Ул боовны наймаачид утааны яндангийн тоог нэмэхээр уралдаж гэрээ барьж байна

atarНэг хэсэг Сар шинийн баяр дөхөнгүүт орц болгоны гадаа  шахуу гэр барьж “Ууц чанана” гэсэн зар хаддаг байлаа. Цөөн хэдэн төгрөг олж, амьжиргаандаа нэмэрлэх гэсэн иргэд хотын төвд гэр барьж, ууц чанан, хэдхэн төгрөг олдог байсан цаг саяхан. Гэвч Нийслэлийн удирдлагууд, Мэргэжлийн хяналтынхан тэднийг элдвээр хавчиж, “Утаа  нэмж байна. Ариун цэвэр халдваргүйтлийн дэг алдагдаж байна” хэмээн хавчиж гадуурахсаар шахаж гаргасан. 2010 оны хүн амын тооллогоор Монгол Улсад 713780 өрх бүртгэгдсэнээс Улаанбаатар хотод 153000 орчим айл орон сууцанд амьдардаг юм байна. Эдгээр айлууд гал түлэх аргагүй тул баярын ууцаа бусдаар л чануулж таарна. Мөн гэр хорооллын айл өрхүүд бүгдэд нь бүрхээр бай-даггүйгээс бусдаар ууцаа чануулдаг.

Утааг бууруулах төслөөр тавигдсан өлзий, хас зуухтай айлууд ч гэртээ ууц чанах аргагүй юм. Зүгээр жирийн зуухтай, гэр хороололд байлаа ч тогоонд ууц чанана гэдэг ер нь бүтэхгүй зүйл гэдэг нь тодорхой. Тиймээс Мэргэжлийн хяналтынхан, хотын дарга нарын шахаасанд орж өмнө нь 10,000 төгрөгөөр чануулдаг байсан ууцыг рестран зоогийн газруудад 40,000-60,000 төгрөгөөр чануулдаг болоод хоёр жилийн нүүр үзэж байна. Гэтэл энэ жилээс хотын төвүүдээр ул боовны наймаачид гэрээ барьж эхлэв. Уг нь Үндэсний томоохон үйлдвэрлэгч нэртэй компаниуд. “Атар өргөө”, “Талх чихэр” гэсэн энэ үйлдвэрүүд ул боовоо зарахын тулд утааны яндангийн тоог эрс нэмэгдүүлж, хотын төвд хаа сайгүй гэр барьж эхэлжээ. Тэд хаанаас ямар зөвшөөрөл авсан нь бас л тодорхойгүй. Өнөөх мэргэжлийн хяналтынхан ч хянаж, шалгаж байгаа зүйл алга. Реклам сурталчилгааг хэн яаж хийх нь тэдний эрх. Бараа бүтээгдэхүүнээ ч яаж сурталчилах нь тэдэнд нээлттэй.

Гэхдээ тоос шороо, хог новш хөглөрсөн газарт  баригдсан энэ гэрт  нарийн боов зарж байгаа нь нэг л зохимжгүй. Гэвч тэднийг Мэргэжлийн хяналтынхан ч шалгаж байгаа юм алга. Жирийн иргэдэд эр бяраа гаргаж чаддаг Мэргэжлийн хяналтынхан баячуудын нэр дээр байдаг том үлйдвэрүүдэд бол хуруугаа ч хүргэж чаддаггүй нь илт.  Гадаа хүйт орж байгаа учраас галлаж, хотын төвд утаа уугиулж сууцгаана. Уг нь Нийслэлийн захирагчийн алба 2010 онд утаагүй бүсүүдийг тогтоож өгсөн. Хотын төв дэхь А зэрэглэлийн бүс, Баянгол дүүрэг, Хан-Уул дүүргийн зарим газрууд энэ бүст албан ёсоор багтдаг. Энэ утаагүй бүсэд утаа гаргахыг хориглож,  утаа гаргасан иргэдийг торгох, байгууллага аж ахуйн нэгжүүдийн газар эзэмших болон ашиглах гэрчилгээг хураах санал гарч байсан удаатай. Гэвч өнөөх дүрэм журам нь хаашаагаа алга болсон юм бүү мэд. Ул боовны наймаачид уралдаж гэрээ барьсаар байна.

http://www.shuurhai.mn/?p=61416


URL:

Сэтгэгдэл бичих