хүртэл орхигдсоор байна. Тиймээс нийслэл анх удаа эдгээр иргэдээ,  үндэсний үйлдвэрлэлээ дэмжсэн хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэж байна. Өнөөдөр иргэд банкнаас зээл авч бизнес хийхэд олон бэрхшээлтэй тулгарч, албан хаагчдын хүнд суртлаас болж  өөрсдөө амьжиргаагаа дээшлүүлэх боломжгүй байна. Энэхүү бичил бизнесийг дэмжих хөтөлбөрийг хэрэгжүүлснээр жишээ нь бид дэрсэн шүүрийг заавал Эрээн хотоос авах шаардлагагүй болж, дотооддоо үйлдвэрлээд ажилтнуудынхаа хэрэгцээг хангах боломжтой болно. Мөн иргэдийн санаачилга, идэвх, оролцоог нэмэгдүүлсэн таатай үйл ажиллагаа байх болно ” гэдгийг онцлон хэллээ.

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн гишүүд хэлэлцээд уг хөтөлбөрийг дэмжин нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанд хэлэлцүүлж, нийслэлийн ИТХ-д өргөн барихаар боллоо гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


URL:

Сэтгэгдэл бичих