Ноосоо тушаасан малчинд 50 тэрбумыг өгнө. Яасан баян засаг вэ?

-12 компанийг дэмжихээр санаачилсан мөнгө 300 тэрбум болж өслөө-

Их хурлын гишүүд иргэнээсээ илүү малд хайртай гэдгийг алдарт “ямааны” мөнгөөр ард түмэн мэдэрсэн. Гурван жилийн өмнө 30 тэрбум төгрөг ямаанд “бэлэглэчихсэн” гишүүд энэ удаад хонь тэтгэх санал оруулж ирлээ.

УИХ-ын байнгын хороодоор ноос, ноолуурын салбарынхныг Засгийн газраас бонд гарган дэмжих асуудлыг хэлэлцэж байна. Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэхэд 110 тэрбум төгрөгийн бонд 300 болж өссөн байх юм. Сар хүрэхгүй хугацааны өмнө ноолуурын нэр бүхий 12 компанийг дэмжихэд зориулж Засгийн газраас 110 тэрбум төгрөгийн бонд гаргах тухай санал ярьж байсан нь энэ удаад зүсээ хувилган, тоогоо нэмж 300 тэрбум болон орж ирсэн нь З.Алтай гишүүний эгдүүцлийг хөдөлгөжээ.

Ажлын хэсгийн ахлагч Н.Батбаяр гишүүн “Ноолуурын салбарыг дэмжих 100, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих 150, ноос тушаасан малчдыг урамшуулах 50” гэсэн задаргааг хуралдааны үеэр танилцуулсан юм. Гэхдээ эхний хоёр нь зээл, сүүлийн 50 тэрбум нь малчдад өгөх дэмжлэг хэмээн тодотголоо.

З.Алтай гишүүн:
-Гурван жилийн өмнө орон нутгаас сонгогдсон хэдэн гишүүд нийлж байгаад ямаанд 30,7 тэрбум төгрөг өгсөн. Одоо бас хонинд мөнгө өгөх нь. Ямаанд өгсөн мөнгөний үр дүн нь хаана байна. Монголын мал аж ахуй, малчдын амьдрал яаж дээшилсэн юм бэ. Татвар төлөгчдийн мөнгийг өөрсдийнх өө халааснаас гаргаж байгаа юм шиг цацахаа болиоч. Энэ мөнгийг тараагаад ямар үр дүнд хүрэх юм, яаж мал аж ахуйг дэмжих юм гэдгээ тодорхой оруулж ирэх хэрэгтэй.

Н.Батбаяр:
-Малд биш малчдад өгөх мөнгө шүү дээ.

З.Алтай:

-Хөдөөнөөс сонгогдсон та нар нэг л их малчдад хайртай дүр эсгэж, шоуддагаа болих хэрэгтэй. Гурван жилийн өмнө загнаж байгаад л ямаанд мөнгө өгөхөд бид бүгдээрээ ямаа гэдэг нэр авсан. Одоо би хонь, мал гэж дахиж дуудуулмааргүй байна шүү. Би малчдыг дэмжих бодлогыг, үгүйсгээгүй. Төр малчдыг дэмжих бодлого явуулах нь зөв. Гэхдээ өмнөх ажлын үр дүн юу болсон билээ. Түүн шиг баахан мөнгө салхинд хийсгэчих юм биш биз гэж сануулж байна.

Н.Батбаяр:

-Харин ч намайг хонь гэж дуудвал би баярлана. Бид угаасаа хонь, мал, морины дэргэд өссөн морьтон Монголчууд шүү. Тэдний маргааныг таслаж А.Тлейхан, С.Бямбацогт, Д.Ганхуяг нарын хэд хэдэн гишүүн саналаа хэлсэн юм. Саналаа хэлсэн гишүүдийн олонхи нь 300 тэрбумын бондыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн нь З.Алтай гишүүнийг ганцаардахад хүргэв. 300 тэрбумын бонд гаргах саналтай гишүүд боловсруулах үйлдвэр байгуулснаар 900 тэрбумын хөрөнгө оруулалт Монголд бий болно гэсэн үг. Боловсруулах үйлдвэртэй болчихвол жилдээ 300 саяас доошгүй ам.долларын нэмүүн өртөг орж ирнэ. Ажлын байр 40 мянгаар нэмэгдэнэ хэмээн лоббидож байлаа. Саналыг оруулж ирсэн гишүүдээс Д.Ганхуягаас бусад нь орон нутгийн гишүүд байлаа. Тиймээс ч энэ удаагийн лобби хөдөөгийн гишүүдэд хүрч, санал хураалт болоход 100 хувийн саналаар дэмжив.

300 ТЭРБУМЫН АРД ЮУ НУУГДАА БОЛ?

Ноолуурын нэр бүхий компаниудыг дэмжихээр “мэндэлсэн” 110 тэрбумын яриа ийнхүү 300 тэрбум болж гурав дахин тоо нь нэмэгдлээ. Хэдийгээр зургаан хувийн хүүтэй зээл гэж тодотгож байгаа ч хаанаас нь ч харсан компаниудад ашигтай байна. Хамгийн энгийнээр бодоход зургаан хувийн хүүтэй зээл авчихаад арван хувийн хүүтэй банкинд хадгалууллаа гэхэд овоо хэдэн төгрөгийн ашиг унана. Цаашлаад хүүтэй зээлж байгаа мөнгөө хэд нугалаад хэрэглэгчдээс авчихна гээд аль ч талаараа компаниудын халаасыг л түнтийлгэнэ.

Гэтэл өнөөх ноолуурын компаниуд нь төрөөр тэтгүүлэх биш түмнийг тэжээх дайны том үйлдвэрүүд. Мэдээж малчдыг дэмжсэн төрийн бодлого хэрэгтэй, хэрэгцээтэй ч байгаа. Гэхдээ яагаад заавал сонгууль угтсан жилд малчдад хайр зарлах болов гэсэн асуултад байнгын хорооны гишүүд үйлдлээрээ хариулт өгчихлөө. Их хурлын гишүүдэд ч бас ичих булчирхай байна. Өчнөөн олон амлалт аваад хөдөөгийн иргэдээс мандат өвөртлөөд ирсэн тэд удахгүй дахиад л саналаа өгөөч гэж царай алдана.

Тэр үедээ амаа асуулгахгүйн тулд нарийн арга сэдсэнийг ч үгүйсгэхгүй. Шуудхан хэлэхэд, сонгуулийн өмнөх жил малчдад хайр зарлан бэлэн мөнгө амлаж байгаа нь ирэх сонгуулийн бэлтгэл гэхээс өөр юу гэж ойлгох вэ. Юу ч хийгээгүй гээд чичлүүлээд зогсохын оронд малчид та нарт килограмм ноос бүрт чинь мөнгө өгдөг болгосон гээд нүүр бардам, цээж тэнэгэр зогсож байх нь. Ийм гаргалгааг эрхэм гишүүд олж харж. Санаачилсан гишүүдийн нэгээс бусад нь орон нутгийнх байгаа нь ч ийн хардахад хүргэж буй. Тэгэхээр малчдад хайртайдаа ч ийм санал гаргаагүй юм биш үү?

Б.Нямсүрэн


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих