Өгөө, авааны өөр нөхцөл

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар “Оюутолгой” компаниас ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, албан татварын тодорхой хэсгийг урьдчилан авах тухай хэлэлцжээ.

Анх хөрөнгө оруулалтын гэрээ байгуулангуутаа 100 сая ам.долларын чек гардан авч, бөөн баяр болсон. Тухайн үед Монголчууд энэ өдрийг бараг л түүхэн тэмдэглэлт өдөр болгоно гэх нь холгүй хөөрцөглөж байсан ч “үрж” дуусав уу, үгүй юу “Оюутолгойн гэрээг байгуулсан сайд нар “луйварчин”, “урвагч”-аараа дуудуулж, төслийнхнийг “хөөх” нь холгүй авирлаж эхэлсэн.

Энэхүү увайгүй авирлал өнгөрсөн оны хаваржин үргэлжилж 2010 оны дөрөвдүгээр сарын 2-нд “Оюутолгой” ХК-иас Монгол Улсын Засгийн газарт олгох урьдчилгаа төлбөр болох 250 сая ам.долларын үлдэгдлээс 50 сая ам.долларын чекийг “Оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх дэд захирал Кейт Маршалл Монгол Улсын Сангийн сайд С.Баярцогтод гардуулсан билээ.

Яг тэр өдөр Монгол Улсын Засгийн газрын ээлжит бус 20 дахь хуралдаан болж, иргэн бүрт 1.5 сая төгрөгийг тэтгэврийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөх, боловсрол, эрүүл мэнд орон сууцны эрхийн бичиг олгох, бэлэн мөнгө өгөх гэсэн хэлбэрүүдээр олгох алдарт шийдвэрээ гаргаж, “Амлалт нэхэх ард түмний хөдөлгөөн”-ийхний амнаас түр ч гэсэн гарч байсан удаатай юм даа. Мартаагүй биз дээ. Энд тав, арван жилийн өмнөх бус, ердөө нэг жил гаруйхны өмнөх болсон явдлыг сануулж байна.

Харин өнөөдөр өнөөх л буруутгасан, “урвагч” хэмээн цоллосон улс төр хэвээрээ байх юм. Бодвол урьдчилгаанд авсан мөнгө шавхагдсаных юм болов уу. Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар урьдчилгаа төлбөрийнхөө гурав дахь хэсэг болох 100 сая ам.долларыг авъя гэсэн гэрээ байгуул хэмээн Сангийн сайдад даалгалаа. Дэлхийн хэмжээний компанитай олон улсын нүдэн дээр гэрээ хийсэн С.Баярцогт сайд ичиж улайсан ч “Үгүй” гэх эрх байх биш дээ. Хэлэлцээрийн ширээний ард суухаас яах вэ.

Түүнд “Уучлаарай, ирэх зургадугаар сарын 30-ны дотор үлдсэн 100 сая ам.доллараа авъя. Гэрээнд заасны дагуу өмнө нь авсан 150 сая ам.долларын урьдчилгаа төлбөрт 1.59 хувийн хүү төлөх ёстойгоо мэдэж байгаа. Төлбөрийг хүүгийн хамт танай татварын ерөөс суутгачихна” гэсэн тайлбар хэлэхийг танхимын нөхөд нь зааж өгсөн. Үүний цаана айсуй сонгуулийн өмнө хөрөнгө мөнгө хэрэгтэй байгаа гэсэн том бөгөөд тодорхой шалтгаан буй.

Сангийн сайд “Айвенхоу Майнз Монголиа Инк” компанитай гэрээ байгуулаад үлдсэн 100 сая ам.доллараа авчихлаа гэж бодъё. Цаашдаа яана даа. Энэ 100 сая ам.долларын “ирээдүй” ч тодорхой. Амлалт биелүүлэх, тулгамдсан асуудал шийдэх санхүүжилтийн хэлбэрээр урсгана. Сонгуулийн өмнөх жил нэг иймэрхүү л байдаг. Гэхдээ аливаа гэрээ хоёр талын ашиг сонирхлыг хамгаалсан байх учиртай. Өмнөх долоо хоногийн Засгийн газрын хуралдааны үеэр Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт “Оюутолгой” төслийн барилга, бүтээн байгуулалтын ажилд эрчим хүчний асуудал бэрхшээл учруулж байна хэмээн мэдээлсэн.

Хариуд нь Засгийн газар “Оюутолгой төслийн бүтээн байгуулалтын ажлыг хугацаанд нь гүйцэтгэх, олборлолтыг эхлэхэд дэмжлэг үзүүлэн цахилгаан станц барих ажлыг ирэх зургадугаар сард багтаан шийдэж өг” хэмээн Д.Зоригт сайдад үүрэг өгсөн. Тэгэхээр эрчим хүчний дэд станцын асуудлыг нь шийдэж өгснийхөө хариуд 100 сая ам.доллараа яаравчлан нэхэж байгаа юм шиг харагдаж байгаа биз. Хэрэв дэд станц баривал Монголын өмнөд бүс нутагт л хэрэгтэй.

Тиймээс л Эрдэс баялаг, эрчим хүчний яамнаас Монгол, Хятадын хил хүртэлх 220 квт-ын хүчдэлтэй цахилгаан дамжуулах шугам, дэд станц барих зөвшөөрөл хүссэн юм билээ. Түүнээс биш “Оюутолгой” төслийнхөн Хятадаас эрчим хүч татчихаж болно л доо. Энэ асуудлыг ирэх долоо хоногийн эхээр Бээжин хотноо болох Монгол, Хятадын Эрдэс баялаг, эрчим хүчний салбарын зөвлөлдөх уулзалтын үеэр хэлэлцэхээр зэхэж байгаа. Хэрэв тодорхой шийдэлд хүрэхгүй бол төслийн хэрэгжилт саатах магадлалтай.

Бас нэг “бараан” мэдээ энэ үеэр дуулдсан. Юу гэвэл энэ оны эцсээр “Оюутолгой” төсөл санхүүгийн хүндрэлд орж мэдэхээр байгаа гэсэн. Арай энэ мэдээллээс болж, урьдчилгаа төлбөрөө яаравчлуулж “нохойтож” байгаа юм биш биз. Уг нь гэрээгээ л байгуулчихвал асуудалгүй л дээ. Өмнөх 50 сая ам.долларын чекийг гардуулсны дараахан Канадад “Улаан өндөгний баяр” болж, хэд хоног хойшилсон. Энэ удаа элдэв шалтгаан байхгүй бол манай дансанд урсаад ороод ирэх нь баараггүй.

Нөгөөтэйгүүр Засгийн газар авлагаа барагдуулсан ч үзүүлэх дэмжлэг туслалцаагаа яах вэ гэдгээ ярихгүй байгаа нь санаа зовоож байна. Өгөө, аваа бүхэн утга учиртай, ач холбогдолтой. Гэрээ байгуулсан хоёр тал бариа, зөрүүний дэнсэн дээр асуудлаа шийдээд явбал хожмын ажилд тусгасан. Ямартай ч 8000 гаруй Монгол айлын амьдралд дэм болж, Монгол мэргэжилтэн бэлтгэхэд 114 тэрбумыг зарцуулсан, нийт хөрөнгө оруулалтын хэмжээгээ зургаан тэрбум ам.доллар болгосон Оюутолгой төслийнхөн 100 сая ам.доллараа төлөхдөө “луу унжихгүй” нь тодорхой.

Гэхдээ л дэмжлэгээ үзүүлж, асуудлыг нь шийдчихээд урьдчилгаагаа авбал нүүр улайхгүй байхсан. Бүхэл бүтэн нэг улс орны Засгийн газар байна даа. “Шийдэж чадахгүй нь ээ, та нар хятадын талд мөнгө өгөөд эрчим хүчээ тат. Гэхдээ мөнгөө өгчих л дөө” гэж шогтохгүй юмсан.

У.Оргилмаа


URL:

Сэтгэгдэл бичих