2013 онд ажлаараа тэргүүлсэн аймгуудыг шалгарууллаа

JAV_8307Шинэчлэлийн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, төлөвлөгөөнд тусгагдсан зорилтуудын хэрэгжилт болон иргэдийн ахуй амьжиргааг дээшлүүлсэн, авлига, хүнд сурталтай тэмцсэн, бүтээн байгуулалт өрнүүлсэн байдлыг нь харгалзсан 72 шалгуур үзүүлэлтээр аймгуудын өнгөрсөн оны ажлыг дүгнэжээ.

2013 оны үйл ажиллагааны дүнгээрээ хамгийн өндөр оноог Ховд, Хэнтий, Төв аймгууд авч, эхний байрууд эзэллээ. Увс, Орхон, Сүхбаатар аймгууд болон нийслэл хот оноогоороо тэнцэн 4 дүгээр байрт, Баянхонгор, Дорноговь, Өмнөговь аймгууд мөн тэнцүү оноогоор 5 дугаар байрт шалгарлаа. Тэргүүлсэн гурван аймагт тус бүр 10 сая төгрөг, Засаг даргын Тамгын газрын дарга нарт нь 1 сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын тушаалаар олголоо.

Шагнал гардуулан өгөхдөө Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Өнгөрсөн онд улс орон даяар их бүтээн байгуулалт өрнүүлж, төрийн үйлчилгээнд шинэчлэл хийхэд бүх аймгийн удирдлага санаачилгатай, чармайлттай ажиллалаа” гээд, энэ эрчээ алдалгүй ажиллахыг хүслээ. Түүнчлэн, шинэчлэл бол сэтгэл гаргаж хийх ажил гэдгийг амжилт, үр дүнгээрээ харуулсан 2013 оны тэргүүний аймгуудын туршлагаас суралцахыг орон нутгийн удирдлагуудад захилаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.